Зунжин хөлсөө дуслуулсных намар нь далавчаар шагнуулж
Зуун мянган шоргоолж хөөр болон шунгиналдахад
Жаргаж байсан нар тогтож ирээд харна
Жалганд ургасан сухай өлийж ирээд гайхна.
Хоосон хөх огт-оргүйд жингүүдэхийн жаргал эдлэж
Хоёр нарны хооронд зүдэрсэнээ мартан цэнгэлдэхэд
Жиргэж байдаг болжмор дуугаа хураан цомцойно
Жим дээр бөхийсөн өвс тоосоо сэгсэрч өндийнө.
Тасарсан амины нэхэл... баатарлаг симфони хадааж
Тал хээрийн дээгүүр сүрт жагсаалаар даялахад
Нүүдлэж явсан малчин саатан санааширч бодлогширно
Нүцгэрч эхэлсэн ой хөшиж ирээд чагнана.
Энэ нислэг гэвч эцсийнх байж мэднэ
Энэ зун ингээд эцэслэж байгааг мэднэ
Эргээд дараа зуунд төрөхгүй ч байж мэднэ
Энэ л мөчийн төлөө төрсөн байж мэднэ.
Цагаан талын элгэн дээр хүн чулуу торойно
Цаг цагийн араншинг хүлцэж дуугүй өнгөрөөнө
Чавчих эрхгүй нүдээр эх орноо ширтэнэ
Царцаанууд толгой дээр нь цамнаж, царгиж намаржина.
Бор толгодын харуул хүн чулуу дүнсийнэ
Бодож таахын аргагүй хүнд энлэнд автана
Боржин чулуун зовхинд хайлсан хяруу гялтайж
Босоо бичигээ нэхэн бүдчин тэмтчин урсана.
Улс орон доройтсоор харийн хараат болох-уй
Улс амьтан дүрэвсээр харийн харъяат болох-уй
Уугуул нутгаа сахисаар нүцгэн толгодын дунд
Улаан шороо зажилсаар хүн чулуу хоцрох-уй
Хангайн жимс талын өвснөөс арвин их тэр жилийн намар
Хавар ирсэн шувууд буцахгүй юм шиг нургиж байж билээ
Хацар гоо охидын нэг хадамд гарсан тэр жилийн намар
Хадан дээр унагасан хөхөөний нулимс минийх байж билээ.
Газар шороо минь айрганд нэвчиж хан хийсэн тэр жилийн намар
Гал шарга наран эргэж хургаад буцаж төвдөхгүй удаж байж билээ
Гал халуун дурлал минь эгнэгт хөсөрдсөн тэр жилийн намар
Ганцхан навч харлаж хоцорсон нь зүрх минь байж билээ.
Аньсаар бороо ороход хүмүүс гайхаагүй тэр жилийн намар
Амьдралаа эхлээгүй ч цэг тавимаар санагдаж байж билээ
Алгаа хавсарч залбираад ч нэмэргүй тэр жилийн намар
Аяны шувуудтай алсыг зориод буцаж ирмээргүй байж билээ.
Хэцийн цэнхэр салхинд сэнсэрч зогссон тэр жилийн намар
Хэлж амжаагүй үгс шүлэг болохоор бүлхэрч байж билээ
Хэдэн он улирсан ч үл мартагдах тэр жилийн намар
Хэт нь би найрагч болохоор үхээд сэхсэн байж билээ.
Цас хялмайлж, хямсганасан, зэврүүн салхитай өдөр
Цасанд дарагдаж, мартагдсан, булш бунханууд сэрийнэ
Цан цохисон хөшөөний, цав суусан, чулуун дээр
Цаггүй хотыг цагдаж, цахир дуут "хаан" зүйрмэглэнэ.
Амьд нь хүний нүдийг ухаж зүрхлээгүйдээ харуусах мэт
Амтат зүүдэндээ гэвч олж тоншоод баясах мэт
Царил, зээтүү хошуугаа чулуун зүрхэндээ бэлүүдэж
Царигаа хахир дуугаар үхлийг урин зална.
Сүр сар, Хүүр... хүүр... хэмээн далбалзан ниснэ
Сүүдрээ чирсэн газарт нь ёр шингэж хоцроно
Ёрын газраас өвс зулгаасан ямаа үхнэ
Ёстой нэг цуслах шиг болж хэрээ тоншино.
Улай эргэх хэрээ гурван зуун жил наслана
Уул, тал хүний явдлыг нэгд нэгэнгүй мэднэ
Гэдсэндээ хөлөө жийлцэх хаадын үр садын
Гэрийн тооноор өнгийсөөр элин халин ниснэ...
Эзгүй хашаанд гуринхайлсан нохой цагираглана
Эр хар цоожноос нулимс мэт дусаал дуслана
Цувдаатай шар будаагаар цадтал нь хооллодог
Цуганц үхээд дөчин ес хонох гэж байна.
Гэр нь цоожтой, хашаа нь эзгүй, өөрөө гинжгүй ч
Гэгээн өдрүүд, бараан шөнүүдийн явдлыг нягтлаж
Гэм хийгээгүй байхад нь орхиод явчихсан эзэндээ
Гэрийн үнэнч нохой гомдлож чадахгүй гийнана.
Олон намрын салхинд сортож гялалзсан үс нь
Орчлонгийн нэгэн шуурганаар зумрана чинээ санаагүй биз
Бие нь газар дор, сүнс нь тэнгэрт хальчихсан эзэндээ
"Биеэ хоёр хугаагаад ч бол..." очихсон гэж хүснэ.
Элдэв чимээ, орчлонгийн тоосыг тоохгүй
Эрүүгээ газар дэвсэж, нүдээ анин хүлээнэ...
Дороос нь доргиох, түмэн бодисын, бичил мэдээллээс
Дохио... Дохио л хүлээж, хөлөө ч дэрлэхгүй тэвчинэ.
Бороонд норж, цасанд дарагдав ч хөдлөхгүй хэвтэх амьтныг
Болдогсон бол нам буудчихмаар санагдана
"Үүрд дурсана" гэж алтаар сийлээд яах юм бэ?
Үхсэн хойно нь ч гэсэн "Үнэн ч явахсан нэгэндээ..."
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Бямбасүрэнгийн Хонгорзул Хэмжээс: 259x376 45k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6525
erd-004.JPG Хэмжээс: 600x450 130k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4044
mongolia2007year-195.JPG Хэмжээс: 600x450 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3963
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: