BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Вэб сайт хийнэ, байрлуулна ...

Domain, Host, Web ... : BBS Soft LLC by Bataka
Баттуяа 	Ц	 Өгүүллэг: Цэдэндамбын Баттуяа : АРВАН ДОЛООН НАС
Оруулсан Bataka 2026-10-12 18:51:00 (8 уншсан)

Зохиолч: Цэдэндамбын Баттуяа
АРВАН ДОЛООН НАС / ӨГҮҮЛЛЭГ/ 

Өргөн ногоон тал өмнө цэлийж, хөх тэнгэрт улаан наран мишээсэн гоо үзэсгэлэнгийн цогц ертөнц - миний эх орон. Үлгэр домгийн учралыг мөрөөдөж, хүмүүний амьдралаас гайхамшгийг хайн, зүүдээ амилуулсан - миний арван долоон нас. Тэнгэрийн дагиныг хүсэн хүлээх - эр зүрхний оргилуун хүсэл. Хүсэл биелдэггүй гэдэг худлаа юм билээ. Тэргэл саран талдаа саатсан тэр нэгэн үдэш би энэ сэтгэлийн хүслэн болсон тэнгэрийн дагинатайгаа учирч билээ.
Хэнтийгээс Улаанбаатар орох замын дагуух дэн буудлуудын нэг нь манайх байлаа. Манайх дэргэдээ дэлгүүртэй бөгөөд түүндээ би зуны амралтаараа суудаг байв. Тэр нэгэн үдэш түүнийг дэлгүүрт орж ирээд, ундаа аваад гарахад зүрхэнд оч харвах шиг болж билээ. 
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Зохиогч : Баттуяа Ц | )
Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР ГЭДЭГ ТОСГОНД
Оруулсан Bataka 2026-09-30 22:01:14 (120 уншсан)


Намар гэдэг тосгонд санаашрал минь суудаг
Навчис гэдэг бодлууд нэг нэгээрээ хийсдэг
Байшингийн гадаах сандалд уйтгарууд нарладаг
Бялзуухай нисэн ирээд өвлийн тухай ярьдаг

Намар гэдэг тосгонд сүмийн хонх дуугардаг
Намхан тагтны цоорхойгоор сүүлчийн бороо дусалдаг
Нойтон модны утаа сэтгэлийн цонхоор гардаг
Ногтруу шувуу буцахдаа дурсамжийн өдөө орхидог

Намар гэдэг тосгонд цагаан хуснууд байдаг
Нарийхан мөчир дээр нь олон зүрхнүүд цохилдог
Сар луу ниссэн тогорууны шаргал ганганаа цуурайтдаг
Сагстай бүсгүй алхахдаа ганц алим гээдэг

Намар гэдэг тосгонд миний төгөл байдаг
Намайг тэнд суухад алчуур хийсэн ирдэг
Танил сүрчигний үнэр хайрын цэцгэнд шингэдэг
Тайван суусаар би цас орохыг хүлээдэг

Намар гэдэг тосгонд миний ертөнц байдаг
Намар гэдэг тосгонд чиний инээд байдаг
Бид хоёрын алхсан тэртээх жим байдаг
Би чамд дурласан тийм улирал байдаг

Намар гэдэг тосгонд...
 
Монголын Зохиолчдын Эвлэлийн (МЗЭ) шагналт яруу найрагч Ч.Чагнаадорж 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )
Шүлэг 		 Шүлэг: A.Алтансолонго : Би сайхан бүсгүй
Оруулсан admin 2016-03-08 00:35:07 (11793 уншсан)

Орчлонгийн сүүдрийг наранд ойртуулах гэж
Охин дуугаа тэнгэрт хадааж төрсөн - би сайхан бүсгүй
Ижийнхээ сайхныг хугаслан авч мэндэлсэн болохоор
Эгэл төрхөндөө өөрийн орон зайтай - би сайхан бүсгүй
Зуны цэцэг шиг өнгө төгс төрөөгүй ч
Зорсон хөшөө шиг бие хаа тэгшгүй ч
Зургийн хуар шиг хээ тансаг чимэггүй
Залуу насаараа л гоёсон -би сайхан бүсгүй
Чиний харцыг өөр лүүгээ удтал чилээлгэж мэдэх
Чимэг ч үгүй даруухан - би сайхан бүсгүй
Чимээгүйхэн хайрыг чинь зүрхэндээ гэмгүй урьчихаад
Чилийтэл хүлээлгэж мэдэх -би сайхан бүсгүй
Жавар хургасан сэтгэлд чинь хайрын галаа цогшоож
Жаргалд хамтдаа алхлах - би сайхан бүсгүй
Цаг цагийн тоосонд үл гундан чамайгаа чимэх
Цахилах гөрөөс шиг эрдүүхэн - би сайхан бүсгүй
Үйл заяаны учганд би чамайгаа сонгосон хэдий ч
Үнэндээ чиний сэтгэл намайг үгүйлсэн - би сайхан бүсгүй
Үхэхдээ хүртэл чинийхээ хайранд өлгийдүүлчихээд
Өөр ертөнцөд бардамхан алхлах - би сайхан бүсгүй
Надад хайрын дээд нинжин сэтгэл дэлгээтэй болохоор
Надад харах нүдний эгэл бүхэн цогцлоотой болохоор
Надад хамгийн сайхан үрийн тавилан заяатай болохоор
Нартад би өөрийгөө сайхан бүсгүй гэж бардам хэлнэ

БИ САЙХАН БҮСГҮЙ

эх сурвалж

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: О.Заяа : Яаж чи чаддаг юм бэ
Оруулсан Bataka 2026-10-07 14:32:02 (80 уншсан)


Ганцхан хатуу үгэнд чинь усан бороо шиг мэлмэрч
Гал шиг төөнөх үгэнд чинь зуны цэцэг шиг дэлбээлж
Газрын холыг ч мартан ойр юм шиг зүүдлээд
Ганцхан чи л намайг өөртөө татаж чадах юм
Огшоод ирдэг омгийг чи л үгээрээ дарж
Оргилоод хальдаг гунигийг чи л үгээрээ аргадаж
Олз юм шиг онгодыг чиний төлөө урсгаад
Одоо хүртэл чи л намайг хөглөж чадах юм
Хэн хүний өмнө хэнэггүй л явдаг бүсгүйсэн
Хэрэггүй үгээр чамайг гомдоох вий гэж хүртэл айх юм
Хэзээ орох юм бэ тэр бороо чинь чиний уруулыг амтлахсан
Хэнд ч биш чамд л хэлээгүй үгсээ шивнэхсэн
Хундаганд дүүргэсэн архи юм бол бодох юмгүй татахсан
Хуруунд зүүгдэх бэлзэг юм бол санах юмгүй тайлахсан
Хувь дутуу тавилан юм бол харамсах юмгүй явуулахсан
Худлаа ч гэсэн амнаас чинь хайртай гэдгийг чинь сонсоод салахсан
Яаж чаддаг юм бэ чи
Яг л миний зүрх шиг лугшиж
Яаж мэдэрдэг юм бэ чи
Яг л миний сэтгэл шиг түгшиж ....


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Бусад 		 Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг
Оруулсан admin 2013-05-02 14:22:47 (8081 уншсан)

( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Бусад | )
Үржинханд 	Э	 Шүлэг: Э.ҮРЖИНХАНД : НАМРЫН МОДОД
Оруулсан Bataka 2026-10-02 10:54:02 (116 уншсан)


Намрын модод - миний аль эртний танил,
Нам гүмхэн бодолд автан найгалзана.
Нууцын нууцаас бороошиж хуралдсан
Нулимс минь өөрөө бороон дусал ч юм уу?
Нарны цацраг навчинд хувилсан юм шиг
Нандин сэтгэлийн торгон мэдрэмжүүд
Намайг хөглөж, намуухан хөгжимдсөөр,
Найрсан нахилзах хуучны найзууд юм уу?
Өндөр шилэн барилгууд дундаас
Өндийхөөрөө өндийж, над руу даллана.
Өнгөрсөн үеийн сайхныг сануулах гэж
Өрөвч зүрхний минь утсыг хөнддөг юм уу?
Солонгон өнгөнд дурсамж минь шингэж,
Салхины үзүүрт гуниг минь шингэрнэ
Намар болгон надтай л болзохын төлөө
Намирсан шаргалаа тээсээр ирдэг ч юм уу?
          
               2026.09.28
   
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Үржинханд Э | )
Түмэнжаргал  	Загдын	 Дууны үг: Загдын Түмэнжаргал : Уулсын Хаан Мөнххайрхан
Оруулсан Duuren 2026-10-02 10:14:44 (96 уншсан)

УУЛСЫН ХААН МӨНХХАЙРХАН

 

Өргөрөг уртраг сүлжсэн дэлхийгээс

Онож төрсөн энхжин

Өлзий буянт өвөг дээдсээс минь

Надад заяасан мөнхжин


Уулс уулсын хаан Мөнххайрхан

Ус уснаас тунгалаг Булган гол


 

( Дэлгэрэнгүй... | 0 | Дууны үг | Зохиогч : Түмэнжаргал Загдын | )
Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР АА...
Оруулсан Bataka 2026-09-30 21:42:39 (109 уншсан)



Зурагдаагүй гунигийг минь ямар гоё зурна вэ намар аа
Зул өвснийхөө үзүүрээр ямар гоё сийлнэ вэ намар аа
Хөнгөдсөн шаналанг минь яагаад иймээр бүтээнэ вэ намар аа
Хөл дүрсэн шүүдрээрээ яагаад ингэж ариусгана вэ намар аа

Бичигдээгүй уйтгарыг минь ямар нууцхан бичнэ вэ намар аа
Бийр зуусан шувуудаар ямар чимээгүй урлана вэ намар аа
Хэвлэгдээгүй бодлыг минь ямар аажуухан хэвлэнэ вэ намар аа
Хээр талынхаа салхиар яасан зөөлхөн сэврээнэ вэ намар аа

Хайртын минь үсийг ямар тансаг хийсгэнэ вэ намар аа
Хар нүднийх нь сормуусыг ямар аниргүй чийгтүүлнэ вэ намар аа
Дээлнийх нь өнгийг ямар хурдан гандаана вэ намар аа
Дэн бөхдөг үдшээрээ яагаад түүнийг ганцаардуулна вэ намар аа

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Чагнаадорж Ч | )
Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : Аав эзгүй намар
Оруулсан Bataka 2026-09-30 21:34:58 (230 уншсан)

(Ачит аав Еөншөөбүү Улаан Ямаат Цэрэндашийн Дамдинсүрэнгийн гэгээн дурсгалд)

Би Чачиртын давааны бэлд буутлаа морио хөтлөн яваад тэртээ жилийн намар аавтайгаа цуг аяны майханд гал түлж хоносон төгөл хусны дэргэдээс мориндоо мордож, элир бүдэг замын голоор пөг пөг шогшууллаа. Хүн мал явалгүй удсанаас давааны арын хуучин морин жим бараг хулширч, өвс ногоо сахайн ургаж, морины хөл дороос хаанаас л бол хаанаас оготно, зурам год үсрэн жирийж, хаа нэг хэрэм, жирх өвс ногоон дундуур шир шир чавхдана. Уулс чимээ аниргүй дүнсийн сэтгэл өнчрөм эль хуль зүүрмэглэх агаад уулсын онь, хярын хад асганы оройгоор ганц нэг элээ эргэлдэн, хаа нэг ганихрангуй уртаар жимбүүрдэн унгалдах дуулдавч тэр чимээ нь эргэн тойрны эзгүй, аниргүй орчныг улам ч аниргүй, улам ч буйд зэлүүд болгох шиг санагдана. Намрын шар наран илчтэй хэвээр ээвч навч ногоо гандах шинж орж, давааны бэл, жалга судагын дэвсэгээр тогоруу хаа нэг цам харайн, эсвэл гар-ру-гур-ру дуугаран зөн сэргэг биеийнхээ мухарт ямархан нэгэн гунигт, хагацангуйн нисэж буун дэвэлдэнэ. Морь пөг пөг шогшоон дундаа унтагнан явсан мэт тогоруун дуунаар толгойг өргөж чихээ үе үе сортолзуулах агаад хөлийг нь хөнгөлөх санаатай ташуур далайхад шогшоогоо нэмэхийн оронд дэмий л сүүлээ хий шарван, зуны халуунд ялаархах мэт толгойгоо хаялна. Нар баруунаа хэвийж эхлэхэд би жаахан яарсхийж, морио шавдуухан гуядав. Уг нь давааны ам уруудан ширүүхэн хатируулаад Эрээн ширэнгэний хөтлийг нарны “сөлтэй ”-д давчихвал, зорьсон газраа санаа амар хүрчих бөгөөд тэнд манай багийн хадланчид өвс хадаж яваа юм. Багийн дарга хазгар Дорж гуай уржигдар орой эрчүүдийг цуглуулаад,
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Урианхай Д | )
Урианхай 	Д	 Шүлэг: Д.Урианхай : Мөнхийн шалтгаан
Оруулсан admin 2014-01-03 15:52:41 (12047 уншсан)

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..

( Дэлгэрэнгүй... | 9 | Шүлэг | Зохиогч : Урианхай Д | )
Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хүүхэд нас минь
Оруулсан admin 2008-02-12 02:14:28 (13488 уншсан)


Амьдралын зөргөөр дуулалдан одсон сар жилүүд
Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ
Орчлонгийн хуулиар уйлалдан ирсэн зовлонт зүрхнүүд
Он цаг өнгөрсөн ч эргэж мэндлэнэ гэж үү дээ
Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ
Уйтгар зөгнөсөн шаргалхан намрын шувууд минь
Дуулаад л хоцроход нуур нь царцсан шүү дээ
Уянга сөгнөсөн гэгэлгэн салхины урсгал минь ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Үржинханд Э | )
Шүлэг 		 Шүлэг: Ц.Галбадрах : Миний эх орон
Оруулсан admin 2009-07-02 03:34:11 (11866 уншсан)


Оршил

Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ

** МИНИЙ ЭХ ОРОН***

Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Шүлэг 		 Шүлэг: Би хөдөөний хүү
Оруулсан admin 2011-01-14 16:33:11 (8927 уншсан)

Өвөл болход хотынхон шиг утаа гэж санаа зовдоггүй
Өлчир шалгаж тачигнасан зуд болоховдээ гэж айдаг
Хавар болход хотынхон шиг гадаа зугаалах гэж баярладаггүй
Хачин сайхан мал минь тарга авна даа баярладаг
Зун болбол хотынхон шиг борлоно гэж санаа зовдоггүй
Зулгаах өвсгүй болтол ган болох бий гэж зовдог
Намар болоход хотынхон шиг гунигтай гэж санааширдаггүй
Налгар сайхан тариа минь л арвин байгаасай гэж санааширдаг...
Голын эргэ дагаж нүцгэн хөлөөрөө дэвсэлсэн
Гуталын ул салтал эмнэгэ хангал чихдсэн
Айргын үнэрт мансуурж хуруу дарж дэмбээдсэн
Аархаж жаахан халж гэмээн дээлээн ханзартал барилдсан...
Би хөдөөний хүү

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )

Шүлэг 		 Шүлэг: Арима : Моддын тухай шүлэг
Оруулсан admin 2008-12-01 02:40:44 (8043 уншсан)


1.
Даарсан модод нүцгэн мөчрөөрөө үүлсийг баллуурдаж...
Даруй зуун өвлийг тэнд ингэж угтсан
Цэнхэр өнгөнд дуртай жаахан охиныг тэд л
Цэл залуу навчсын ногоон өнгөнд дурлуулсан.
Намраар гэнгэнэх, навчсаа сул асгах хүлцэнгүй
Хавраар тэргүүнээ өргөж, хатсан навчсаа мартах бардамхан
Хачин араншинт энэ модод л надад гунигийг бэлэглэсэн
Хайрласны дараа нулимс ирдгийг бас мэдүүлсэн.
Өглөө бүр би өөрийн эрхгүй цонхоор ширтэж
Өөнтөгч моддын мөчрөөсөө гээсэн навчсыг өрөвддөг
Үдэш бүр би нүцгэн мөчрийг нь түшèж хэсэг зуур зогсоод
Өөр хэн ч сонсож чадахгүй ганцхан дууг тэдэнд аялдаг.
Мод бидэн чимээгүй маргалдаж, бас эвлэрч,
Мод бидэн чимээгүй уйлж, бас инээж...
Араншингаа над руу юүлэх тэдний нүцгэн мөчрийг энхрийлэхдээ
Амь бие, зүрхний халуунаа би тэдэн рүү бас юүлдэг.
Хамгаас дотно ч хамгаас үзэн ядах...
Хамгаас хайрлавч хамгаас тэвчин ядах...
Хачин юм шүү, гэвч тэд л намайг ойлгодог нь
Хамгаас, бүр хамгаас гунигтай энэ модод шүү!.. ( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Золбаяр : Наранзаяа
Оруулсан admin 2008-08-04 23:36:56 (11250 уншсан)

 
Хар-Ус нуурын хөвөөнд. Хоёр жилийн өмнө билээ. Наймдугаар сарын нэгэн налгархан өдөр усны долгио ширтэж суусан юм. Аясаар дөлгөөхөн бидэртэх нуурын мандлыг харж суух амгалан жаргалтай. Хэзээ ч юм бэ, үл мэдэх нэгэн өдөр ингэж суусан мэт санагдах нь хачин сан. Тэгэхэд манай аяллын багт өнөө Оскарын шагналд "Ингэн нулимс" нь дэвшиж асан найруулагч Д.Бямбасүрэн нар явсан юм. Тийнхүү  хэдэн хоног явж ирээд "Бүгээн" хэмээх эсээ тэмдэглэл бичиж уншигч­дадаа хүргэсэн билээ. Үүнийг дурдахын шалтгаан гарлаа.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Цэрэндоржийн БАЛДОРЖ : ЗУЛЦЭЦЭГ /төгсгөл/
Оруулсан admin 2008-06-06 09:55:00 (10537 уншсан)


Зулцэцэг надтай тун ойрхон мөртөө маш хол байлаа. Миний сургуульд явах цаг ойртсоор… Би Зулцэцэгээс өөр бараг юуны ч тухай бодохоо болив. Би урьд нь хэд хэдэн хүүхний тухай бодож сониучирхан шохоорхож тэднийг харьцуулан цэгнэж, чухам хэн нь илүү сайхан хүүхэн болохыг тааж ядан ийнхүү олон хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу гэж гайхдаг байв.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Өгүүллэг | )
Шүлэг 		 Шүлэг: Улаанбаатартаа би
Оруулсан admin 2008-03-26 04:58:30 (8055 уншсан)

Хавар
Хаврын хавсаргатай өдрүүдэд
Хайрт ээждээ халамжаа үзүүлж
Хамгийн түрүүчийн таргийг зөөх
Хайртай хөвүүдийх нь нэг билээ л

Зун
Зуны сар зургаа биш болохооор
Зулзган үрээ зусланд гаргаж
Жаахан хонгор сэтгэлийг нь
Жаргалтай өсгөхийг хүсдэг билээ л
( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )
Бусад 		 Өгүүллэг: У.Мөнгөнхүү : Миний балчир нас
Оруулсан admin 2012-10-10 14:28:52 (9295 уншсан)

Миний балчир нас ухаан орохын л Цаг уурын байрны гурван эгнээ хашаануудын дунд сайран гартай, эвэршиж хатуурсан хөлийн тавхайтай минь хамт үлдэждээ.

Одоо бодоход хүүхэд насаа дэндүү жаргалтай сайхан өнрүүлсэн юм шиг

Дулааны улиралд бол гутал гэж бараг өмсөхгүй хөл нүцгэн л явж байдаг сан аав, ээждээ загнаж зандчуулж байж өмссөн гутлаа хэзээний л тайлаад аль нэг хашааны буланд орхичихдог ингэсээр байгаад хөлийн ул хатуурч эвэршчихсэн зэл зангуу хатгах, чулуу нухах зэргийг барагтайд тоохоо байсан, өвөл бол даарахыг үл ажиран малгай, ороолт, бээлийг бол барагтайд  өмсдөггүй мөртлөө ханиад битгий хэл хамрын шуухниа ч бараг хүрдэггүй байж билээ.

Байрны ах нар үеийн бид нарыг онгироож хурдан морь болгон байр тойруулан уралдуулж хэрэндээ бид нараар хөөрхөн зугууцдаг байсан нь саяхан мэт нүдэнд харагдана.

( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Зохиогч : Бусад | )
Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Доржзовдын Энхболд : Шар хөвийн зэрэглээ
Оруулсан admin 2006-12-13 05:07:01 (11230 уншсан)

Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх, буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан мэлэрч орхив.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Зохиогч : Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 | )
Шүлэг 		 Шүлэг: Залуу нас
Оруулсан admin 2010-01-21 03:02:56 (8073 уншсан)

Намар намрын навчис унан гандах шиг
Нэг нэгээрээ ард хоцрох залуу нас минь
Нүгэл буян гэж таниж амжаагүй залуу нас чамайг
Нууцхан ч гэлээ санахгүй хэн байхав

Харанхуйн бүдэг гэрэлд хаяггүй захидал
Хорин хэдэн насандаа бичиж сууна
Нэг л мэдхэд насны наран үд хэвийж
Нээрэн би чинь гуч гарсан байх юм ( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Зохиогч : Шүлэг | )