- Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.
Гэтэл яасан гэж санана. Эхнэр маань идэх хоолоо хасаж эмнэлэг уруу зөөсөөр чүдэнзний мод шиг чөрийсөн амьтан болсон байв. Би бүр авгайгаа гэдэгт эргэлзэж паспортыг нь үзэж байж үнэмшлээ. Хүүхдүүд талхны булан харахаараа оготно харсан муур шиг дардаг болжээ. Ядарсан үед аминд орно гэж бурхны гүнгэрваанд хадгалдаг байсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ид шид гараагүй ажээ. Бэлэн мөнгөөр эмчээс тариа худалдаж авсаар өөр байгаагаа дуусгаад өрөнд орчихсон байлаа. Гэвч амьд мэнд гарсан хойно арга олдох байх гэж бодоцгоов. Эхний ээлжинд зурагтаа барьцаалан хоёр зуун мянган төгрөг зээллээ. Түүнийгээ эргүүлж хөлжих санаатай байв. Тэгээд Эрээний галт тэрэгний тасалбар авах гэж яваад сургуульд хамт байсан Дамирантай тааралдчихлаа. - Сургуулийн маань дөчин жилийн ой болж байгаа. Хамт очъё гэж тэр хань татлаа. - Нөгөөдөр урагшаа явна гэж цааргалсан боловч ятгасаар дагуулж явав. Төгссөн сургуулийн маань багш нар биднийг халуун дотноор угтлаа. Том өрөөнд урт ширээ засаж дээр нь архи дарс, идээ будаа ирийтэл өржээ. Нийтдээ тавиад хүн цугласан харагдав. Хоёр гурван хундага архи тогтоож хэдэн бууз идээд орхитол хамаг бие тавираад явчихлаа Түрүүлж ирсэн хүмүүс улаан зээрд болчихсон зөгий шиг дүнгэнэлдэнэ. Ямар ч юманд бэлэн болчихсон янзтай. Захирал багш шавь нартаа баяр хүргэж үг хэллээ. Дараа нь Дамиран зүүгээр хатгуулсан аятай үсрэн босох нь тэр. Багш нараа алт шиг үгээр булаад - Ачит сургуульдаа 50 мянган төгрөг хандивлаж байна хэмээн баяр жавхлантай мэдэгдлээ. Алга ташилт нижигнээд явчих нь тэр. Түүнээс хурмын төдий хоцорсон бор залуу Дамиран луу муухай хараад - Би жаран мянга гэж ориллоо. Захирлын туслах гарын үсэг авах гэж цагаан цаас барин түүн лүү харайлгатал - Жаран таван мянга гэж шинэ тоо хашхиран махлаг цагаан бүсгүй түрүүчийн хоёрыг унтраав. - 68000 - 68500 - 70000 гэж эргэн тойрон шаагилдаж гарлаа. Хандив өргөсөн хүн бүр олны анхааралд өртөн хүндлэгдэнэ. - Чамаас нэг жилийн өмнө төгссөний хэрэг юу билээ. Арай бэнчинтэй байлгүй. Наян мянга гэж сэгсгэр шар залуу шаралхаж байхад - Бушуухан хэлж авахгүй бол мөнгөний тоо нэмэгдэнэ хэмээн өөр нэг бүсгүй найзыгаа нудран сандарч байлаа Тал талаас мөнгө амлаж хашхираад байхаар хэний ч зүрх хөөрчих юм. Нэгэнтээ - 90 мянга гэж хашгирахыг сонсоод өөрийн мэдэлгүй би - 91 мянга гэж дуугарчихаад "зүрх палхийн "бурхан өршөө" гэж залбирлаа. Ашгүй бараг надтай зэрэгцэн бүдүүн дуутай эр - Зуун мянга гэж орилсон тул миний сулхан хэлснийг хэн ч сонссонгүй. Би болгоомжтой болж уруулаа жимбийтэл зуугаад амаа ангайхаа байв. - 160 мянга - 170 мянга Мөнгөний тоо огцом өсөж, хэлсэн хүмүүс нь олимпод түрүүлсэн тамирчин шиг онцгойрч байв. Би хярсан туулай шиг сандалдаа тас шигдэж илүү дутуу үг хэлчих вий гэсэндээ амаа алгаараа дарчихаад байлаа. Гэтэл нэг залуухан бүсгүй ирж хундагатай архиа барив. Түүнээс амсахаар амаа ангайх үед хэн нэгэн - 190 мянган гэж хашхирлаа. Түүнийг дагаад ангайсан ам маань - Хоёр мянга гэсэн авиа гаргачихав. Яаран гараараа амаа тагласан боловч хэрэг бишиджээ. Бүх хүмүүсийн хараа над уруу чиглэх нь тэр. - Хэд гэнээ гэж хандив тэмдэглэгч тодрууллаа. Би уруулаа тас зуугаад дүлий юм шиг зогсов. Энэ чигээрээ л тэсэхээр шийдлээ. - Хоёр л гэсэн. Бодвол хоёр зуун мянган гэсэн биз гэж өнөө хундага барьж гай чирсэн бүсгүй хэллээ. - Тийм үү? гэж хандив тэмдэглэгч надаас асуув. Хариуд нь би юм дуугаралгүй байж чадсан боловч толгой маань донжгос гээд дохичихдог байгаа. "Оо-оо-ооо" гэж хүмүүс алга ташин орилолдзов. Ёстой л "Оо-оо" болох нь тэр. Хандив тэмдэглэгч цаас бариад хүрээд ирлээ. Одоо яая гэхэв. Өврөө уудалж хоёр зуун мянгыгаа гаргаж сарвайлаа. - Бүүр бэлэн мөнгөөр өглөө гэж эргэн тойрныхон талархаж байна. Уул нь элий балай болж өмнөө байсан шилэн аяганд архи дүүргэж аваад залгилж орхилоо. Тэрнээс цааш юу болсныг бүү мэд. Нэг л мэдсэн гэртээ хэвтэж байв. Эхнэр - Чи чинь ганзаганд явах гэж байж архиа уудаг нь яаж байгаа юм бэ гэж зэмлээд - Мөнгө чинь хаана байна гэж асууж байна. - Хандивлачихсан гээд учраа хэлбэл ухаан алдаад унаад өглөө.
Чүдэнз шиг чөрийх миний ээлж ирэв. Энд тэндээс хэд гурван төгрөг зээлэн эмнэлэг уруу халуун савтай хоол барин гүйнэ. Тэгж яваад Дамирантай дахиад таарлаа. - Чи нөгөө сургуульд амласан хандиваа өгсөн үү? гэж асуутал - Түрүүнд амласан газрууддаа өгч амжаагүй явна. Тэрний дараа л болно доо. Одоо би сурч байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд салж одлоо.
1995 он
ТОХИРОЛЦОО
Тоо яаж бодохыг хичнээн ч заагаад сурдаггүй хүүхэд байх юм. Элсэн дээр ус тогтдоггүйтэй адил гэмээр юм уу даа. Тийм хүүхдийн нэгийг нэрлэвэл Сүмбээ. Дунд ангид орчихсон мөртөө дөрвөн аргынхаа тоог бодож чадахгүй хуруугаараа хуруугаа тоолно. Ийм хүүхдийг та яах байсан бол! Миний бодлоор түүнд жил бүр тоо заах гэж түвэг удаж байхаар дүнгийнх нь хүснэгт дээр хэдэн дугуй тэг тавьж өгөөд дуусгачихмаар санагддаг юм. Яахав, өөр төрлийн хичээлээ л заалгадаг юм байгаа биз. Даан ч захиргаадалт гэдэгтэй нэг язгууртай үгнээс үүсэлтэй захирал. - Нэг ч хүүхдийг сул сургаж болохгүй гэж хатуу лантуулддаг билээ. Сүмбээд хичнээн ч муу тавьсан улирлын эцэст түүнийгээ алтан гурав болгож засахаас аргагүй болно.
Гэтэл ашгүй ардчилал, өөрчлөн байгуулалт ялан мандлаа. Нэгдэл задрал болтлоо өөрчлөгдлөө. Дарга зохицуулагч болтлоо өөрчлөгдлөө. Дамчин бизнесмэн болтлоо өөрчлөгдлөө. Гагцхүү нөгөө Сүмбээ л хэвээрээ үлдэв. Улирлын шалгалт болоход өнөөх усан тэнэг маань "хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү долоо" гээд бодчихсон байв Ил тодын үе юм чинь би томоос том дугуй тэг ил тодоор тавиад өглөө. Захирлаас ч айх юм байсангүй. Одоо тэр муу жижигхэн захиргаадагч олон юм яривал '"Огцор" гээд суусан ч болохоор болсон билээ. Yүнийгээ мэдээд энэ удаа захирал юу ч хэлсэнгүй. Харин аав нь "Та манай хүүд буруу дүн тавьсан байна" гэсээр хүрч ирлээ. - Хоёр дээр хоёрыг нэмээд долоо гаргасан байна гэсээр би хөдөлшгүй баримт болох шалгалтынх нь ажлыг үзүүллээ. Гэтэл - Yүнд чинь юу нь буруу байгаа юм бэ гэж Сүмбээгийн аав мөрөө хавчив. Дээд боловсролтой хүн гэсэн. Гэвч хүү шигээ дөрвөн аргын тоо мэддэггүй юм байх гэж гайхлаа. Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв байдаг юм гэж хэлж өгөв. Гэтэл өнөөх чинь - Яахав, та дөрөв гэж үздэг юм байж. Харин олон ургалч үзлийн үүднээс манай хүү долоо гэж үзэхэд юу нь буруу байгаа юм бэ гэж адарлаа. - Энэ чинь дөрөв гэж үзэж байгаа юм биш. Дөрөв байдаг юм хэмээн би хэллээ. - Таны өөрийнхөө мугуйд үзлийг тулгадаг цаг өнгөрсөн. Шинэ сэтгэлгээгээр ажиллаж сурах хэрэгтэй гэж Сүмбээгийн аав хор маажлаа. Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Юу боллоо гэж би түүнд бууж өгөх билээ. Би ч өөрийнхөөрөө, тэр ч өөрийнхөөрөө зүтгэлээ. Сүмбээгийн аав тун заргач нэгэн ажээ. "Олон ургалч үзлийг хяхан хавчиж байна" гэсэн гомдол сургуулийн захиргаанд гаргалаа.
Захирал Сүмбээгийн бодсоныг өөр багшаар хянуулав. Тооны багш болгон хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гэдгийг мэдэлгүй яахав. Даанч Сүмбээгийн аав үүнийг ч бас хүлээн зөвшөөрсөнгүй. "Сургууль даяараа олон ургалч үзлийг хяхан хавчиж байна. Тооны багш нар бие биенээ хамгаалж байна" Эдгээр хуучинсаг багш нарыг ажлаас нь халбал таарна" гэж өлсгөлөн зарлаж суулаа. Зөвхөн шоколаднаас өөр юм идэхээ байв. Бас "Тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбоо" гэгчийг байгуулав. Хүүхдүүд нь эцэг эхтэйгээ нийлэв. Гаус, Эйнштөйн, Лобачевскийн хөргийг бэхээр будах боллоо. Тэд нэг ургалч үзлийн үндсийг тавьсан хүмүүс юм байх. - Чи зөрүүдлээд яах вэ? Дүнгий нь засаад өгчих гэж захирал гуйх боллоо. Тэгж шинжлэх ухаанд харш юм хийхгүй гэж би зүтгэсээр байв. Гэсэн хир нь сургуулийн захиргаанаас төлөөлөгч томилж тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбооныхонтой дугуй ширээний хэлэлцээ хийж эхэллээ. Түүний дүнд "Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв" гэж томъёолдог ч олон ургалч үзлийн үүднээс тав зургаа долоо байхыг үгүйсгэхгүй гэж тохиролцсон байлаа.
1990он
Шагдайн Цэнд-Аюуш
Ш.Цэнд-Аюуш 1949 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. УБДС, Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс төгссөн. Шог өгүүллэг, тууж, роман бүхий олон ном хэвлүүлжээ. Тоншуул, Ардын эрх, Хөдөлмөр зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлч, нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Одоо Монголын Yндэсний Радиод албаны даргаар ажиллаж байна.
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor019.jpg 600x486 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5348
erd-004.JPG 600x450 130k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4389
Бор хавцлын өвөл 600x441 164k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4492
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: