Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ.
Од мичидийн тохиол сарны нулимсыг барна.
Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй...
Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж, ёс төртэйхэн авчирсан билээ.
Хар бага наснаас ижийтэйгээ өссөн Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй.
-Ээ тосоор гоож хэмээн уулга алдан инээж суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл өнгөтэй өөдтэй торго дурдан барьж ч үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж,
"Хүүдээ л өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ" гэж хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан авч далд хийсээр тов хийсэн ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан, сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.
Хэдэн ч жил хэнээс авч хадгалснаа хэлж мэдэхгүй орчлонд буурал ижийнх нь хоймрын ганц бор авдарнаас гурван цэнгийн алтан бөгж, цэцгэн хээтэй хятад шаазан гарч ирэхэд мэл гайхаж цэл хөхөрсөн задгай Жанчив ижийгээ өрөвдөн хайрлаж, эхнэрийнхээ нүдийг хариулан, угалзан хамрын самсаа даган бөмбөрсөн ганц цэгээн нулимсаа сэмхэн арчаад, буурал ижийгээ өхөөрдөн инээмсэглэж байлаа.
Хүргэн хүү Жанчиваас илүүрхэх хөрөнгөгүй жаал Банзарын амь шигээ хайрладаг хоёр охиных нь нэг Цэнгэл Бадам буурайн бэр болсон өдрөөс л өмсч ирсэн цэнхэр дурдан дээлээ тайлан, гав шавхийн хөдөлж, утаа тортогт баригдсан унь тооноо ус халаан угааж, мөлчийтөл гялалзуулахад буурал самган баярлан бахдаж айл саахалтын авгай хүүхнүүдэд бэрээ магтаж суудаг болов.
-Ижийтэй ч болоосой гэж өмөлзөж суудаг бүсгүй сэтгэл нь буурал эмгэнийг хөөрхийлж, бүлээцэхээ байсан хөл, гарыг нь ясны шөлөөр угаан тойлж, хуршсан сүүлний тос шингээсэн хар хөх даалимбаар орооно.
Эр нөхрийнхөө олж ирсэн хөх тарианы гурилыг шигшин хоёр гуравхан шарвин хайрч хөлийнх нь уланд бигнүүр тавин асарсаар нэгэн жилийг үдэв.
Хадам ижийнхээ савх шиг нарийхан шилбийг сүүлний тосоор илбэж суухдаа хөл муутай ганц дүүгээ санан хаа нэг нулимс унагана.
Ажилсаг шаавай гэргийнхээ ая тавд таацуулан бор гэрээ өөд татаж, бөөрдий төлөг, өнчин ишгийг ч мал болгохоор хөр цасанд хөхөрч, хаврын хавсарганд борви бохисхийхгүй зүтгэсээр дахин нэгэн жилийг үдэхэд буурал чавганц насны эрхээр бугдайж, бурхны элчид хөтлөгдөв өө.
Нутагтаа үлдсэн аав дүү хоёртоо санаа зовних гэргийнхээ сэтгэлийг анзаарсан задгай Жанчив бор тайлагаа хөтлөн хөдөлж, хадам эцгийнхээ гэрийг ачаалан хэдэн малыг нь туусаар ирэхдээ хүргэн хүүгийн хүч, хүзүүний махны мөлжүүрийг таниулж, ижийг нь сэтгэл амирлангуй жаргаасан гэргийнхээ ач тусын хариуг барих цаг ирэв хэмээн бодож явсан билээ.
Буурал эцгийнхээ царайг харж сэтгэл тэнэгэр суусан бүсгүй хөл хүнд болсноо эр нөхөртөө хэлж бас нэгэн цэнгэлийг бор гэртээ эдлэв.
Гэвч зовлон жаргал хоёр нар сар шиг ээлжлэх хүний хорвоо хатуурхах хатуурхахдаа ханийнх алтан амиар тоглож амьдын хагацалд унагахын чинээ зүүдэлсэнгүй.
Улаан цурав охин үр тэврээд үлдсэн Жанчив урсах нулимсаа залгиж, урд хормойгоо өшигчин амь зуухын эрхэнд аяга цай залгилах төдий гол зогоосон хүн сүг, хөндий цээж болов.
Хэдэн мал дагаж, хээр хөдөө суухдаа уулын толгой ширтэн урсах нулимсаа зөнгөөр нь цувуулж суугааг хадам эцэг нь мэдэв ч үг хэлж үл чадна. Үнсэнд хаясан шалз шиг өөвийж үлдсэн хоёр гэрийн дөрвөн халуун амь, үг дуу гаргахгүй нулимсаа нуун арчина. Хүргэн ахынхаа охиныг тэвэрч, өглөө оройдоо хоёр гэрийн гусран голцуу хэдэн үнээний дэлэн шувтрахдаа уйлж суугаа Нөмрөг охиныг задгай Жанчив хий дэмий л өрөвдөнө.
Хар нялхаараа түнх мултарсан жаал бүсгүй үнээ саахаар хувин тохойвчлон , хазганаж явахад нь өр нимгэн, задгай Жанчив даган алхаж, зэлэн дээр мөөрөлдөх хэдэн үнээгэ ивэлгэн, чирч давхисан бяруу, сүүндээ буйлсан тугалаа татан өгч, нас бага охины сэтгэлийн шаналанг хуваалцсаар хаврын сартай золгов.
Гэтэл сүүлийн үес талийгаач хань нь шөнө бүр зүүдэнд нь орж буян нэхэв үү гэлтэй нулимс мэлтэгнэсэн хар нүдээр цоо ширтэх болжээ. Хайртай гэргийгээ зүүдлэн сэрээд эхэр татан санаа алдсаар хөрвөөж хэвтдэг задгай Жанчив өглөө оройгүй зул өргөхдөө сэтгэлээ хатамжлан, ижийнхээ бор модон эрихийг эргүүлж суудаг байлаа.
Талийгаач хань нь зүүдэнд ирэх бүрдээ
-Чи минь миний дүүг өөртөө хань болгон ав. Хөл муутай дүү, хөхөө ч амлаагүй охин хоёрыг минь бод гэж учирлаж хэлнэ. Уйлж гуйна. Ханиа зүүдлэн баярладаг сэтгэл нь өдөр өдрөөр сульдан, унтахаас хүртэл айж, шөнө дундартал гал өрдөн сууж хононо.
Сүүлдээ бурхан болооч нь шахаж шаардан зүүдлэгдэх их болсон тул нутгийн лам багшид бараалхан ганц гунжаар өргөл өргөн бариад, "оройн ерөөл, Манал, Тарва чимбо уншуулсан ч тусыг эс олов.
Ийнхүү ааг сааг бор өдрийг өнгөрөөж явтал хадам аав нь орж ирээд
- Нөмрөг охин минь чи охиныг аваад гэртээ орж бай. Би хүргэнтэйгээ зөвлөх цөөхөн үг байна гэхэд аав өөдөө арга тасарсан харцаар, яс хавталзан байна уу даа гэмээр ширэв татан харсан бүсгүй нялх охины хамрыг хөөдөн, бор халзан туулай болгон домноод тэвэрч гарав. Гаанс тамхиа угсран, бодол болон суусан жаал Банзар уртаар шүүрс алдан, нусаа пүрхийтэл татаад
-За хүргэн хүү минь аав нь чамтай ний нуугүй хэлэлцэх үг байна. Хөгшин хонины насгүй өвгөн би хэд хоногоос нутаг буцлаа.
Шөнө бүр хөх бүрдийн нууранд өнчин ангир ганганаж зүүдлэгдэх боллоо. Нутаг ус минь дуудаад байна гээд уртаар шүүрс алдахад
-Ааваа та минь улаан цурав охин бид хоёрыг орхиод нүүх нь үү гэж бачимдан асуув.
-Хүү минь аавынхаа үгийг бүү тасла. Би үгээ дуусгаагүй байна гээд хүндээр амьсгаа татан
-Зээ хүүхэн та хоёртойгоо Нөмрөг охиноо үлдээе. Хөл муутай охин минь дүүгээ өсгөж, чиний тогоог бариг. Яг үнэндээ бол муу охиныхоо хувь заяаг чамд даатган өглөө.
Эр хүний үг хатуу тусмаа үнэн байдаг. Хөл муутай охиныг минь эгчээс нь дутуугүй хайрлаж яваарай. Чиний сэтгэлийн зовлонг аав нь ойлгож байна гээд чимээгүйхэн нулимсаа арчин, гаансандаа тамхи нэрээд хүргэндээ өгөв.
Түс тас хэлсэн хадам эцгийн өөдөөс олигтой үг хэлж чадаагүй задгай Жанчив
-Аав минь та юу хэлнэ вэ. Наанадаж хэлэхэд олны хэл ам амьдаар нь тасар татаад идчих байлгүй. Цаанадаж бодоход Нөмрөг маань хөл татуу ч сэтгэл бүтэн хүн. Төрсөн эгчтэй нь дэр хуваасан хүргэн ахдаа гомдоод амиа ч хороочиж мэдэх зоримог охин шүү дээ. Ах дүүгийн ёсоо алд хайрлах нь зөв өө гэж хэлэхдээ урьд шөнийн зүүдээ бодоод айх шиг болов.
Урьд шөнө үүрээр хар дарсан зүүдэнд гэргий нь нэлээн хилэгнэсэн янзтай орж, "би төрсөн охиноо чамаас аваад явлаа" гэж их л тодоор хэлсэн билээ.
Энэ тухай эргэцүүлэн бодож хэсэг суугаад
- Ааваа талийгаач маань шөнө бүр зүүдэнд ирж, таны хэлсэн үгийг чинь надад хэлэх боллоо. Би бараг галзуу солио тусч магадгүй нь ээ. Лам багшаар ч ном айлдууллаа. Хээр гадаа ганцаараа сууж, лус савдаг аргадан гуйж гувшиж үзлээ гэхэд
-Аавынхаа үгэнд ор. Миний муу дорой охин хөл татуу ч эгчээсээ дутахгүй ахиат зантай. Чамайг хоолгүй хонуулж, уранхай тэрлэгтэй явуулахгүй хэмээн хэлээд цухалдав уу гэмээр ширүүн харав.
-Аав минь Нөмрөгийг би ахын дүүгийн ёсноос гажиж хайрлах бодол надад яахин төрөх билээ. Бас таньд очоод том охины чинь мууг үзчихлээ. Одоо бага охиноо өгөөч гэж гуйх хэрэг үү гээд асгартал уйлахад жаал Банзар үг дуугарсангүй.
Удаан суусны эцэст
- Миний хүү сэтгэл хатууж. Олны хэл чи бидэнд хамаагүй. Би яахав. Хөгшин хонины насгүй хүн. Нэг л өдөр ойчоод өгнө. Энэ муу өрөөл татанхай охин хэний гар царайг харж суух билээ дээ. Өнчин зээгээ үрчилж, хойт эхийн гар харуулахгүй өсгөөд, чиний галыг манаж өрхийг татаж үлдвэл өвгөн миний сэтгэл амгалан оршино. Чи миний охиныг дарлах хүн биш ээ. Аав нь чамд итгэж байна гээд эр хатуу сэтгэлийн дусал хар нулимсаа ганц нэгхэн унагаад, өвдгөө тулан босов.
Оройжин таг дуугай суусан задгай Жанчивынд өлгийтэй охиныг нь тэвэрсээр орж ирээд, үг дуугүйхэн өвөр дээр тавьчихаад, эгцэлж харж чадахгүй нүүр буруулан гарч одов.
Ажин түжин нөмөрсөн тэр шөнө талийгаач гэргий нь зүүдэнд нь орж ирээд, сэтгэл амгалан мишээгээд
-Удахгүй би чиний өвөр дээр удмыг чинь залгах хүү болон дэрвэнэ ээ гэж тодоос тод хэлж зүүдлэгдэв.
***
Үүр цайж болжмор жиргэх цагаар гадаа унь шаргих дуунаар цочин сэрсэн Жанчивыг хам хум хувцаслан гарч ирэхэд хадам аав нь гэрээ буулган өмбөө цөмбөө эд хогшлоо боож баадагнаж байлаа.
-Ааваа та чинь нүүх гэж байна уу хэмээн сандран асуувал
-Газар хол болохоор эртхэн ачаалъя даа хүүхээ. Хэдэн мал хуйгаа Нөмрөгийн өмч болгон танайд үлдээе. Саалийн хоёр үнээ, уналгын хэдэн морьдоо туугаад явъя гэж хэлээд инээвхийлэв.
Тийнхүү хоёр хайнагийн үнээгээ хэдэн морьдтойгоо ялган туусаар хөдөлсөн хадам ааваа гаргаж өгөхөөр гэр ачаалсан ганц тэмээг нь хөтлөн мордохдоо нулимс урсган зогсоо Нөмөргөнд
-За та хоёр гэрээ сахиж бай. Би аавыг дөхүүлж өгөөд ирье дээ гэж хэлэхдээ ясархаг гарынхаа эвэршсэн алгаараа нулимсыг нь арчихад үг дуугүй толгой дохих бүсгүй эцгээ зовоохгүй гэсэн янзтай нулимсаа залгин чимээгүйхэн мэлмэрүүлж байлаа.
Газрын цээжинд гартал үг эвлээгүй Жанчивруу харсан жаал Банзар жолоо татан, дөрөө мултлаад
-За хүү минь бууж тамхилъя. Нутгийн зах ороод ирлээ. Манай хэдэн мал туусан туугаагүй нутгаа таниад цувчихна. Хүн байтугай мал хүртэл нутгаа санадаг хорвоо юм шүү дээ.
Аав нь тэрсхэн хоёр охиноороо хорвоог гоёж, энэ насаа туулсан. Нэгийг нь хульжааж, харах бараагүй алдсан ч мөр нь үлддэг хорвоод үр нь орлоод үлдлээ.
Хоёр охиноо чамд даатган үлдээе. Эрдэнэсийг минь бүү гундаагаарай.
Хүүхдүүд минь намраас айлчилж ирээд, зээг минь үнсүүлээрэй. Аав нь алзахгүй ээ. Насаараа айлсаж явсан хөгшчүүлээ бараадаад нутаглана.
Та гурав л амар амгалан амьдарч үз гээд хүргэн хүүгээ үнсэхдээ зовхийг нь даган бөмбөрсөн өнчин цэгээн нулимсаа эрхий хурууныхаа өндгөөр арчаад мордов.
Хэдэн малынхаа араас тэмээ хөтлөн бөвтнөх хадам аав нь хөндийн зэрэглээ туучин, бүдэг бадаг торолзсоор бараа тасартал харж суусан задгай Жанчив уртаар шүүрс алдаад, талийгаач ханийнхаа нутаглуулсан шаргал довцог өөд ергүүлж одлоо.
Хаврын наранд дуниартсан алаг тарлан хөндий уужимсан цэлийж, бүртийх үүлгүй цэнхэр тэнгэрт шинэхэн ногооны хөх униар суунаглана.
Тэртээх сундлаа хөх уулсын зүг эргэж харан морио давирсан задгай Жанчив хээрийн салхинд холцруутсан зовхио цавчлан, морины явдал даган савчих нударгаараа тоос шороонд дарагдсан хөх нүүрээ арчин арчин шогшлоо. Хорвоогийн хатуу хүтүү буулганд үл цөхрөх нүүдэлчдийн амьдрал хөвөрсөөр...