Ганцхан сумаас МЗЭ-ийн шагналт хоёр яруу найрагч төрнө гэдэг ховор тохиолдол гэж Дорноговийн Хатанбулаг руу явж байхдаа би бодсон. Их говийн өмнийн хөх хязгаар Хатанбулаг сумаас Сономын Чулуун, Гомпилдоогийн Мөнхцэцэг нар төржээ. Ноён хутагт Данзанравжаа ч энэ газар нутагтай амин холбоотой. Хулан хатныг нь ч энд оршоосон гэдэг. Ингээд бодохоор эл ариун дагшин газар нь эртнээс инагш дуу хуур, шүлэг найргийн онгод хийморьтой газар байж. 1990 онд “Болор цом” наадамд Дорноговиос гурван хүүхэд ирсний нэг нь Г.Мөнхцэцэг байв. “Бэхэн цэнхэр өдрүүд” гэсэн жижигхэн боловч чамбай хөөрхөн номоо тэр гурав надад дурсгахдаа Мөнхцэцэг “Хархүү ахдаа өргөн барья. Онгод дэврэх болтугай!” гэж бичиж билээ. Эрдэнэ-Очир, Энхбаяр, Мөнхцэцэг гурвын дурсгасан бяцхан ном одоо ч надад буй. Мөнхцэцэгийн ертөнц өвөрмөц, тэгээд ч шүлэг нь ямагт сэтгэлийнх нь байдаг.
Бүсийг чинь задалж хуурайлалцсан Аавынхаа энгэр шиг дулаахан Бүгдээрээ зүхсэн ч Монголоосоо Бүр ч битгий урваарай, миний хүү гэсэн бадгийг уншихад Мөнхцэцэг маань ухаан задарч, ур тэгширсэн сайн шүлэгч болсныг илтгэж байна. Иймэрхүү шүлгүүд түүнд олон байдаг. Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гээд их даруухан, хөөрхөн ааштай охид тэр жилийн “Болор цом”-оос л танигдаж, их сунгааны гараанаас тасрах нь мэдэгдэж байсан даа. Тэр ч ёсоороо болж, өврийн хангай, өмнийн говиос хоёул нэрээ цоллуулж найргаа сөгнөсөөр арав гаруй жил олзтой, одтой яваад нь уншигч түмэн, миний үеийн ахмад найрагчид баярлаж явна аа. “Би говьд төрсөн, говь шигээ уужуу хүн. Нутагт минь хааяа бороо асгарахаараа үер болох гээд байдаг. Миний сэтгэл нутгийнхаа энэ л бороо шиг гэнэт дүрсхийж, цочир хөөрдөг. Дараа нь их бороог үдэж, тэнгэр газрын хооронд тэгнэн татдаг говийнхоо солонго шиг би нэг их сайхан тайвширдаг” гэж тэрбээр нэгэнтээ бичжээ. Энэ бол жинхэнэ найрагчийн зүрхний үг, араншин бүлгээ. Ийм хүмүүс олон байж гэмээ нь яруу найраг зүрхнээс асгарч, зүрхэнд хүрдэг учиртай. Тэрээр даруухан боловч сэтгэлээрээ омголон зоримог харагддаг. Бага зэрэг аальгүй бодолтой ч байж мэдэх. Мөнхцэцэг нэгэнтээ: Сайхан эрийн өмнүүр харцыг нь хулгайлж өнгөрмөөр ч Үсээ хаялж нүдээ ириммээр ч Зуурхан ч гэсэн бодолд нь хоцормоор ч… Үүнийгээ харин зөвшөөрч бодохоосоо ичдэг гэж хэлсэн байдаг. Найрагч бүсгүйн яльгүй “сагсуурал”, гэтэл нөгөөх л говийн төрөлх даруу араншин дорхноо гараад ирж буй хэрэг. Ийнхүү яруу найрагч гэдэг гадна дотор хоёроосоо зөрчилдөж нэг, эвлэлдэж нэг явдаг тавилантайн гэрч бүлгээ. Ийм эс байваас сэтгэл цус хоёроо нэрж үл чадна. Тэгэхлээр шүлэг яахан төрнө. Найрагчийг тэнгэрийн заяат, зургаа дахь мэдрэхүйтэй гэлцдэг нь жирийн цэцэрхэл биш, жинхэнэ үнэний баримт юм аа. Арван зургаахан настай, сурагчийн хөархөн формтой жаахан охин байхаасаа найргийн амтанд орж, амьдралын босго алхсан Мөнхцэцэг хувийн “нууцтай” санагдсан. Тэр нууц нь өөрт нь үлдсэн байж таарна. Дурлал, шүлэг хоёр хамт ирдгийн учир энэ биз ээ. Түүнд “Айлын ах” гэж хөөрхөн шүлэг бий. Нэгэн голын банди нараас намайг өмөөрч Нулимстай л тэднийг буцаадаг байсан даа Тогоруу тоосоороо үдсэн хоногуудад Томоогүй насаа тэр үдэж орхисон Үеийнхээ охидоос ичихдээ Өөрөө ч мэдэлгүй миний дүү гэж намайг өхөөрдсөн Цэрэгт явдаг анхныхаа намар Цэцгээ эгчид “хайртай” гэж шивнэснийг нь би мэднэ… Ай хөөрхий Айлын тэр ах аа гэж! Энэ шүлгээс амьдрал, хайр, харуусал цөм мэдрэгддэг. Тэр бүү хэл нэгэн хавар, зуны гуниг, баяр амтагддаг. Бараг нэг авсаархан үгүүллэг болчихмоор дүр, үйл явдал ч харагдах шиг болдог. Ихийг багад шингээн бичсэн нь түүний авъяасын ид шид, өнгө төрх болой. Монгол найргийн нэгэн сайхан буурал оргил Д.Пүрэвдорж “Сархадын шүүдэртэй цэцгийн бал хүртэж шүлэг, дурлал хоёрт шатсан Дулдуйтын Равжаагийн хойт дүр биш гэхэд хожмын үр нь бидний энхрийхэн Мөөжиг мөн шиг байгаа юм” гэж Мөнхцэцэгийн тухай сэтгэл, итгэлээ нийтгэсэн сайхан үг хэлснийг тогтоож нэгэн бодохул ихийг үгүүлж байнам. Хойч үедээ итгэл өгөх шиг аугаа шагнал ховор буй за. Найрагчийн тэр гэгээн итгэл хайрыг дааж явах ур авъяас, ухаан билиг Мөөжигт бий гэдэгт би бас итгэдэг хүний нэг ээ. “Үхлээс горьдох юм байхгүй. Харин горьдож ирсэн үхэлд л гологдохгүй юмсан” гэж Мөнхцэцэг хэлсэн билээ. Энэ нь номын үгээр бол үнэн сэтгэлийн бардамнал агаад ухаарал, өөрт өгсөн тушаал юмаа. “Би бол би, би бол чи биш” гэж бодож, өөртөө итгэж яваа хүний үйлс бүтэж, туульс зузаардаг жамтай.”Хацарт нь халуу шатаж, халаасанд нь захидал тийчигнэж байсан” 1990 оноос хойш дахиад 16 жил өнгөрсөн байна шүү. Энэ хооронд Мөнхцэцэг хайранд, амьдралд нүүр улайхааргүй сайн найрагч, сайн хань, сайхан ээж болсон нь шар сониноос бус, саруул амьдралаас тодорхой болжээ. Арван долоотойдоо МЗЭ-д элсэж, яруу найргийн CD-гээ хэвлүүлэн, “Болор цом”-ын эзэн болж жилээс жилд намтар нь зузаарч яваа нэгэн бол Г.Мөнхцэцэг. Зургадугаар ангийн жаал охин байхдаа анхны шүлэг нь “Пионерийн үнэн”-д хэвлэгдсэн аж. Номноос салдаггүй, онц сурдаг чамбай охин 1980-аад оны сүүлчээр МЗЭ-ийн хороон дээр болдог “Нээлттэй хаалганы өдрүүд”-д байнга оролцож, уран бүтээлийн замд шуудран орсон байдаг. Тэрээр А.Эрдэнэ-Очиртой нэг ангид сурч байсан төдийгүй тэд ах дүүгийн хүүхдүүд юмсанж. Тээр жилийн говийн бүрэгхэн охин маань өдгөө ухаан авъяас жигдэрч, Монголынхоо яруу найргийн тансаг өргөөнд нэгэнт суудал эзлэн тухалсанд ахмад шүлэгчийн хувьд, бас алс өмнийн говийн хүний хувьд баярлан талархаж явдгаа дурдсу. Энэ бяцхан хөргийг 1990 онд түүний надад бичиж өгсөн “Онгод дэврэх болтугай!” гэсэн үгээр төгсгөе. Онгод байнга дэвэрч байвал монгол найргийн сөн дүүрэн, дүүрэн мэлтэлзэн байх бүлгээ. Зохиолч, яруу найрагч Э.Хархүү
/Хэвлэгдсэн: 2007 оны 01 сарын 13 өдрийн 11:46 цаг, Утга зохиол урлаг/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Их Монгол орны суут богд Хүрдэн орчуулагч Чингис хаан Хэмжээс: 600x913 265k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 8264
Замдаа гарнаа Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4476
erd-011.JPG Хэмжээс: 600x450 169k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5016
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: