Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгааг там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ. Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоо; эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй: ичсэн ч үгүй гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж бөлгөө Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй. Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно. Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо. Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж: эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө
ЖАГДАЛЫН ЛХАГВА Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. 1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос уран бүтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Хот хөдөөд эрчим хүчний байгууллага болон "Техник технологийн мэдээ", "Yнэн', "Бодлын солбицол" зэрэг сонин сэтгүүлийн газар ажиллаж байв. Тэр орос, испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жүжиг бичсэн. Тэр “Саарал даага" 1970, "Толгодын цаана ингэ буйлна” 19?2, "Сарны шороо" өгүүллэг тууж 1977, "Хулангийн тоос" 1978, "Шинэ ногоо ургадаг" 1983, “Ахыг даасан хүн" 1985, "Атга чулуу" 1990, "Алаг чулуу" 1991. "Дутуу хөрөг" 1994 ээрэг ном бүтээжээ,
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Батака Сарнай 567x830 119k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 12964
khongor027.jpg 600x844 186k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5640
flo-015.JPG 600x450 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4794
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: