|
|
Өгүүллэг: Сүрэнжавын Хишигсүрэн : Хүзүү
Оруулсан admin Огноо: 2006-12-18 22:44:40 (10389 уншсан)
Зурагтаар хамгийн сүүлийн үед нэр хүнд нь сүрхий өсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй улс төрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь үгний өргөлт бүр дээр бөмбөрийн цохилт шиг таарч, гарын хөдөлгөөн, энгэрийн гоёмсог зүүлт, чамин бөгжтэй нь өнгө дүйцэж аргагүй л гадаад төрх, үзэмж нь улс төрчийн хувийн соёлыг өндөрсгөнө. Мөн үгний нь уран өнөөдрийн цаг үеийн байдал хүмүүсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн хүнгүй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт. Гайхалтай эмэгтэй, гарцаагүй л улс төрийн тавцанд гялалзах од мэт. Бүгд л хн, уухай, үнэн дээ гэж дуу алдаж байв. Бээлий нэхэж суусан эмээ нүднийхээ шилийг сольж, холын харааны шилээ зүүгээд дахин дахин нарийн харж сууна. Тэгснээ цай аягалан ууснаа, - Тийм ч сайн хүн бишээ. Ийм хар хүзүүтэй эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй байдаггүй юм гэлээ. Бүгд эмээ рүү сүрхий харснаа зарим нь дооглон инээж, зарим нь эмээг шоолов. Эгч, - Эмээ зурагтны цаанаас хүний хүзүүний хар цагааныг ялгаад, сэтгэлий нь сайхан муухайг мэдээд лут юмаа гэлээ. Бага дүү нар инээдээ барьж ядан сууна. Ээж тэндээс - Та одоо дэмий юм ярьж байж хүний элэг доог болов. Хүзүүний хар, цагаан улс төрчдөд ямар хамаа байхав гэлээ. Эмээ нэлээд гомдонгуй болсноо - Урьдынхаар бол эд чинь ард биднээ, асран өөдлүүлэх өндөр заяатай дээдэс биз дээ. Хүний дотор сайн муу байлгүй яахав. Дээдсээ сайн хүнүү муу хүнүү гэдгийг шинжих нь ард бидний эрх биз дээ гэж адрав. - За за ээж чимээгүй! гэж нагац ах тамхиа асаан зурагт руу ойртлоо. Эмээ ч ганцаардаж, улам бөгтийн нүдний шилээ авч байн байн нүдээ нухах нь харагдав, Сэтгэл эвгүйцэж, эмээгээ өрөвдлөө. Гал тогооны өрөөнд орж хад аньсны шүүсэнд буцалсан ус, жаахан чихэр хийж эмээдээ аваачиж өглөө. Гэрийнхэн ч хэрэг бишидсэнийг мэдэж чимээгүй болцгоон зурагт чагнана. Дүү нар л учир үл мэдэх тул инээж суугаа харагдана. Би эмээг та гал тогооны өрөөнд орохгүй юм уу? Бүрсэн таргаа үз л дээ гэж аргадав. Дүү нар ч Эмээ тараг ууя, тараг ууя гэсээр гүйж ирэн шалав. Эмээ маань бага зэрэг тайвшрав бололтой. Гэсэн ч дүү нар луу -Та нарт хэрэггүй биш үү. Дөнгөж сая л намайг дооглоод эцэг эхтэйгээ ханьсаад инээж хөхрөөд байсан хэмээн тунилаа. Бяцхан дүү маань эмээ хэрэгтэй, би лав инээгээгүй амаа ингээд жимийсэн гээд жимсэн уруулаа жимбийлгэн нүдээ аниад эмээ рүү дөхлөө. Эмээ ч гомдол, тунирхлаа бүрмөсөн гээж: дүүг үнсээд биднээр түшүүлсээр гал тогоо руу явлаа, Эмээгийн бүрсэн тараг салахын аргагүй сайхан. Бүгд л хувь хувиа хүртэж, дүү нар маань булцгар хөөрхөн хуруутаараа тараг руу дүрж, хамрынхаа үзүүрт хүргэн, ам хамраа олохгүй ууцгаана. Эмээ ч бүрсэн таргаа амттай болсонд баярлан, жаргалтай инээж, хувинтай таргаа барин ач, зээ нарынхаа дундуур нэмүүлэх хүн байна уу? хэмээн өглөгийн эзэн мэт маадгархан алхана. Гал тогоондоо эмээгээс илүү эрх дархтай, жаргалтай хүн алгаа. Эмээ дөнгөж ой хүрч арай чүү шулганан аядаж хөлд орон ядан байгаа бяцхан ачдаа үйсэн тагшинд нь тараг хийж өгөөд өвөр дээрээ авлаа. Тэгээд тараг идүүлж, мойног хуруугаараа хонгор сэвлэгийг нь илж, магнайг нь үнэрлээд нялх амьтны хүзүү, хоолой нь хөөрхөн шүү. Чи хардаа хөлний хуруу. өгзөг. хүзүү, гар хурууг нь. Яагаад ийм хөөрхөн, булбарай байгаа юм. Сэтгэл нь ямар ч хэр буртаггүй ариухан болоод тэр шүү дээ. Тэрэнтэй адил хүний сэтгэл гэдэг нь биеэс нь ялгарч буй нүнжиг. Нүүр, царай, үс гэзгээ хүмүүс чадмаг өөрчилдөг. Будаж шунхдаад, өөг нь дарж, үзэх төдий үзэсгэлэн болгодог. Харин хүзүү, хөлний хуруугаа юугаар ч өнгөлж чадахгүй. Хүний харцаар хүнийг шинждэг, Одоогийн хүмүүс харцаа өөрчилж чаддаг болжээ. Сайхан инээж, хуурмаг гоё дүр үзүүлдэг болж. Харин хүзүүгээ бага зэрэг янзлавч жинхэнэ өнгийг нь хэлбэрийг нь өөрчилж чадахгүй. Хөлний хуруугаа хүн санаанд ордоггүй, тоодоггүй. Тиймээс хэвээрээ байдаг. Хүн болгоны хөлийг хүн үзэх бишдээ. Тэгээд ийн ярив. Манай нутагт Донойн Самбуу гэж ганц бие эр байлаа. Хэдэн хар тарлан сарлагтай. Сарлагаа самнаж хөөвөр авна, сарлагийн сүү хачин өтгөн, тогтсон өрөм нь дарайсан зузаан, шар тос нь гоожсон, салахын аргагүй амттай. Нутгийн бүсгүйчүүл хонины бэлчээрт Самбуугийн тухай хааяа шивнэлдэнэ. Жоохон гажигтай болохоос сайхан залуу гэнэ. Самбуу залуудаа Сайнаа гэгч сайхнаас сайхан бүсгүйтэй сэтгэлийн холбоотой болж, гэрлэж суухаар товложээ. Одод гарахаар уулзаж, үүрийн цолмон гэрэлтэхээр салдаг байж. Гэтэл нэг өдөр өглөө болтол хоёул унтаж орхижээ. Самбуу сэрүүт хайрт хүүхэн Сайнаагаа үнэрлэж, энхрийлээд босч морь харжээ. Тийн эргэж ирээд дээлний хормойгоор харагдах хөлний хуруунуудыг үзээд зогтуссан аж. Тэрбээр юу ч үл хэлэн тэр чигээр мордож, түүнээс хойш хэзээ ч Сайнаа хүүхэнтэй уулзаагүй бөлгөө. Хэнд ч юу ч үл ярьж, чив чимээгүй тэнэг хүн шиг ганцаараа явах болсон. Хэрэгт дуртай улс Самбуугаас яаж ч шалгаасан хөлний хурууг нь үзээд дургүй болсон гэхээс өөр үг сонсдоггүй. Харин Сайнаа ихэд хорсч гажигтай гэдэг яриа тарааснаар тэдний явдал төгсчээ. Удсан ч үгүй Сайнаа нутгийн сайн удамтай Чойжил гэгчтэй гэр бүл болж хурим найр хийжээ. Хуримд очсон улс бэрийн өнгө зүс, ялдам аашийг магтан, ерөөл хэлж, гажигтай Самбууг заяа муутайд тооцсон юм. Харин ялдам ааштай, царай сайтай бэр Сайнаагийн сайн муу мэдэгдэхгүй хэдэн жил өнгөрч сайхан хавар хэдэнтээ солигдов. Нэг өглөө Чойжилын ээж хүүгийндээ ороод эрэгнэг дээрээс саалийн хувин аваад эргэтэл хөнжлийн үзүүрээс цухуйсан бэрийнхээ хөлийг хараад хирдхийн цочжээ. Сэтгэл нь эвгүйтэж, тарина уншиж, тогоотой сүүнээс тахил өргөсөн боловч нэг л бүүдгэр. Хүнээс гажууд юу ч байхгүй, таван хуруутай хөл. Гэтэл хурууны нь завсраар могойн толгой цухуйж байх шиг хүйтэн, эвгүй санагдсан аж. Тэсэлгүй өвгөндөө хэлтэл - Хээцэс! Юун хөлний хуруу... хийх, хэлэх юмаа олж ядаад. Дэмий юм ярьж байж хүүхдийн сэтгэлд юм хийчихэв. Дуугүй л хэдэн үхрээ саагаад явж бай! Гажиг Самбуутай ихэрлэх нь дутаа юу гэж уурсав. Тийн хадам ээж амаа таглуулж нээрэн ч дэмий юм бодож, ярьж байж хүүгийнхээ амьдралд цэв хийх вий гэж өөрийгөө зэмлэнгүй бодоод өнгөрчээ. Хэдэн өдрийн дараа Чойжил нутгийн залуустай анд явжээ. Бэрээ ганцаардаж байгаа болов уу? гэж санасан хадам аав нь санаандгүй хүүгийндээ ортол бэр нь хүүгийнх нь дээлний захыг уруу харуулаад хаячихсан, дээр нь сандайлж суугаад нөмгөн мах зулгааж байхтай яг таарчээ. Нөгөө сайхан бэр нь бус үнсэн дээр суусан зэгэл саарал шиг харагдаж дотор нь муухайрч бушуухан эргэв. Гэртээ ороод эмгэндээ уураа гаргав. Түүнээс хойш удсан ч үгүй бие нь муудсаар өнгөрчээ. Өнгөрөхийн өмнө эхнэртээ - Чиний бэрийн тухай хэлсэн ортой гэсэн аж. Эмгэн ч өвгөнөөсөө хойш удалгүй өөд болжээ. Чойжил нэг шөнө галзуурч хойд уулынхаа оройгоос нисч үхсэнээр нэг айлын голомт тэр аяараа үгүй болж үнс мэт хийссэн. Түүний дараа Сайнаа Чойжилын аавын мөнгөн эдлэлүүдийг нийлүүлж гогцоорсон могойн дүрс бүхий бүс хийлгэсэн гэдгийг дархан Санж өвгөн нэгэнд ам алджээ. Yсээр дамжин нян үүсдэг шиг сэтгэлийн сайн, муу явдал хүзүү, хөлний хуруунд шингээстэй байдаг нь оргүй хоосон сүсэг бишрэл огт бус. Мөрий нь шинж гэдэг чинь зүгээр л нэг үг биш. Хүний жинхэнэ төрх, жинхэнэ мөн чанар нь биеийнхээ аль нэг газарт нуугдмал байдаг юм гээд эмээ дүүг үнэрлэв. Нээрэн ч дүүгийн гар нь булцгар, хүзүү нэг л гэгээн ариунлаг шинж буй аж. Эмээ гал тогоондоо хоол хийж, үлгэр ярьж, үр ачаа үнсэн жаргаж суулаа. Хар хүзүүтэй эм хүний санаа хар байдаг юм болов уу? Лав л эмээ маань зөөлөн, цайвар хүзүүтэй юмаа. 2001. III. Кобэ. Сүрэнжавын Хишигсүрэн С.Хишигсүрэн нь Улаанбаатар хотод төрсөн. Хоссе Мартын нэрэмжит 52 дугаар дунд сургууль, 1982 онд МУИС, 1964 онд БYх ард түмний их сургууль, 1987 онд Москва хотын Комсомолын дээд сургууль, 1994 онд Токиогийн соёлын ажилтны сургууль, 1996 онд Удирдлагын академи төгссөн. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн орлогч эрхлэгч, "Өнөөдөр", "Yнэн", “Соёл эрдэнэ", сонины сурвалжлагч байв. "Эмзэг сэтгэлийн уянга" шүлгийн түүвэр, "Өдөр шиг шөнө" өгүүллэг. туужийн ном хэвлүүлсэн.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003
|
Шинэчилсэн огноо: 2006-12-18 22:44:40
)
| Санал сэтгэгдэл |
2012-01-01
за яахав дээ, жаахан үнэмшил муутай л юм байна
|
|
|
|
|
|
|
Агуулга
|
 |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|