|
|
Шүлэг: Чи яг хаана байна
Оруулсан admin on 2024-08-15 00:07:17 (43 уншсан)
Тэргэнцэр уначихвал Тэнгэрийн гүнээс түүнийгээ хайж Тэлмүүн саранд гоморхоод л Тэмүүлэл дүүрэн бодолдоо автан Дэгжин чамруу л яар ч явахсан Дэрвэгэр алаг хоёр нүдэнд нь Дэлхий хүртэл багтах юм шиг Дэврүүн омголон залуу л байхсан Хүний газар яваа бол Хүчтэй байгаарай Хүн амьтанд найр тавьж Хүмүүжилтэй айлын охин гэдгээ санаарай Битүүхэндээ энд жоохон харамсах юмаа Билэг танхай эрдэмтэн эсвэл Би өөрөө хүлэг морь байсан бол Биелэхээргүй хол байсан ч зориод Хараацай байсан бол дүүлээд л очихсон Халуун зун хаваршаад байна уу даа Хаана байгаа нь одоо ч би мэдэхгүйнээ Хаа хүрэхээ ч мэдэхгүй юм Чи яг хаашаа явчихсан юм бэ Чимэг болгож үлдээсэн зүүлт чинь хүртэл Чамайг алга болсон өдрөөс чинь хойш Час хийгээд тасарчихсан Чамин үнэтэй эд зүйл болохоор Чадварлаг нэгэн байсан ч эвлүүлж чадахгүй юм Чи чинь нададаа Тэнгэрт түгэх хар мянган одод дундах Тэргэл саран минь шүүдээ Чи яг хаана байна
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: А.Сайнболд : Өөрөөрөө бахархана
Оруулсан admin on 2024-07-23 22:57:59 (36 уншсан)
Шаналаад хэвтээд бай Өөрийгөө буруутгаад бай Сайхан нэгний араас шаналаад бай Сархад идээг сөгнөөд бай
Бусдад атаархаад бай Бодлоггүй зүйл хийгээд бай Бусдын зүйлд шунаад Болох болохгүй хүмүүстэй учраад бай
Тэгээд эргээд хар Эвдэрсэн тэрэг шиг Эмтэрсэн аяга шиг Чиний өрөвдөлтэй сэтгэл
Аан харин амьдралд дурлаад Алдсан ч тэнхээтэй босоод Хэний хүү гэдгээ харуулж Хэрсүү ухаантай явбал
Чи ялна аа амьдралыг Чи өөрийгөө ч ялна Нэр төр Эд хөрөнгө олдоггүй юм аа гэхэд
Энэ орчлонд чи өөрийгөө бүтээнэ Өөрийгөө сайн мууг танина. Тэгээд эргэж хараад Тэвчээртэй хүн шиг явсандаа баярлана.
Өөрийгөө хайрласандаа Өрөөл бусдад гай болоогүй дээ Өрөвч нимгэн сэтгэлтэй явсандаа Өөрөөрөө чи бахархана...
А. Сайнболд
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Т.Батсуурь : Аав уул
Оруулсан admin on 2024-07-04 14:39:11 (320 уншсан)
Аав уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө Алсаас үрдээ дүнхийх сүрлэг энэ уул Алт мөнгөн чулуутай баян энэ уул Адуу мал багширсан буян тогтсон уул аа Энэ л уулын өвөр дээр би олон жил өвөлжлөө Эрх танхил насанд минь жиндүүлж байгаагүй уул Эрдэнэ нуусан өвөртөө намайг хүн болгосон уул Өндөр сайхан орой дээр нь наран түрүүлж тусдаг Өвөр дулаахан энгэрт нь жаргах наран хорогддог Өвөл зуны алинд нь ч өвс нь тэгшхэн налайдаг Өвөлжиж хаваржихын цагт ч өнөтэй сайхан байлгадагсан Өсгөсөн энэ уулуу би өвгөн болохыг үзлээ Ач зээ нь цугалчихаад аньс нс түүх юм Аав уулын минь хормойгоос ар өвөргүй зүүгдэх юм Буян тогтсон уулаа би буурал болохыг нь үзлээ Будантай өндөр орой нь бөхийж байхыг харлаа Хүнээс холыг харагдээ гэж оройдоо хүүгээ гаргадаг Хүсэл бүхэн нь биелэг гэж одтой тэнгэртэй залбирдаг Хүн уул минь аав уул минь хүү миний шүтэх уул минь ээ Бодлоор болдог бол аав шигээ уул болох юмсан Бодлын гүнд дараатай уул болох юмсан Зуун зууныг уул л болох юмсан Зулзаган хусан артай уул л болох юмсан Аргалын эвэр сэрийсэн уул болох юмсан Аавынхаа сүртэй дүр шиг уул болох юмсан Холоос бараа нь харагддаг уул болж урганаа хүү нь Хормойдоо хүүгээ ургуулсан уул болж ургана аа хүү нь
Аав уул шүлэг Яруу найрагч Т.Батсуурь
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БАЯСАЛТАЙ
Оруулсан admin on 2024-07-02 10:13:39 (172 уншсан)
Сэр сэрхэн салхитай Сэмжин зөөлөн үүлтэй Сэтгэл сэргээх уянгатай Сэрүүн сайхан нутагтаа Өглөөн наранд илбүүлэн Үдшийн саранд эрхлэн Өөдөө дээшээ тэмүүлэх Өнөр түмэн баясалтай Шар шархан цэцэгтэй Санан цэнгэх дурдалтай Шастир түүхийн улбаатай Шаргал хонгор нутагтаа Хүн хүндээ итгэлтэй Хүндлэл хайрын ивээлтэй Хүсэл санаа нийцтэй Хүрэн зүрхэс баясалтай Бур бурхан бороотой Буурцаг үрлэн хуртай Буцаад ирэхэд урамтай Буйдхан уудам нутагтаа Сэтгэл дандаа уяатай Итгэл ямагт урамтай Ийм л ханагар монголдоо Инээж алхах баясалтай Э.ҮРЖИНХАНД 2024.06.14
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БОРООТОЙ ҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 12:13:14 (184 уншсан)
Үүр тэмдэгрэх гэгээнээр хөшиглөн намираад Үрэл хурын мөнгөн дуслууд сувдарлаа Үргэлж нарлаг өдөр үргэлжилдэггүйн тухай Үүлсийн хээлсэн зургаас үлгэр түүгээд Үдшийн чөлөөнд ярьж өгье, үр минь Үнэгчлэх нойрноосоо сэрээрэй Бяцхан бөмбөлгүүд уралдан шаагилдаад Болор хурын шүрэн дуслууд бөмбөрлөө Бүх зүйл санаснаар болдоггүйн үнэнийг Болжморын жиргээгээр шүлэг урлаад Бүүр дараа нь уншиж өгье, үр минь Бүүвэйхэн зүүднээсээ сэрээрэй Уулс зүмбэрлэх алсыг бараалан цайраад Усан хурын эрхин дуслууд болортлоо Урьдаас таашгүй оньсого шиг амьдралыг Уужим сэтгэл уяхан хайрын цэцэгсээр Уяраан баясгаж титэмлэж өгье, үр минь Урамтайхан мишээсээр сэрээрэй Э.ҮРЖИНХАНД 2024.06.21
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ЗУНЫ ДУНД САРЫН ЦАС
Оруулсан admin on 2024-07-01 12:12:00 (159 уншсан)
Зургаадугаар сарын сүүл мушгиад Зуны дунд цагаан морь сарыг хөлөглөөд Зулай мялааж цасан лавсах чинь Зугаатай ч юм шиг, зудыг ч сануулах шиг Зүггүйтэн наадаж байна уу даа, та минь Зүй тогтлоо алдаж байна уу, байгаль минь Зүсэрч мөнгөрсөн гоёхон бэлэг тань Зуурын төдийд зүсээ хувилгачихлаа Толгод минь мөнгөн хэвнэгээ нөмрөөд Тухтайхан дулааныг мөрөөсөн байх шиг Сайн цагийн шинж тэмдэг энэ мөн үү Саад тотгорын дохио илрэл энэ юм уу Саваагүй үрсийн хурмаст руу чичилж Сацалсан буудлагын үр нөлөө юу Үлгэрийн юм шиг том том ширхгээр Үүлсээ сэмлээд илтэлж цацлах чинь Үрс бидэндээ нэгийг учирлах гээд л Үймцэн бужигнаж үйрэн бутарна уу Үүгээрээ та минь юу нэгийг өгүүлнэ вэ Өндөр тэнгэр минь, өршөө өршөө Э.ҮРЖИНХАНД 2024.06.21
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Он цагийг өртөөлсөн ...
Оруулсан admin on 2024-07-01 11:47:58 (151 уншсан)
Он цагийг өртөөлсөн Олон жилийг элээсэн Өвгөн модод дүхийгээд Өндөр хурмастаа түшинэ Хөхрөгч үүлсээс тасраад Хувин хувингаар сувдрах Хурын бөмбөлөг дуслууд Хүрэн зүрхэнд нэвчинэ Нэтийсэн тэнгэр намайг Бөхийж ирээд ширтэнэ Бүртэн бүртэн дөхсөөр Бутарч сэтгэлд хөглөрнө Э.ҮРЖИНХАНД 2024.06.24
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Оруулсан admin on 2024-07-01 11:43:15 (144 уншсан)
Энэхүү шүлгээ Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бичиж байжээ. Мөөжиг Munkhjargal Bayanbat эгч минь тэр өдөр дууддаг юм. Яваад очтол гэрэлттэл инээмсэглээд л “За, миний хөгжимчин” гэж нэг их гоё дэгжин, сормуус нь дэрвэлзэж инээд цацруулсан хөөрхөн бүсгүйтэй уулзуулсан нь Enkhtaivan Purevjav Тайвууш эгч байв. Тийнхүү шинэхэн дуу мэндэлж билээ. Бидэн гурав клипний зураг авах газраа голж шилээд л мөн ч их хөгжилтэй, сайхан дурсамжтай бүтсэн энэ дуугаа та нартайгаа хуваалцмаар санагдлаа.
Шүлэг Э.Үржинханд
Аялгууг зохиож, дуулсан МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
Өвөр Монголын уудам талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Зүрхнээс ундрах эгшиг дуугаа Зөөлөн зөөлөн аялгуулж ээнэгшсэн Зүйргүй итгэлийн торгон утсаа Зөнгийн алсаас имэрч мэтгэсэн Өвөр Монголын үзэсгэлэнт талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Бодлоос ивлэх нандин үгсээ Бүүвэй бүүвэй намуухан учирласан Бууршгүй итгэлийн гэгээн үрээр Будан дундаас тодрон гэрэлтсэн Сүслэн мөргөх дээдсийн буянаар Сүүн сэтгэлээр нэгнээ хайрласан Сааршгүй итгэлийн цагаан мөрөөр Сайхан ирээдүйг ерөөн бэлгэдсэн Өвөр Монголын үзэсгэлэнт талд Өөрийн минь ахан дүүс суудаг Үйзэн цэнхэр мөрөн гол шигээ Үзүүргүй хайр нь цалгин байдаг Өвөр Монголын уудам талд Өөрийн минь ахан дүүс суудаг 2017.05.08 Даваа гараг Хөх хот
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
Оруулсан admin on 2024-07-01 11:41:09 (138 уншсан)
Гэгэлгэн сэвшээ салхи хичнээн найрсаг Гэзгийг минь илбэж сэтгэлээ уудлаад л Түүний илэрхийлж чаддаггүй хүслэнт үгсийг ч Догдлуулан шивнэчихээд таатайхан сэнгэнэнэ Омголон найгах модод хичнээн романтик Зөрөх болгонд намилзан мэхийгээд л Оройн нарны боронзон туяатай болзоонд Оргилон бүжчихээд хэнэггүйхэн нэвсийнэ Борооны нялх дусал хичнээн хайлган Булиглах зүрхэн гүн рүү бөмбөрөөд л Чиний хэзээ ч олж харахгүй цэцэгсийг Цэмбийтэл усалчхаад харцнаас бөнжигнөнө Э.ҮРЖИНХАНД 2024.06.27
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
Оруулсан admin on 2024-07-01 11:40:03 (146 уншсан)
Үзэгнийхээ үзүүрээр Үсгийн тигийг таталгаж бичнэ Өнөр түмнээ хүндэтгэж бичнэ Өргөн нутгаа магтаж бичнэ Өндөр тэнгэртээ сүсэлж бичнэ Үзэгнийхээ үзүүрээр Өнийн ирээдүйг зөгнөж бичнэ Үнэн түүхийг тамгалж бичнэ Улс Монголоо бахдаж бичнэ Уудам дэлхийд гайхуулж бичнэ Үзэгнийхээ үзүүрээр Эрх чөлөөгөө эдэлж гортиглоно Энхийн цагийг бэлгэдэж ерөөнө Эх орноороо омогшиж зураглана Энэ бүхнийг хайраараа элбэрнэ Үзэгнийхээ үзүүрээр … Э.ҮРЖИНХАНД 2024.06.28
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан admin on 2024-07-01 11:38:33 (140 уншсан)
Үес үес салхи навчсаар наадаад Үр жимсний оронд модод жигдэрнэ Уул толгод хаяа дэрлэн зээглээд Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ Аяс аяс бороо бодолд зүсрээд Ар өврийг холбосон солонго зурна Амраг хос биесээ энхрийлж ширтээд Алаг шувуудаар хайраа дайж уулзна Намс намс мөчрүүд дохин намилзаад Нар зуны дэлгэр өдрөөр зугаална Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд Намайг, чамайг эрхлүүлж зугаацна Э.ҮРЖИНХАНД 2024.06.29
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
Оруулсан admin on 2024-07-01 11:34:25 (260 уншсан)
Бүүдэн тэнгэрийн хаяанаас намрын салхи үлээх, зүүдэн буурал орчлон буцах цагийг зарлав. Бөгтөр гүвээний цаадтайх сундлаа уулсын оройгоор зүрх цагаан саран сиймгэр үүлс нөмөрч, нанхиад торгон хөнжилд халууцсан гүнжийн дүрээр сунайв. Намрын шөнийн жаварт сэтгэл зовнисон өвгөн гансны тагжраагаа сэтгэж галын аманд түгдийхэд, <надад илгээсэн бурхны бэлэг, шорвог үгийн гашуун амт, намайг л жаргаах гэж дэргэд минь бөртийх хань минь> гэж эмгэн бодолдоо ээнэгшив. -Цагаан цэцэг халиураад зуд болохын дохио доо. Цахилдагны толгой шарлаад цас унахын тохиол доо. Үнээ буханд гарахгүй сөл тасрах янзтай. Үхэр гаднаа тогтохгүй хээр хонох боллоо. Намаржаандаа сууж байгаад зуданд дарлуулчих вий дээ. Навтаргын цаас шиг туурганд салхи тогтохгүй үлээлээ гэж уурсан бодох өвгөний сэтгэлийн уцаарыг нэмье үү гэх шиг хөх төмөр яндан хөөлсөн салхинд хангир янгир савчив. Ямаатсан тогооны хөөнөөс оч унаж харагдав. Язмагтсан ээдэмний уутнаас шар сүү дусагнав.
(Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
Оруулсан admin on 2024-07-01 11:30:47 (157 уншсан)
Өглөө бүр нэг л замаараа Хичнээн ч алхсаныг бүү мэд Өдөр бүр хэдхэн л хүнтэй Төчнөөн таарсныг ч бүү мэд Үл таних зөргөөр навчис хөглөрч Өвс ургаж шоргоолж гүйлдэж Борооны ус тогтож бодол хөвөрч Будрах цасан амсхийн буусан ч Өнөөх л замаараа нөгөө л зүгтээ Үл таних хүнтэй болзсон юм шиг таарсаар Өргөн гудамжинд нэг л мэдэхнээ Өөрөө ч мэдэлгүй дасал болжээ Хажуугаар зөрдөг царай одоо Халуун элэгсэг найзууд болжээ Дэрхийн нисдэг болжморууд Дэндүү дотно аялгуу болжээ Танил энэ жимээр сажлахдаа Танихгүй өөртэйгөө улам дотносож Өнцөг бараадсан өнчин сандал дээр Өдөржин саатаж шүлэг тэрлэмээр
Э.ҮРЖИНХАНД 2024.06.19
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Үржинханд Э )
|
|
Богино өгү: Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
Оруулсан admin on 2024-07-01 11:27:52 (180 уншсан)
Бүүдэн сарны нулимс чив чимээгүй мэлмэрнэ. Бүгээн морьтой өвгөн салхи сөрөн гэлдэрнэ. Од мичидийн тохиол сарны нулимсыг барна. Омголон залуу насны бүүр түүрхэн алдаа мэт хэмээхүй... Цагийн цагт, цасны хайрууд энгэр задгай давхиж явсаар задгай хоч зүүсэн Жанчив бээр нас гучин зургаа орчим. Хууз хар сахал нь хянга хамар доор сүрхий зохиж харагдах задгай Жанчив гуч хэтийх насандаа зэргэлдээ нутгийн "жаал" хэмээх Банзар өвгөний том хүүхнийг буурлын жаяг ёсоор хадаг дэлгэн гуйж, ёс төртэйхэн авчирсан билээ. Хар бага наснаас ижийтэйгээ өссөн Жанчивт эхнэр гуйж өгөх хүн ч байсангүй. Ижийнхээ бор авдарнаас ганц самбай хадаг аваад хөтөлгөө морьтой давхиж одсон хүүгээ хаашаа яарсныг ижий нь асуусангүй. Орсон гарсан хэнд ч аяга хоол хийж өгөөд -Ээ тосоор гоож хэмээн уулга алдан инээж суудаг Бадам буурай ганц хүүгээ хүүхэн дагуулаад харьж ирэхэд, үүлтэй тэнгэр цэлмэсэн мэт баярлан, бургасан таягаа барин тавин сандарч, уулга алдан угтав. Өсөх наснаас өдий хүртэл өнгөтэй өөдтэй торго дурдан барьж ч үзээгүй буурал авгай, эх хүний далд ухаан нийтгэж, "Хүүдээ л өгнө дөө. Өсч яваа хүү минь нэг л өдөр гэргий дагуулаад ирэхдээ л ирнэ" гэж хүүтэй хүний боддогийг бодон, олон жилийн уртад ганц нэгээр нь худалдан авч далд хийсээр тов хийсэн ахарын эсгий журам, торго болтол элдсэн хурган дотортой цоо шинэ хөнжил, одоо цагт нүдний гэм болсон тав зургаан цомбон шаазан, утсан чинээ нарийнхан,ганц алтан бөгж тэргүүтнээ шинэхэн бэрдээ гарган өгч, үртэй эхийн бах ханан, сэтгэлийн амгаланг анх удаа ханатал эдэлж, хөлсөө арчин башийж суулаа.
(Сэтгэгдэл бичих | Богино өгү
| Оноо: 0/0 | Зохиогч : Пүрэвсүрэн Соёрхын )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
Оруулсан admin on 2024-07-01 10:14:53 (179 уншсан)
Авч үзээгүй мэдрэмжүүд ар араасаа цуврах чинь юу вэ Амьтай голтой байдаг сэтгэл дүрэлзэх нь юуных вэ Тэртээ өдрүүдэд үлдсэн анхны хайрын догдлол шиг Тэр бүсгүй намайг учиргүй татах нь юуных вэ
Гомдол, баяр хоёр ойрхон болох чинь юу вэ Голын чулуу идэгдэх шиг эмзэг байх нь юуных вэ Алс хэтийн цаг хугацааг түүний хажууд төсөөлөөд Арай л эрт өөрийгөө хөгшрүүлэх хүсэл юуных вэ
Гэнэтхэн асгарах энэ их сэтгэл чинь юу вэ Гэнэдэж алдсан дурлалын жолоогоо яаж татах вэ Холын холоос тэмүүлэх их хүслээ цүнхлээд Ховсдох мэт татсан түүнруу яарах чинь юуных вэ
Бичиж амжаагүй шүлгийн ганган мөрт минь Хайрлаж үзээгүй хүний бүсгүй үр минь Зөрж төөрөлгүй учирсан хонгорхон минь Зөвхөн өнөөдөр л үлдсэн юм шиг үхтлээ санах дурлал минь
Дурлал минь гэхэд дутуу мэдрэмж төрөх чинь юу вэ Дуусдаггүй үлгэрт хамтдаа мөнхөрмөөр гэгэлхэн минь ээ.
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : “293”
Оруулсан admin on 2024-07-01 10:12:56 (160 уншсан)
Чиний үнэр миний хүсэл хоёр тулгарсан тэр үдэш Чихний омог, гүрийн судсыг чинь уруулаараа би тэмтэрсэн Чийгтэй хөнжил сөхөж амьсгаа авах шиг өндийсөн Чиний бие миний дээр сандайлж суугаад бүжиглэсэн
Миний гар чиний биеийг бүтэн гурав гороолоход Минчийсэн улаан царай юунд ч юм яаран довтолсон Биеийн чинь нууцыг эзлэхээр нар зөв чамайг эргүүлэхэд Бичмэл үсэг шиг чамин хөдөлгөөн тэрхэн зуур л таталгасан
Чиний харц миний доор тачаангуй агаад хүлцэнгүй Чихэр шиг уруул чинь озоход янаг болоод саламгүй Гарыг чинь салаавчилж толгой дээр чинь дарах гэхдээ Гарцаагүй тачаалдаа мансуурч ялимгүй чангаар атгасан
Хээрийн шувуу шиг эрх дураараа тэр үдэш Хэрхэн эхэлж бас хэзээ дууссанаа одоо ч гэсэн санадаггүй Хэсэгхэн зуурын мансууралд тийм л хүчтэй автаад Хээрийн шувуу нисэхээ мартаад тэнгэртээ зүгээр л хөвж одсон
Асар их хүслүүд тийм хурдан бас удаанаар эвцэхэд Ар дэнжийн цэцгүүд дэлбээ дутуу хоцорсон Амраглах онгод буцалж дурлалын оргилд хүрэхэд Амьсгаа түргэсч, зүрх зогсох шиг жаргалын бал цацарсан
Хүсэн хүсэн учирсан бидэн хоёрын Хүүхэн хараа хүртэл бие биедээ л шингэсэн Хүлээс цангаа тайлсан эр эмийн Хүнлэг зан, төлөв төрх хаашаа ч юм сарнисан.
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
Оруулсан admin on 2024-07-01 10:11:54 (144 уншсан)
Үхлээс айдаггүй хэрнээ Өөрт чинь хаягдахаас тэгтлээ айдаг Өөдгүй зүрх Хайрлуулахаас буцаагүй хэрнээ Хүндлэхээс дандаа хулчийдаг Өөдгүй сэтгэл
Үнэнээс холдоогүй байхад Худалд дийлдчихээд байдаг Өөдгүй амьдрал Өнөөдөр дуусаагүй байхад Маргаашийн явдалд түүртэж явдаг Өөдгүй хүмүүн
Олон учрал таарахад Орь ганцыг л мартаж чаддагүй Өөдгүй эр Орчлон ижил байхад Очоод уулзчихаж болдоггүй Өөдгүй тавилан
Онож ганц л төрчихөөд Олигтой нэг ч шүлэггүй Өөдгүй найрагч Одоогоо мэдрэх байтал Өнгөрсөндөө бэдэрч үлддэг Өөдгүй заяа
Би өөдгүй ертөнцөд ирсэн Өөдгүй хүн Өгөрсөн тархи, цөхөрсөн зүрхтэн Өрөвдөхөд өр хэмхчих Өширхөж үйлийн үр сануулах Өөдгүй амьтан… Г.Мөнхтулга Tulga.poetry
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Оруулсан admin on 2024-07-01 10:10:39 (170 уншсан)
Чи ийм гоёхон цэцэг болоод Чамд ийм халуухан сэтгэл байгаад Яг л чамд таарсан чиний сөүлмэйт Нэг л өдөр чиний төөрөг замд урин таараад, хайр ирнэ ээ Тун удахгүй чамд дурлал ирээд Түүнийгээ чи бүхий л хайраараа бүтэн хайрлаад Цэцгийн тоос арчих шиг тийн нандигнаж Цээж бүлээн сэтгэлийн голоос бүрэн халамжлаад, хайр ирнэ ээ Тун удахгүй чамд хайр ирээд Түүнийгээ чи эцгийн гэрийн хоймор дахь шүтээн адил хүндлээд Багана алдалдаггүй ёс шиг тийн дээдлээд Багын охин унаган зангаар нялхамсаж эрхлээд, хайр ирнэ ээ Тун удахгүй чамтай мөрөөдлийн хүн чинь таараад Түүнийгээ чи зүүдний үргэлжлэл шиг санан сэрж ядаад Эцсийн удаа мэт өдөр бүр тийн санаад Энэ биеэ зориулавч цаана нь өртэй үлдэх шиг бодогдоод, хайр ирнэ ээ Тийм л агуу зүйлийн эхлэл урин дуудаад Тэр л өдрийн учрал энэ зун чамд таараад Тэсэлгүй уулга алдах шиг тийн итгэж ядаад Тэгээд зүгээр л үлдсэн амьдралаа түүнд зориулаад, хайр ирнэ ээ Чи ийм гоёхон цэцэг болоод Чамд ийм халуухан сэтгэл байгаад Яг л чамд таарсан чиний сөүлмэйт Нэг л өдөр чиний төөрөг замд урин таараад, хайр ирнэ ээ
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Мөнхтулга Г )
|
|
Шүлэг: Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
Оруулсан admin on 2024-03-30 14:53:22 (663 уншсан)
I'm gonna love you 'til the end I'm gonna be... (MLTR)
Өнгөрсөн дурсамжууддаа би дуртай Өөрчлөх хэрэггүй миний гэнэн алдаанууд Өөрийг минь нуугаагүй тэнэглэл Өдрийн тэмдэглэл, шүлэг, нөхөд
Өөртөө мартагдсан амлалтуудыг Өөр дуунаас санахгүй, өөр дурсамжинд уярахгүй Өөрөө л хайртай тэнэглэлүүд минь
Өөрчлөх хэрэггүй, мартах хэрэггүй Өөр бусдад бүр ч хэрэггүй, тэнэг явсан дурсамжууд минь Өөр дуунд уярахгүй...
(Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Лха Отхан )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 84 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|