- Чи юу мэддэг юм бэ! Чамтай шалчигнаж суух зав надад алга! Зайл чи хэмээн хөөлөө. Гологдсондоо Маргадын уур хилэн дүрэлзэж шар нь гозойв. Ядаж байхад урлангийн нь цонхоор наран шингэх агшины зосон улаан туяа татаж улам бачууруулахад цонхныхоо хэцийг сарр... хийтэл татав. Ертөнцийн гурван хачины нэгэн, шилэндээ уушигтай хөх эрээн луу амьгүй шилэн нүдэн гялтайлган ширтэнэ. Маргад зургийг хуу татан авч урж тасчин хаяв. Тэр тайвширч чадсангүй! Уур цухал, бардам сэтгэлээ дарж цөхөхдөө машинаа асаагаад давхин одов. Зам зуур "Луу нүдээрээ амилдаг" гэсэн Тогосын үг тархи толгойноос нь холдох шинж алга. Маргад уурлаж цөхөрсөн үедээ чимээ шуугиан, хун амьтнаас холдож ганцаар байх дуртайдаа буйдхан голын хөвөөнд ирлээ. Тэнгэрт одод цэцэглэнэ. Гилмэн гилмэн харцаар мэлтрэх голын усанд дүгрэг цагаан саран чимээ аниргүй зөөлөн бөмбөрнө. Хөлийн өлмий дор хөх өвс сэмхэн шивнэлдэх нь Маргадаас эмээсэн мэт. “Луу нүдээрээ амилдаг” гэсэн үг нэгэн сэрэмж өгнө. Тийм үл мэдэг сэрэмж үүсэхэд би лууг амилуулж чадсангүй гэсэн гунигт анзааралд автана. Хаа нэгтэйгээс би заавал чадна гэсэн бардам сэтгэл хатгана Голын усанд нугас галуу зөөлөн нургилж, сар чимээгүй наадах нь эргэн тойрны юмс түүнийг аргадан тайвшруулах мэт! Харин хааяа нэг "пул" хийн үсрэх чимээ анир эвдэн Маргадын тархины эд эсийг цочрооно. Маргад гэнэт ухасхийн усанд гараа дүрж гулбилзсан мөнгөлөг загас гаргаж ирээд - Луу хаана байна хэмээн ууртай асуулаа. Тэрбээр хэзээ ч үл цавчрах дув дугараг нүдээ бүлтэлзүүлэн дээшээ харж сөөнгө шивнээ дуугаар - Хурмастад хэмээн ангалзав. Маргад заасан зүгт өлийн харах хооронд загас ганцхан мурилзаад гэнэ алдуулан гараас нь мултрав. Тэгээд тэр холоос чи одоо намайг яах юм гэсэн шиг - Yхэшгүй мөнхийн мянган наст загас бээр голын уснаас огшин хөөрч тэнгэр огторгуйг эзэгнэн луу болдог юм даа хэмээн доогтой хэлээд пүл хийн булхав. Маргадын толгойд нэгэн бодол гялсхийн - Оллоо! Оллоо хэмээн хашгираад машиндаа сууж хар хурдаараа давхин одлоо. Луу амилуулахгүй юм бол зураач гэж бодоод яах юм гэсэн бардамнал төрнө. - Урт наслахын билэгдэл, хийморийн 4 хүчтэний нэгэн луу авхай бийр будгийн ид шидээр дурайтал буулаа. Тэр ажилдаа шамдсаар үүр цайлгав. Нойргүй хоносондоо нүд нь анилдахад урд оройн ууртай татсан хэцээ зөөлен угзрахад: үүрийн цэгээн шаргал туяатай хамт тогос шувуу дэгдэн орж ирлээ. Маргад - Ашгүй чи ирэв үү! гэхдээ нэг л итгэл муутайхан дуугарснаа анзаарлаа. Тогос нөгөө зургийг хараад - Өө муу загас шив дээ! гэх нь Маргадаас аюун гэмэлсэн шинж огт алга. Харин Маргад өөрөө Тогосоос эмээж байв. Түүнийг яг ингэж хэлнэ гэдгийг зөн совингоороо мэдэрч байсан юм. Тогос түүнийг зоригжуулах мэт - Та чадна даа чадна хэмээн цовоо дуугаар хэлэхэд Маргадын дотор уужирлаа. Маргад - Хөөе! Чи луу амилуулж яах гэсэн юм гэхэд Тогос дугараг шар нүдээ эргэлдүүлэн аальгүйтэж - Би луу жилтэй юм аа гэв. - Худлаа яриад байгаарай! Шувууны жил гэж юу байдаг юм гэхэд Тогос - Луугийн дуун нүргэлэхэд алтан гүмада цэцэг цомирлогоо дэлгэж, тогос шувуу хээлтдэг юм шүү дээ гэв. Маргад хэсэг зуур бодлогоширон сууснаа - Аан тийм учиртай юмсан уу! гэв. Тогос Маргадыг царайчлан харж - Би үртэй болохын хүслэнд автсан амьтан даа. Аргаа барахдаа л ингэж явна. Надаас бусад нь луугийн дуунаар арга билэг хослон алтан бумбан шидэт рашаан дүүрэх мэт заяа тэгшрэх юм хэмээн гуниглав. Маргад Тогосыг өрөвдөн - Чамд тийм хэрэгтэй юм бол би луу амилуулна. Заавал амилуулна. Чи харж байгаарай гэхэд Тогос баярлан хөөрч өд сөдөө дэлгэн бүжээд - Та чадна, Танаас өөр хэн ч чадахгүй хэмээв. Тэр өдрөөс хойш Маргад луунд тохирох нүдний эрэлд хатав. Намраар буцах шувуудтай хамт төрсөн нутгийнхаа мөнгөн аяга шиг цаст оргилуудыг нулимстай даван нисэж хүний нутагт хайлаа. Хаврын зөөлөн униарт шаргал салхитай ханьсан хаа сайгүй бэдэрлээ. Лууд тохирох нүд олдсонгүй. Бүр аргаа бараад лууг олж уулзахаар хурмастын усан баригч үүлс хөлөглөн тэнгэр огторгуйгаар аялав. Луугийн дууч энд тэндгүй нүргэлэн, уурсахдаа гал цахилгаанаар шалба ороолгоно. Сайхан загнахдаа мөнгөн дэншиг эгшиглуулэх цэцгийн хур буулгаж энгэр нэвтлэн гэгэлзэнэ. Гэвч Маргад дууг нь сонсовч лууг олж үзсэнгүй ядаж орхив. Маргадыг ийнхүү эрэлд хатан тэнүүчилж явахад тогос шувуу тааралдаж өр авлага нэхнэ. Тэгээд хэзээ нэгэн цагт луу амилан, ялан мандах өдрийн чуулганыг үзэхийн ерөөл талбин одно. Маргад ингэж өөрийнхөө зөнгөөр зовж жаргаж явтал орчлонгийн хүрд нэг бүтэн эргэлээ. Лууг олж уулзах горь тасраад өвлийн чандган цагаан туйлаастай газар бууж ирэхэд өсөж төрсөн нутгийн тал хөндий бэртчих вий хэмээн нуруу зоогоо хотойлгон тосож авлаа. Маргад үнэхээр цөхөрч ядарчээ. Бор дарсаар сэтгэлээ зогоож, өвлийн хүйтэн харзны усанд тусах дүрсээ харан, Тогосыг ирэхээр юу гэж хэлнэ хэмээн өөрөө өөртөө агсам тавив. Энд луу ичсэн юм биш байгаадаа гэж бодоод ус руу тонгойход болор тунгалаг харзанд гэрэлтэх өөрийнхөө нүдийг олж харлаа. Хар харавтар хонин бор, хүрэн, шаргал, ногоовтор туяатай юм. Хүний нүд ямар олон өнгөтэй байнам хэмээн гайхав. Дүүрсэн хэрэг, тогосонд өөрийнхөө нүдтэй луу зурж өгөөд салж санаа амаръя гэж шийдэв. Олон өнгийн будаг хольж хутгасаар арай гэж нүднийхээ өнгийг оллоо. Эхлээд ямар ч байсан нүдээ зурна хэмээн шийдэв. Хөнгөн бийрийн торгон үзүүр гарын аясаар гүйнэ. Маргад өөрийнхөө нүдний гал бүдгэрснийг олж үзэв. Иш ийм нүдтэй луу гэж хаана байхав дээ! гэж эргэлзсэн ч зурсаар л байлаа. Гэвч Маргадын нүдтэй луу, айхтар догшин хилэнтэй мөртлөө, зөөлөн нигүүлсэнгүй хувилгаан төрхөөр буужээ. Тэр хамгийн сүүлчийн зураас дагнаасыг татаад эцэж сульдаж хөсөр ойчив. Хөнгөн хөлийн дэгдэх чимээ гарч - Хүүе! Луу амилчихжээ гэж тогос шувуу баярлаж хашгирахад Маргад - За яамай даа ойрхон байсан юмыг холоос эрж зүдэрлээ дээ хэмээн бодов. Тогос - Миний заяа тэгширсэн шүү дээ! Наашаа хардаа гэв. Маргад арай ядан зовхио нээхэд тэр үр дэгдээхэйгээ дагуулаад иржээ Маргад хамгийн түрүүн нүдийг нь хараад - Хүүе! Энэ чинь миний нүд байна хэмээн уулга алдав. Амилсан луу нүдээ эргэлдүүлэн мөнгөн дэншиг эгшиглүүлэн цэцгийн хур буулгав. Манан сарнилаа.
Бадарчийн ДАРИЙМАА Б.Дариймаа 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1972 онд Багшийн сургууль, 1977 онд УБДС төгссөн байна. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон дээл" анхны номоо хэвлүүлсэн байна. Дариймаа өгүүллэг бичихээс гадна телевизийн баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг,
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Аадар 600x473 42k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5760
kho-007.JPG 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6091
Их талын хэнгэрэг 600x800 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5346
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: