Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Даазайн хээр (Өгүүллэг)
Оруулсан admin on 2013-10-04 12:03:31 (4699 уншсан)

Үүр хаяаран цайж тэртээ дорно орчлонгийн хаяанаас мэндэлсэн өглөөний шаргал наран тэнгэр баганадан бууралтах их Бүрэнханы сүрлэг оргилд гэрэл гэгээгээ бүхний тэргүүнд түгээсээр алгуур доошлов. Нүцгэн шовх мөрөгцөг бүхий хэц уулсын хормойгоор хад чулуу, бут сондуул дундуур садран хөөсрөх түргэн урсгалт Бургалтайн гол эргээ даган оволзож даргилан үсчих мөнгөн дуслаа гялалзуулсаар талд буумагц номхрон, хөвсрөн суунаглах манан дунд замхрана. Оорцгийн орой дахь хангил хадны энгэрт үүрэндээ суусан шууман шонхор, тэнгэрийн уужмаас тэртээ дор хайлсан тугалага мэт мэлтийх усны толионоос ойх наран цацралд гялбан эгц хангилаас хээрийн салхины эрчээр агаарт элэн дүүлж, өндөр авмагц хурган дал мэт хумбан сүүлээ ирвэгнүүлэн доошилсоор харги тунгалаг урсгалд биеийг толибон хөвлөө. Шонхор хааяа огцом дуугарч, хааяа чимээ чагнан агаарт халбин байснаа гэнэт жигүүрээ хумин хар эрчээр доош харван унаган түрүү үелзсэн цүнхэл усны мандалд хүрмэгц хөөрч хэсэг тогтсоноо аанай л шунгана. Голын хоёр талаархи хөвч уулсын бэл, хөндийгөөр наран сууж, бараагүй үргэлжлэх ногоон талд цайрах мөөгөн цагаан гэрүүдийн тооноор хөх утаа суунаглан хотон дахь мал сүрэг хэвтрээс уван цуван босцгоолоо. Зэргэлдээх идэр жавхлант Ивэн голын эхэнд орших бага Бүрэнханы бэл дэх эртний гарвалт Амарбаясгалант хийд өглөөны наранд орой дээрх алтан шаргал зүмбэр, ногоон паалан дээвэр, хажуу дахь цагаан суврагуудаа гялалзуулан бурхны олон шав нар нь хөндий даяар нүүргэлтэх дун бүрээний дохиогоор гадаалж биеийн чилээг гарган нааш цааш гүйлдэнэ. Орхон, Сэлэнгийн бэлчэрт хагалбар болон орших зулай буурал Бүрэнгийн нурууны өврөөс төрсөн Ивэн, Бургалтайн голууд хүн мал, газар шороогоо үеийн үеэс тэтгэн орчин тойрон дахь эгшиг тэнүүн хөг аяс, хөдөө нутгийн үзэсгэлэнд давтагдашгүй уран агшинг мөн өөрсдөө бүтээж амьтан, хүн бүхний сэтгэл зүрхэнд шингээж түгээсээр л байдгийм. Энэ нутагт эгэл түмэн мал маллан, тариа тарьж өнөд оршихдоо, амьдрах ухааныг билүүдэн, хахир хатууг тойровч хайр сэтгэл гээч хамгаас том далайг тойрч гарсан нь үгүй. Хайр сэтгэлийнхээ хүчээр элдвийг гэтлэн амьдралд нь тохиосон бүхнийг өөрт оноогдсон хувь тавилан хэмээн итгэж, энэ ер бусын нууцыг тайлахыг ч хүсч байсангүй, “Бурхны зурснаар болно” гэсээр заншсан бөлгөө. Баян чинээлэг, бадар ядуу, эрдэм номтон, эгэл борчууд бүгд л хайрлаж дурлаж түүний илчинд баярлаж гуниж, шатаж шаналж энэ хорвоогийн зовлон жаргалын далайд умбаж явсан бусуу.

Зуны энэ өглөө Бургалтайн голын эхэнд зусч буй Доржийн гэрт эзэгтэй Бал нярайлахаар өвдөж саахалт эмгэн Цэрмаа гэрийн хаяанд газар сэндийлэн өтөг бууц дэвсэж, жирэмсэн эхийг араг түшүүлэн суулгаад тохой дор нь том чулуу ивж өгөв. Бал цээний ханд уусны дараа хэдэнтээ өндөлзөн дүлж нэг гараар хананаас зууран нөгөөгөөр чулуу тулан хүчилснээр улаан цурав хүүхэд өтгөн дээр унангуут час хийн чарлаж хорвоод хүмүүн мэндэлснээ зарлав. Цах хүүг ясны шөлөөр угаан, адууны сүүл цавагласан живх даавуунд ороож, хөдсөн өөжинд манцуйлан, гадаа суугаа эцэгт нь хүүтэй болсныг дуулгаснаар Доржийн хоёр хүүхэд дээр бас нэг хүү нэмэгдэж Цэрмаа эмгэн эхэс хойтохыг булж, чулуугаар даран оршоосноор гол ажил дууссан аж. Нутаг сэлгэсний дараа эцэг нь бяцхан хүүдээ Бүрэнжаргал хэмээх нэр өгсөн ч хүүг өвчин ороож лам залахад нэр нь хүндэдэж гэснээр Данзандаржаа болгосноос хойш илааршсан гэдэг. Нөгөөх лам Доржид хандан:

-Та хүүдээ сайхан нэр хайрлажээ. Гэхдээ бүрэн жаргалтай хүн Бургалтайд яаж байхав дээ гэсэн юм гэнэлээ. Нээрэн ч бүрэн жаргалтай хүн Бургалтайд байтугай хорвоод үгүй болохоор энэ нэр хүндэдсэн нь гарцаагүй. Харин бурхнаас заяасан буян хишигт ээлтэй эл нэрийг хүмүүс байтугай эх эцэг нь хэлэхээс залхуурч Даазай гэсээр насан турш заншсан ажээ. Бал, Цэрмаа эмгэн, цээний ханд хоёрын дэмээр дахин хоёр хүүхэд төрүүлж Даазай дүү нараа асрах албатай болов. Өдөр хоног ээлжлэх бүр олон хүүхдээ асарч өсгөн амьдарсаар нэг өдөр Дорж хадан цохионд гацсан ишгээ авахаар гараад хальтарч эгц өндрөөс халин амь эрсдэж Бал хүүхдүүдийнхээ хамт, өнчирч ядуурахын зовлонг зэрэг өвлөн үлдвээ. Бэлэвсэн эмэгтэй олон хүүхдээ дагуулан амьдралд борви бохийлгүй зүтгэвч эр нөхөр нь амьд байхдаа дийлээгүйг нугалж яахан барах билээ. Зовлонг биеэр амссан нь л ойлгодог. Жаргал гэдэг нэг л мөртөй атал, зовлон дор бүрдээ нарийн учиртай байдаг ажгуу. Балын хүүхдүүд хар багаасаа ажилд нухлуулан бусдад зарагдаж Даазай дүү нарынхаа дийлээгүй бүхнийг нугалсаар арван хэдхэн насандаа анхил бие нь лагсарч, давхраа алаг нүдэнд нь буусан гунигтай харцанд хат сууж нас гүйцсэн эрийн овор орсон нь ямарч хатууг нугалах найдлага төрүүлдэг байлаа. Ааш зан эвдрээгүй өгснийг голдоггүй болохоор аливаа ажил гарахад л хүмүүс Даазайг сураглахыг өгүүлэх юун. Малд нүдтэй, ажилд шаламгай, мориныхоо давхиан дунд газраас уургаа шүүрэн эмнэг хангалыг шургуулан тэгнэж, цоровдон байж эмээлээд шандас сорин булигах эмнэг адууны нуруунд хачиг мэт тогтохыг харсан бүхэн шагшин, залуус атаархана. Харин согтуу эрс тааралдвал агсам тавьж атаархлаа ч, шараа ч тайлах үе бас бий. Үүний дараа Даазай уснаас гарсан ишиг шиг биеэ шилгээн зугатавч төдөлгүй мартаж, хацраа хонхойлгон, нүдээ онийлгон инээж л явах. Ийм үед ээж нь харвал “Өнчин хүнд ноён олон гэж үнэн юмдаа. Муу эцэг нь байсан бол юу гэж ингэж байхав дээ” хэмээн нулимс унагана.

Даазайд хийгээгүй ажил, зарагдаагүй айл гэж үгүй. Хөлс өгнө гэж амлавч цай ундаас цааш гарч байсангүй. Нэг удаа нутгийн баян Дамбапилжээгийн адууг өвөлжин оторлосны хөлсөнд дулаан дээл хувцастай болж, шүдлэн үрээ авчээ. Авах ч гэждээ, үрээ доголж отрын адуунаас хоцорсныг гэзраар нь авахыг эзэн нь зөвшөөрсөн юм байх. Даахинаасаа салаагүй тул зүс нь үл ялгагдах энэ амьтныг Даазай гаднаа авчран өвс, эдмэг, намрын будаа идсэн адууны шивхээр бордсоор сэхээж оторт тавилгүй өвөлжснөөс хойш хээр үрээ Даазайд дасч бор гэрээс нь ч бүр холдохыг болив гэнэ. Цаг зөөлөрч хүйтний ам цаашлан хөдөөд хөх униартай хавар ирж айлууд Бургалтайн гол, Хөшөөтийн хөндий, Бор үзүүр, Намгийн тархи, Чандгатын араар бууцгаажээ. Хээр үрээг хөнгөлж ташааг нь онгин тамгаар мялааснаар даахиа гээж өнгө засан, ухаа хээр зүс, магнай дахь одон сар нь тодорч сэрвээ өндөр, ташаа хондлой тэгш, нарийн сайхан хүзүүгээ эрхэмсэгээр өргөн, уран толгойгоо хаялан алхалах нь эрийн урмыг сэргээнэ. Ээж нь хүүгээ морьтой болсонд билэгшээж авдраа уудлан талийгаач аавынх нь эмээлийг хулсан ташуурын хамт гарган өгчээ. Энэ үеэс эхлэн Бургалтайд “Даазайн хээр” гэж нэгэн хүлэг гарсан болой. Морьтой болчихвол бүхий л зовлон дуусана гэж бодсоноор амьдрал эргээгүй ч хүн болсоор эдэлсэн анхны жаргал энэ бөгөөд үүнээс өөр Даазайгаар овоглох юм юу ч түүнд байсангүй. Хээр үрээгээ өдөр бүр эмээлэвч хот тойрсон ажлаас цаашгүй, морь унах хүсэлдээ хөтлөгдөн хааяа өрх тусгаарласан ах эгч нар, хааяа саахалт айлаар бууж уяа тийш эргэн, эргэн харна. Хүмүүс морьтой хүүд гойд хүндэтгэл үзүүлэх нь Даазайд ихэд таалагдах ажгуу. Нэгэнтээ Даазай Хөшөөтийн хөндийд хаваржиж буй баян Сүрэнгийн хотонд аавынх нь залуугийн анд Ширнэнгийнд буулаа. Бүрээс хөнгөлсөн хэдэн бор гэрийн дунд цайрах Сүрэн баяны их өргөөнөөс чанх дээш хөх утаа суунаглан гадаах уяан дээрх морьд алсад билчих сүргийн зүг үүрсэнэ.

Сүрэнгийн эхнэр Ханд өргөөнийхээ олон угалзат улаан халзан эсгий унжуургаар цухасхийн хажуудах айлынхныг дуудах дор нэгэн эмэгтэй гэрээсээ год хийн гарч айлдварыг ёсоор болгосон ч Ханд авгай цааш орсонгүй унжуургын завсраар морьтой ирсэн Даазай хүүг ажигласаар л байв. Өргөөг тойрон буусан гэрүүдийн гадуур түмпэн сав хөглөрч хаяанд үс ноос нь санжсан халтар банхар сүүлээ дэрлэн хэвтэнэ. Нар хэвийж саалийн зэлэнд тависан майд үхэр сүрэг хорогдон саалчид дүүрэн сүүтэй саамын хувинг мэлтэлзүүлэн томд юүлж хүүхэд багачууд тугал татан бужигнаж эхлэлээ. Ойролцоох ухаагийн оройд наран сууж үзүүрт нь хонин сүргээ бараадуулан орхисон хоньчин хүүхэд өдөржин хонь дагасан хашин хээрийг давирсаар гэрийн зүг айсуй.

Даазай морио уяж Ширнэнгийн гэрт орох зуур тугалын зэлнээс Сүрэнгийн охин Өлзий гүйсээр ирж нохой хориод эсгий унжуургийг сөхөн өгч өөрөө гадаа үлдэв. Таван ханатай гэрийн хойморт арслан хээ тавьж улаан шунхаар эрээлсэн модон авдрын өмнө жижиг ширээ, хоёр талаар ор, зүүн доорд эргэнэг, хавчиг хөнөг, баруун хавтасны ханын толгой дахь гурын эвэрт ногт хазаар тохож, дээд талд хурдан морины хусуур, дэл сүүлний боолт тэргүүтнийг өлгөжээ. Хананд өлгөөстэй олон ногтийг авч эвхэн суугаа Ширнэн Даазайтай мэнд мэдэлцэн, түүний эхнэр Нансал оёж буй дээлээ учиг шингээн хойш тавиад авдар руугаа суугаа хөлөө чирэн гар дээрээ дэгнэцэн мөлхсөөр дөхөж дээрх бадан хөшгийг сөхөн бурхан тахилыг өдөн дэхүүрээр тоосолж бэлдсэн зулыг бадраав. Нансал хөл татанга суугаа ч баргийн юманд түүртэлгүй энэ гэрийн бүхий л ажлыг амжуулахын зэрэгцээ Сүрэнгийн эхнэрийн хувьцас хунарыг оёж шидэх үйлэнд уран гартай, орж гарах хэнд ч цай ундтай эзэгтэй. Тэрээр дөрвөн хасаг тулганд унгатах аргалыг үлээгүүр даран ноцоож, цай чанах зуур уур мунаа авч хуурсан хар будааг нүдэж эхлэв. Нансал хоёр өвдөг дээрээ сөхрөн бүхий л цээжний хар бяраар мунын толгойг унинд тултал далайн, иш нь багтах төдий уурын амыг ч огт харалгүй сурамгай онолдуулан уураа цөмлөх нь үү гэмээр ив, ив буулгахдаа ер түүртсэнгүй. Нүдсэн будааг модон тэвшинд хийж өвдөг дээрээ займчуулан эвлэгхэн хөдөлгөх бүр зарам, аагыг нь салгаад дээш хэдэнтээ дэвсний эцэст алгаа тосч цэвэрлэсэнийг аяганд хийн өрөм тавьж, цай аягалав. Даазай цай уух зуур алсаас ойртох их хөлийн чимээнээр Өлзий орж ирлээ. Энэ охиныг Ширнэн Нансал хоёр баян Сүрэнгийнд үрчлүүлэн өөрсдөө тэдний хаяаг бараадан амьдардаг аж. Хүмүүсийн дунд Сүрэн охиноо хөрөнгө чинээлэг харийн хүнд өх болсон тухай яриа гарч зарим нь Сүрэн баян юугаар дутлаа гэж хүнээс хүсч авсан ганц охиноо өнгө, мөнгө харж өх болсныг гайхацгаана.

Өлзий Даазайг ирсэнд ихэд шохоорхон түүнтэй ярилцах хүсэлтэй ч үг солих боломж гарсангүй, ирж буй их адууны хөлөөс бог малыг холдуулах тухай баян эцгийнхээ айлдварыг төрсөн аавдаа дамжуулаад гарав. Даазай Өлзийн хойноос гарах зуур Хөшөөтийн өргөн хөндий дүүрэх шахам адууг дөрөв, таван морьтой хүн тууж ирлээ. Баяных Бүрэнханы босго өртөөнд нэг сарын тай даан, улаа нэхэх ацаг авсан тул ийнхүү хөл болж байгаа аж. Сүрэн морь унан адуун дундуур шившүүрдэн явж барих морьдийг урт хулсан ташуураар дохих дор уургаа хөндөлдүүлсэн адуучид заасан болгоныг бушуу барихыг эрвийж, шагай мэт хураасан сүрэгт тал талаас нь дайран орцгоолоо. Ширнэн барих морьдийн ногтийг эмээлийнхээ араар тэгнэн явж Даазай ч түүнийг дагалдав. Сүрэн баяны эхэлж заасан улаан бор морийг нэг адуучин уургалан тогтоож, залуу эр Санжаадорж Сүрэнгийн дохисон хур дэлтэй хул морийг барихаар бөөн адуун дундуур дайран ороход ороо хул цойлон гарч хур дэлээ хийсгэн давхилаа. Түүний унасан уургач алаг араас нь сүүдэр мэт дагасаар дөхөм газрыг товчлон зэргэдлэх зуур урагш бөхийн уургын уртаар ороо хөлгийн толгойд гурамсан хуйвыг шургуулмагц эмээлийнхээ араар тэгнэн тэвхдлээ. Уургач алаг арагш оцойн суухад омголон хул гуд татагдан зогссоноо гэнэт эсрэг зүгт ухасхийтэл хархүү тэгнэсэн талдаа тэнцэж амжилгүй хий сарвалзсаар холбирчихов. Уургаа чирч гөлмөө дэрвүүлсэн хоёр морь адуу тойрон бужигнахад Даазай уургач алгийг хөөсөөр цулбуурдан авч морин дээрээсээ дэвхлэн хийлж унаад нөгөөх ороо хулын араас элдсээр чирсэн уургыг нь газраас шүүрч гурамсан хуйвийг хул морины нарийн хүзүүгээр эрсээр тэвхдэн татахад ороо хүлгийн амьсгаа шахирсаар номхорч зогсов. Үлдсэн агтыг Даазай уургын урт, морины сайнаар ааглан дарж барихад хүмүүс түүний авхаалж самбаа, алаг морины уургачыг шагшин магтаж Сүрэн баян ч Даазайг уургын улаанд ацагласан хэрэг. Уургын улаа нь босго өртөөнд хамгийн шуурхай, хүнд нь бөгөөд эрээн зар бүхий том албаны түшмэдийн улааг нэхнэ. Уургын улаач нь морин дээрээ хооллож аль дайралдсан адуунаас унаагаа юүлэн зогсолтгүй довтолгох ба биеэ зайлагдахаас сэргийлэн бүс даавуугаар сайтар ороосон байдаг. Жирийн өртөөгөөр цагаан зар бүхий түшмэд, энгийн хүмүүс зорчино.

Өлзий уургач морины нуруун дээр ид шидээ гайхуулан омголон хүлгийн босоо дөрвөн хөлийг тэнцвэр алдуулан тогтоож шартай залуу насны шандас сорих хийморлог эрийн омог бардам авхаалж чадлыг гайхан, жаргах нарны туяан дор хатируулсаар яваа түүнийг ухаагийн үзүүрээр даван давтал ширтэн санаа алдсаар хоцров. Даазайн бараа алдарсны дараа Өлзийд эргэн тойрны юм бүхэн өнгө алдах мэт болж хэнтэй ч юу ч яримааргүй, юу ч хиймээргүй, гэртээ ч ормооргүй санагдан оройжин уйтгарлан зогссоны учрыг ээж нь лавлавч тэрээр үг унагасангүй. Тэр үед охин нь чухам юунаас болж уйтгарласныг мэдрэх сөгөө ч Хандад байсангүй.

Даазайг улаа нэхэхээр мордоход ээж нь цээжийг нь бүсээр ороон, хүн мөнгө өгвөл далд үзүүрт нь зангидаарай хэмээн аминчлан захиад хаврын зэрэглээтэй уралдан давхиж яваа хүүгийнхээ хойноос цайныхаа дээжийг өргөсөөр үлдвээ. Баруунтайд Улаантолгой, Цагаанчулуут, Залуу, Булган, зүүнтээд, Хушаат, Сант, Эрээнхүр, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг өртөөг дамжин аль дайралдсан адуунаас унаагаа юүлэн морины сайнаар улаа залгуулж, түшмэл ноёдыг хүргэсээр хөлсөө арчих завгүй, хөлөө амраах чөлөөгүй явтал улаа нэхэх хугацаа дуусч бүсэндээ зангидан авчирсан мөнгөөр нь ээж нь даавуу авч Даазай хүүгийн мөрийг анх удаа шинэ дээлээр мялаасан аж.

Зуны улирал жигдэрч Бургалтайд сумын наадам эхлэв. Даазай хээр үрээнийхээ онгон дэлийг засч, шинэхэн жигүүн дээлээ өмсөн Бүрэнхан уулын наадамд мордлоо. Энэ өглөө Улаанхошууны дэнжид Улаан шороот, Бумбат, Жаргалант, Урт, Шувуут, Ивэн, Бургалтайн эхнээс өнгө өнгийн торго, хээ угалзыг эрээлжлүүлж, нас зүсээр эгнүүлэх хурдан хөлгүүдээ хөтлөн цувсан морьтонгууд төдөлгүй ирж нэгэн хоромд Улаан хошууны дэнж хүн малаар бялхав. Асар майхан эрээлжлэн төв асрын хойморт идээ будаа, элдэв амтатныг өрж айраг сөгнөсөн ширээний ард сумын дарга Нямсүндэв сумынхаа хэдэн ахмадын хамт наадам нээж хэлэх үгээ бэлдэн суув. Төдөлгүй наадам эхэлж хүдэр эрс зодоглон засуулчид бөхийн нэр, цол гуншинг уянгалуулан Намжил заан зодоглоод ... наймын Намжил зодоглоод ... хэмээн байн байн дуудахад сумын заан өндөр Намжил нэрээ хэдэнтээ дуудуулсны эцэст мяндсан шуудагний эр суран уяаг хуруу орох зайгүй чангалж, улаан торгон зодогны уйтан ханцуйг чихэн өмсөөд элэг бүсээ эгштэл сойн, шуудагны уяанд чивчирэн зангирах хоёр гуяны булчинг тас тас алгадан шавж байснаа, магнай засуулын зүг дэвсээр очиход араас нь бусад нь дагалдан наадамчид гарч буй бөхчүүдийн хэн нь түрүүлэхийг ам булаалдан мэтгэлцэнэ.

Даазай үзээгүйг үзэж явсаар ойгоос ногоон мөчиртэй нь авчирч зээглэн татсан хус модон уяан дээрх хурдан хөлгүүдийн дунд Лувсангомбын хээр, шар Гаваагийн хүрэн, харайдаг Жамсрангийн хар, Хулганайн Шаравын хээр, Намхайн хээр, солгой Дагвын буурал, Лувсандоржийн хар, Ядамдоржийн саарал, шаличигай Дагвын хүрэн, Жалбуугийн хээр, ногоон Сэрээнэнгийн хар, атгаал Доржийн халтар... гээд тоолж баршгүй түмэн эхүүдэд нүдээ бүлтийлгэн, уяачдын ярианд чихээ дэлдийлгэж явлаа. Уяачид Даазайн хээр үрээг “сийлсэн юм шиг” хэмээн өхөөрдөхөд ийм чимэгтэй үг өмнө нь сонсч яваагүй түүнд бүр ч таатай.

Даазай хурдан морьд сонирхон явсны эцэст уяач Найдангийн соёолонг гаргаж уралдуулах албатай болов. Энэ үрээг Найдан хурдан зээрд адуугаараа нутагтаа нэртэй баян Ишдоржоос авч дөнгөж зургаан нас хүрч яваа хүү Түмэндээ сойсноор хүүхэд бүхний хүслэн болсон анхныхаа наадамд зээрд үрээтэйгээ тоосоо өргөж буй нь энэ.

Хоёр жигүүрт бөхчүүд засуулчид эгнэн гурвын даваа эхлэхэд бэлэн болжээ. Хүчит бөхийн цолыг уянгалуулан дуудах унзад Дамдингийн ган хоолойн цар наадмын дэнжид цуурайтан мөрийг нь түшин дэлэх хүчит эрийн хийморь зоригийг бадруулан, хурдан хөлгийн зоонд гийнгоолох бяцхан хүвгүүдийн эхэнд согоо халиун морины удган хатираагаар хөх Монголын соёмбот тугийг дөрөөвчлөн намируулсаар яваа залуу эр Ядамдорж нүцгэн ханхар цээжиндээ хэлхгэр тэрмэн тэрлэг эгэлдэргэлж, бүсэлсэн зодогтоо хандага пайз хавчуулан, эгнээ зогссон бөхчүүдийн зүг байн байн харц алдах нь хурдан морьдоо гаргачихаад шалав ирж барилдахаар яарч буй нь илхэн. Хүвгүүдийн дунд эмээлийнхээ бүүргэнээс ялгагдах төдий бяцхан хүүгийн унасан зээрд үрээг хөтлөн давхих Даазайн шинэхэн жигүүн дээлийн хормой салхи хөөрөгдөн ааваас нь үлдсэн хуучин бүрх малгай нарийн утсан сагалдарганд тогтон шил дээр нь дэрвэлзэнэ. Тэд наадмын талбайг хэдэнтээ тойрсноо эгнэн зогссон бөхчүүд, наадамчдын дундуур давхилдан гарахад, талбайд их туушаанд айраг мэлтэлзүүлэн түшсэн дуулаач эрийн “Түмэн эх”-ийн шуранхайд бөхчүүд засуулаа дагуулан дэвсээр жил тойрон хүлээсэн сумын наадмын гурвын даваа эхэллээ. Гарсан морьдын дунд Лутын Хоролын хүрэн, Ишжанцангийн цоохор, Хөхийн Нанзадын саарал, Самбуу Дагвын халиун, Шийрэвийн халтар, Далайн хээр... гээд олон соёолон бий, тэд бие биесийг дагалдан нэгэн дор бөөгнөрөн явцгаах нь усанд сүрэглэн хөвөх загас адил. Тэдний дунд Түмэн хүүгийн унасан суман хүлгийн хур дэл, туг сүүлийг гурын сураар үе даруулан ороож, ухаа зээрд зүс нь булган сор мэт гялтагнан, уяа ханаж жавхайн сүвээ зурах гурван хавирга, бөөрний гурван судас дурайгаад сүүжний толгой, сүүлний уг, чихний ухархай хонхойж, хасаар бөмбөрөх тунамал хөлс бэрэвхий даган хар туурайд нь нэвчинэ. Даазай түр зогсон бяцхан хүү Түмэнд газрын багцаа, уралдах арга ухаан заах зуур мориных нь олмыг чангалж өөрийг нь ганзгаар даруулж өхөд, бусад мөн түүний хажууд зогсч хар хөлс нь цувсан омголон хөлгүүд доороо дэвхцэн шээс алдана. Морь гаргагч даамлууд үлдэгсэдийг шавдуулан, “Тээр доорхи хотгороос эргэнэ. Дохио өгөөгүй байхад эргэсэн хүүхдийг хасна” хэмээн зандарч урт ташуураа гозолзуулан туусаар Нарангийн хөндийг арай ядан барж Хөшөөний хотгор хүрмэгц эргэх дохио өгөв.

Даазай нүд ирмэх зуур амгайнаас гогцоолсон цулбуурыг тавимагц ир хурц, гараа онивч хурдан хөлгийн дөрвөн туурайн эрчинд хөвөрхий үзүүр шувт татагдан алдарч соёолон морьдийн сүр бараа нэгэн агшинд нисэх мэт оволзон бяцхан хүвгүүдийн дуу, тоос шороо, хуйлрах салхитай агаарт хөөрч хэсэг зуур газар тэнгэр нийлэх шиг начигнав. Омголон хөлгүүдийн хурц дөрвөн туурай газрын хөрсийг тэнгэрийн дуу, мөндрийн хүчээр дэлдэн Нарангийн ногоон хөндийг хөшиг мэт алиргасаар, мэлгэн талыг ардаа орхин холдоход сүүлэнд үлдсэн Даазайд Түмэн хүүгийн онондой хүрэм, соёолон морьдийн босоо тоосны үзүүрт гялалзаар замхарлаа. Даазай тоос шороонд булагдсан нүүрээ ханцуйгаар шудран давхихад тэртээ дээр бөөн морьдийн зул задарч түрүүч нь Гэзэгийн шилийн өмнөх түхэм хотгорт бараа нь тасарч байснаа дахин ил гарч Түмэн шилээр тасархай давав бололтой. Наадамчид Гуранзатын хөтөл, Бумба толгой, Гэзэгийн шилээс дурандсаар морьдийн сүүлчээр цааш барианы газар Гурван толгойн шил рүү давхилдав. Түмэн хүү ганцаар тасарч явсаар Гэзэгийн шил дээрээс эргэн харахад арын морьд тэртээд хоцорсон байлаа. Энэ зуур “Хэрэв ганцаараа хол тасарвал жаахан татасхийж амрааж байгаад арын морьд дөхөхөөр тавиарай” гэсэн аавынхаа захиасын дагуу шилийн уруух чулуутай давчуу хэсэгт мориныхоо амыг татан шогшиж явтал Найдан давхин ирж “Миний хүү одоо тавь, тавь, бариа тэнд...” гээд ташуураа дохиход Түмэн чулуутай хэсгээс нэгэнт өнгөрч цааш мориныхоо амыг тавин гуядтал амьсгаа дарсан зээрд барианы өмнөх хэсэгхэн газрыг гараа мэт цойлон тасархай түрүүлж оров. Даазай сая тэдний хойноос барианы газар хүрч очиход морьд аль хэдийн ирчихсэн Найдан шүдээ яралзуулан, шар сахлаа эрвэгнүүлэн инээж түрүүлсэн зээрдийнхээ хөлсийг хусч эхнэр Жамсран нь хүүгээ тэврэн ганзгын суранд гуяа холгуулсан эл хэсгийг үлээн, мөсөн чихэр өгч тайтгаруулна. Наадамчид түмэн эхийг бүчин соёолон морины хөлсийг сүсэглэн адислаж, бяцхан хүүг өхөөрдөн, зээрд үрээг идэр жигүүр хэмээн цоллов. Хоёр хоног яах ийхийн зуурт өнгөрөн, гэнэт шавсан алаг эрээн майхнууд гэнэт алга болж наадамчид гэрийн зүг буцахад их хөлөөс ангижирсан сумын төвийн хэдэн байшин, наадмын талбайд эргэлдэх нохой шувуудын дунд зээргэлтэн үлдвээ.

Даазай Гэзэгийн шилээр өгсөн гэрийн зүг хатируулахад ухаа хээр нь амгай даран, залуу эр өршөөлгүй шарах хурц наранд ундууцан явах зуурт гэнэт хар үүл бөөгнөрч тэнгэр бүрхэн хэсэгхэн зуурт салхи ширүүсч их хурын зах шивэрч байснаа цааш зулран сумын төв орчимд тэнгэр судалтан начигнаж дээрээс унжсан их үүл аадар болон буулаа. Түүнээс чанагш тэнгэр газар харлан нийлж алсад түнэр харанхуй дундаас гэнэт их буун дуу мэт асар хүчтэй нүргээн уулсын оройгоор нижигнэн байснаа огторгуйд хаа нэгтээ галаар үе үе гилбэх тэрхүү цахилгаан аянга болон буухад Улаан шороотын орой олон судалт гэрэлд гялс гялс цайран уул талаар дамжсан цуурай нижигнэсээр чимээ намдаж нам гүм байснаа дахин начигнав. Удсан ч үгүй гэнэт асгарсан аадар хур гэнэт зогсон, саяхан газар тэнгэрийг нийлүүлж байсан хар үүл хөвөрч үүлэн чөлөөнөөс нар цоргин дахин халуун шатахад саяхан орсон хур борооны сэнгэнэм үнэрт амьсгаа уужирч олон өнгөөр ялгарах усан дусал агаарт солонгорон дугуйрах нь тун чиг тааламжтай.

Тэртээд солонгын газарт нийлсэн үзүүр дороос нэгэн хүн жороо морины хар гүйхээр айсуй. Тэрээр ихэд яарсан бололтой эмээл дээрээ үл мэдэг өндөлзөн, урт ташуурыг үе үе даялан зангахад унасан морь нь усны урсгал мэт үелзэн, туг сүүлний намираанд дөрвөн туурай солбилзон яралзаж салхины хурдаар оготоргуйд сэмжрэн хөврөх үүлсийн адил нүүсээр газар хүрэх эсэх нь холын зэрэглээнд үл ялгагдана.

Даазай мориныхоо амыг татан ажиглаваас нэгэн эмэгтэй галгиулсаар төдөлгүй гүйцэн ирэв. Хөх чисчүү дээлэнд шар дурдан бүсийг ташаа даран ороож, шанхлан самнаж гөрсөн тахим шүргэм тасам хар үсэнд сувдан сам, даруулга хатгаж, угалз хэлбэртэй сүйх ээмэг, оюу эрдэнэ шигтгээтэй шижир алтан бөгжөөр гоён, олон цацагт дэгжин тов малгайг духдуулжээ. Туяхан гараар атгах суран жолооны аясаар жороолох одон сартай хилэн хар моринд ханшаар чимэгтэй товруу мөнгөн хазаар эмжээр мэт зохиж, мөнгөн тоногтой эмээлийн нанжин гөлмөнд ягаа утсан хээ бүхий жийжүү дөрөөг шаглаа ханчин гутлаар мөчүүд жийсэн нь чамин бөгөөд донжтой. Эдэлж хэрэглэсэн бүхэн нь содон, тансаг энэ бүсгүй бол баян Сүрэнгийн охин, та бидний танил Өлзий бөгөөд унасан морь нь Ламзавын хар гэж нутаг усандаа алдаршсан усан тэлмэн жороо. Сүрэн хар морийг Ламзаваас тугалтай залуу үнээ тав, унах морь өгч үнэ шидэн авсан бол, Өлзийн тохсон эмээлд боржигон хийцийн өлзий утсан хээ бүхий ганц том даруулга арай ядан багтаж, дөрвөн хуруу өргөн ханатай мөнгөн баавар, товгор мөнгөн хяр, хөмөлдрөг, худрага, хазаар нийлбэл хар мориноос ч хавьгүй үнэтэй ажээ. Зөвхөн эмээлд зуун лан мөнгө орсон гэж нутгийнхан бахархан ярьдаг нь оргүй зүйл биш дэгээ. Төдөлгүй залуу бүсгүй зэргэд ирэхэд Даазай

- За сайхан наадаж явна уу ? хэмээн мэнд мэдэв.

- Сайхаан, сайхан. Гэр сахиад өнөөдөр л гарч буй нь энэ.

- Тэгээд яасан яаруу явах буй?

- Жороо хүлгийн нуруунд гэлдэрч явах хэцүүеэ. Жолоогүй сэтгэлийн ирэнд гэр сахих нь хэцүүеэ хэмээн залуу бүсгүй алиахад Даазай:

- Сайн хүлгийн нуруунд бол салхитай уралдсан ч яахав. Сайхан хүний дэргэд бол гэр сахисан ч яахав хэмээн хариу барьж хөгжилдөв. Өлзий ургаш энгэр даган унжих гэзгээ мөрөн дээгүүр давуулан дээлийн хормойг засаад

- Бороонд хорогдсоор чамаас хоцорчихов. Ганцаар Вандангаар давахаас айгаад...

- Юунаас айх буй?

