Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бум-Эрдэнэ  	Түмэнбаяр	 Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : Таван стакан архи
Оруулсан admin on 2009-01-25 22:49:24 (6771 уншсан)

                        (Өгүүллэг)
                                                                                
Гочоо гараа үрчсээр гаднаас орж ирлээ. Муу умгар өрөө нь хүйтэн зэврүүн ч гэлээ гадааг бодвол дээр байлгүй яахав. Өрөө нь ундуй сундуй. Энд тэндгүй хуйлсан хуйлаагүй цаас, дутуу хагас зурсан зураг, хар цагаан сюжет тавьсан ноорогнууд мөн ширээ сандал, цонхны тавцан зэрэг юм тавьж болох бүхэн дээр элдвийн будаг шунх, багс бийр арзайж сарзайна. Ер нь зураач хүний өрөө ямар байдаг вэ яг л тийм нэг өрөө. Ер нь өрөөний эзэн хэд хэдэн зурган дээр зэрэг ажилладаг бололтой. Зарим тавиур дээрхи зураг бараг дуусаж байхад, зарим нь дөнгөж суурь өнгөө тавьж байх жишээтэй.

Тэрүүхэн буланд хэзээний ч юм бүү мэд нэгэн буйдан нормойн хөглөрнө. Уг нь саарал өнгөтэй байсан бололтой. Харин одоо бол ирмэг хүрээгээр нь өлөн хир нүүгэлтэж, энд тэндгүй будаг үсчээд нэг бүүдийсэн л юм болж. Энэ өрөөг саяын орж ирдэг Гоё Гочоо гэж битүү хоолойтой ноосон цамц, хавтгай хар малгайнаас салдаггүй ногтон сахалтай нөхөр эзэмшинэ. Гочоо гадуур хувцасныхаа энгэрийн халааснаас ганц шил архи гаргаснаа зурж буй зурагныхаа хажууд тавин хаалга руу эргэн очиж сайтар түгжээд, нэг шилэн аяга аван сандал дээрээ тухлан суулаа.Тэр Тунгаагаа зурж байгаа юм. Харин энэ шилэн аяга бол Гочоогийн хувьд бийр багснаас дутахгүй үүргээ гүйцэтгэж байгаа эд. Тэр шилэн аягаа гартаа эргүүлэн хэсэг харж суулаа.

Гочоог бага байхад галт тэргэнд л ийм аяга байдагсан. Одоо ч гэсэн байдаг байж магад. Нэг л өвөрмөц амттай тэр цайг Гочоо “вагоны цай” гэдэг байж билээ. Сүүлд хойшоо явахдаа мөн ч их уусандаа. Түүнийгээ санан инээмсэглэж “Одоо ч энэ аяганд өөр юм уудаг болждээ” гэж бодлоо. Дээрээсээ доошоо талстуудаар эвлүүлээд хийчихсэн юм шиг шувтан хэлбэрийн энэ аяга овоо зузаан шилээр хийгдэж. Тиймдээ ч Гочоогийн өрөөнд нилээд удаж байгаа байх. Тэр ч байтугай Гочоогоос өмнө энэ өрөөнд байсан гээд  бодчих. Аяганы доод ёроолоос дээш дөрвөн хуруу хиртэй зайд хөндлөн судал уг аягыг бүтэн ороожээ. Энэ судал өөрөө аяндаа тогтсон уу эсвэл хэн нэг нь хэргээр тэмдэглэсэн үү бүү мэд. Уг аягыг угааж байгаа хүнийг Гочоо хараагүй. Гочоо архиа задлан аягандаа хүл хүл хийлгэн судал хүртэл нь хийлээ. Гар нь үл ялиг салгална.

Аяганд жижигхэн бөмбөлөгнүүд хэсэг бужигнаснаа тэгэсгээд намжлаа. Архи нь яг тэр судалтай зэрэгцэн цэхвэлзэнэ. Ямар ч хөдөлгөөнгүй тэр архи ер гэмгүй царайтай гээч. Гочоо аягатайг харж хэсэг сууснаа тамхиа гарган асаагаад, хөлөө ачин гэдийх зуураа уушиглан, нөгөө гараараа ногтон сахлаа илэхэд гарынх нь завсраар цэнхэр утаа багтаж ядан саагина. Тэр талаас арай дээгүүрх  хөндлөн зураасаар тааруулаад хийхэд нэг шил архи яг тав тэнцүү хуваагддаг юм. Өөрөөр хэлбэл Гочоо шил архийг энэ аягаар таван удаа л хөнтөрдөг гэсэн үг. Гочоо яагаад ч юм хундага гэхээсээ илүү шилэн аягыг илүүд үзнэ. Бүр хойно оюутан байхын л тийм байсан. Бодвол зуун граммаар туудаг болоод тэр байх. Тэрээр тамхиа дахин нэг сорж, их үйлийн өмнө сэтгэл санаагаа төвлөрүүлэх гэж буй хүн шиг яаралгүйхэн бодол болон сууна.
“Тэр чаджээ. Үнэхээр чадаж. Булгаа гэж овоо эр юм даа” гэж бодон шазуураа нэг зууснаа “Манай Булгаа ч авъяастай л даа” гэж бодон түрүүчийнхээ бодлыг цайруулна. Тэгсэнээ
-  Ердөө гуравхан жилийн дотор шүү гэж амандаа шивнэхэд тамхины хөх утаа зэрэгцэн пургина. Гараа зугуухан явуулж шилэн аягатайг аван шийдсэн янзтай
-  Пүү! гэж үлээхэд уушиганд нь үлдсэн багахан утаа тэрүүхэнд цэнхэртэх агшинд амьсгаагаа хагас татаад залгилж эхэллээ. Хэрвээ хажууд нь хүн харж суугаа бол өөрийн эрхгүй шүлс ялгаран ам дүүрмээр гүд гүд хийн залгилна. Тэр яг таван удаа залгилж дуусгадаг юм. Нүднийх нь аяганд ус цийлэгнэн дүүрч ирэхийн багцаанд аягатай архи дууслаа. Аягаа буцааж тавих зуураа дутуу татсан тамхи нь хуруун завсар нь уугих нөгөө гараа хагас атган амандаа барьж
-  Пүү үү . . . гэж уртаар үлээхэд толгой дээрхи малгай нь үл ялиг чичигнэнэ. Тэрээр нүд хамар хоёроос нь юу угүй гараад ирэх шингэнийг тогтоох гэхдээ хойшоогоо гэдийлээ. Энэ бол нус ч биш, нулимс ч биш л дээ. Зүгээр л хаа нэгтэйгээс шахагдан гарч буй шингэн юм. Гочоо сая нэг амьсгаа авч тамхиа сороод, халцарч шарласан адар өөд үлээлээ. Хөхөлбөр утаа дээшээ угалзран олгойдох тэрхэн агшинд түрүүхэн залгилсан сархад тэртээ доошоо халуу шатуулан уруудах нь мэдрэгдэнэ. Түүний царайд тааламжтай байдал илрэв. “Тиймээ! Манай Булгаа ч авъяастай ч юм, чадалтай ч юм” хэмээн үргэлжлүүлэн бодов. Булгаа гэдэг түүний шавь гэхээр хаашаа ч юм. Бас найз ч гэх нь хаашаа юм нэг тийм л нөхөр л дөө. Булгааг тэр гурван жил гаран мэднэ. Анх бас л эдний өрөөгөөр орж гарагсадтай цуг ирээд л танилцсан. Түүнээс хойш ирэх нь олширсоор сүүлдээ оров ч, гарав ч цуг наалдан пад болсон тийм л залуу. Зурах сонирхол, жаахан авъяастай болохоос ямар ч сургууль соёл төгсөөгүй л дээ. Гэхдээ тэр өнөөдөр үзэсгэлэнгээ гаргажээ. Ихэнх зурагнуудынх нь схез, сюжет, за тэгээд цаашилбал суурь болоод үндсэн өнгөнүүд тавигдаж байх тэр бүхий л хугацаанд Гочоо Булгаа хоёр өрөө өрөөгөөрөө орж гаран, санаа оноогоо ярьж хэлж, ууж идэж, унаж тусаж явсан болохоор Гочоо ерөнхийд нь мэднэ. Тэр ч байтугай Булгааг ч өөрийг нь мэднэ гэж Гочоо боддог юм. Булгаа сайн л даа. Түүний зургийн ерөнхий цаад санаа шийдэлүүд нь яах аргагүй сайн. Гэхдээ Гочоо Булгааг “үнэхээр сайн шүү” гэж үнэлдэг эсэх нь үл мэдэгдэнэ. Өөрөөс нь сайн байх вий гэж сэрвээтдэг ч байж магад.
Харин Гоё Гочоо гэдэг маань Булгааг бодох юм бол хойно дүрслэх урлагийн дээдийг төгссөн. Мөн энэ урлагийн тогоонд овоо хэдэн жил чанагдсан, мэддэг чаддаг хийгээд үзсэн харсан нь Булгаагаас төө илүү том амьтан байхгүй юү. Тиймээс Гочоогийн сэтгэлд Булгаа үргэлж жижгээрээ. Гэтэл Булгаа нэгэн зургийг үнэхээр зурж чаджээ. Тэрийг нь сая Гочоо харчихаад ирсэн хэрэг. Өрөөндөө ганцаараа архи уух шалтгаан энэ ч байж болох юм. Гочоогийн бодол жигдрэх тийшээ хандлаа. Тэрээр бодлоосоо хөндийрөх дургүй байгаа бололтой. Гэвч хуруун дахь тамхи нь уугиад дууссан тул бодлоо таслахаас яахав. Тэр дахин нэг тамхи асаагаад архинаасаа шилэн аягандаа хүл хүл хийлгэн яг л нөгөө зураас хүртэл хийгээд энэ удаа нэг их юм бололгүй залгиллаа. Түрүүчийнхийг бодвол сүртэй зовоолгүй орсон ч тэрээр атгасан гараа амандаа барин нүдээ аньж хэсэг сууснаа
-  Пүү үү . . . гэж удаан амьсгалаа гаргаад тамхиа сорон түшлэгээ наллаа.
“Гочоо багаасаа л зураг сонирхдог, зурдаг байсан тул хойшоо Ленинград явж сурсан хэрэг. Тэр тэнд юмыг логик дараалалтайгаар бодож, сэтгэх, түүнийгээ ашиглан зурах, хүнтэй хэл амаа ололцох, олны дунд биеэ хэрхэн авч явах гэх мэт. Санаагаа хэрхэн зургандаа шингээх, цаашилбал хүссэн өнгөө хэрхэн гаргах гээд сураагүй юм үгүй. Бас энэ архийг ч гэсэн тэнд л ууж сурсан. Тэр аливаа юмны өнгө гаргахдаа гаргуун. Мөн Гочоогийн бүх зурганд нэг онцлог байсан нь тэр аливаа харагдацуудыг маш тунгалагаар гаргаж чаддаг байв. Гол ус, хөх тэнгэр, нар сарны тусгал гээд ер нь л тодрол сайтай тунгалагхан зурж чаддаг байлаа. Сургуулиа төгсөж ирэнгүүтээ хэд хэдэн зураг урласан нь зургийн хүрээнийхэндээ ихэд тоогдож байв. Гэлээ ч Гочоод өөрт нэг л юм дутаад байгаа юм шиг санагдан өөрийгөө голно. Чухам юу вэ гэдгээ яг оноож мэдэхгүй. Тэр дутаад байгаа юмаа хаа нэгтэйгээс эрж хайж эрэлд хатан явна. Тэгж явах үедээ өөрийнхөө багш Умбаатай таарсан юм. Энэ хүртэл бодоод Гочоо
-  Багш . . . багш . . . гэж чамлангүй өнгөөр амандаа сунжруулан дуугарсанаа “Тийм л дээ багш. Би анхандаа багш л гэж боддог байсан юм чинь. Умбаа гэдэг бол монгол даяар алдартай зураач. Дөнгөж сургууль төгсөж ирсэн Гочоод байтугай, нилээд доль цохьсон зураачдын хувьд ч Умбаа гэдэг тэнгэрийн амьтан байв. Түүнтэй уулзаж, үг сольсон хүн бол нэг хэсэгтээ л сэтгэл цатгалан явах. Гочоо тэр хүнд л шавь ормоор санагдаад болох биш. Тэгсээр байж Гочоо Умбааг нилээн сайн уудгийг мэдээд авав. Ер нь уудаггүй хүн урлаг, утга зохиолынхонд байв л гэж дээ. Нилээд удаан ажигласны эцэст нэгэн өглөө Умбаа зураачийг дотор баахан муу байхыг далимдуулан ганц юм өвөртөлсөөр яваад орлоо. Махлагдуу намхан биетэй, бавгар сахалтай Умбаа хаалга онгойх чимээнээр шартсандаа болоод сул хаясан байсан биеэ хүчлэн барьж, хэн орж ирсэнийг харсанаа
-  Аан! Гочоо хүү яаж явна даа? гэж асуух хэдий ч дотроо “Ганц юм бариад ирээгүй л байгаа даа” гэж санахыг бодоход ихэд шартсаны шинж. Үүнийг нь мэдсэн юм шиг Гочоо
-  Сайн байна уу? Умбаа гуай. Таны наад царай чинь. Урд шөнө жаахан таагүй хонож ээ дээ гэхэд
-  Тавгүйгээр барах уу . . . гээд эгээтэй л араас нь үг алдчихсангүй.
-  Надад нэг юм байгаа юмсан. Аваад ирэх үү? гэж худлаа асуухад
-  Асуугаад байх юу байна хүүхээ. Аваад ир гэлээ.
Гочоо гарсанаа тэртэй тэрэнгүй өвөрт нь байсан тул нэг их удалгүй орж ирлээ. Тэндээ хоёул нэг нэг татчихаад Гочоо
-  Баянгол орж нэг нэг таваг хуйцаа идэнгээ үлдсэнийг нь . . . гэтэл
-  Тэгвэл ч бүр болоод явчихлаа гэсэн үг шүү гэж олзуурхаад
-  Надад бас өнөөдөр дуусгахгүй бол болохгүй ажлууд бий гэж эрэмбээ харуулахыг хичээнэ.
Түүнээс хойш Гочоо Умбаагийн гарын шавь хэмээгдэх болсон юм. Умбаа мөн л Гочоог маш авъяастай, хөдөлмөрч залуу. Мөдхөн амжилтанд хүрнэ хэмээн хөөргөн ярина. Гэхдээ үеийнхээ зураачид дундаа чухам юу ярьдагийг Гочоо мэдэхгүй.
Гочоо яг энд бодлоо таслан тамхиа соронгоо өөрөө Булгаагийн тухай хэрхэн дүгнэдгээ санах зуур яагаад ч юм завьж нь шазасхийн татвагнав.
Тэр Булгааг өөрөөсөө илүү гэж хэзээ ч боддоггүй. Гэхдээ илүү гарчихвий гэсэн хөндүүр, шаралхал бол байгаа нь нууц биш. Мэдээж илт дутуу хүнийг өөртэйгөө жишихгүй шүү дээ. Үеийнхэн дундаа ч гэсэн халамцуу үедээ “Булгаа бол болоогүй шүү дээ” гэж үг алдаж байсан удаатай. Тэгэхээр “Умбаа ч гэсэн намайг тэгж боддог байсан байж болох л юм” гэж бодсондоо завьж нь татвагнасан хэрэг.
Багш шавь гэж явахдаа Гочоо амьхандаа Умбаагаас зөвлөмж хүснэ. Умбаа харин
-  Хүнээр зөвлүүлж зурна гэж юу байхав дээ. Тэгвэл тэр зураг чиний зураг, чиний сэтгэл биш болно гэсэн үг. Харин би чамд ганц үг хэлье. Чи “Мал гаталсан ус битгий зурж байгаарай” гэж үл ойлгогдох үг хэлсэн юм. Тэгээд их учир утгатай мэт энэ үгээ эрүүлдээ ч, согтуудаа ч хэлнэ. Гочоо энэ үгийг ойлгохгүй бүтэн зургаан жил явсан даа. Ойлгохгүй ч юу байхав дээ шууд утгаар нь ойлгосон хэрэг. Тэгээд Гочоо гол горхи зурах болгондоо маш тунгалагаар зурна. Тэр угаас үүнийг маш сайн чадна. Энэ зургаан жилийн хугацаанд Гочоо хоёр үзэсгэлэн гаргав. Умбаагаас бусад зураачид Гочоогийн талаар өөр бодолтой байсан юм. Яагаад гэвэл Гочоо хоёр үзэсгэлэнгийн хооронд өөрчлөгдсөнгүй. Энэ янзаараа бол цаашдаа ч энэ л хэвээрээ үлдэж магадгүй. Харин Умбаа багшийн хувьд хаа ч гэсэн түүний талаар таатай үг хэлж, магтан бавгар сахлаа илэн явна. Ингэж харагдах л юм бол багш нь сэтгэл хангалуун байна гэсэн үг. Хэрвээ уурлах юмуу эсвэл хэн нэгэнд шаралхаж, сэтгэл нь тавгүйтэх юм бол хөмхийгөө зууж, шүдээ хавиран, нүднийх нь хүүхэн хараа цоолохно уу гэмээр хурц болдгийг Гочоо хэдэн жил хажууд нь байсных мэднэ. Гэхдээ тэр нь бараг үл анзаарагдана.  Нэг удаа ихэд халамцахдаа
-  Уран бүтээлч хүн гэдэг байнгын өрсөлдөөн дунд байдаг юм. Өрсөлдөж л байж сайн бүтээл гарна. Сайн бүтээлийг нэр алдар гэж нэг аюултай юм дагаж явдаг хуультай. Нэгэнт нэр алдар чамд ирсэн бол чи түүнийг алдахгүйгээр яаж оршин тогтнох вэ? гэдэг асуудал байдаг юм даа. За тэгтэл атаа жөтөө гэж юм бий. Үүнийг яахав аргалж болно. Гэтэл  халгиж цалгисан их авъяас гарч хажуугаар чинь ирээд салхи татуулан өнгөрч бас болно тийм үү? гэж дультраатсанаа гэнэтхэн болохгүй юм руу хальж байгаагаа мэдрэн
-  За энэ ч яахав гэж үгээ займчуулан өөрийгөө татаж байсныг санана. Тэр үед Гочоо багш өөрт нь хэрэгтэй юм хэлж байна л гэж бодож байснаас өөрийг бодоогүй.
Гочоо шилтэй архиа авч шилэн аягаа гурав дахиа дүүргэлээ. Мэдээж нөгөө зурааснаасаа хэтрүүлээгүй. Тэр “Би яагаад энд ганцаараа архи уух болов?” гэж бодонгоо дахин нэг тамхи асаалаа. Цаана нь ганц ширхэг тамхи хайрцганд нь ташиж унасан харагдана. Ууж буй архины аагаар түүний сэтгэлд бугшин уугиж буй уур хилэн жижигхэн сэгэлзсэн салхи үзсэн мэт ноцож эхэлж байв. Яагаад ч юм эхлээд хайрцагаа дараа асаагуураа ширээ рүү зөөлхөн шидлээ. Тэд ширээн дээр юуханд ч юм торон тогтоно. Толгойд нь тааруухан бодлууд эргэлдэх гээд байгааг мэдэрч түүнээсээ зайлах гэсэн мэт Гочоо аягатай архиа аван залгилаа. Тэр тал шил архинд ухаанаа тавьдаггүй ч ухаан бодлоо цэгцлэх гэж чармайж байгаа нь илт.
Гочоо сайхан юм бодов бололтой царай нь гэрэлтэв. Түүний сэтгэлд наадмын гурав хоног сойгдсон хөнгөн хөлт адуу хазаар даран дүүхэлзэх шиг хөнгөмсөв. “Гоё Гочоог мэдэхгүй хүнгүй болж байсан үе. Үеийн залуус, бүсгүйчүүл түүнийг шагшин магтана. Хэдийгээр дүрслэх урлаг нь бусад урлаг болох яруу найраг, дуу хуур шиг хүнд шууд очихгүй ч гэсэн бас ч гэж зураг үздэг сонирхдог, дурладаг бүр шүтдэг тийм хүрээ бас байдаг юм. Хүүхнүүд гэдэг сонин амьтад шүү. Жаахан нэр алдар олов уу, үгүй юү аль хэдийн үнэр авчихсан, эрвээхэй шиг л эргэчихнэ дээ.  Нэр алдар ч гэж дээ хэлтэрхий төдий юм шүү дээ. Үнэхээр сонин. Яасан ч мундаг мэдрэмжтэй улс байдаг юм бүү мэд. Зураач Гоё Гочоо гээд л явж алдана шүү дээ. Энэ нэр алдар гээчийн зах зухаас шүүрсэн хүний анхны даваа нь л архи, хүүхэн хоёр байдаг байх. Энэ давааг л эцэж цуцахгүй, бүдэрч унахгүйхэн шиг давах хэрэгтэй юм шиг байгаа юм.
Хэдийгээр Гочоо хоёр ч үзэсгэлэн гаргачихсан, амтай болгон магтаад байна уу гэлтэй атал бас тийм биш шиг. Ахмад үеийнхэнээс Умбаагаас бусад нь олигтой дүн тавихгүй байгаа нь анзаарагдана. Нэг өдөр Умбаа багшийн найз Зүмбэр зураачтай нэг юм уух шалтаг гарав. Багш нь нэг удаа үй зайгүй гэх энэ найзыгаа
-  Миний нэг нойморын дайсан гэж байсан удаатай. Үнэндээ бол наанаа уран бүтээлийн өрсөлдөгч, найз гэх боловч цаанаа ямар их атаа жөтөө явдгийг Гочоо тэгэхэд анзаарсан. Гэсэн ч Гочоо багшийн найз хэмээн нилээн үйлчлэв. Бас тэдний үеийнхэн өөрийг нь хэрхэн үзэж байгаа талаар үг сонсчих санаатай байсан нь үнэн. Зүмбэр яриан завсараа
-  Уран бүтээлч хүнд сэтгэл, сэтгэлгээ хоёр шиг хэрэгтэй юм байхгүй дээ. Тэрнийг алдаж болохгүй. Хүн болгон чамайг магтаад л байгаа бол чамд болохгүй юм байна л гэсэн үг. Одоо ч хүмүүс захиалгаар их юм хийх болж. Уран зохиолд ч гэсэн хэн нэгэн, ямар нэгэн сэдэв өгөнгүүт л чи биччихээд байгаа бол энэ чинь цаагуураа л нэг худлаа. Сэтгэл шингэхгүй байна л гэсэн үг. Тийм бүтээл яаж амьд байх вэ дээ. Хүн чамайг цаг үргэлж магтаад л байгаа бол алах гэж байгаагийн анхны оролдлого гэж ойлгоход нэг их хол зөрөхгүй шүү гэхэд Гочоо ихэд гайхлаа. Учир нь Умбаа багш нь үргэлж магтаж байдаг учраас тэр. Гэхдээ эд нар өрсөлдөгчид болохоор надад ингэж хэлсэн байх гэж багшийгаа дотроо өмөөрөх аядав. Гэсэн ч Гочоогийн сэтгэлд өмөөрөгдөж үлдээгүй юм. Үүнээс хойш багшийнхаа үгнээс зөрж зурвал яадаг бол гэсэн бодол хургана. Үүнтэй зэрэгцэн Умбаагийн цаг ямагт хэлдэг “Мал гаталсан ус битгий зураарай” гэсэн үл ойлдгогдох үгс санагдах болж, чухам юу гэсэн үг болохыг олохыг хичээх болов.
Гоё Гочоогийн үзэсгэлэнгийн хаалтын өдөр хаалтын өдөр танхимд нэгэн бүсгүй орж ирсэн юм. Тэр үед Гочоо бүсгүйчүүдээр цадаж байсан үе. Гэвч тэр тэдний хэнд нь ч гэсэн үнэн голоосоо сэтгэл алдарч явсангүй. Харин тэр бүсгүйг хараад Гочоо өөрийн эрхгүй хийж байснаа орхив. Түүний мөрөн дээгүүр намиран унжсан тунгалаг хүрэн үс, дэрвэгэрдүү хормойтой эрээн даавуун даашинз, өндөр өсгийт жийсэн чийрэг тэгшхэн хөл, алхах тоолонд нь эвлэгхэн хөдлөх өгзөг гээд түүнд сайхан бүхэн заяажээ. Тэрээр толгойгоо хагас өргөж, нүдээ бага зэрэг сүүмийлгэн зураг бүрийг шимтэн харж, алхах нь цаанаа нэг эрхэмсэг. Гочоо нэг л мэдэхэд түүний хажууд ирчихсэн байлаа. Бүсгүй түүний “Нар атаархам” гэдэг зургийг харж зогсоно. Энэ зураг бол өвлийн нарлаг тунгалагхан өдөр гол  дээр мөсөн харваагаар наадаж буй бүсгүйн зураг байсан юм. Хурган дотортой дээл, үнэгэн лоовуузтай хар нүдэн бүсгүй мөс тэврэн инээмсэглэж буй зураг л даа. Түүн дээр тусаж буй нар тунгалаг, түүний тэвэрч буй мөс тунгалаг, түүний хаш цагаан шүд гарган инээж буй нь үнэхээр хүн байтугай нар атаархам зураг байлаа. Яриа өдөхөд яг тохирох зураг таарсаныг хэлэх үү Гочоо
-  Уучлаарай. Энэ үзэсгэлэн өөрт чинь хэр санагдаж байна даа? гэж асуутал
-  Үгүй ээ. Яахав ээ. Зүгээр л юм.
-  Тэгэхээр чамд ямар нэгэн юм нь таалагдахгүй байна гэсэн үгүү? Чи энэ зураачийг таних уу?
-  Үгүй. Танихгүй. Хүмүүс шуугиад байхаар нь л үзэж байгаа юм.
-  Тэгээд?
-  Тэгээд үү. Яахав сайхан л зурагнууд юм. Гэхдээ дэндүү тунгалаг юм.
-  Юу гэсэн үг вэ?
-  Би уг нь зургийн ямар нэгэн мэргэжилтэн биш л дээ. Зурах чадвар нь бол гайхалтай. Ийм гоё тодролтой, өнгө гаргаж зурдаг зураач манайд ховор л доо. Гэхдээ энэ зурагнууд амьдралаас жаахан тасархай юм
-  Тийм гэж үү? гэхэд бүсгүй
-  Ингэхэд та хэн болоод намайг ингэтлээ байцаагаад байгаа юм бэ?
-  Аан! Би тэр Гочоо гэдэг нөхөр байна л даа
-  Өө тийм үү? Яанаа. Уучлаарай. Миний үгийг нэг их юманд битгий бодоорой
-  Зүгээрээ зүгээрээ. Харин ч надад их таатай байна. Бид чинь та нарынхаа үгийг л сонсох ёстой юм шүү дээ. Та хэрвээ завтай бол хамт үдийн хоол идэхгүй юү? Би таныг урьж байна гэхэд бүсгүй хэсэг тээнэгэлзэн зогсох агшинд Гочоо
-  Өө! Би тантай танилцаа ч үгүй байж гээд духаа алгадан
-  Намайг Гочоо гэдэг. Харин таныг?
-  Намайг Тунгалаг гэдэг
-  Айн? Үгүй байлгүй дээ Тоглоод байгаа юмуу? гэсээр тэр хоёр хаалга зүглэв. Үүнээс хойш Гочоо Тунгаа бүсгүйтэй үерхэж, сүүлдээ нэг хэсэг цугтаа амьдрах болсон юм.
Гочоо гурав дахь үзэсгэлэнгээ гаргах гэж бэлдэж байсан үе. Умбаа багш өдөр болгон шахуу түүний урлангаар ирж, зурж буй зургийг нь сонирхоно. Нөгөө л сахлаа илэн сайхан аашилсаар.
Гочоо заримдаа Тунгаатайгаа хэдэн өдрөөр гэрээс гарахгүй өнжих нь бий. Түүний булбарай зөөлөн болгоныг илж, бүлээн нойтон болгоныг тэмтэрч, нүд гижигдэх болгоныг үнсэн хэвтэх нь заримдаа ямарч зураг зурахаас илүү таашаал өгнө. Гэхдээ заримдаа л шүү дээ. Хажуугаар нь архиа залгилна. Тэгж байхдаа гэртээ нэг зургийн хүрээ зангидаж, зотон даавуу татаад нэгэн зураг эхэлсэн юм. Тув тунгалагхан гол. Бүр доод хайрга нь хүртэл харагдана. Тэдгээр хайрган дээр нарны туяа усыг нэвтэлж, хугаран нугаран алтранхан тусна. Голын хайрга голдуу мөлгөр байдагч Гочоо зарим нэг хайргыг ирмэгтэйгээр зурлаа. Анх удаа тэр амьдралыг сөрж зурж байгаа нь тэр. Дотроо тэрээр “Яадаг юм” хэмээн бодно. Голын урсгал дунд мэдээж нэг хүүхэн зурав. Нүв нүцгэн тэр хүүхэнд Гочоо гоо сайхныг харамгүй өгч байлаа. Хэдийгээр Тунгаагийн хажууд байгаа ч хүүхнийг зурж байхдаа оюутан үеийнхээ учирч явсан орос охидуудыг төсөөлж байсан юм.
Гочоо тэднийг сайн мэднэ. Ялангуяа тэдний нүдийг. Тийм цэв цэнхэрхэн нүд зөвхөн орсуудад л байдаг байх. Гочоо сургууль төгсөхөөсөө өмнө нэг өрөөнд дөрвөн жил амьдарч, дөрвөн жил архи уусан Митя найздаа нэг зүйлийг сэтгэл харамгүй хийж өгсөн юм. Тэр нь тэр гүн цэнхэр нүдний өнгө байлаа. Дам сураг дуулахад цайвар ногоон нүдтэй Митя найз нь одоо “Цэнхэр нүдэн Митя” нэртэй болсон гэсэн. Бодвол тэр өнгийг уран бүтээлдээ маш их хэрэглэдэг хэрэг. Мэдээж монголын Гочоо найздаа цаг үргэлж баярладаг байх.
Орос хүүхнүүдээ гэж хөлөрсөн нойтон үедээ жаахан эвгүй үнэртэй л болохоос тэдэн шиг өв тэгш үзэсгэлэн гоог хаанаас ч олохгүй. Энэ бодолдоо Гочоо үнэхээр итгэлтэй. Гочоогийн гоо сайхны үзлийг тэд л авч одсон. Харин хүн талаасаа бол мэдэхгүй. Тэд сайхан л хүүхнүүд байсан болохоос сайн нь биш байсан. Оюутан цаг, тарчигхан үеийг даван туулах бололцооны түрийвч л тэднийг Гочоо руу ойртуулж байсан байх. Тийм түрийвчтэй оюутны тоонд Гочоо ордог байлаа. Эх оронруугаа жилдээ хоёр явчихна. Бас бусад оюутныг бодвол бийр, будгаа эрт нийлүүлсний хүчинд түрийвч нь хоосон байгаагүй юм. Тэгээд ч Гочоо монголд байхдаа үзээгүй бүхнээ тэднээс л мэдэрсэн юм. Тийм ч учраас Гочоогийн сэтгэлд тэд ийнхүү лав үлдсэн хэрэг. Тунгаатай байх тэрхэн үедээ ч түүний сэтгэлээс тэд гардаггүй байлаа.
Түүнийг энэ зургаа бараг дуусган ганц нэг будаг энд тэнд хүргэж байх үед ард нь зогсож байсан Тунгаа хойноос нь зөөлхөн тэврэн хацарт нь хацраа нийлүүлж эрхлэнгүйгээр
-  Энэ хэн бэ? Би юү? гэтэл Гочоо хэсэг түгдэрсэнээ
-  Тэгэлгүй яахав. Энэ чинь чи шүү дээ гэж заллаа. Энэ үед тэд өөд өөдөөсөө биш хоёул зураг руугаа харж байсан нь Гочоод аз боллоо гэж санав. Гэтэл Тунгаа
-  Худлаа зураг. Энэ шал худлаа зураг байна гэлээ.
-  Яагаад? Би гараа гаргаж зурж байгааг чи харж байгаа биздээ. Энэ зургийг хүмүүс шагшин магтах болно чи харж л байгаарай
-  Зөвхөн бялдуучлагч нар л . . .
-  Яагаад? Яагаад чи тэгж бодоо вэ?
-  Өдий болтол чамайг зөвхөн бялдуучлагч, зусарч, худалч нар л тойрон хүрээлж байсан. Чи сайн зураач уу гэвэл үнэхээр сайн зураач. Чам шиг өнгө гаргаж, чам шиг тусгал ялгадаг зураач ховор. Харин хэзээ ч чиний санаа гарч байгаагүй. Чи сэтгэж чаддаггүй. Чи дотроо бодож байгаагаа гадагшаа гаргаж чаддаггүй. Наад хүүхэн чинь ч гэсэн би биш. Харваас монгол хүний бие биш байгаа биздээ.
-  За чи юундаа уурлаад байгаа юм бэ?
-  Би уурлаагүй ээ. Чи өөрөө бод л доо. Би л лав энэ хүүхэн шиг хүйтэн усанд, энэ хайрга чулуун дээр зогсож байгаа бол юун ингэж инээхдээ манатай. Үнэндээ бол халтирч уначих гээд хэцүү л баймаар юм гэснээ
-  За за би ч юугаа мэдэх вэ дээ гээд эргэлээ. Тэгээд л би дахиж зурсан даа” гээд бодлоо тасаллаа.
Гочоо гэнэт юм санасан хүн шиг ухасхийн аягандаа дөрөв дэхь удаагаа дүүргэлээ. Энэ удаа түүний бодол алсарч хундага хоорондын зай жаахан холджээ. Ширээрүү шидсэн асаагуураа аваад буцаж суухдаа үл ялиг ганхаж байгаагаа мэдрэв. “Би чинь согтох нь уу дээ” гэж бодож амжлаа. Тэгсэнээ инээмсэглэн толгой сэгсэрч
-  Арай ч болоогүй ээ. Гоё Гочоо ч болоогүй шүү гэж өөрийгөө хөөргөөд сүүлчийн тамхиа асаалаа. Тэгээд архиа мөн л гүд гүд залгиллаад араас нь тамхиа сорж нүдээ аниад удаан гэгч нь утаагаа үлээснээ зовхио аажуухан нээлээ.
-  Тэгээд яалаа гэж өөрөөсөө асууснаа цааш нь үргэлжлүүлэн бодов.
“Тиймээ! Би тэр зургийг дахиж зурсан. Тэр бүсгүйг хайрган дээр тэнцэж ядан явж байгаагаар, түүний хөлөөр тэр их усны тэрүүхэн хэсэгт булингартаж байгаагаар, тэр бүсгүйн бие хаа, бэлхүүс өгзөг, суга, цавь гээд гоо сайхны туйл байгаа ч царайд нь “уначихвий “ гэсэн түгшүүр илэрч байгаагаар зурсан юм. Миний урд нь зурдаг байсан зурагнаас нэг л өөр болсон. Шинэ юмыг анх харахад хэцүү ч миний сэтгэлд үгүйлэгдээд, дутагдаад байдаг юм бий болчих шиг санагдсан даа.
Миний тэр үзэсгэлэнд Умбаагийн тооцоолсоноор хорин найман зураг тавигдах байсан ч хорин есөн зураг тавигдсан юм. Сүүлчийн зураг нь манай гэрээс очсон бөгөөд Умбаа урд нь хараагүй байлаа. Умбаа шинэ зургийг харж нилээд удаан зогслоо. Урд нь үзүүлээгүй болохоор “Умбааг юу гэх бол” гэж санан би түүнийг ажина. Тэгтэл Умбаагийн харц ширүүсэн ширвээтэж, хөмхийгөө зуун, үүдэн дөрвөн шүдэндээ ямар нэгэн юмны жижигхэн үртэс хэмлэж байгаа болов уу гэмээр хавирч эхлэх нь тэр. Умбаагийн уурлахаараа илэрдэг энэ зуршилыг хараад Гочоо мэл гайхав. “Би буруу юм зурчихсан юм болов уу” гэж бодоход хүрэв. Гочоог Умбаа руу хулгасаар дөхөж ирэхэд Умбаа сая сэхээ авч харц нь зөөлрөн нүдэнд нь инээмсэглэл тодрох хэрнээ шүдээ хавирах нь зогсохгүй л байсан юм даа. Тэрхэн мөчид л Гочоо бүхнийг ойлгосон юм. Бүр бүгдийг. Тэр хааяахан халамцахаараа хэлдэг “Өрсөлдөөн, нэр төр, өндөрлөг, түүндээ хэрхэн ямар аргаар оршин тогтнох вэ” гээд бүгдийг ойлгох шиг. Тэрний золионд өөрөө явж байсан юм шиг санагдав. Бүтэн зургаан жилийн дараа шүү. Яагаад би энэ олон жил энэ хүний үгээр явж, энэ хүний өгсөн архийг ууж амьдраа вэ. Тэр “Мал гаталсан ус битгий зураа” гэсэн учир нь үл ойлгогдох “ухаантай” үгэнд би хууртаад л явсан байж таарах нь ээ. Сүүлд Гочоо тэр үгний гаргалгааг “Мал гаталсан усаар туучиж яваа юм шиг зураг битгий зур” гэж ойлгосон. Өөрөөр хэлвэл хүн дуурайж битгий зур гэсэн үг гэж. Гэхдээ энэ үгийг надад буруу ойлгуулах гэж тэгж дутуу хэлсэн байж болох. Тэгвэл надад үнэхээр байгалиас өгсөн жаахан юм байсныг нь Умбаа гуай мэдрээд нухчин дарж чадахгүй болохоороо хэдэн жил хориглон барьжээ дээ гэж Гочоо сая л нэг юм ойлгосон юм. Гочоо ч юу байхав дээ Тунгаа л түүнд ойлгуулсан. Үүнээс хойш Гочоогийн зураг эрээнтэй бараантай, гэрэлтэй сүүдэртэй үнэхээр амьд зураг болж эхэлсэн дээ. Түүнийг аль ч үеийн зураачид хүлээн зөвшөөрч эхлэв. Нэр алдар гэдэг ч хүссэн хүсээгүй нэг мөсөн лав дарж авлаа. Харин энэ бүгдийг дагаад түүнд нэгэн үл мэдэгдэх сэрэл төрж эхэлсэн нь “Энэ өндөрлөгөөс унах вий” гэсэн айдас байсан юм. Энэ зовнил өндөрт гарсан л бол сайн, муу ялгалгүй хүн болгонд ирдэг бололтой. Дайллага цайллага гээд уух шалтгаан урдынхаасаа их боллоо. Үүнтэй зэрэгцээд Тунгаагийн үглэж дуулах нь ихсэв. Суугаагүй байж ингэж байгаа юм чинь суучихвал бүр дөнгөлөх санаатайдаг шүү. Угаасаа идэж уудаг байсан хүнтэй дотносчихоод одоо ингэж үгэлж дуулах нь зохимжгүй мэт Гочоод санагдана. Тэгээд ч ер нь нэгэнт архинд дурласан хүн бол ямар ч үед, шартсан, шаналсан, өвдсөн хавдсан, хагацсан гээд бүр ямар ч үед шүү тэд хэзээ ч архийг үнэн голоосоо буруутгаж боддоггүйг энэ хүүхнүүд мэддэггүй юм байхдаа гэж Гочоо бодож суудагсан.
Тунгаа тэссэнгүй ээ. Түүнийг энэ замаа алдсан найр наадам, наргиан цэнгээн, нэр хүнд дундаасаа гарч ирэхгүй юм байна гэдгийг ойлгосон байх. Тэр нэг л өглөө сэрэхэд нь Гочоогоос явчихсан байсан. Уг нь хүнд дасаж хайрлаж сүйд болж яваагүй Гочоо Тунгаад л овоо дассан байж. Сэтгэлд нь өвчин болтлоо шингэн хоногшсон тэр орос хүүхнийг магадгүй Тунгаа л нэг тийш нь болгох байсан байж магад. Гэтэл тэр явчихсан байлаа.
Бодолдоо болсон уу эсвэл уусан архи нь тархинд нь гарч ухаан санааны тэнцвэрийг алдагдуулж эхэлсэн үү Гочоогийн сэтгэл үймэрсээр байв.
-  Тунгаа надаас нэг л өглөө явчихсан юм даа гэж шивнээд салганасан гараараа дахин тамхи авах гэсэн боловч дуусжээ. Гочоо хайрцагийг хэмх базан хана руу шидлээ.
-  Новш, новш . . . гэж амандаа хараана. Тамхи дууссандаа гол нь биш зүгээр л анх орж ирэхдээ л сэтгэлийг дарж байсан зүйлс стакан стаканаар уусны дараа хөвсөлзөн гарч ирж байгаа бололтой. “Муу хөгшин Умбаа намайг бүтэн зургаан жил дороо байлгасан. Тунгаа байгаагүй бол өшөө хэдэн ч жил байлгах байсан юм билээ” гэж бодолдоо уурсана. Тэгсэнээ
-  Гэтэл одоо энэ муу Булгаа бас . . . гэснээ үгээ гүйцээлгүй хэсэг байзналаа. Хором мөч өнгөрөх тусам тархи нь уусандаа мансуурч байгаа бололтой. Тэрээр хүчлэн бодно. “Өнөөдрийн уух шалтаг, уурлахын шалтгаан энэ Булгаагаас болсон. Муу новш найз ч юм шиг, нохой ч юм шиг өрөөгөөр шиншлээд явдаг юм” гэж бодоод шилний ёроолд үлдсэн архийг шилэн аяганд юүлэхдээ хүчтэй хийснээс болж гадуур нь цалгиулав. Гочоо сандран ширээн дээрхи багахан цалгиадсанд ядам хуруугаа дүрэн духандаа хүргэж бас тааз өөд няслах нь асгасандаа эмзэглэж байгаа бололтой ихэд хүндэтгэл үзүүлнэ.
Энэ удаа архи хөндлөн зураасанд арай хүрсэнгүй. Цалгиснаас болсон байх. Шилээ ширээн дээр тавих гэснээ хоосон тул шалан дээр тавихдаа хөндөлдүүлэн унагав. Лонх модон шалан дээгүүр түрр түрр хийн өнхөрсөнөө ширээний өрөөсөн хөлөнд торон зогслоо.
Өнөөдөр Булгаагийн үзэсгэлэн тавигдсан юм. Яахав дээ байдаг л зурагнууд. Булгаад байгалиас өгсөн жаахан юм байдаг ч намайг гүйцэнэ гэж юу байхав дээ.
Гэтэл! . . . Гэтэл яасан гээч. Тэнд нэг зураг байна аа. Тэр үнэхээр зураг юмаа.

-  Муу Булгаа тэрийг зурсан гэхээр дотор арзаганаад болохгүй юм даа гэж хэлэхдээ түүний царай минчийн улайж байлаа. Осолдохгүй өрөөндөө ганцаараа байгаа тулдаа л тэрээр биеэ барилгүйгээр аашилж байв.
Гочоо зурагнуудыг үзжээ явтал тэр зураг байсан хэрэг. Бас л гол ус, гоё хүүхэн. Гэхдээ “Хүнд нулимс”  нэртэй тэр зургийг Булгаа шал ондоо өнцгөөс харж зуржээ. Голын эрэг дээр нэгэн сайхан эмэгтэй суух агаад түүнийг гаднаас нь хэн ч харсан дутуу юмгүй  жаргаж л яваа хүүхэн гэмээр. Түүнийг усан доороос харж байгаагаар зурсан байв. Бас л сонин шийдэл. Харин урсгал ус руу буюу үзэгчид рүү харж буй түүний борголхон нүдний гуниг сүүмэлзсэн харцанд түм түмэн зовлонг үүрч, тэсэж яваа бүсгүйн сэтгэлийн дарамт харагдана. Яа! яа! яаж тэгж гаргаа вэ? Бүсгүйн нүднээс ганцхан дусал нулимс унах бөгөөд тэр нулимс их устай голын ширүүн урсгалыг дагалгүй яг л хүнд чулуу голруу эгц доошоо унаж буй мэт дүрсэлжээ. Үүнийг харж зогссон Гочоогийн завьж нь татвагнан, хамар нь сартаганаж,  нүднийх нь ухархай ухаарч ягааран, ус цийлэгнэн дүүрч эхлэв. Хажуугаас нь харвал тэр зургийг үзээд уярсандаа уйлах гэж байна уу даа гэмээр. Гэвч үнэн хэрэгтээ Гочоогийн хувьд яагаад ч юм өөрт ялагдал нүүрлэн ирж байх шиг санагдан хор шар нь буцлах шиг болж байв. Хэзээ ч ойшоож байгаагүй Булгаадаа атаархаж байгаагийн илрэл байлаа. Яг л энэ мөчид хэдэн жилийн өмнө өөрийнх нь зурсан зурагны өмнө зогсож байсан Умбаа зураачийг Гочоо саналаа. Тэр тэгэхэд уурлаж байсан нь үнэн байжээ. Сонин юм шүү. Хүн нэг л өдөр ялагдалын совинд ороолгуулан зогсоход хажуугаар нь хэн ч биш байсан юмнууд ялалтын марш хангинуулан өнгөрдөг. Энэ өрсөлдөөнт хорвоогийн жам юм байхаа даа.

Тэгсэнээ Гочоо биеэ барьж “За за энэ ганцхан л зураг шүү дээ” гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Гэвч уран бүтээлч хүн ганцхан бүтээлээс дөрөөлөн босож, түүнээсээ улбаалан улам ихийг хийж бүтээх нь байдаг байхад мөн ганцхан бүтээлээрээ насан үүрд цоллуулах нь ч бий. Үүнд ганц зураач ч хамаарахгүй юм.

Гочоо аягатайгаа аван амруугаа удаан гэгч нь явууллаа. Түүний нүд дуниартан, гар нь салгалж, зүрх базлана. Тэрээр зугуухан залгилж эхэллээ. Тэр хамаг л хүсэл мөрөөдөл, сайн сайхнаа ууж байх шиг санагдана. Аяганы ирмэг даган хоёр завжаар нь юу юугүй архи урсаад ирэхэд тэр яаран арчив. Аягаа ширээний ирмэг дээр арай гэж тавиад хойшоо гэдийлээ. “За яахав Булгаа чи муу тэгж л бай. Чам шиг юмыг хэн зураач гэх юм бэ. Гайгүй ээ би нэг л зураг зурна гэж шүлсээ үсчүүлэн, долоовор хуруугаа гозойлгон нүүрэндээ барьж, өрөөсөн нүдээ анивчсанаа
-   Тэгэхэд л та нар шиг муусайн юмнууд нам шүү дээ. Чёрт гэж. Түүний дараа та нар бүгд надруу шавах болно. Муусайн Тунгаанууд мянга мянгаараа шавна даа гэж өөрийн ухаангүй бувтнаад цамцных нь хоолойноос зулгаан амьсгаа авсанаа
-  Тунгаа хүүхэн надаас зайлж, Булгаа дурак од болж миний дээр гялтаганах цаг болсон юм биз дээ. Гайгүй ч хэвтэнээ. Умбаа өвгөн чи ч намайг мөн ч их хорьж дээ. Ха ха мундаг байна шүү. Зургаан жил намайг мангартуулдаг. Би тэгэхэд Булгааг гурван жил болгоод алдлаа даа гэж амандаа үглэн толгойгоо санжуулан буйдан дээр хэсэг чимээгүй суулаа. Өрөөсөн гараараа духаа түшин доош харан хэсэг суутал амнаас нь шүлс сунжран урсав. Тэрээр амаа хальтхан арчаад гуйваж дайван босоод хаалга руу явлаа.
-  Би түүнд ойлгуулж өгнөө гэж ямарч утгагүй юм үгэлсэнээ хаалгаа онгойлгож чадсангүй
-  Муу новш одоо бүр хаалгаа онгойлгохоо больжээ чи. Их зантай болж. Чи муу хэзээ ийм байсан юм бэ гэж өрөөгөөр нэг хашгирав. Хариу алга. Тэрээр буцаж салгалж ирээд уначихгүйн тулд ширээ түшин
-  Тунгаа, Тунгаа гэж дуудсанаа зурж буй Тунгаагийн зураг руу харж
-  Чи ч гэсэн дуугарахгүй юү . . . айн. . . гээд түшиж зогссон ширээгээ өрөөсөн талаас нь өргөж шидэхдээ өөрөө хүчиндээ арагшаа саван буйдан дээр уналаа. Ширээн дээр байсан юмс бүгд цацагдав. Хэсэг хар будаг бүсгүйн зурагны нүүрэн дээр тусаж хар зам татуулан урслаа. Зузаан шилэн аяга шалан дээр түг хийн унаснаа шувтан талруугаа гортиглон нэг эргээд сүүлдээ байран дээрээ хэсэг займчаад зогслоо. Аяганы ирмэг дээр ганц дусал архи гомдлын нулимс шүүрэх шиг цэхэлзэнэ. Үнэхээр бөх аяга бололтой.

Гочоо буйдан дээр унасан чигтээ ухаангүй тарвайна. Амнаас нь шүлс бололтой тунгалаг шингэн сунжиралдан сахалтай нь ороолдон унжина. Хавтгай хар малгай нь аль хэдийн тоосонд ороогдон хэвтэх нь хэзээ ч юм босож ирэх эзнээ хүлээх мэт. Гоё Гочоо тасарчээ. .
                                                
                                     Түмэнбаярын Бум-Эрдэнэ.         01.12.2009



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 3/1 | Бум-Эрдэнэ Түмэнбаяр )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-019.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4725

зотон тос 61х72 см
Алтан зул цэцэг
Хэмжээс: 503x600 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5907


orkh-008.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4578


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn