Ганцхан “Бид ялав”-тай өвгөний хүү
Шүлгээ унших гэж байна чимээгүй
Галын шугаманд эрсэдсэн цэргийн
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй
Тамсагийн зургадугаар дивиз оройн тоондоо жагсаж байна
Таны миний өвгөд залуугаараа одоо энхрий нутгаа дуулж байна чимээгүй
Хатан дөрөөн дээрээ бөхийж зүүн хацраа үнсүүлсэн хүү нь
Халхын голын тулалдаанаас халагдаж ээждээ ирсэнгүй
Сайхан дээл эмээл хазаар зэхээд
Саахалтаасаа бэрээ тандсан өвгөнд
Хүү чинь эрсэдсэн гэж хэлж чадаагүй ухуулагч
Хүүшлээд дайжих сүүдэр дунд ганцаараа уйлж байна чимээгүй ээ
Бүлтэй бүхэн мордсон дайнтай жилүүдийн ард
Бүсээ чангалсан хүүхнүүд дээврээ ганцаараа өргөж
Ханын гурван бүслүүр таталж завдаагүй эрчүүд
Ханагар орныхоо хаяаг зоригоороо дэмжиж байна чимээгүй ээ
Насаа орхисон баатруудын ач үрс нь хүлээж байна
Намрын хүйтэн шөнө газар даарлаа гээл хүйтэн байна
Одон авъя гэж байлдаагүй гучаад оны баатрууд маань
Одоо ч гэсэн та биднийг зуун зуун жил хамгаалж байна
Дэлт хүлгийнхээ нуруунаас хашгирч авчраагүй хувьсгалын
Далд жагссан он жилийг үхэл бүтээлцсэнийг санацгаая
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Цэдэнжав гуайн шүлгийг сургуульд цээжилсэн хүүхэд
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Цэргийн тангараг болгон сэтгэлээрээ андгайлсныг бодоцгооё
Цэнхэр дурдан алчуур зүүдэнд умбан дэрвэнэ
Цэргийн хүү одоо гэртээ буцаад ирж байна
Цэцэгс зургаан сардаа хашгирч ургасан яргуй
Цэмбэн шинелээ сүвлэн Халхын голоос өндийж байна
Амьсгаа даран бодох зүрхний гүн хүндэтгэлд
Ардын армийн номхон команд сэтгэлийн сахилга мэт хэрэгтэй
Буун дуугүй зуунуудад амьдрах хувьтай бидэнд
Бутрашгүй алтан хүрээгээ нэгтгэх жагсаал бас хэрэгтэй.
Хуучин шинелийн сумны сорвийг хуруугаар бөглөсөн багачууд минь
Хувьтай цагийн элгэн дээр танхилхан өссөнөө санацгаая
Болж байна гэж тайтгарсан одонтой өвгөдийн ач үрс минь ээ
Бодох юм бидэнд бодох юм бидэнд байхгүй гэж үү
Ялагдаж үзээгүй Монгол ардын арми индрийн өмнүүр алхаж байна
Ялгуусан тугийнх нь алтан манжлага итгэлтэй дэрвэж байна
Монгол улсаа төвхнүүлсэн бидний зоригт Сүхбаатар
Морин дээрээн өндийн гараа сунгаж байна чимээгүй
Хорин нэгэн оныхонд захиж хэлсэн үгээ
Хорин нэгдүгээр зууныханд дахиж сануулах гэж байна чимээгүй ээ
Сүүлчийн амьсгаа сонсогдож байна чимээгүй ээ
Ш.ГҮРБАЗАР
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-001.JPG 1280x960 549k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4495
Хэрлэн гол 600x483 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6409
mongolia2007year-079.JPG 600x450 108k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5659
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: