|
|
Бусад: Д.Сосор : Миний муу эжий
Оруулсан admin on 2016-03-20 17:20:54 (7214 уншсан)
Миний дөчөөд жилийн хөдөлмөр. Олон жил хэвлүүлэх гэж зүтгэсэн. Энэхүү номоо уншигч таны гар дээр тавьж байгаадаа урамтай байна. Энэ номд “Итгэл”, “Давхар хаалга”, “Миний муу эжий”, Чийжаа” зэрэг туужууд, социализмын үед бичиж байсан өгүүллэгүүд бас шог хошин зохиолууд орсон байгаа. Социализмын үед бичиж байсан зохиолууд маань огт шинээрээ байгаа нь энэ ном цагийн аясыг даах нээ. Уран зохиолыг уншигч та, цаг хугацаа хоёр шүүдэг болохоос улс төр, Төр засаг, зохиолчдын хороо, алдар цол шүүхгүй. Александр Дюма, Лев Толстой, Жек Лондон нар ардын уран зохиолч, гавьяат зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар байгаагүй гэдгийг санатугай.
Миний муу эжий
(номноос)
...........Эцэгтэй минь нийлээд овоо хэдэн жилийг элээсэн юм билээ. Үр хүүхэд тогтодгүй хэцүүхэн айл аа. Есөн хүү төрүүлснээс гурав нь амьд сэрүүн, бусад нь өсөх насандаа л ээжийн минь голыг харлуулсан байдаг юм. Үр хүүхэд тогтохгүй болохоор “Юм мэддэг” хүнд үзүүлэхэд, гурван чулуу тарнидаж өгөөд:
-Одоо гарах хүүхдээ айлд өргүүлчих. Энэ гурван чулууг хадгалж яв! Хаяж, үрэгдүүлж болохгүй гэжээ. Гэдсэнд байсан хүүхэд нь нөгөөх баян айлд эргүүлээд өргүүлсэн миний дээд ах. Үрээ харамлах сэтгэл нь хэчнээн чанааж байсан ч юм мэддэг хүний үгийг яахан зөрчих билээ. Хүнд үзүүлж, ярих нь бүү хэл өөрөө ч хардаггүй тэр гурван чулууг хуучин баадангийн голд уутанд хийгээд оёчихсон, “Гурван хүүгийн минь амь” гээд насан туршдаа л хадгалж явсан даа. Одоо тэр гурван чулуу хаана байдаг юм бол бүү мэд. Гурван хүү нь амьд мэнд л хорвоог тууллаа.
Ууган хүүгээ их дурсана. Ээж минь:
-Одоо амьд байсан бол тэдний хүүтэй чацуу, багш болчихсон байхгүй юу гээд л айлын авгайд ярина. Яагаад ч юм бэ муу ээж минь дандаа л багш болох гэж ярьдаг сан. Сайхан ч мэргэжил юу даа, багш гэдэг. Хаана ч явсан нэр хүндтэй. Олон шавь нар нь хүртэл өөрийн үрээс ялгаагүй.
Миний эцэг хорхойд хоргүй буюу гэмгүй хүн байсан байхаа. Намайг эхийг хэвлийн үлдээгээд бурхны оронд заларсан хүн дээ. Хүний хий гэснийг хийчхээд хэнд ч мэдэгдэхгүй байж байдаг, айраг архи, идэх уух, айлын найр дээр хэн ч дурсдаггүй мөртөө ажил төрөл ундраад ирэхээр бүхний санаанд буудаг нэгэн байсан бололтой. Аль эрт гээгээд харуусалгүй мартсан эд шиг, аль эсвэл энэ хорвоо дээр ерөөсөө амьдарч байгаагүй мэт ээжээс минь өөр хэн ч дурсаагүй шүү. Эгэл жирийн малчин, хөндөөний монгол эрийг хэн ч дурсах билээ дээ. Энэ л дурсагдадгүй, эгэл жирийн хүмүүс Их Монгол улсыг ч тэжээж байсан, энэ цагийн Монголыг ч тэжээж байгаа, ирээдүйн Монголыг ч тэжээх болно. Эгэл жирийн мөрөө мартагдсан, энэ л дурсагдадгүй Монголчууддаа мэхийтүгэй!
ХОЖУУ УХААРАЛ (Өгүүллэг)
Манайх Долгор эгчийнхтэй хамт олон жил айл саахалт явсаар бараг ах дүүсээс илүү дотно болсон юм. Толгодын дунд хоёр бор гэр утаа суунаглуулж, нүүсэн ч, суусан ч хамт дөрвөн улирлын нүүр үзнэ.
Долгор эгчийн ганц хүү Дорж гадаадад дээд сургуульд яваад гурван жил болж байлаа. Сургуульд явсан анхны жил захиа их бичдэг байв. Захиа ирэх бүр Долгор эгч надаар дуудуулна. Би гаргац муутай, гадаад үг багагүй оруулсан захиаг нь уншиж өгөх гэж хэрдээ тэвдэнэ. Захиаг нь хэд дахин уншиж өгөөд орос үгнийх нь учрыг тайлбарлаж өгч үл чадна. Дорж ахыг эхний жил амралтаараа ирэхэд ойр хавийнхан бүгд цугларч гадаад орны сонин сонсоцгоож “Манай нутгаас нэг эрдэмтэй хүү төрөх нь ээ” гэж ярилцаж байв. Түүнээс хойш Дорж ах нутгаараа нэг ч удаа ирээгүй, захиа ч бичих нь ховордож билээ.
Нутаг усныхан түүний тухай ярилцах нь ховордсоор бүр сүүлдээ дурсахаа ч больсон юм. Харин манай хот айлын хувьд өдөр бүр л яригдана. Долгор эгч хүүгийнхээ тухай ярих их дуртай, заримдаа бүр нялх хүүхэд мэт өхөөрдөн ярина. Аргагүй шүү дээ. Өөрийн үр өтөлсөн ч хүүхдээрээ байдаг хойно. Нэг өглөө Долгор эгч их л нойр муутай хоносон шинжтэй орж ирээд цай ууж суухдаа:
-Урьд шөнө би хүүдээ захиа бичээд өөрөө хүргэж өгөхөөр явж байна гэж зүүдэллээ. Тэгээд сэрчихсэн чинь нойр хүрсэнгүй. Муу хүүгээ ч их санаж байна даа гэхэд,
-Хүү чинь ирэх дөхөж байгаа нь тэр дээ. Хоёр, гурван жил ирсэнгүй. Одоо амралтаараа ирэх байлгүй гэж хэлээд ээж сүүгээ самарч эхлэв.
-Уржнан өдийгөөс арай хойхон ирсэн юмсан. Энэ жил захиа ч бичсэнгүй, зав нь болдоггүй юм байхдаа. Түүнээс биш миний хүү ч ээждээ ирэлгүй яахав гэж суухад нь би “Дээд сургуульд сурах ч амаргүй юм байна даа” гэж бодож билээ.
Хойтон жил нь манайхан төв замд ойрхон зусав. Бодвол Долгор эгч л хүүгээ ирнэ гэж хүлээсэндээ төв зам бараадсан байх. Төв зам манай хойгуур зайдуухан өнгөрнө. Долгор эгч өглөө бүр л энэ зам руу цайныхаа дээжийг өргөнө. Заримдаа тэр замыг ширтэж удаан зогсоно. Хэрэв хөтөл даваад машин гараад ирвэл гэрийнхээ хойгуур өнгөртөл нь гаднаа ямар нэг юм хийсэн болоод л байж байдаг сан.
Долгор эгчийн хувьд энэ зун уйтгартай урт байлаа. Нэг удаа хөтөл давж ирсэн машин шууд манайхыг чиглэн дахиж ирэхэд эгч аргалд явчихсан байсан юм. Тэр машин эгчийн гадаа ирж зогсов. Залуухан жолооч тэднийхийг эзэнгүй болохоор нь манайд орж ирээд,
-Сайн байна уу? эгчээ гэж ээжтэй мэндэлснээ, өнөөдөр мөн халуун өдөр өө! Ам цангаад явуулдаггүй шүү гэсээр баруун хойморт гарч суув.
-Сайн, сайн явж байна уу, хүү минь! Дээшээ суу гээд ээж цайгаа чанахаар тогоогоо тавьтал Долгор эгч ороод ирлээ. Ойр хавь бараа нь харагдахгүй байсан Долгор эгчийг ийм түргэн ирсэнд би их гайхав. Долгор эгч жолоочтой мэндлээд гэр дэх хүмүүсийг тойруулан харснаа урамгүйхан үүд хавьцаа суухад би хүүгээ ирлээ гэж сандарч ирснийг нь мэдээд их л өрөвдөж билээ.
Түүнээс хойш дөрвөн жил өнгөрч би наймдугаар анги төгсөөд занынхаа амралтаар ирэхэд Долгор эгчийн бие их доройтож царай нь нимгэрээд, амьсгаадаад байдаг болчихсон байв. Дорж ахыг сургуулиа төгсөж ирээд хотод дээгүүр албаны хүн болсон гэж нутгийнхан ярилцана.
Нутгийн нэг хүн хот орж ирээд Дорж ахтай уулзсан гэж хүнд ярьсныг Долгор эгч сонсоод хэдэн өдөр л орон, гаран туйлгүй их баярлаж байлаа. Төрсөн эхдээ мэнд ч дамжуулаагүй Доржийн сугийг сонсоод ээж “Эхийгээ матчихдаг хүн гэж байдаг аа. Ёстой эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд гэж үнэн юм даа” гээд их дургүйцэж билээ.
Долгор эгчийн бие гэнэт муудаж сумын эмнэлэгт хэвтэв. Бие нь засал авахгүй болохоор аймаг руу аваад явсан гэж дуулаад бидний сэтгэл их зовж байлаа. Долгор эгчийг эзгүй болохоор их уйтгартай, цаанаа л нэг эл хуль, дүнсгэр. Тэр хүн бидэнд хэчнээн их хань бараатай байсныг тэгэхэд л мэдсэн юм даа.
Нэг удаа хот орсон хүн Дорж ахыг Төмөр бетоны үйлдвэрт ажилладаг гэж мэдэж ирсэнд ээж надаар захиа бичүүлж явууллаа. Тэр захиа эзэндээ хүрсэн эсэхийг бүү мэд. Юу ч л гэсэн хариу ирээгүй юм даг. Долгор эгчийг аймагт эмчлүүлж байгаад бараг оргох шахам гэртээ ирэхэд ээж хэдий баяртай байсан ч,
-Биеэ бодож сайн эмчлүүлэхгүй! Хэдэн малыг чинь бид өөрийн юм шиг л харж байна. Юунд санаа зовдог юм бэ гэж зэмлэхэд,
-Муу хүүгээ санаад, хүрээд ирэх юм шиг бодогдоод, эмнэлэгт сэтгэл тогтож өгөхгүй юм. Эзэнгүйд хүрээд ирвэл ямар сайн байх вэ. Тэгээд ч миний бие нэг л засал авахаа больчихлоо. Өссөн, төрсөн гэртээ санаа амар үхвэл хүнд гай болохгүй гэхэд ээж уулга алдаж,
-Нүгэл гэм. Ийм муухай юм ярих хаа ч байсан юм бэ гэв.
Ирсэн даруйдаа бие нь овоо сайжирч аргал түлшинд хүртэл явдаг болов. Гэтэл нэг өглөө ээж намайг сэрээж “Долгор эгч чинь босож чадаагүй бололтой. Хоёулаа ороод ирье” гэхэд би ямар нэгэн ёозгүй юм болж гэж бодоод түргэн хувцаслав.
Ээж бид хоёрыг тэднийд ороход Долгор эгч орноосоо ч өндийж чадаагүй байлаа. Бид хоёрыг харснаа муухан инээмсэглэж, дорой дуугаар,
-За хүүгээ нэг харчхаад үхвэл хоргодох юм алгаа гэж хэлэхэд ээжийн нүдэнд нулимс мэлтэлзэж,
-Хүү чинь ирэлгүй яах вэ. Ирнэ гэж хүнээр хэлүүлсэн байна билээ гэж хэлээд гал түлж цай чанаж өгөөд намайг дагуулан гэрээс гарч,
-За миний хүү хурдхан сум ор! Тэр хүү шүү юмтай нь утсаар ярихыг бод, чадахгүй бол цахилгаан явуулдаг юм шүү. Түргэн яваад ирээрэй гэв.
Би морио хайрлалгүй давхисаар сумын холбоон дээр ирэхэд аз таарч холбооны хүн ажил дээрээ байлаа.
-Долгор эгчийн бие муудаад хүүтэй нь утсаар ярих гэж ирлээ гэж түгдчин хэлбэл холбооны хүн учрыг ойлгон утасдаж эхлэв.
Удаан дуудсаны эцэст Төмөр бетоны үйлдвэрийн жижүүрийн утсанд залгаад надад чагнуураа өгөв. Жижүүр хайнгадуухан хаанаас ярьж байгааг асуугаад “Дорж инженер өнөөдөр ажилдаа ирээгүй” гээд утсаа тавьчихав. Би цахилгаан явуулаад сумын эмнэлгээр орж, их эмчийг аваад буцаж ирлээ. Түүнээс хойш долоо хоног Долор эгч үхэлтэй тэмцэж, эмч ч, бид ч нойргүй хоносоор найм дахь хоногийн үүрээр:
-Хүү минь гэсээр өндийж ирснээ урт амьсгаа аваад царай нь хувирав.
-Хүү чинь аймагт ирсэн гэнэ гэж ээжийн хэлэхийг дуулсан уу, үгүй юү хорвоогийн мөнх бусыг үзүүлж билээ.
...Өвлийн амралтаар ирэхэд толгодын дунд манай муу бор гэр л ганцаархнаа уйтгартайнхан утаа суунаглуулж байсанд би аргагүй Долгор эгчийг дурсаж золтой л уйлчихсангүй.
Олон жилийн дараа би гадаадад дээд сургууль төгсөж ирээд хөдөө явж ээжтэйгээ уулзахаар дэлгүүрээр орж явтал нэг хүн хажуугаас,
-Сайн байна уу, дүү хүү? Гэж танимхайран мэндлэв.
Би тэр хүнтэй мэндлээд, хүн андуурч байна гэж бодоод зөрөх гэтэл,
-Нутгийн дүү хүү ахыгаа танихгүй байх шив дээ. Аргагүй биз дээ. Олон жил уулзаагүй юм чинь гээд тамхи асаав. Архинд түлэгдсэн хар царай, бараг цагаан болтол өмссөн хуучин савхин хүрэмтэй, зальжин байрын эр байсанд“ гудамжны архичин, шар тайлах аргаа олов оо мөн” гэж бодоод шуудхан явах гэтэл, тэр урдуур хөндөлдөн,
-Манайхан олон жил айл саахалт явсан шүү дээ. Би Долгор эгчийн чинь хүү Дорж байна гэхэд би бараг дуу алдах шахав.
Хүн ингэж өөрчлөгдөнө гэж даанч бодсонгүй. Онигордуу залирхаг нүднээс өөр юм энэ хүнд юу ч үлдсэнгүй.
-Ах нь чамтай уулзах юмсан гэж үргэлж бодож явлаа. Нас ахиад ирэхээр ээжийнхээ тухай бодоод байдаг болчих юм. Нэг хүнээр сайн яриулж авбал сэтгэл жаахан онгойх болов уу гэж бодох юм. Чи надад муу ээж минь яаж өнгөрсөн тухай ярьж өгөхгүй юу? гээл залирхаг нүдэнд нь уйтгар гуниг хослоод ирэв. Бид хоёр хүний хөлөөс зайдуу сандал дээр суугаад, би Долгор эгчийн тухай нэгд нэгэнгүй ярьж түүнийг зэмлэх гэтэл,
-Намайг зэмлэх хэрэггүй. Би тэртээ тэргүй өөрийгөө нэг насаараа шийтгэсэн хүн. Би гадаадад сурч байхдаа архинд орчихсон хүн л дээ. Сургуулиа төгсөж ирээд архи амсахгүй гэж шийдлээ. Анхны цалин буухад л тэссэнгүй. Ажиллаж байхдаа хоёр, гурван хоногоор ажлаа хаяад архиддаг байлаа. Чиний явуулсан захиаг аваад ээжтэйгээ очиж уулзъя гэж шийдсэн юм. Гэтэл ажлынхаа газар хэлэх үг байдаггүй. Аавыгаа нас барсан, ээжийгээ нас барсан гэж хэлээд хүртэл нөхдийнхөө тусламжийн мөнгөөр архидаж байсан хүн чинь яая гэх вэ. Чиний утсаар ярьдаг өдөр би шартаад гэртээ хэвтэж байлаа. Маргааш нь цахилгаан аваад мөнгө зээлэх хүн эрээд олддоггүй. Шар тайлахад хэдэн төгрөг худлаа үнэн хэлээд хүнээс салгаж болдог сон. Гэтэл энэ удаа, нүүрээ барчихсанаа мэдлээ. Гэвч хүний сайхан сэтгэл дуусдаггүй юм билээ.
Замын зардал яаж ийгээд л оллоо. Онгоцны билет авахаар явж байтал нэг “танил” шил юм авчихсан тааралдав. Заавал надтай хувааж ууна гээд салдаггүй. Би ч тэссэнгүй уучихсан чинь нэг мэдэхэд нөгөө мөнгө рүүгээ орчихжээ. Маргааш нь эрүүлжүүлэхэд ухаан оров. Ингээд л явж чадаагүй юм даа. Энэ жил архины эмчилгээ хийлгээд удаагүй байна. Одоо ч энэ хар усыг ахиж амсахгүй ээ. Би даанч өөдгүй хүн. Төрсөн эхээ мартсан!... Үүнийгээ бодоод боож үхмээр санагдах юм гэж хэлээд нүдэнд нь нулимс гүйлгэнэж хоолой нь зангираад ирэв.
Би энэ хүн хожуу ухаарч дээ гэж бодоод сандлаасаа босов.
Санал шүүмжлэл /Шог зохиолоос/
Манайх л болсон хойно хурал цуглаан, сонин уншлага, улс төргүйгээр ажил яаж урагшлах билээ. Ерөөсөө хуралгүйгээр амьдарч чадахгүй улс юм чинь. Одоо ч гэсэн, хаашаа ч хадсан дандаа хуралтай, уулзалттай л гэдэг биз дээ. Далаад оны дундуур нэгэн сангийн аж ахуйд бүх гишүүдийн хурал болжээ.
Хуртай сайхан зун дуусаж намрын ургац хураалт дөхөөд байлаа. Намын үүрээс бүх гүшүүдийн өргөтгөсөн хурал зохион байгуулж, намрын ургац хураалтын талаар авч хэлэлцжээ. Өргөтгөсөн хурал гэдэг маань намын гишүүн ч бай, биш ч бай бүх хүмүүс суух ёстой. Таслах юм бол толгойгүй болно. Хаалттай хурал гэж арай ярьдаггүй байсан. Ихэвчлэн намын гишүүдээс өөр хүн суух нь бүү хэл хаалгаар шагайж ч харж болдоггүй хурал болно. Юу ярьсан тухай намын гишүүдээс асуух юм бол загас шиг л дуугүй байна даа. Чухам ямар асуудал авч хэлэлцдэг байсан юм бэ бүү мэд.
Энэ удаагийн хурлаар ариун их ургац хураах, ургац хураалтад амжилтай бэлтгэх талаар авч хэлэлцэв. Намын үүрийн дарга орчин үеийн олон улсын байдал, Америкийн империалистүүдийн зан авир, ардчилсан социалист гүрнүүдийн амжилт бүтээл, Ильч багшийн сургаал, энхрийн хайрт намын жанжин шугам, энэ таван жилийн төлөвлөгөөний биелэлтээс эхлээд улс төрийн товчооны гишүүдийн хэлсэн үгийг хүртэл иш татан сунжирсан илтгэл тавив. Улс төрийн товчооны гишүүд гэдэг маань өнөөгийн МАН-ын удирдлагууд. Есөн гишүүнтэй байсан. Бүгдийнх нь зургийг энд тэндгүй хадчихна. Бүгдийнх нь овог нэрийг бүх хүмүүс, хөгшин залуугүй мэддэг байх ёстой. Хэрэв мэдэж байвал сайн хүн, мэдэхгүй бол муу хүн гэж үздэг байлаа.
Намын үүрийн даргын сунжирсан илтгэлийн дараа санал шүүмжлэлдээ орлоо. Эхлээд санал шүүмжлэл гаргах хүн олдохгүй хүчээр, нэр заан босгож хэдэн үг хэлүүлж байлаа. Хүмүүсийн ам халаад ирсэн чинь хүн бүхэн л гараа өргөх болов. Бас л нэр зааж үг хэлүүлэхээс өөр аргагүйд хүрэв.
Олны дунд гайгүй сайн ногоочин гэгдэх Должин авгай гараа өргөж байна гэнэ. Намын үүрийн дарга:
-За, Должин гуайд ямар санал байна гэж асуухад тэр босож ирээд:
-Энхрий хайрт нам, засгийн хайр ивээлээр энэ жилийн ногоо сайхан ургалаа. Балдангийн төмсийг барьж үзсэн чинь ноднин жилийнхээсээ том болчихсон байна лээ. Ер нь тэгээд, дарга нар та бүхэн дээрээс нь жаахан хүчлээд өгөх юм бол бид доороос нь хөдлөө өгч болж байна гэх мэтийн санал гаргажээ.
(
Сэтгэгдэл бичих? |
Бусад |
Оноо: 0/0 |
Мэдээ, мэдээлэл )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|