Ханат монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээрээ мөнх амьдармаараа Хангал адуу булгисан юм шиг тарлан манханы таанын амтат уусмаараа Харлаг тэх ч хальтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үүрд зогсмоороо Хаана ч байхгүй нутгийнхаа халуун элгэн дээр нь үүрд үлдмээрээ Тэнгэрээр дүүрэн оддын дунд тэр чигтээ түгэж үлдмээрээ Тэлмэн жороо морины тэнэгэр сайхан явдал дунд нь уусаж ундармаараа Тэрлэгэн дээр туссан нарыг тэнд нь тогтоож үүрд тусгамаараа Тэмээн дээрээс тэнгэрт тэмүүлж тэндээ шувуу шиг үүрд халин нисмээрээ Үүдээр орж ирсэн нарыг өдөржин хоймороо тахиж шүтмээрээ Үгийн сайханд урам үзэгний үзүүрийг үл амраамаараа Үрээ морьд өтгөн ижил дундаа харагдах нь өвгөн адуучины сэтгэлийг үүрд хөглөмөөрөө Үүлэн дээр нар сууж үзэсгэлэн төгөлдөр миний нутгийг үүрд гийгүүлмээрээ Холын зэрэглээн дундаас адуу тодрон гарч ирэхийг үүрд хармаараа Хот айлуудын хооронд хонхны дуутай алхаж явахыг өхөөрдмөөрөө Хонь хотолсон үдшээр хоймор суух аав хүүдээ үлгэр ярихыг үргэлж сонсмоороо Хорвоод ганцхан нутгаа хойшид ч гэсэн үүрд хайрламаараа Н.Тайванжаргал
Хаваржаа Догины минь уулс Хаврын сардаа нөмөртэй дөө Хайртай буурал ижий минь Хамгаас илүү буянтай даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Өвөлжөө Сүв нь улааны уулс минь Өвлийн сардаа өнгө нь тодхон доо Өвгөн буурал аав минь Өнгөтийн уулан дээрээсээ дурандана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Зуслан Хүнгийн гол минь Зундаа сэрүүхэн тунгалаг даа Зулаа өргөөд ээж минь Зуурдын хорвоог аргадна даа Ачлалт аав ээж хоёр минь Аминд минь ойрхон санагдана даа Намаржаа Баяннуурын ус минь Намрын сардаа бүлээхэн дээ Настай буурал аав минь Нартын жамаар алхана даа Буян ээж аав хоёр минь Бурханаас илүү хүндлэгдэнэ дээ Н.Тайванжаргал
Би гэнэн байсан
Хонь хорсон үдийн нарнаар сүүдэр нэхэж уйлдаг эрх байсан би Хорол тооноор туссан нараар тоглоё гэж гуйдаг томоогүй байсан би Бүдэрсэн чулуун дээрээ нулимсаа асгачихдаг уйланхай байсан би Бүрий нөмрөхөөр айж байна гэж уйлдаг аймхай байсан би
Тэнгэрийн солонгыг тэвэртээ багтаах гэж тэмүүлдэг гэнэн байсан би Тэмээн дээр гарчихвал тэнгэр хүрнэ гэж боддог томоогүй байсан би Үдшийн бүрэнхийгээр нар нэхэж уйлдаг эрх байсан би Үдийн нарнаас сүүдэр нэхэж уйлдаг томоогүй байсан би
Аргалд явсан ижийгээ дагаж уйлдаг эрх байсан би Адуунд явсан аавыгаа саначихдаг эмзэг байсан би Сарны цагаан туяагаар тоглоё гэж эрхэлдэг гэнэн байсан би Салхины өөдөөс ээжээ гэж дууддаг томоогүй байсан би
Н.Тайванжаргал
.......Цаг хугацаа удааширсан мэт таньд санагддаг уу. Надад бол өтгөн зуурмаг дундуур хөлөө өргөн өргөн алхах шиг удаан байдаг. Цагийн эд эс бүхэн миний дотор оршиж, усны дусал хүртэл нэггггггг хоёёёёёёёёр гэж бөнжийж бөнжийж, сая нэг тасарч буй мэт сэрэгдэнэ. Тэр агшин хормыг хурдлуулсан ер бусын явдал амьдралд минь таарч байсангүй. Харин санаандгүй тохиолдлоор мөнх амьдрахыг үл хүсэгч, бие махбодийн өвчин зовиурыг үл тоогч нэгэнтэй би таарсан юм. Брендон ноёнтой танилцсанаас хойш цаг хугацаа яаж хөдөлгөөнд орсон гээч. Кино хальсыг хурдан эргэлтэнд оруулахаар үйл явдал хэрхэн жирэлздэг билээ, түүн шиг яралзаж өгсөн дөө. Олон ч хүн тэр кинонд минь тоглож, жорон журан гэлдээд л өнгөрсөн. Тэр дундаас "Тооролжингоо" хэмээн хашгирах Дүүрэн жононгийн дуу үргэлж сонстсоор буй....
Тооролжингоо номын эхлэлээс...... МИНИЙ ШИНЭ НОМЫГ 70004343, 88027333 утсаар захиалаад, үнэгүй хүргэлт хийлгээрэй. Book.mn фэйсбүүк хаяг руу орж өөр, олон номын сонголтыг бас үзээрэй.
1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.
2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.
Хөөрхий муу нөхөр минь "төрхөмдөө" буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хялалзахыг нь яана. Ерөөс бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь найз нөхөд нь Чи мөн ёроолгүй тэнэг хүн ээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яана. Эр хүн биш эрийн сүг л гэмээр. Ахаас гуйж байгаад Солонгос явуултал гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж нэрэлхээд байгаа юмаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж түүнийг тэжээсэн сэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол би хориод яахав дээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол намайг ажлаас ирэхэд хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз.
Сарны туяанд үүлс сэвсийн царцаж Салхины амьсгалд голын ширэг чичэрхийлнэ
Горхилон урсах таацад үсрэн, оддыг үмхэх бяцхан жараахайд Гоёмсог гилүүрээ агаарт дэвэн, усны мандлыг сүүлээрээ ширвэнэ
Хөвөөнд бидэрлэх цагираг долгионд сэтгэл дайвалзан Хөнгөн гунигт живж гүн бодолд мансуурна
Жараахайн аманд гялтагнах сувдан од мэт Жам ёсыг гажилгүй үхэлд би залгиулна
/ 2017.05.30. /
Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн Үелзэн урсах таацын эрэгт шөнийг үдтэл
Ууланд донгодох хөхөөн дуу, сэтгэл өмлөж Уусан архи зовхин завсараар сувдран асгарав. . Хорвоогийн гэрэл оддыг залгиж дуусаад Хоосон тэнгэрт наран хэсүүчилхээр мандах мэт
Хэрмэл миний амьдрал хэмээгч Хэтэрхий гунигтай аялгуу болой.
/ 2017.05.13 /
Уушийн газар үүдээ барьж Уулын ёроолд нөмөр бараадав
Хүүгэх сархи тойрон исгэрч Хүйтэн агаарт уушиг жинднэм
Сав архийг ганцаар хөнгөрхөд Сайхан зүйл нэгээхэн ч үгүй
Хайрт түүнийг бодох үест Харцан дотор минь мөрөн мэлтийнэм
/ 2017.04.22 /
Өндөр тэнгэрийн үүдийг Өөрийн хүслээр татлаа чиг Өнө эртнээс баралсан Өнгөгүй судар дахь зөгнөл авай. / 2017.05.02 /
Исэргэн салхи хацар сэлэмдэн Итгэсэн зүйлс сэтгэлээс цавчигджээ Их хол аянд зэхэхүй Иргэн дурсах нь хэнсэн буй
Цагаан үүлс ууланд будантан Цагийн сүүдэр зүрхэнд тусжээ Цахлай шувууд далайг орхиход Цавчилах давалгаан элс самардана
Дэлгэрэх цэцэгс дэлбээгээ дэвээд Дэндүү эрт мөчирөөс нисжээ Дэлхийн уйгаа үргээх арга минь Дээд тэнгэрт зочилох л болой.
/ 2017.04.14 /
Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз Амгалан талд намуухан эгшиглэнэ
Зүйрмэглэх цэцэгс сэрж оддын дор бүжин Зүйрлэшгүй анхилам үнэр агаарт тархана
Гэгээн мөрөн харцыг чинь тольдоход гунигт бодрол Гиюүрэх миний тархинд орооцолдоно
Тэртээ хол чинийхээ зүг ганихран ширтэхэд Тэнгэрийн гүнд гиерэх саран л надтай ханьснам.
/ 2017.04.10 /
Аян замд бие зүдрэвч Аялах дуунд чинь сэтгэл баяснам
Амгалан тэнгэр үүлсээ хураавч Ахуй орчлонгийн жаргалд цэнгэнэм
Төрөх үхэх минь эрхгүй тодорхой ч Төгөлдөр гоо түүнд татагднам
Үүрдийн хайр байдаггүй гэлээ ч Үхтэл санагалзах шалтгаан бүрэлднэм.
/2017.04.03/
1991 оны 9 дүгээр сарын 1 –ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн 1999-2009 онд тус сумын ЕБС-д суралцаж 2009-2013 он МУИС-УБИС-ийн Утга зохиол судлал шүүмжийн анги төгссөн
Ш. Азжаргал : Чикаго хотод болсон "Америк дахь монолчуудын утга зохиолын холбоо"- ноос зохион байгуулсан "Хөх зөн" яруу найргийн наадмаас "тэргүүн" байр эзэлсэн шүлгээ хүргэе ээ.
Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Олоон жилийн өмнө нутгаа орхиод гарсансан Онгон тэнгэр эгшиж бороон дуслаар үдсэнсэн Эргээд ирнээ гээд алсын алсыг зориход минь Ижии, тэнгэр хоёр л нулимсаа даалгүй асгасансан
Хорогдох балчир сэтгэлээ мөрөөдлөөрөө аргадаад Холоос даллах одод руу салхи татуулан холдохдоо Хараа сунган алсрах өлгий цэнхэр уулсаа Хатан Монгол зүрхэндээ өвөртлөн байж ниссэнсэн
Эрээнтэй, бараантай, цагаантай хүний нутгийн тэнгэр дор Эгээ л солонго aдил би өнгө бүрт нь хувирахдаа Эх Монгол нутгийнхаа гүн хөх бахархалыг Элэг зүрхнийхээ тольтноос арчаа нь үгүй юм шүү!
Хөрст алтан дэлхийг бадарчин лугаа хэрж Хүрэх газрын хаяаг умартан байж зүтгэхдээ Эх орон таныгаа өвгөдийн дайтай өргөх Эгэл ганцхан хүслээ мартаагүй шүү охин тань
Амьдрал тойрон эргэх цаг хугацааны хүрдтэй Ахиад олдошгүй насаа харийн салхинд хийсэгсэн ч Асаж шатсан мөрөөдлийн цэл залуухан бамбар Аюулхай цээжний хойморт лугшсаар яваа шүү нутаг минь
Өнгөтэй, цогтой явахдаа "би Монгол хүн" гэж омогшдог юм шүү Өмөлзөж бусдын өмнө ичихдээ өөртөө ч хэлэхээс цэрвэдэг юм шүү Өгсөх уруудахын алинд нь ч намайг л дагах алдрыг тань Өргөж л явья гэсэндээ өөрөөсөө ч хүртэл өмгөөлдөг юм шүү
Алсын алсыг зорьсон олон олон үрс тань Аяа миний л адил таныхаа төлөө лугшдаг юм шүү Алтан ургийн тамгатай мянга мянган мөрөөдөл Альхан ч газрын салхитай таны л зүгт урсдаг юм шүү
Мандахад минь энгэрийн тэмдэг шиг намайг гоёх Алдахад минь эцгийн сургаал шиг намайг хорих Миний зориг, миний омог, миний эцсийн зорилго Миний Монгол, бидний л Монгол миний эцсийн зогсоолоо
Ш. Азжаргал
эх сурвалж : https://www.facebook.com/azaa.sh.9?hc_ref=NEWSFEED&fref=nf
. Диваажин. Диваажин дэлхийн хаана байна? Дэнхэл донхолтой замбуулингаар . зам жим нь хаагуур одно ? Ганцхан надад Гавал дотор Бор тархины Бүл эсэнд нутагшдаг гэнэ. Бодлын тэнгэр бодит бус ертөнц Босоо цагаан хийморийн буддагийн орон Зовлонгийн шалтгаангүй зовхист орон зай Зөв амьдралын зөгнөлийн нэгэн хорвоо Бодит ертөнцөд бүх юм байна Болохгүй бүтэхгүйн оршнол үгүй Мандсан наран жаргахгүй бадамлана Манай дэлхийн цаг хугацаа үгүй Санасан хэрэг сэтгэчлэн бүтдэг Сайн үйлс саатахгүй дэлгэрдэг Саар бүхэн санаанаас ариуссан Саваа мэлтэлзсэн жаргалын далай Хайр цөмтэй мөнхийн орчлон Хариулж таних номын ухаан Саруул оюуны сүүдэр тохиосон Сайхан сэтгэлийн гэрэлт диваажин. Диваажин дээдийн амьдын амар амгалан Диваажин ерөөлөөр болдог ер бус ертөнц. . . .Б.Эрдэнэцог.
Ургаж байгаа мод
Өсөж буй хүүхэд эмзэгхэн
Уулын бэлээс дээшилж байгаа нь
Аавынхаа энгэрлүү зүтгэж буй хүүхэд шиг
Ургаагаараа байгаа мод
Цэл залуу хүн мэт цэх шулуун
Уулын хярд дүнхийж буй нь
Уул хангайн эзэн мэт
Унаж буй мод
Өтөл настай өвгөн мэт
Уулын оройгоос доошилж буй нь
Удахгүй бурхан болох өтөл настан мэт
2016.06.21
Сунаж мөргөх бурхан байлаа ч
Үрээ гэх аав шиг минь байж чадах уу
Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч
Аавы минь үг шиг жинтэй байж чадах уу
Аавдаа би залбирнаа
Аавдаа би залбирахдаа
Ачлалт их хайранд нь залбирнаа
Арван хүүхэддээ үлдээсэн
Алдар нэрэнд нь залбирнаа
Толгод гэж тоолгүй
Уул хангайн даваануудын нэрийг хэлдэггүйг
Тогтоол гэж гололгүй
Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан
Аавыгаа би шүтнээ
Аавыгаа би шүтэхдээ
Арван хүүхдээ хүмүүжүүлсэн
Арга ухааны нь шүтнээ
Амьдралд алдаагүй
Авъяас билгий нь шүтнээ
Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн
Ааваас минь өөр ачтан хэн байх билээ
Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн
Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ
Аавдаа би мөргөнөө
Аавдаа би мөргөхдөө
Амьдрал босгосон
Ая гавъяанд нь мөргөнөө
Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө
Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч
Аав шиг минь шүтээн яаж байх билээ
Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч
Аав шиг минь урмаар тэтгэх хүн яаж байх билээ
Аавыгаа би хайрланаа
Аавыгаа би хайрлахдаа
Ачлал хайры нь мөнхөд санаж
Амь нас шигээ хайрланаа
2016.01.25
ЗАВХАН СУМ МИНИЙ НУТАГ МАГТААЛ
Зогсоо хайрхан шүтээнтэй
Зөнч Дарьэхийн удамтай
Залгаж төрдөг хувилгаадтай Завхан голоор нэрлэгдсэн Завхан сумын төвтэй Зуунаас зуунд өртөөлсөн Зөндөө олон өрхүүдтэй Зүсэн зүйлийн аялгатай Зүйл бүрийн ястантай
Зөөлөн шаргал элсэндээ
Засваргүй түүхээ шингээсээр
Залуу халуун шинэ үедээ
Залгуулан золгуулан хүргэж байна
Айраг цэнхэр нуурандаа агаараар нисээд очихсон
Аагим халуун өдрөөр захад нь ороод шумбахсан
Алтлаг шаргал элсэн дээр нь дээшээ харж хэвтээд
Аль эртний явдлаа дурсан санан хөрвөөхсөн
Алтан шаргал түнгэндээ зүгээр л нэг очихсон
Аргал хорголыг нь түүгээд араг аа үүрээд алхахсан
Атан тэмээгээ уначихаад хэсэг сайхан тэшүүлэхсэн
Алдрай насаа дурсаад тэмээ уургалж тоглохсон
Хүнгий голынхоо эрэг дээр хэсэг сайхан хэвтэхсэн
Хүүхэд багын явдлаа санаж дурсан инээхсэн
Хөл нүцгэн жирийгээд багын найзтайгаа тоглохсон
Хүрэн алаг толгойтой гоёо малтаж идчихээд
Хэхэр ч гулиган цадаад голоо горойлгон огихсон
Нуурын захынхаа ширгэн дээр нэг л хэсэг хэвтэхсэн
Нойроо ханатал унтчихаад нүдээ нухлаад эвшээхсэн
Намирсан зөөлөн бороонд нь нэвт цохиулаад чичрэхсэн
Нялх багынхаа андуудтай модон морьтой уралдахсан
Завхан голынхоо эрэг дээр жараахай шүүрдэж тоглохсон
Зүггүй хэдэн найзтайгаа өдөржин сэлж сэрүүцэхсэн
Зөөлөн нойтон элсэн дээр нь гэр барьж тоглоод
Зураг шиг хэдэн андтайгаа элгээ хөштөл инээлдэхсэн
Зогсоо хайрхан ууландаа зорин зүтгэн очихсон
Залуу халуун насныхаа алдаа бүхнийг гэмшээд
Зуун найман удаа сөгдөж мөргөн учирлахсан
Заяа замаа даатгаад дахин дахин мөргөхсөн
Айргийн үнэртэй нутагтаа аавтайгаа нэг уулзахсан
Ангир уургаа хөхүүлсэн ээжийгээ дахин босгохсон
Ам бүлээрэй цуглачихаад гэр дүүрэн шуугилдаад
Ачтай буянтай нутгийнхаа сайхныг дурсан ярилцахсан
2016 оны 7сарын 28 нд Сартуул халх Б.Улаанхүү
Үүрээр шон дээр үүрссэн
Үрээ морины минь чимээ минь
Үгсийн урнаар тэрлэсэн
Үзэгний татлах чимээ минь
Үргэлж шүлгэнд минь амиласан
Үнэн ч сайхан хүлэг минь
Үерийн ус шиг халигсан
Үндэсний дөрвөн мөрт минь
Үргэж бусган дүүхэлзэх
Үлгэрийн баатар хүлэг минь
Үргэлж цээжинд минь цоролзох
Үзэгний дөлтэй шүлэг минь
Үхтэл хамтдаа давхих
Үүрдийн сайхан хүлэг минь
Үзгэн хулсаар таталгах
Үгсийн сан хөмрөг минь ээ
2016 он 9 сарын 27 сартуул Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-255.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4089
mongolia2007year-256.JPG Хэмжээс: 600x800 193k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4624
mongolia2007year-020.JPG Хэмжээс: 600x450 48k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4030
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: