|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Өгүүллэг: Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Оруулсан admin on 2019-01-11 08:22:30 (10775 уншсан)
УТГЫН ЧИМЭГ-2018 наадмын дэд байрын шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн өгүүллэг.(Сэтгэл хөдлөм)
ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа.
Хөдөөний хүүхдүүд дөрөв тавтайгаасаа л хурга ялгаж, үнээ ивэлгэхээс эхлүүлээд малын захад зогсож, эцэг эхийнхээ гар хөлийн үзүүрт дэм болох гэж хичээцгээдэгсэн. Түүндээ ч дуртай. Би найм, эгч ес хүрдэг жилийн хаврын амралт юмдаг. Аав сум яваад эзгүй байлаа. Өглөөгүүр ая намдуухан байсан тэнгэр үд дундаас эхлэн бүрзийж, цасан шуурга нүүр нүдгүй балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад эгч бид хоёр ч зүгээр суугаад үлдсэнгүй. Ээждээ дэм болох гэж хонины захаар гүйлдлээ. Ээж “гэртээ ор, ор” гээд байгаа бололтой хоёр гараа савчаад байна. Эгч бид хоёр бараа, бараандаашуу бөртгөнөн гүйцгээв.
Нэг мэдсэн хонь хоёр тасраад нэг хэсгийг нь эгч бид хоёр дагаад гүйж явна. Эгч ч бүснийхээ үзүүрээр намайг уяад «Эгчийгээ дагаад гүйгээд байгаарай» гэж билээ. Энэ хооронд хонь ч нилээн холдсон хэрэг. Богино хөлийн мал ч гэлээ уруудсан л бол бидэн шиг амьтдад гүйцэгдэнэ гэж үгүй. Хаврын шуурга гэдэг нэг балбахаараа аархуу ч гэж жигтэйхэн. Сөрсөн нэгнийг сөхрүүлж байж л санаа амрах аятай. Туниа муутай зарим төлөг борлон энд тэндгүй л бөмбийлдөөд унаж байсан санагддаг юм. Миний нүүр ам тэсэхийн аргагүй чимчигнэж, амьсгаа авахад ч бэрхтэй болж хайрдаж хөлдсөн цас руу өөрийн эрхгүй шургачин уналаа.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б.Баттулга - Мөнгөн шөнө
Оруулсан admin on 2019-01-07 20:09:04 (5614 уншсан)
Базарсадын Баттулга - Мөнгөн шөнө
36 дахь удаагийн Болор цомын эзэн
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Оруулсан admin on 2019-01-07 20:09:01 (5693 уншсан)
Эзнээ таньсан, шударга Болор цом боллоо. Яруу найрагч Б. Баттулга ах харин авсан шиг авлаа даа. 33 дахь цомыг авсансан бол гэдэг халаглалыг минь арчиж хаялаа. Шид онгод нь бадраг ээ.
"Болор цом-36" наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг
Гүн ухааны сүлжээ бодролууд
ОРШИЛ
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм
Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ
Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя
Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм
I
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай
Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх
Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай
Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв
Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу
Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь
Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн
Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ
Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм
Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос
Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа
Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Оруулсан admin on 2018-12-19 13:54:49 (23062 уншсан)
Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав
Их найрагч маань 2002 онд төр,нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн хөшөөний нээлт дээр түүнд зориулсан энэхүү шүлгээ уншиж олон хүнийг уярааж билээ.Та минь бурхны орондоо тайван нойрсоорой.Ум сайн амгалан болтугай! Тэнгэрийн хүү буцлаа.
Тэнгэрийн хүү
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Өгүүллэг: Д.Сумъяа : Хүслийн биелэл
Оруулсан admin on 2018-11-21 15:43:32 (5219 уншсан)
Зохиолч эрдэмтэн: Д.Сумъяа
Манай хот айлаас хүүхэд голдуу хэдэн хүн сулинд мордов. Жандантай ус, шуудай сав тэгнэсэн цагаан ингэний бурантгийг би ээжид өгөөд эргэхэд цагаан ингэ ботгоо дагуулан сэмбэн сэмбэн алхсаар одов. Сулчид гэгээ тасрахаас өмнө Хулгайн сүвээр элс давж Борхярын Цагаан толгой хүрч хоноод тэндээс маргааш нөгөөдөр суль түүж, нөгөөдөр оройдоо буцаж ирнэ. Бид тэдний араас жаал харж зогссоноо гэррүүгээ эргэн алхаж явахдаа гэнэтхэн аав ирэх ёстойг санав. Зургаан жил өнгөрсөн хойно шүү. Дотор хирдхийв. Гэвч яахав миний аав, миний хайртай аав юм шүү дээ. Бас одоо үхэр тугал, хурга ишиг миний толгой дээр үлдсэн болохоор тэдэнд хараа бэлчээв. Хэдэн ишиг салхи сөрөн гол захлан явна. Бодвол эхийгээ л эрж яваа биз. Ямаа, ишиг дуу дуугаа авч, бараагаа харах л юм бол хүчрэгдэхгүй гэж санаад урдуур нь гүйв.
-Чай, чай-ай! гэж алсаас чимээ өгч толгойг нь эргүүлж аваад. нохойн хэвтэш дамжин түнгэн дундуур харайлгаж явтал гэнэт өмнө минь Ноосай зогсож байхыг харав. Би зогтусав. Шингэн хэдхэн буурал үстэй, түүнийгээ шодойтол сүлжин самаар ардаа хатгадагсан. Яг л тэр хэвээрээ. Нутгийнхан хүүхэд, хөгшидгүй л Ноосай, Ноосай л гэнэ. Авгайлга юм уу, хоч юм уу, жинхэнэ нэрийг нь хэн гэдэг юм мэдэхгүй. Харин ямар ч хүнд гэм хоргүй, ганц бие хөгшин байж билээ.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 155 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|