- Юунаас ч гэлтэй. Вандан нь гарч ирээд бариад авчихвал яанаа хэмээн гижигдэх мэт инээн наалинхай харц илгээв. Даазай түүний харцнаас дальдран, яриагаа өөрчилж

- Өнөөдөр Лувсандамба гуайнх хүүгийнхээ сэвлэгийг үргээнэ гэхэд Өлзий

- Хоёул тэнд очих уу? хэмээн бүр ч хөгжив.

- Би очиж юугаа хийх буй дээ.

- Юу, юугаа хийх буй гэж? Аяга тагш юм балгаж залуу бүсгүйчүүдтэй танилцахгүй юу гэснээ мөнөө л лавай цагаан шүдийг яралзуулан, өхөөрдөм хархан нүдээ тормойлгон инээж Даазайг зоригжуулав. Түүний хөгжилтэй бөгөөд үзэсгэлэн гоо царайд гал халуун насны ид хав, хайр дурлал, эмэгтэй хүний ариун нандин бүхэн цөм шингэжээ. Залуус энэ мэтийг ярилцан дөрөө хавируулан ергүүлсээр Гэзэгийн усанд тулж горхины эрэгцэг дэх алаг сайрын захад бороо цас, хуй салхи, ган зуд, байгалийн ямарч хатууг үл тоон байж л байдаг өнчин ганц хайлаасны дэргэд ирлээ. Хатуу хахирыг сөрөн ургасан өвгөн хайлаасны үндэс мөчир нь арсайн орооцолдож намхан биедээ ахадсан саглагар мөчрөө дааж ядан олон жилийг өнгөрөөхдөө энд ирж саатсан үе үеийнхныг нөмөр дороо шарах нар, шаагих борооноос хаацайлан тэдний ярьж хэлцсэн, хийж үйлдсэн бүхий л нууцыг өөртөө шингээн үлддэг юм. Үүлэн чөлөөний хурц наранд халууцсан хоёр, хайлаасны сүүдрийг бараадан Өлзий буухаар завдваас жороо хар үргэн цамнахад Даазай яаран бууж морио тушиж орхиод бүсгүйг тосон авлаа. Өлзий Даазайн мөрөн дээр гараа тавин жийжүү дөрөөг мулталж, залуу эр нэг гараар хазаарын шанаанаас нөгөөгөөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрч эмээл дээрээс нь хөлбөрүүлэн буулгахад шаавай эмэгтэйн бүлээн амьсгал хацрыг нь төөнөн үл таагдах далдын хүчинд ниргүүлэх адил болов. Зүүд, зэрэглээ мэт энэ сонин мэдрэхүй тэрхэн зуурт Даазайн бие сэтгэл, оюун бодлыг эзэмдэн чухам юу хийхээ мэдэхгүй Өлзийг тэвэрсэн хэвээр алмайран зогссоор...

- Ямар сайхан газар вэ, Энд хоёул сэрүүцэе, тэх үү? гэх Өлзийн хөгжилтэй дууг сонсоод сая сэхээ авч бүсгүйг тавин

-За, гэж арай ядан бувтнав. Өлзий түүний хариу хэлэхийг хүлээсэн ч үгүй хоёр гутлаа мулталж дээлээ тайлж хаячихаад агаар усанд дураар наадах шувуу мэт залуу бүсгүйн баяр баясгалан, тамтаг хязгааргүй хайрын мөрөөдлийг илтгэх агаад горхиний эргээр хөл нүцгэн гүйж байснаа голд орж Даазайг дуудан түүний зүг энэ ертөнцийн хамгийн сайхан мишээлийг илгээв. Даазай Өлзийн үлэмж гуа биеийг гайхан харж сэтгэл догдлон алцтай сайхан үг хэлж, гоц сонин зүйл хиймээр байвч хий балмагдан “Сайхнаа” гэхээс өөр үг олсонгүй. Өлзий үсний даруулага, чимэг гоёлоо тайлж биеэ хөнгөлөн урсгал уснаас алгаараа утган уух зуур горхины эрэгт ханцуйгаа сугалдаргалан толгойгоо шавших төдий суугаа Даазайд ойртон хоёр гараар урсгал уснаас утган нүүр лүү нь цацахад Даазай сая сэхээ авч гутал хувьцасаа тайлж чулуудчихаад усруу гүйн орж хариу барив. Үзэсгэлэн үлэмж бүсгүй түүнээс алдран зугатаж алаг чулуун элс сайраар гулган үелзэх болор тунгалаг урсгал дундуур туучин шүр сувд мэт даргилан үсчих голын усанд хөлийнхөө тавхайг гялалзуулан гүйхдээ мөнгөн хонх мэт цангинам инээх хөгжилтэй дуу, бороо хурын дараа байгаль дэлхий сэргэн буй энэ ялдам агшинд ямаршүү урнаар зохилдсоныг дурсахгүй байхын ч аргагүй. Энэ бүхнийг хараад л хайр дурлалын илчинд уярч бүр алмайран зогссон Даазай өөд гоо бүсгүй дахин ус цацахад Даазай сая түүний хойноос мар мар инээн ус туучин гүйлээ. Хөөцөлдөн гүйлдэх тэдний дуу шуугианаас тушаатай морьд нь үргэн дэгнэцэхэд залуус сая зогсов. Ингэж сэрүүцсэний дараа тэд түр сэхээ авч усан дусал бөнжигнөх Даазайн нүүрийг Өлзий алгаараа шавхран арчихуйд усанд нэвтэрсэн цагаан пансан цамцны цаанаас товч түрэмгийлэн сэртийж, ягааран гэрэлтэх хөхнийх нь толгой, цээжнээс нь анхилах ялдам үнэрт залуу эр бүхлээр эзэмдүүлж, үл дарагдах нэгэн хүслэнд автан амрагжин гоо бүсгүйн цээжинд өөрийн мэдэлгүй наалдав гэнэ. Өлзий ч ундууцсангүй хархүүг тэврэн “Даазай минь” хэмээн өөгшүүлж нүдээр мишээн урамыг мялаав. Түүний нүд алдам уян булбарай бие, хөгжилтэй инээд, эгэлгүй гоё царай нь Даазайг биеэ барих тэнхэлгүй болгож цааш чухам юу хийхийг зөн билэгтээ даатган бүсгүйг эрэмцэн илж наалдсаар суухад насаар эгчмэд Өлзий түүнийг аг тэвэрсэн хэвээр арагш налав. Залуу насны сэрэлд буцалтгүй хөтлөгдсөн хархүү байж ядан зангирах дур хүслээ зулам цагаан гуяыг дагуулан айх ичихын алиныг үл хүлцэн гагцхүү хүссэндээ тэмүүлэхэд Өлзий түүний эрж хүссэн бүхнээр тосч угтлаа. Тэд үг үл хэлцэвч дур хүсэл нь нэгд тэмүүлсээр, хэсэг зуурт зүрхэнд нуугдсан бүх мэдрэхүй, биед хурсан хүслэн нэгэн зэрэг ивлэн өнчин хайлаасны дор хайрын далайд хөл алдваа. Өлзий илэрхий амьсгаадан, хүрэхэд алга хайлам гоолиг цээжин дэх эзэнгүй талын ичимхий хатан цэцэг мэт хоёр хөхнийх нь толгой залуу эрийн хэнхдэгт хүрэх бүр Даазай минь, Даазай минь хэмээн аахилан дуудаж уран зөөлөн гараар түүний шүрмэслэг хүзүүг нь илэн навчин дороос цухуйх жимсэн улаан уруулаа цорвойлгон хайрт эрийн бүлээн уруулыг нь озож, одоо больё гэх атал өөрөөс өөр хэнд ч хавьтуулахгүй гэсэн мэт улам чангаар цээжиндээ наан тэвэрсээр чимээгүй болов. Даазай ч түүнээс салахгүй, Өлзий ч түүнийг тавихгүй. Хайрын халуунаар гагнагдсан тэдний зүрх түг түг цохилон тэрүүхэн аюулхай дор нь халуу дааж бүр тэсрэх шахам болоод улмаар хамаг биеэр нь бүлээн гүйдэл аажим аажмаар тархаж байх шиг, үүнээс өмнө хэзээ ч мэдэрч үзээгүй, үгээр илэрхийлж боломгүй ч, маш гайхмыг олж мэдрэв. Хүслэнт хоёрын янаг дурлалын халуун, үүлэн чөлөөний наранд ч үл саатан идэр биесийн дур хүслийг гүйцэлдүүлсний дараа ийнхүү хэсэгхэн зуур амсхийв. Өлзий ногоон зүлгэн дээр дээш харан хэвтэж хайлаасны мөчир завсраар нүүрэнд нь туссан наран судал цацарлыг өрөөсөн гарынхаа алга тохойгоор хаахдаа нүдээ анивхийлэн эрхлэж Даазай түүний хүзүүн дор тохойгоо дэвсэн хэвтэж харавч ханашгүй уран гоо биеийг таалж эрийн нүд булаам мэдрэмтгий эрхтэн бүрийг нүднийхээ булангаар дээш доош хэсүүчлэн гүйлгэх тусам дахин оргилох дур хүслээ барьж ядан байв. Даазай хажуу тийш эргэх дор Өлзийг өөр рүүгээ эргүүлэн татваас Өлзий ч түүний өмнөөс улам ойртон залуу эрийн хөлс дааварласан нүцгэн цээжинд нь ичимхий хоёр хөхөөрөө наалдаж хос хоёр, янаг хайрын дур амтанд дахин автаж арга бэлгийн агуа их хорвоогийн зохицолд нийцэхээр өөрсдөө зүтгэсээр дахин уусваа. Залуу халуун насаа гэж, ийм л байдаг ажгуу...

Хөрч даарч, өлсөж цангаж, хатуу үг сонсож үзсэнээс хүний хайрыг амсах байтугай төсөөлж үзээгүй Даазай хорвоогийн жаргалыг нэгэнтээ эдэлж бие махбодид хураагдсан эрийн тачаал, бодолд багтарсан бухимдал, хэлээгүй үг, хийгээгүй зүйл цөм алдарч нэгэн мөч бүхнийг умартан нам гүм болов. Аниртай ертөнц дуугаа хураасан ажин түжин энэ мөчид залуусыг нөөлөгтөө авсан өнчин хайлаасны навчнаас салж ядан бөнжигнөх хурын дусал газарт ч юмуу , тэдний биед ч юмуу хаа нэгтээ битүүхэн лүг, лүг хийхээс өөр чимээ энэхүү орчинд байсангүй.

Нэгэн зуур Өлзий босч мориндоо мордон “чүү” гэхэд жороо хар ухасхийн тэрхүү агшинд хурц дөрвөн туурайг шагалзуулан хурдлахад сайрын чулуу бутран цацагдаж, зууралдан ховхрох улангар хөрсний үзүүрт гоо бүсгүйн цагаан тов малгай дороос асхан нуруугаа даган үелзэх урт үснийх нь сувдан даруулга гялалзсаар Нарангийн хөндийн эхэнд бараа алдрав. Даазай босч өрөөсөн хөлдөө өмдөө чирэн Өлзийн хойноос гүйснээ модны үндсэнд таварцаглан харуулдаж хайлаасны ёроолд эрлэгэр нүдээ эргэлдүүлсээр хоцорвоо. Хоромхон үргэлжилсэн жаргалтай мөч алдарч аянгад ниргүүлсэн мэт мангуурсан Даазай хөл дор хөглөрөх хувцасаа хунараа яаран өмсөв. Нарангийн хөндий уужим ч хайр сэтгэл хязгааргүй, чухам ийм хайрыг Өлзий саяын аянга мэт гэнэт буулгаад давхин оджихуй.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 345 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5512

Ёл хад
YolHad_37.JPG
Хэмжээс: 700x525 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3790


khuv5-004.JPG
Хэмжээс: 600x450 61k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3483


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn