|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
Оруулсан admin on 2023-09-12 09:53:51 (6487 уншсан)
Орчин цагийн айлд Олон машин хэрэгтэй гэнэ
Дундаж орлоготой өрхөд Долоогоос дээш байх юм гэнэ
Ажил төрлөө амжуулдаг Авто машин нэгдэх нь
Ухаалаг энгийн ажиллагаатай Угаалгын машин хоёрдох нь
Тооцоо зарцуулалтаа боддог Тооны машин гуравдах нь
Махан хэрэглээтэй бидний Махны машин дөрөвдөх нь
Томоогүй үрсээ тоглуулдаг Тоглоомон машин тавдах нь
Үрсийнхээ сэвлэгийн үргээх Үсний машин зургаадах нь
Сайхан эрийн анд Сахлын машин долоодох нь
Бидний нэрлэснээр компьютер Бичгийн машин наймдах нь
Яриад байвал хязгааргүй юм Ямартайч машин хэрэгтэй бололтой
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
Оруулсан admin on 2023-09-12 09:53:05 (6203 уншсан)
Зуны урт өдрүүдийг Тонголзож үдсэн ганц тогоруу Зуслангийн хонины бэлчээрт Торолзож өнждөг ганц тогоруу
Гантай жилийн өнгө Хөөрхий тэр л ганц тогоруу Газар сайгүй тэнэсээр Хөхөрч гандсан ганц тогоруу
Хосоор оршдог хорвоод Яагаад өнчрөв ганц тогоруу Холын холоос ирэхдээ Ядарч ирсэн ганц тогоруу
Өмнө зүгээс зорьсоор Үдлээд буцсан ганц тогоруу Өдөр шөнөгүй бөхөлзсөн Үлгэрийн юм шиг ганц тогоруу
Буцах өдрөө тоолон Талд өнжсөн ганц тогоруу Будант хорвоог туулан Тал түшсэн ганц тогоруу
Утас шиг хөврөх сүрэгтээ Нийлэн буцсан ганц тогоруу Умард зүгийг зорьсоор Нисэн одсон ганц тогоруу
Үнэнээс үнэн байдаггүйг Өнөд сануулах ганц тогоруу Үеийн үед бодогдох Өнгө нь гандсан ганц тогоруу
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
Оруулсан admin on 2023-09-12 09:51:28 (6094 уншсан)
Хагацал амсаж өвдөг сөхрөөгүй бол жаргал нь тэр Хар санаа атаа жөтөөгүй бол жаргал нь тэр Худлаа хэлж хулгай хийгээгүй бол жаргал нь тэр Худрагагүй аашилж хуудуугүй загнаагүй бол жаргал нь тэр
Сагсуу явж бусдад адлагдаагүй бол жаргал нь тэр Сархад хүртэж, шаналж хэвтээгүй бол жаргал нь тэр Сэтгэлээ нээж ярьж суух ханьтай бол жаргал нь тэр Сэвлэгийг нь үргээж тоглож наадах үртэй бол жаргал нь тэр
Бүтэн нойр, бүлээн цайтай яваа бол жаргал нь тэр Бүгдэд адлагдаж бүрэгээрээ дуудуулаагүй бол жаргал нь тэр Бэртэгчин загнаж өрөөлийг гомдоогоогүй бол жаргал нь тэр Биеийг бодож бусдыг уйлуулаагүй бол жаргал нь тэр
Хог түүж гуйлга гуйгаагүй бол жаргал нь тэр Ходоод чинь хоржигнож хоол нэхээгүй бол жаргал нь тэр Хөмсгөө зангидаж гэмшиж гутраагүй бол жаргал нь тэр Хөдөөтэй хоттой хоршиж яваа бол жаргал нь тэр
Эрхэм чухал анд нөхөдтэй бол жаргал нь тэр Эх орон ард түмэн эрдэм номтой бол жаргал нь тэр Энэрэнгүй сэтгэл эелдэг зантай бол жаргал нь тэр Элгэн садан ахан дүүсдээ нэртэй бол жаргал нь тэр
Өвчинд шаналж өвдгөө тэврээгүй бол жаргал нь тэр Өнөр бүлээрээ шуугиж өссөн бол жаргал нь тэр Өрнөөс айж цожиж сэрээгүй бол жаргал нь тэр Өнөөдөр л та тайван байсан бол жаргал чинь тэр
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
Оруулсан admin on 2023-09-12 09:48:09 (6264 уншсан)
Балар эртнээс баадантай ирээдүйн чандад Башир хийрхэл баталгаат хээрхэл уралцана Бадаг дууг аялгуу юунаас нь салгацгааж Барууны цөмийг хээрийн салхитай эмхэрдэнэ Үл тасрах аялгуу шиг согтуу наран гэлдрэхэд Үр могойн үлгэрийг усны бидэртэй агтална Үндэстэй бүхэн тэнгэрийн сөрөг тэмцэлдэхэд Үгүйсгэл оршингуй өгцөөн нартай сүлэлдэнэ
