|
|
Мэдээ: Э.Үржинханд : "Хайрын эх орон", "Сэтгэлийн жимээр" хос ном уншигчдын гарт хүрлээ
Оруулсан admin on 2025-01-27 08:12:25 (54 уншсан)
МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч Энхбаатарын Үржинхандын "Сэтгэлийн жимээр", "Хайрын эх орон" хос ном уншигчдын гар дээр очлоо. "Сэтгэлийн жимээр" номын шүлгүүдээр дамжин дотоод сэтгэлийнхээ жимээр аялах, бодит үнэнийг олж харах, дотоод ертөнц рүүгээ өнгийх, хувь хүн өөрийгөө таних ухамсрын сэрүүлэг нь болохын зэрэгцээ эерэг хандлага түгээхийг зорьжээ. Харин энэхүү номтой ихэрлэн гарсан түүний найм дахь ном болох "Хайрын эх орон" яруу найргийн түүврээс халуун дулаан хайр, сэтгэлийн амар амгалан, эх орон хайр гэдгийг мэдрэх, бахархах, амьдралд дурлах, сэтгэлийн гэрэл гэгээ, эрч хүч, урам зоригийг мэдрэх юм. Энэхүү хоёр ном агуулгын хувьд хоорондоо өөр өнгө аястай бөгөөд улс даяараа хос бичигтэн болж байгааг угтан уншигчиддаа шүлгээ уншингаа хөнгөн маягаар монгол бичгээ сайжруулахад нь тус болох зорилгоор шүлэг тус бүрийн ард монгол бичгийн хөрвүүлгийг хавсаргасан нь номын гол онцлог аж. Зохиолч, яруу найрагч Э.Үржинханд нь 2010 онд яруу найргийн "Өөртөө үнэнч үлдэнэ", 2011 онд "Шувуутай цүнх" өгүүллэгийн түүвэр, 2012 онд "Хайр цацруулж..." яруу найргийн түүвэр, 2014 онд "Зөндөө хайртай" яруу найргийн цомгоо олон нийтэд хүргэжээ. 2015 онд туужийн "Хэзээ ч оройтохгүй", яруу найргийн "Алсын гэрлийн хэлтэрхий" номоо хосоор нь гарган олны хүртээл болгож байв. Богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадамд "Атаархал" өгүүллэгээрээ амжилттай оролцсон ба гадаад, дотоодын олон ном, сонин, сэтгүүлд бүтээлүүд нь хэвлэгдсээр байна. Ном болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй өвөрмөц онцлог, илэрхийлэмжтэй. Өөр өөрсдийнхөөрөө таалан болгоогч уншигч танаа хүндэтгэн мэхийе.
Та бүхэн Интерном, Мир номын дэлгүүрийн салбаруудаас номоо худалдан аваарай.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ЭЭЖ АЯЛГУУ
Оруулсан admin on 2025-01-08 11:12:32 (87 уншсан)
Зээ, бас нэгэн хүүхдийн дуугаа өргөе. Bel Canto Class төвийн уран бүтээл. МУСТА Bertsetseg Tsedensodnom багшийн шавь, гайхамшигт авьяаслаг, сэргэлэн цовоо Б.Болорчимэг охиноороо Oyukhaa Oyu бахархаж, сурлага, хөдөлмөрийн гялалзсан амжилт хүсье
Шүлэг Э.Үржинханд Аялгуу Д.Түвшинцогт Дуулсан Б.Болорчимэг ЭЭЖ АЯЛГУУ
Энгэрийн модод бүжнэ Элэг зүрх минь баясна Элбэрэлт ээж минь үрээ Эвий зөөлнөөр бүүвэйлсэн Ээж минь та намайгаа Эвий зөөлнөөр бүүвэйлсэн Эгшиг яруу аялгуу билээ Эгшиг яруу аялгуу билээ Голын ус нь мяралзана Голт зүрх минь тайтгарна Гоо ээж минь намайгаа Гэгээн үүрээр энхрийлсэн Ээж минь та намайгаа Гэгээн үүрээр энхрийлсэн Гэрэлт намуун наран билээ Гэрэлт намуун наран билээ Уулын цэцэгс алаглана Уярах зүрх минь нялхарна Ухаант ээж минь намайгаа Уяхан хайраар торинуулсан Ээж минь та намайгаа Уяхан хайраар торинуулсан Угтах амьдралын эхлэл билээ Угтах амьдралын эхлэл билээ Ээж минь та намайгаа Уяхан хайраар торинуулсан Угтах амьдралын эхлэл билээ Угтах амьдралын эхлэл билээ https://www.facebook.com/share/p/127nwxAmNKY/
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Мэдээ: Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо.
Оруулсан admin on 2024-10-29 17:41:46 (136 уншсан)
Хос номын баяр үнэхээр бялхам сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн хайр хүндэтгэл дүүрэн эрхэм хүндтэй зочид, оюунлаг гэрлүүддээ чин сэтгэлээсээ талархнам. Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ сангийн халуун сэтгэл халгисан Ичинхорлоо Баярхүү ба ажилсаг хүнлэг хамт олонд нь, зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд үнэт цаг хугацаа чин сэтгэл, хөдөлмөрөө зориулсан Munkhbat Dulamdorj Bertsetseg Tsedensodnom Byambajargal MagsarBogd Gurvan Orgil Andrey Пэрэнлэй Нямлхагва нартаа чин сэтгэлээсээ талархнам (Дараа нь зураг, бичлэгүүд нэмж оруулнаа )
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БАЯСАЛТАЙ
Оруулсан admin on 2024-07-02 10:13:39 (338 уншсан)
Сэр сэрхэн салхитай Сэмжин зөөлөн үүлтэй Сэтгэл сэргээх уянгатай Сэрүүн сайхан нутагтаа Өглөөн наранд илбүүлэн Үдшийн саранд эрхлэн Өөдөө дээшээ тэмүүлэх Өнөр түмэн баясалтай Шар шархан цэцэгтэй Санан цэнгэх дурдалтай Шастир түүхийн улбаатай Шаргал хонгор нутагтаа Хүн хүндээ итгэлтэй Хүндлэл хайрын ивээлтэй Хүсэл санаа нийцтэй Хүрэн зүрхэс баясалтай Бур бурхан бороотой Буурцаг үрлэн хуртай Буцаад ирэхэд урамтай Буйдхан уудам нутагтаа Сэтгэл дандаа уяатай Итгэл ямагт урамтай Ийм л ханагар монголдоо Инээж алхах баясалтай Э.ҮРЖИНХАНД 2024.06.14
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БОРООТОЙ ҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 12:13:14 (329 уншсан)
Үүр тэмдэгрэх гэгээнээр хөшиглөн намираад Үрэл хурын мөнгөн дуслууд сувдарлаа Үргэлж нарлаг өдөр үргэлжилдэггүйн тухай Үүлсийн хээлсэн зургаас үлгэр түүгээд Үдшийн чөлөөнд ярьж өгье, үр минь Үнэгчлэх нойрноосоо сэрээрэй Бяцхан бөмбөлгүүд уралдан шаагилдаад Болор хурын шүрэн дуслууд бөмбөрлөө Бүх зүйл санаснаар болдоггүйн үнэнийг Болжморын жиргээгээр шүлэг урлаад Бүүр дараа нь уншиж өгье, үр минь Бүүвэйхэн зүүднээсээ сэрээрэй Уулс зүмбэрлэх алсыг бараалан цайраад Усан хурын эрхин дуслууд болортлоо Урьдаас таашгүй оньсого шиг амьдралыг Уужим сэтгэл уяхан хайрын цэцэгсээр Уяраан баясгаж титэмлэж өгье, үр минь Урамтайхан мишээсээр сэрээрэй Э.ҮРЖИНХАНД 2024.06.21
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ЗУНЫ ДУНД САРЫН ЦАС
Оруулсан admin on 2024-07-01 12:12:00 (295 уншсан)
Зургаадугаар сарын сүүл мушгиад Зуны дунд цагаан морь сарыг хөлөглөөд Зулай мялааж цасан лавсах чинь Зугаатай ч юм шиг, зудыг ч сануулах шиг Зүггүйтэн наадаж байна уу даа, та минь Зүй тогтлоо алдаж байна уу, байгаль минь Зүсэрч мөнгөрсөн гоёхон бэлэг тань Зуурын төдийд зүсээ хувилгачихлаа Толгод минь мөнгөн хэвнэгээ нөмрөөд Тухтайхан дулааныг мөрөөсөн байх шиг Сайн цагийн шинж тэмдэг энэ мөн үү Саад тотгорын дохио илрэл энэ юм уу Саваагүй үрсийн хурмаст руу чичилж Сацалсан буудлагын үр нөлөө юу Үлгэрийн юм шиг том том ширхгээр Үүлсээ сэмлээд илтэлж цацлах чинь Үрс бидэндээ нэгийг учирлах гээд л Үймцэн бужигнаж үйрэн бутарна уу Үүгээрээ та минь юу нэгийг өгүүлнэ вэ Өндөр тэнгэр минь, өршөө өршөө Э.ҮРЖИНХАНД 2024.06.21
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
Оруулсан admin on 2024-07-01 11:47:58 (290 уншсан)
Он цагийг өртөөлсөн Олон жилийг элээсэн Өвгөн модод дүхийгээд Өндөр хурмастаа түшинэ Хөхрөгч үүлсээс тасраад Хувин хувингаар сувдрах Хурын бөмбөлөг дуслууд Хүрэн зүрхэнд нэвчинэ Нэтийсэн тэнгэр намайг Бөхийж ирээд ширтэнэ Бүртэн бүртэн дөхсөөр Бутарч сэтгэлд хөглөрнө Э.ҮРЖИНХАНД 2024.06.24
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Оруулсан admin on 2024-07-01 11:43:15 (305 уншсан)
Энэхүү шүлгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичиж байжээ. Мөөжиг Munkhjargal Bayanbat эгч минь тэр өдөр дууддаг юм. Яваад очтол гэрэлттэл инээмсэглээд л “За, миний хөгжимчин” гэж нэг их гоё дэгжин, сормуус нь дэрвэлзэж инээд цацруулсан хөөрхөн бүсгүйтэй уулзуулсан нь Enkhtaivan Purevjav Тайвууш эгч байв. Тийнхүү шинэхэн дуу мэндэлж билээ. Бидэн гурав клипний зураг авах газраа голж шилээд л мөн ч их хөгжилтэй, сайхан дурсамжтай бүтсэн энэ дуугаа та нартайгаа хуваалцмаар санагдлаа.
Шүлэг Э.Үржинханд
Аялгууг зохиож, дуулсан МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Өвөр Монголын уудам талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Зүрхнээс ундрах эгшиг дуугаа Зөөлөн зөөлөн аялгуулж ээнэгшсэн Зүйргүй итгэлийн торгон утсаа Зөнгийн алсаас имэрч мэтгэсэн Өвөр Монголын үзэсгэлэнт талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Бодлоос ивлэх нандин үгсээ Бүүвэй бүүвэй намуухан учирласан Бууршгүй итгэлийн гэгээн үрээр Будан дундаас тодрон гэрэлтсэн Сүслэн мөргөх дээдсийн буянаар Сүүн сэтгэлээр нэгнээ хайрласан Сааршгүй итгэлийн цагаан мөрөөр Сайхан ирээдүйг ерөөн бэлгэдсэн Өвөр Монголын үзэсгэлэнт талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Өвөр Монголын уудам талд Өөрийн минь ахан дүүс суудаг 2017.05.08 Даваа гараг Хөх хот
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
Оруулсан admin on 2024-07-01 11:41:09 (278 уншсан)
Гэгэлгэн сэвшээ салхи хичнээн найрсаг Гэзгийг минь илбэж сэтгэлээ уудлаад л Түүний илэрхийлж чаддаггүй хүслэнт үгсийг ч Догдлуулан шивнэчихээд таатайхан сэнгэнэнэ Омголон найгах модод хичнээн романтик Зөрөх болгонд намилзан мэхийгээд л Оройн нарны боронзон туяатай болзоонд Оргилон бүжчихээд хэнэггүйхэн нэвсийнэ Борооны нялх дусал хичнээн хайлган Булиглах зүрхэн гүн рүү бөмбөрөөд л Чиний хэзээ ч олж харахгүй цэцэгсийг Цэмбийтэл усалчхаад харцнаас бөнжигнөнө Э.ҮРЖИНХАНД 2024.06.27
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 11:40:03 (273 уншсан)
Үзэгнийхээ үзүүрээр Үсгийн тигийг таталгаж бичнэ Өнөр түмнээ хүндэтгэж бичнэ Өргөн нутгаа магтаж бичнэ Өндөр тэнгэртээ сүсэлж бичнэ Үзэгнийхээ үзүүрээр Өнийн ирээдүйг зөгнөж бичнэ Үнэн түүхийг тамгалж бичнэ Улс Монголоо бахдаж бичнэ Уудам дэлхийд гайхуулж бичнэ Үзэгнийхээ үзүүрээр Эрх чөлөөгөө эдэлж гортиглоно Энхийн цагийг бэлгэдэж ерөөнө Эх орноороо омогшиж зураглана Энэ бүхнийг хайраараа элбэрнэ Үзэгнийхээ үзүүрээр … Э.ҮРЖИНХАНД 2024.06.28
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан admin on 2024-07-01 11:38:33 (282 уншсан)
Үес үес салхи навчсаар наадаад Үр жимсний оронд модод жигдэрнэ Уул толгод хаяа дэрлэн зээглээд Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ Аяс аяс бороо бодолд зүсрээд Ар өврийг холбосон солонго зурна Амраг хос биесээ энхрийлж ширтээд Алаг шувуудаар хайраа дайж уулзна Намс намс мөчрүүд дохин намилзаад Нар зуны дэлгэр өдрөөр зугаална Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд Намайг, чамайг эрхлүүлж зугаацна Э.ҮРЖИНХАНД 2024.06.29
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
Оруулсан admin on 2024-07-01 11:30:47 (293 уншсан)
Өглөө бүр нэг л замаараа Хичнээн ч алхсаныг бүү мэд Өдөр бүр хэдхэн л хүнтэй Төчнөөн таарсныг ч бүү мэд Үл таних зөргөөр навчис хөглөрч Өвс ургаж шоргоолж гүйлдэж Борооны ус тогтож бодол хөвөрч Будрах цасан амсхийн буусан ч Өнөөх л замаараа нөгөө л зүгтээ Үл таних хүнтэй болзсон юм шиг таарсаар Өргөн гудамжинд нэг л мэдэхнээ Өөрөө ч мэдэлгүй дасал болжээ Хажуугаар зөрдөг царай одоо Халуун элэгсэг найзууд болжээ Дэрхийн нисдэг болжморууд Дэндүү дотно аялгуу болжээ Танил энэ жимээр сажлахдаа Танихгүй өөртэйгөө улам дотносож Өнцөг бараадсан өнчин сандал дээр Өдөржин саатаж шүлэг тэрлэмээр
Э.ҮРЖИНХАНД 2024.06.19
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Өгүүллэг: Айхтар жаалууд
Оруулсан admin on 2018-02-11 11:35:56 (3822 уншсан)
- Одоо яая гэх вэ, өөр ажил олдож л таараа, хажууд нь гэдэс хонхолзоод хэрэг алга хэмээн бодсоор улирлын амралтаараа ажиллахаар бүртгүүлсэн зоогийн газартаа ажилд тэнцэж чадаагүйдээ сэтгэл гундуухан явсан Хэрлэн зэргэлдээх цайны газар луу орлоо. Чингээд хоолны цэс харж хэсэг сууснаа түрийвчээ нээн харвал ердөө л бүтэн таваг хоол ч авч хүрэхээргүй хэдхэн төгрөг байв. Хэтэвч нимгэн ч сэтгэлээр баян оюутан бүсгүй нэг их мөнгөтэй хүн шиг царайлан ямар хоол захиалах тухай эрэгцүүлэн хоолны цэс харжээ суутал хувцас хунар нь хир даг болж, үс гэзэг нь ширэлдсэн бяцхан охин орж ирээд сайртаж борлосон гартаа барьсан сонингоо сарвайж тэнд суусан хүн бүрээс шахуу:
-Ах аа, телевизийн хөтөлбөр аваарай, эгч ээ сонин авахгүй биз? хэмээн царайчлангуй бас аргадангуй харцаар асууж явтал төдөлгүй түүнээс ганц хоёр насаар дүү болов уу гэмээр бас нэг бяцхан хүү орж ирээд мөн л сонингоо зарахаар буланд сууж байсан махлаг шар залуу руу очвол:
-Авахгүй авахгүй. Хоол ч тайван идүүлэхгүй, ядаргаатай юм гээд ширэв татав. Түүний арын ширээнд урт хумсаа гайхуулах мэт улаан хэтэвчээ атгаж суусан ганган эгчид дөхөж очоод мөн л сонин авахыг санал болговол:
-Авчихсан шүү дээ, яах гээд байдаг юм хэмээн уцаарлахад цэмцэгнэсэн зөөгч бүсгүй тэндээс яаравчлан ирж мөнөөх эгчээс хүлцэл өчөөд хөөрхий хоёрыг бараг хөөх шахуу гаргалаа. Энэ зуур тэднийг ажиж суусан Хэрлэн:
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Өгүүллэг: Э.Үржинханд : Өөрийнхөөрөө жаргалтай
Оруулсан admin on 2015-09-29 09:36:39 (7537 уншсан)
- Яагаад бид чухам ингэж аж төрөх болсоноо ердөө ч ойлгодоггүй юм. Хэн ч тайлбарлаж өгөхгүй байсаар өдийг хүрлээ дээ хөөрхий. Нүдээ нээсэн цагаас эхлээд энэ л байшингийн буланд төвхөнөсөн би бусад ах дүү, хамаатан садан маань ч гэсэн булан тохой, хаа нэг газрын ёроол мухар, замын хашлага, эсвэл хад, жалга дагаж амьдардаг гэж сонссон юм байна. Яахаараа заавал өргөстэй, үзлийн муухай царайтай гээд л булан тохой оногддог байна аа гэхээр бусдаас дутуу юм шиг санагддагаа нуух юун. Хэн ч биднийг арчилж торддоггүй, харин ч бүр хог хаягдлаа овоолж өгнө, тэр ч байтугай үржил шимийг нь булаалаа гээд үзэж чадахгүй нэг нь зулгааж тасдаж хаяхыг нь яана. Тэгсэн ч бид улам л өнөр олуулаа болсоор. Одоо энэ гудамж бараг манай нэрэмжит "хороолол" болсон гэлтэй. - Хүүе, тэр хараач. Хойд айлын Жаргал эзэгтэй өнөөх ягаан хувингаа баруун гартаа дааж ядан толгойгоо эсрэг тийш нь гилжийлгэсээр ирж явна. Пөөх..., тээр. Ингээд л саван хөөсөндөө сааралтсан угаадсаа нүүр нүдгүй цацаж орхичихоод хэнэг ч үгүй яваад өгөхийг нь яана. За, гэхдээ энэ аагим халуунд сэрүү татаад л явчихаж байгаа болохоор бороо хургүй удаж, хатах шахаж байгаа надад бол болж л байна гэж сайхнаар бодоод үлдэхэд болохгүй нь байх вэ. Учиргүй сайхан гэх нь ч хаашаа юм, үнэндээ бол үнэр танар гэж авахын аргагүй золигийн эд.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 90 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Tuesday, 2015.06.02 | · | Э.Үржинханд : Анирхүү / 11-р хэсэг / |
Monday, 2015.05.25 | · | Э.Үржинханд : Анирхүү / 10-р хэсэг / |
Friday, 2015.05.22 | · | Э.Үржинханд : Анирхүү / 9-р хэсэг / |
Monday, 2015.05.18 | · | Э.Үржинханд : Анирхүү / 8-р хэсэг / |
Friday, 2015.05.15 | · | Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг / |
Monday, 2015.05.11 | · | Э.Үржинханд : Анирхүү / 6-р хэсэг / |
Thursday, 2015.05.07 | · | Э.Үржинханд : Анирхүү / 5-р хэсэг / |
Monday, 2015.05.04 | · | Э.Үржинханд : Анирхүү / 4-р хэсэг / |
Wednesday, 2015.04.29 | · | Э.Үржинханд : Анирхүү / 3-р хэсэг / |
Monday, 2015.04.27 | · | Э.Үржинханд : Анирхүү / 2-р хэсэг / |
· | Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг / |
Monday, 2014.10.27 | · | Э.Үржинханд : Улаан навчис унахуйд |
Friday, 2014.10.24 | · | Э.Үржинханд : Навчисын унах чимээ |
· | Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан |
Wednesday, 2014.04.09 | · | Э.Үржинханд : Эмзэглэхгүй |
Saturday, 2014.03.08 | · | Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь |
Thursday, 2014.03.06 | · | Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог |
Tuesday, 2013.10.01 | · | Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай |
· | Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ |
· | Э.Үржинханд : Урт намар, бас... |
· | Э.Үржинханд : Аадрын дараах |
· | Э.Үржинханд : Бороотой болзоо |
· | Э.Үржинханд : Өөрийгөө сонс |
· | Э.Үржинханд : Цайрах алсаас |
· | Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд |
Tuesday, 2013.05.28 | · | Э.Үржинханд : Хайр |
· | Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл |
Monday, 2013.03.18 | · | Э.Үржинханд : Эр хүн танд |
Tuesday, 2013.03.05 | · | Э.Үржинханд : Нарнаас тод наран |
· | Э.Үржинханд : Ижий шувуу |
Saturday, 2013.02.23 | · | ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа |
· | Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа |
Monday, 2013.02.18 | · | Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/ |
Thursday, 2013.02.14 | · | Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар |
Wednesday, 2013.02.13 | · | Э.Үржинханд : Энэхэн зуур |
· | Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь... |
Saturday, 2013.02.09 | · | Э.Үржинханд : Бурхан харж байгаа |
· | Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай |
· | Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий |
· | Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|