Сувдан дусал давсны хүчилд нэрэгдэхэд Суганы товч шувуудийн жиргээ шиг алсрана Сурах чанадад хувьсгалын дөл бадамлахад Сураг тавигсад сэмжин үүлс шиг сарьнана
Бэл бэнчин хоёрыг агаар юутай зүйрлэхэд Бэрд чөтгөр гурвыг бурхан лугаа шүтнэ Бээс ноён дөрвийн утга агуулгаар зөрчилдөж Бэх цаас хоёр шиг тойргийн алсад огтлолцоно Агаараар орогнох үхэл баруун зүүнд дарамтлахад Амьдрал тэтгэгчийн хомстол ар өврийг дарлана Алдаж оносон сумнууд аяганы амсраар чихэлдэхэд Арван түмэн эс маргаашийн сарлуу тэмүүлнэ
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
Оруулсан admin on 2023-09-12 09:47:20 (6193 уншсан)
Шаргал үстэй харийн бүсгүйг би хүсээгүй Шанз шиг дуутай уяхан хоолойг би хүсээгүй Шавар баримал шиг хиймэл эрхтэн би хүсээгүй Шаант чөмөг шиг өндөр бие хааг би хүсээгүй Шумуул шиг хорон нэгнийг би хүсээгүй Шувуу шиг хөнгөн хийрхэлийг би хүсээгүй Шугам шиг сайхан хөлтнийг би хүсээгүй Шунал шиг халуухан тачаалыг би хүсээгүй
Сайхны өмнө харц буруугүй гэж хүмүүс ярих Сархадны халуунд боллоо гэж зарим нь бурах Саваагүй явждээ гэж залуу насандаа тохох Санаандгүй юм болсон гэж хээв нэг хэлэх
Өнгө мөнгөний энэ орчлон дээр Өөр өөр хүсэл байдаг байлгүйдээ Өсгийтөн болгоныг би сөгнөхийг ерөөс хүсдэггүй Өөрийнхөө бодолд л гагцхүү үнэнч явхыг хүсдэг
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
Оруулсан admin on 2023-09-12 09:45:25 (5933 уншсан)
Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг Элэнц хуланцаас ирээдүйн чандад түүх тээх Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархдаг
Морин дэл дээр нойр авж үзээгүй Модон эмээл дээр өдрийг туулж яваагүй Мойног болтлоо хар ажилд нухлагдаагүй Моод хөөсөн багачуудад хөдөөний залуусаа адлуулахгүй Дөрвөн улирлын нугачаанд өнгө зүсээр гундаагүй Дөрөөн дээрээс буулгүй жил тойруулж шогшоогүй Дөнө өвлийн жавраар ховоо татаж үзээгүй Дөвчигнүүр хоосон нөхдүүдэд хөдөөний залуусаа адлуулахгүй Халуун нарнаар хонь хяргаж нозоороогүй Хавсрага салхинд борлон шүдлэн самнаагүй Хадлан тарианд сар өдрөөр жиндэж үзээгүй Хацар гоо хөвгүүдэд хөдөөний залуусаа адлуулахгүй Идэр есийн хүйтэнд өглөө оройдоо мордоогүй Идэш хоолны цагаар хутга атгаж үзээгүй Итгэл сэтгэл зүтгэлээрээ хөдөө нутгаа сахиагүй Энгэсэг болсон эрхмүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй Жавартай шөнөөр босож гал өрдөж үзээгүй Жаахан үрсээ хөтөлж аргал хомоол хормойлоогүй Жалга довны үзлээр аяга хоосон гаргаагүй Жадгар хэдэн охидоор хөдөөний залуусаа адлуулахгүй Адуутай ноцолдож айргандаа халамцаж жаргаагүй Аргамаг сойж хээр хөдөөгүүр гандаагүй Ачаа ачиж улирал дамнан нүүдэллээгүй Аманцар хээнцэр хүүхдүүдээр хөдөөний залуусаа адлуулахгүй Соёлт хотын залуус та нар өнгөтэй мөнгөтэй байж болно Содон сонин ажил төрөл, царай зүсээрээ бахдаж бас мэднэ Сонсдог үздэг хардаг сэтгэдэг нь өөр болохоороо ялгаравч Сонирхол амьдралаар нь хөдөөний залуусыг минь битгий адлаарай
Эх орноо би хөдөө нутгаараа төсөөлдөг Эрхтэй дархтай хэн нэгнээс өмгөөлдөг Элэнц хуланцаас ирээдүйн чандад түүх тээх Эзэн нь болсон хөдөөний залуусаараа бахархая бахдая.
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Ю.Баян-очир : Мод
Оруулсан admin on 2023-09-12 09:36:41 (6083 уншсан)
Оюун ухааныг задлагч оньсон тоглоом нь мод Орон гэр байшин барилга нь бүгд мод Олон ард түмний маань төрийн тамга нь мод Онгон хүлгийн уурга хусуур нь бүгд мод
Айраг цагааны аяга тагш нь бүгд мод Ариун сайхан хөгжимийн зэмсэг нь бүгд мод Айл гэрийн баялаг болсон авдар сав нь мод Аяны хүнийг ерөөх сүүний цацал нь мод
Бурхан тахилын шогол нь мод Буу зэвсэг багажны минь иш нь мод Бул тэрэг минь бас л мод Буур тэмээний маань буйл нь мод
Миний монгол ард тэр чигтээ мод Малын саравч сараа нь бас л мод Мишээх бяцхан үрс нь мод л түшиж хөлд орно Мэргэн өвгөд хөгшид нь модон эрхээ эргүүлсээр
Цагаан сарын ууцны цар сав нь мод Цалин цагаан цаас нь мод Цагийн түүхэн эзэн нь мод Цаг хугацааны нотлол нь өөрөө мод
Өтлөөд ирэх үед модон таяг тулж Өнгөрөөд буцах цагт модон авсанд л орно Өнгөтийн хэдхэн мод бидний амьдралыг тэтгэж Өргөн олон ардын хэрэгцээг хангасан мод
Тайрсан модыг хараад хүнийг л бодно Тарьсан модыг үзээд хүмүүсийг л бодно Тариад ургуулдаг мөртлөө хүн та Тайраад устгадаг нь сонин л юм даа
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Б.Болормаа : Намайг явсны маргааш
Оруулсан admin on 2023-08-22 10:08:51 (7033 уншсан)
Намайг явсны маргааш бороо татарч гэнэ лээ Би үүл байж Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэ лээ Би эрвээхэй байж Намайг явсны маргааш мод нүцгэрч гэнэ лээ Би навчис байж Намайг явсны маргааш нуур цантаж гэнэ лээ Би шувуу байж Намайг явсны маргааш саахалтын хүү уйлж гэнэлээ Би инээд нь байж Намайг явсны маргааш айлын бэр баярлаж гэнэ лээ Би гуниг байж Намайг явсны маргааш хөлчүү залуус давхиагүй гэнэ лээ Би сархад байж Намайг явсны маргааш л намар болчихож гэнэ лээ Би зун байж...
Яруу найрагч Б.Болормаа
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Болормаа Б
|
)
|
|
Шүлэг: П.Бадарч : Нулимст борхон болжмор
Оруулсан admin on 2023-05-15 09:27:21 (8444 уншсан)
Хаахнаас ч юм бэ нисэн ирж Харуулын бяцхан шовгор дээр минь Хээрийн хөөрхөн болжмор суугаад Хэсэг юм шулганан хэллээ Зүрхнээс ч жаахан энэ амьтны Зүрх нь бас догдлон байна Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ Ботгоных шиг уяхан нүдтэй юм Болоочгүй бас түүндээ нулимстай юм. Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм Буурал сөд өдөн дунд нь байх юм Навчин чинээхэн далавчаа эцээн Наад хөөрхөн зүрхээ булгиулан Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн Борхон шувуу минь юу гэж ирээв. Үүрийн ягаан жаварт хөөрхий Үүрэглэж суугаад даарсан ч юм уу даа Өөр шигээ үүрийн жавраар Өндөрт зогсоо намайг гайхна уу Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор Өдөт борхон минь чамд би үг хэлье ! Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн Хархан нүдтэй нялххан монгол Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг Тооноор нь чи хараад ирэв үү Агьт талын адуун сүргээс Алиахан унага унтаж хоцроход Амраг эх нь эрэгцэн хайрлахыг Ажиглаж чи үзээд ирэв үү Баатар нь тэр тоглон зүүдэлж Хүлэг нь тэр томоогүй унтаж Эр цэрэг би хилийн харуулд Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа. Хүүгийн бие цээнд хүрэх цагт Хүлгийн унага шандас чангарах үед Хүүгээн би сэрээж гэртээ харина Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно. Эх орныхоо энхийг хамгаалж Энэ харуулд тэднийг зогсоход Өөр унага талдаа бас унтаж Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ Эх орноо ухаант хүн гэдэг Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм Өглөө бүрий нь амгалан байлгах гэж Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна Жаргалтай дэлгэр эх орон гэдэгт Жаалхан шувуу минь ч багтдаг болохоор Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ!
1971 он
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бадарч П
|
)
|
|
Шүлэг: П. Бадарч : Эхийн сэтгэл
Оруулсан admin on 2023-05-14 19:18:00 (83028 уншсан)
Ижий нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй Сааль сүүндээ дэвэлзсэн ч Санаа сэтгэл дэгэлзсэн ч Сарних бодлын үзүүрт үр минь торойно Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү Амьтан хүн уншиж байна Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
( Дэлгэрэнгүй... |
24
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Оруулсан admin on 2022-11-28 12:39:47 (7902 уншсан)
“Болор цом 40” яруу найргийн наадмын дэд байрын шагнал хүртсэн Д.Галсансүх ХЯТАД СУРГУУЛЬ
Саарал тоосгон Хятад сургуулийн байшинг үзвээс Санаанаас гардаггүй Цагаан хэрэм, Цавчаал боомтын үлдэгдэл шиг санагдаад Улаан туг ба уралдан шулагнах эрлийз, хурлийз сурагчдыг нь харваас Урьдын түүхнээ Амбагай хааныг хадсан модон илжиг бодогдоод Өөхөнд боодолтой үнхэлцэг шиг үрсээ энэ сургуульд тушаах монголчууд ба Өнөөх Шинжаан, Өвөр Монголыг хятадчилан хүмүүжүүлэх хорих газар шиг үзэгдэх ба Тортой өргөстэй хашаа ба ТЭР сургуулийн төмөр хашааг харваас Тэнгэр мэнгэрт байгаа дээдсийн сүнс харанхуйлан хавчуулагдсан ба Ай, Мөнхийн хөрш минь гээд ам руугаа сэтгэл рүүгээ алагдуулах монголчуудад Нэг зам, Нэг Хятад гээд нүдүүлж, зодуулж ,уусч устах урт зам тоссон ба Нялуун хоол ба үгэнд үхтлээ автах аюултай болсон ба Оршуулгын газрын бунхан шиг зэвхий энэ сургууль дотор Одоо ч маниусыг нядлах ирт мэсийг ирлэх ба Барилгачин ажилчдын дэрэн дороос олдсон цэрэгжлийн сурах бичиг шиг Баахан дотор санаатай амьдрахгүй л бол болохгүй аймшигтай хятад сургууль ба Зуун айл, Зайсан толгой гээд зориуд олшруулсан хятад сургууль ба Зугтаж ид гэх Күнзийн суртал шиг ЗОРГООРоо маниусыг зуусан ба Эрдэм ухаанаар эцэж цуцатлаа элдүүлэвч цаашаа санаа сууж Эргээд ээж,ааваа ч эх нутгаа ч ХЯТАД ХООЛоор худалдах ба Хятад хүн болж төрөөд ханх тавиж явснаас Харь гаригийн хүн болж төрсөн нь хувь илүү ба Монгол хүн л ингэж мохошгүйгээр мэдэрч, мэдэж чадах ба Мянга мянган жил морио эмээллээд урагшаа ухас хийхдээ үүнийг ухсан ба
02. 11. 2022 Д.Галсансүх
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Галсансүх Б
|
)
|
|
Шүлэг: Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
Оруулсан admin on 2022-11-25 17:21:26 (7573 уншсан)
"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд Дэд байр эзэлсэн Д.Галсансүхийн сүүлийн шатанд уншсан шүлэг.
СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД
Ц. Буянзаяа-д
Нохойнд хүртэл сэтгэл гэдэг эрхтэн байдаг учрыг
Нас барсан эзнээ өртөөн дээр хүлээх нохой нотолдог
Хүмүүнд үнэнч сэтгэл үргэлж дутагддаг учрыг
Хос хунгийн дууль хэлээд л өгдөг
Морин хуурын аялгуунд ботгоо голсон ингэ
Молор эрдэнэ нулимсаа бөмбөрүүлэн саамшдаг
Сэтгэл гэдэг эрхтэн шоргоолжинд байдаг гэж боддог
Сэргийлэгч галуу хүртэл согтуу галуугаа гэрт нь хүргэж өгдөг
Ганцхан хүн гэдэг амьтан ганцаарддаггүйг зөгий зөндөө харуулдаг
Гарцаагүй аюул тулгарахад тэд тал тал тийшээ таран зугтдаггүй
Эд мөнгөний шуналгүйдээ өрөвдөлтэй үхэрнүүд
Эзэн юугаа дандаа дагаж сажилдаг
Ялаа хүртэл ялтай үйл үйлдсэн лугаа адил
Яагаад ч юм дайдад дайжиж нисдэг
Бүхий л амьд амьтанд бүр усанд хүртэл сэтгэл буй гэж
Бөгтөр болтлоо бодоход таягт тэвчээр байх шиг санагддаг.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Галсансүх Б
|
)
|
|
Шүлэг: М.Амархүү: УРГИЙН МОД
Оруулсан admin on 2022-11-25 10:13:19 (7326 уншсан)
"БОЛОР ЦОМ 40" яруу найргийн наадамд Архангайн аймгийн уугуул, МЗЭ- ийн шагналт яруу найрагч М.АМАРХҮҮ түрүүлж " ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ" найрагчаар тодров.
" УРГИЙН МОД" хэмээх тоон хэлхээс
Есөн үед гурван зуун жил ургасан энэ ургийн мод Ертөнцийн хатан хэвлийд өнө удаан цэцэглэсэн юм Алтан нар, мөнгөн сар хүрэл мичидийг чамд л харуулах гэж Анхилхан мөчрөн биеийг чинь нахиалуулж ирсэн юм Таван зуун арван хоёр мөчиртэй энэ аварга модны орой одоо Таашгүй өндөрт тэнгэрийн цэцэрлэгт цэцэглэж байдаг юм Өндөр өвөг эмэг чинь болох хоёр зуун тавин зургаан зэсэн мөчир Өдгөө диваажингийн төгөлд мөнх навчсаа салхилуулж байдаг юм Гарьд начингийн өвөг шувууд салаа бүр дээр нь суугаад Гал улаахан жимснүүдийг нь цацруулан тоншиж байдаг юм Холбоо өвөг эмэг чинь болох зуун хорин найман гуулин мөчир Хойд насны ойд ангаахайн үүрийг бүүвэйлж байдаг юм Хангарьдын өвөг луун шувууд далавчаараа сэвээд Хан боргоцойг нь унагалгүй эрхлүүлж байдаг юм Хулан өвөг эмэг чинь болох жаран дөрвөн оюу мөчир Хурмаст тэнгэрийн хаалгыг сахин энх навчсаа будруулж байдаг юм Арслан заануудын өвөг сүнсэн биетнүүд нааш цааш холхин Агаар гэрэлтсэн биесээрээ шөргөөж байдаг юм Элэн өвөг эмэг чинь болох гучин хоёр номин мөчир Эдүгээ Шамбалын цэцэрлэгт сувдан бороонд гэрэлтэж байдаг юм Үлэг гүрвэлүүдийн өвөг хийн биетнүүд урагш хойш гүйлдэн Үнэр түгээсэн биеэсээрээ шүргэж байдаг юм Элэнц хуланц өвөг эмэг чинь болох хорин дөрвөн танан мөчир Энхжин Шамбалын хүрээлэнд галбирваасан модонд салаалаад Хувилгаан орчлонд үлдээсэн дөрвөн салаа мөчрөө Хугарч унахыг нь чагнаж зуун жилээр хүлээнэ Ээж аав чинь гэх хоёр мөчрийг салаалуулсан Эмээ өвөө чинь гэх дөрвөн салаа буурал мөчрүүд Үр ач нь гэх залуу ногоон мөчир чамайг улам улам Үзэсгэлэнтэйеэ ургахад чинь уярч баясаж жаргаад Үлдсэн нас нь уртсаж цэнгэлийн манлайг эдлэнэ ээ Энэ таван зуун арван хоёр мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Энх орчлонд чамайг л төрүүлэх гэж эсэн мэнд амь зуухдаа Эртний болор бороонд хэдэн удаа мөр нь нороо бол Ээмэг зүүлт, малгайн залаанаас нь хэчнээн дусал ус дусаа бол Тэр хоёр зуун тавин зургаан мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Тэргэл хорвоод чамайг л мэндлүүлэх гэж энх тунх аж төрөхдөө Тэсгим хүйтэн жаварт хэдэн удаа хацраа хайруулж даараа бол Тэрбум тэрбум цасан ширхэгийн хэчнээн нь толгойг бууралтуулж лавсаа бол Мөнөөх л зуун хорин найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Мөнгөн ертөнцөд чамайг л эрхлүүлэх гэж хавар намаргүй нүүж суухдаа Модон тэрэгнийх нь дугуй хэдэн удаа эргэж, хэчнээн өвс налуулаа бол Морин шоргоолж шүргэж хэчнээн олныг түйвээгээ бол Өнөөх л жаран дөрвөн мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Өргөн замбуулинд чамайг л тарвалзуулах гэж өвөл, зунгүй өвөлжиж, зусахдаа Өвөр хоорондоо хэдэн удаа шивнэлдэж, хэчнээн зул чимхээ бол Өчнөөн арслан чимээг нь чагнаж авдрынхаа нүүрэнд хулмайгаа бол Гучин хоёр, арван зургаа, найман мөчир хэмээх өндөр өвөг дээдэс чинь Гурван зуун жилийн өдөр шөнөөс өнөөдөр чамайг л авчрах гэж Гуниг баярын орчлонд зүрхнүүд нь хэдэн удаа цохилж, хэчнээн жил гэрэлтээ бол Гутал, оймсоо элээж, хэдэн удаа гүйж, хэчнээн жил алхаа бол доо Элэнц, хуланц, элэн хулан өндөр өвөг эмгийн үргэлжлэл үр минь Энэ тоонуудын нийлбэр бөөм чиний л цусаар гүйж байгаа Энэ тоонуудын залгамж тавилан чиний л зүсээр гэрэлтэж байгаа... 2022.11.24 Улаанбаатар
эх сурвалж https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0YCzd2sURW44t3eyCG4cFSQSxcNUkukSTjfjUVWJr8r9VLpUs7LD5Xw3YyzXwck23l&id=100003673848213
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
Оруулсан admin on 2022-11-24 20:57:17 (7965 уншсан)
Тив дэлхийн хаан байтлаа би Тэнгэрийн доор юу сан ч билээ Энэ орчлонгийн эзэн атлаа би Эцгийнхээ дэргэд хэн сэн ч билээ
Үр сад минь намайг шүүхгүй ч Өрлөг түүх дэнсэлж таарна Өндөр алдрын минь цээр гээгдэж Үе чацуутан шиг аашилж мэднэ
Чинагш намайг тэнгэр хэмээн санаж Чилэх сэтгэлтэй хүн байсныг мартах вий Мөн биеэ элтэл явж хураасан улсыг минь Мөчид ухаант хойчис минь тарааж орхих вий...
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан admin on 2022-11-23 19:58:31 (14791 уншсан)
Чингис хаан Хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:
Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:
Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв
Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн айлдвал, арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Бусад
|
)
|
|
Шүлэг: Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Оруулсан admin on 2022-04-27 18:43:26 (8278 уншсан)
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хичээлд чинь хүргэж өгдөггүйд Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа Бусдын тоглоомын булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хачир ихтэй хоолоо голохдоо хоосон ходоодтой хонох ямар хэцүү вэ гэдгийг Хүү минь мэдэхгүй л байгаа Хоосон ходоодтой хоносон хайр дүүрэн гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг Харин үр минь мэдэж байгаа Уулзах өдрөө хорин алхамын цаанаас гүйж ирээд Угзарч хүзүүг минь тэвэрч эргэлдэхдээ Учрал гэдэг ямар их он цагийг туулж Ямар их тэвчээрийн ард нуугддаг вэ гэдгийг ойлгож байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хорин найм, арван дөрөв гэдэг хүний хязгаарыг шалгамаар урт тоо Хүүгийнхээ ирээдүйн замыг алтаар засмаар хүндлэл хүлээсэн ажлын минь өдрүүд Арван жилийн дараа хүү минь сайхан эр болчихоод Алсад ажилласан өдрүүдээр минь бахархах болноо Гэвч
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Зуун мянган ембүү өгсөн ч аав нь чинийхээ дэргэдээс холдох учиргүй Зовлон жаргалын алинд ч зөвхөн чамайгаа зоригжуулж байх үүрэгтэй Хажууд чинь байх хоног өдрүүд болоод хайр халамжийг минь Хадгаламж руу чинь шилжүүлсэн цалин минь орлохгүй гэдгийг би мэднээ
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Ээжийг бусдаас харамлаж өөрийгөө гэрийн эзэн мэт хэрсүүжтэл Энэ насанд чинь баймгүй хажуужил суулгаж байгаадаа Хүүхдүүдтэй л ижилхэн тоглож гүйдэг насан дээрээ Хураасан хэдэн төгрөгөөрөө аавдаа чөлөө авч өгнө гэж ярьж байгаад чинь Үнэндээ Өр дотроо Өмөрч л байна
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай.
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Оруулсан admin on 2022-04-22 10:53:30 (7991 уншсан)
Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг
Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг
Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг
Дэлхий од гараг бүхлээрээ эх хүн байдаг аа.
Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг
Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг
Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг
Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.
Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг
Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээнбодол байдаг
Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг
Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.
Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг
Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг
Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг
Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.
Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг
Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг
Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг
Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.
Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг
Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг
Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг
Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.
СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ "БҮСГҮЙ ХҮН"
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: C. Амина : Би ахдаа хайртай
Оруулсан admin on 2022-03-22 12:49:25 (10195 уншсан)
.....Тиймээ би ахтай хүн
Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг
Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол
Тэр чигээрээ аавын дүр төрх.
.....Хааяа надад ахархана
Ханцуй шамалж дүр эсгэнэ.
Ард чинь би чиний асаалттай танк гэнэ
Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ.
....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap
Ахаараа бардаж бахархмаар
Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн
Азтай шүү би,aaгтай аxтай хүн.
....Ил зэмлэж, далд хайрлана
Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах.
Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч
Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна.
....Зохицуулна гэж ян таг
Зовлонд өмнөөс шуударчихна
Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч
Хормын дараа сэтгэл нь уярна.
....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа
Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй
Агаа гээд аяыг нь хөглөчихвөл
Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ.
....Тийм ээ би ахтай
Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг.
Эр хүн гэвэл миний ах
Энэ хүн миний түшиг тулгуур
....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ
Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй.
Хайлган зөөлөн уян миний ах
Хамгаас хайртай шүү агаа таньдаа.
....Аз,эз тосог яадгийм
Ард асаалттай танк байхад яахийн
Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад
Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо.
....Сайхан ах байна байна
Сайн эр хүн гэвэл миний л ах
Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу
Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....
............C. Амина
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
Шүлэг: Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Оруулсан admin on 2022-03-20 11:08:20 (7741 уншсан)
Түмэн зүгт түгсэн
Монгол түмний магнай дээр
Түүхийн хуудсанд шаргалтсан
Дайчин удмын угшил дээр
Төрт их ёсны
Төгөлдөр оюун далбай дээр
Түвшин их гүрний
Хаан өндөр соёмбо дээр
Хангарьд дэвж
Нарны цацраг буйрлахад
Хатан өүлэн ижийн
Сүүн цацлаар ерөөгдөж
Хамаг монголд минь
Энх өглөө ирж байнө
Эх орон минь сэрж байна.
Хурай хурай хурай
Д.Батзул
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Батзүл Д
|
)
|
|
Шүлэг: О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
Оруулсан admin on 2022-03-18 23:55:48 (8169 уншсан)

Амь үрэгдсэн цэргийн булшин дээр
Сүүмийлгэж орхисон бууны хуй
Эзнийхээ цоорхой дуулгыг өмсөж
Эх орныхоо цуурхай газар үлдэжээ
Ургах гээд ургаж чадахгүй
Хөөрхий шар модон хуй
Унах гээд унаж чадахгүй
Хөөрхий хар төмөр буу
Баатар эрийг манан, манахдаа
Байлдааны талбарыг санан, санахдаа
Эзнийхээ халуухан зулайг үгүйлсэн
Ногоон төмөр дуулгыг өргөж
Эх орныхоо хатуухан заяаг өгүүлсэн
Хүрэн шороон булшийг тулжээ
Замаг дээрх дугаараа
Элэгдэж арилтал
Зам дээрх дурсгалаа
Эдгэрч арилтал
Овог, нэр бичсэн чулууны оронд
Сүүмийж үлдсэн
Он, сар бичсэн хөшөөний оронд
Торойж үлдсэн
Халхын голын байлдагчийн
Бүлээн шороон дээрх
Дуулга өлгөсөн буу...
Буунд өлгөсөн дуулга...
Амь үрэгдсэн эцгийнхээ төмөр малгайг өмсөж
Амьд үлдсэн хүү шиг харагдана...
Амь үрэгдсэн хүүгийнхээ булшин дээр ирж
Амаа барин уйлах эх шиг харагдана...
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нүүж чадахгүй хүлээсэн дээ
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нууж чадахгүй хайрласан даа
Энэ төмөр малгай хэн нэгний дотроос
Гарч чадахгүй удсан даа
Энэ төмөр малгайг хэн нэгэн
Харж чадахгүй зовсон доо
Дайчин нөхрөө ийн оршуулчихаад
Давшилтад тийн орсон цэргүүд
Хүрэл, төмөр дуулгаа
Хүүдээ өгсөн болов уу, хөөрхий
Буундаа өлгөсөн болов уу, хөөрхий
2022-3-12
О.Цэнд-Аюуш
( Дэлгэрэнгүй... |
0
|
Шүлэг |
Шүлэг
|
)
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
| Thursday, 2026.05.07 | | · | Би гэх бодол |
| Sunday, 2026.05.03 | | · | Шинэ Чойнжин : Ганцаардсан баатар |
| · | Амьдарлын 3 мөр |
| Monday, 2026.04.27 | | · | Т.Батсуурь : ЭР НУЛИМС |
| Thursday, 2026.04.23 | | · | Шюэ Вайсуо: Адуухайн амсар |
| Tuesday, 2026.04.21 | | · | Жүнмэн: Надад чимээгүй ширээ өгөөч |
| Sunday, 2026.04.19 | | · | Үндэсний уншлагын үйл ажиллагаа - "Сонгодог зохиолуудыг аз жаргалтай уншиж, ертөнцийг харахын тулд орчуулга" сэдэвт арга хэмжээ боллоо. |
| Thursday, 2026.04.16 | | · | Залхуу, хойш тавих занг засах- 5 секундийн дүрэм - хамгийн зөв шийдвэр гаргах хугацаа |
| · | 【Дэлхийн хамгийн шилдэг ном】 МӨНГӨНИЙ УХААН |
| Thursday, 2026.04.09 | | · | Э.Чинзориг: Төрийн нүд |
| Wednesday, 2026.04.08 | | · | До.Болдхуяг : МОНГОЛ БИЧИГ |
| Tuesday, 2026.04.07 | | · | Гоомарал |
| Sunday, 2026.03.29 | | · | Амгаланбаатарын Чинболор : Хайрцаг тамхи |
| Wednesday, 2026.03.25 | | · | Шилдэг ном : Яагаад бид үргэлж ядардаг вэ? Чингис хааны |
| Friday, 2026.03.20 | | · | Шилдэг ном : Бусдад таалагдах гэж хичээсээр |
| Thursday, 2026.03.19 | | · | Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ... |
| · | Ц.Авирмэд : Ханьдаа |
| Wednesday, 2026.03.18 | | · | Ц.Авирмэд : Нэргүй шүлэг |
| · | Р.Чойном : Жагсаал |
| · | Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ... |
| Wednesday, 2026.03.25 | | · | Хайрцаг тамхи |
| Thursday, 2026.03.12 | | · | Энхтайваны Чинзориг : Маргад |
| Friday, 2026.03.06 | | · | Шилдэг ном : Өмгөөлөгч шиг ярих 9 нууц: Ямар ч ярианд давуу тал олж авах техникүүд |
| Monday, 2026.03.02 | | · | А.Бүрэнтөгс : Хүсэл |
| Thursday, 2026.03.12 | | · | Арлааны Эрдэнэ-Очир : Хачин тунгалаг амраг |
| Sunday, 2026.03.01 | | · | М.Мөнхбаяр : 4-н мөртүүд |
| Thursday, 2026.02.26 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин |
| · | Соёрхын Пүрэвсүрэн : ҮЛ ТАСРАХ УДАМ |
| Tuesday, 2026.02.24 | | · | Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм |
| Saturday, 2026.02.21 | | · | Эр эм |
| Wednesday, 2026.02.18 | | · | Үг |
| Friday, 2026.02.13 | | · | Э.Чинзориг: НАГАЦ АХ МИНЬ |
| · | Шилдэг ном : Боломжгүйг Боломжтой болгодог 3 Хууль |
| · | Шилдэг ном : Таны “амьдралын хугацаа”-г 2 дахин нэмэгдүүлэх top 5 зуршил |
| · | Шилдэг ном : Ээж 1% өөрчлөгдөхөд хүүхэд 100% өөрчлөгдөнө |
| · | Шилдэг ном : Хүүхдэдээ заавал заах ёстой ганц чадвар: Санхүүч Хэрэмийн супер хичээл-Шинэ жилийн хамгийн том бэлэг |
| Wednesday, 2026.02.11 | | · | Ц.Билгүүнжаргал : Үлдэхсэн |
| Monday, 2026.02.09 | | · | Д.Пүрэвдорж : Сэгс Цагаан Богд найраглал |
| · | Шилдэг ном : ҮГИЙН ХҮЧ- Миний амьдралыг өөрчилсөн ганц өгүүлбэр |
| Wednesday, 2026.02.04 | | · | Энхтайваны Чинзориг : Жинхэнэ эзэд нь |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|