|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Шүлэг: Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:51:27 (1574 уншсан)
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн шороо тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Явуухулан Б )
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
Оруулсан admin on 2023-10-18 14:47:16 (1210 уншсан)
Сэтгэлийн дотор зөөлхөн хөндүүр байх
Сэрэл мэдрэмж өгч, аглагшин зовохын сайхныг ээ
Сэрүүхэн намраар холын ууланд бодол минь оччихоод
Сэмхэнээр намайг дуудан жаргаахын амгаланг ээ
Амьдрал дандаа гялбаа цахиж, тэнгэр дуугарч байвч
Аядуу зөөлөн үүрсэх нь л цээжний гүнд анир цочооно
Алс хол, мянган жилийн цаадах бургас шуугихыг
Аньсага цавчихын зуур олж сонсох зүүд шигээ
Бүрэнхийд бүсгүй хүн инээх нь одод сэрвэгнэх шиг болоод
Бүлээхэн тунгалаг аялгуу цээжинд урсахад залгилнам аа
Бүдэг саран цэнхэр сарнаас илүү энхрийлэлтэйг мэдээд
Бүүр түүрхэн санаашрал төрөх нь урьдын явдлын гунихрал аа
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Эрдэнэ-Очир Арлаан )
|
|
Шүлэг: Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
Оруулсан admin on 2023-10-18 14:43:10 (1257 уншсан)
Намайг харсан нүдээрээ Өвгөн хэрээ Хоёр зуун жилийн дараах Намрыг харна Доржсэмбийн шүлэглэсэн Намар цаг Домог болон Үлдэнэ ээ хөөрхий....
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Доржсэмбэ Ц )
|
|
Шүлэг: С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
Оруулсан admin on 2023-10-18 14:41:25 (1172 уншсан)
Намарт би дургүй
Нүүж явдаг юм бүхэн тэнд бий
Нулимс хүртэл аягандаа багтахгүй
Нүүж урсаж л байдаг
Нар хүртэл дэлхийд багталцахгүй
Буцаж нүүж л явдаг
Намарт би дургүй
Хүүхдийн инээд шиг
Хэдэн бор шувуу
Хээр талын өвсөн дээгүүр
Хэл сураг тасран нүүж л нисдэг
Намарт би дургүй
Нарнаас илүү шатаж амьдрах гэж
Цагийн хяруунд даруулсан хүмүүс
Нулимстай олон сэтгэлийг анзааралгүй орхиод
Цаг хугацаанаас чанад руу нүүж л явдаг
Сарнаас илүү гэрэлтэж амьдарна гэж
Салах хагацахын сүүдэрт бөгтийж нүүдэг
Сайхан залуу нас цагийн хөлд үрэгдэж
Санахын тоосонд булуулж нүүдэг
Намарт би дургүй
Өчигдрийг бүтээгч маргаашийн төлөө амьдарч
Өвлийг өртөөлөн хаврыг зорьдогт чинь хайртай
Хамаг бүхэн өөдөөс нүүж ирдэг
Хаварт би хачин их хайртай.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Т.Дарханхөвсгөл : Бидний намар
Оруулсан admin on 2023-10-18 14:37:23 (1310 уншсан)
Би чамдаа
хэлсэн шүү дээ хонгор минь
Бидний орчлонд
сайхан зүйлс зөндөө гэж
Навчсыг нэг,
нэгээр нь алган дээрээсээ үлээж суухдаа
Нэг тийм
жаргалтай дууг нь сонсдоггүй гэж үү?
Мөчрөөсөө салан
анх ниссэнээс нь хойш
Мөрөөдлийг нь
биелүүлж чи минь дахин нисгэсэн учир тэд дуулж байна
Намрыг хамгийн
сайхан улирал мөн гэж би чамдаа хэлсэн шүү дээ
Эзгүйрсэн нуур
гунигтай харагдах ч түүнд хаврыг хүлээх итгэл бий
Яг л дэргэдээс
минь гэнэтхэн алга болчихоор чинь юу ч хийлгүй
Явсан газар
чинь иртэл чинь зогсох шиг минь
Эсвэл өөдөсхөн
охиноо дээр өргөхөд инээд алдаад
Нисч байна гэж
үнэн голоосоо хашгирдаг шиг
Цагаахан хүсэлт
минь, цаг хугацааны минь намар минь
Цас инээж
чаддаг гэж хэлсэн шүү дээ
Чиний минь
энгэрт охин минь нялхамсдаг шиг
Алгаа дэлгээд
цасан ширхэгийг тос доо хайрт минь
Амьсгалаа
түгжээд тэдний инээхийг сонс доо
Анхны цаснаас
бусад нь инээдэггүй юм шүү дээ
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
Оруулсан admin on 2023-10-18 14:34:18 (1187 уншсан)
Горь тасрах мэт ганц улаан навч
Гол зуран сэтгэлийн гүн рүү хийсэхдээ
Хэлбэр дүрсээ хэдийн алдчихсан, бас гандчихсан
Хэнхдэг цээжинд минь эргэлдэх үй түмэн навчсыг дагуулан
Арван гуравтайгаа л очихыг хүсдэг байсан
Амьдралын гаднах харгуй руу шууран одов оо...
Ай, юутай их нүргэлээн
Ахиад л намар болно гэхээс
Турьхан бие минь дагжин чичирнэ
Тулах цэггүй ганхан зогсоно
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Д.Бямбажав : НАМАР
Оруулсан admin on 2023-10-18 14:24:18 (1188 уншсан)
Сэтгэлд далдын гуниг үргээж салхи сэвэлзэнэ Итгэлд хайрын шивнээ мялааж амраг минь эрхэлнэ Сэмбэрүү манан газраар хөглөрч тэнгэр хуйсагнана Сүмэн өвс өнгөө гоёж дэлхийг аргадна
Намайг хайрласан бүхний зүрхэнд би уянга болж эгшиглэнэ Намрын гурван сарыг аргамжиж ятга болон товшуурдана Зөөлөн зүсрээ нь дээвэр гижигдсэн энэ өдрүүдийн Зүүсгэл гоёл нь миний энхрийхэн хайр байж нялхарна
Тэртээгээс морьтон бууж мордох дэлгэр цагийн Тэлмэн жороо аялгуунд таанын замбага сугсарна Тэрлэг нимгэн бүсгүйн уяхан гоо бэлхүүсэнд Тэнгэрийн нарны ханхүү мөнгөн бүс ороож үзэгдэнэ
Суль өвс жиндээж мэдэх оройтсон борооны Цул итгэл алдарч болох солонгон өнгөнд Сэтгэлийн шувуу нисэн нисэн бууж далдыг шивнэнэ Сэмхэн гуниг үргээн үргээн ойртож бодлыг минь уншина
Үүл эсгэн ганганах шувуудын зэллээнд хүслээ дайж Үрэл мөнгөн шүүдэрт цэцэгсийн дэлбээнд өлмийгөө зүлгэж Өөрөө би цуурай нь оддын чөлөөнд нэвт гэрэлтэх Өнөөдрийг маргааштай нь холбосон цахилдган цэнхэр бөгж юм
Огторгуйд анивчин анивчин шөнийн мэнд илгээсэн Оддын дурлалыг энд хэн нэг нь тосон авч Хязгааргүйн гүнээс уусан мэлтрэх зүүдний тайтгаралдаа Хайрын шувуухай болгон алган дээрээсээ нисгэнэ
Энд би намрын тухай шүлэг тэрлэж суухад Тэнд өвлийн цасны цагаахан хяруу хялмаалж эхэлнэ Энд навчисын сэрчигнээнд бодол хулжиж өртөөлөхөд Тэнд найрын дугараа уртын дуутай шуранхайлна
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: А.Эрдэнэ-Очир : Голын тохой дээр
Оруулсан admin on 2023-10-18 03:23:51 (27709 уншсан)
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
Оруулсан admin on 2023-10-14 19:23:04 (1391 уншсан)
АУГАА ИХ ДАНЗАНРАВЖААТАЙ ӨЧҮҮХЭН ШҮЛЭГЧ НАМАЙГ ЭНДҮҮРСЭН НЬ 1994 онд хурандаа Жамцын Жамсрангийн "Залуужуулж урт наслуулах увдис ухаан" нэртэй ном хэвлэгдэн гарсан юм. Эдгэршгүй хүнд өвчнийг эмчилгээ, өөрийн ухаан сэтгэлээр эмчилж, эрүүл саруул явахын үлгэрийг ард түмэндээ хайрласан Жамсран гуайн энэ ном бас л нэг чухаг сайхан ном болжээ. Уг номын гуравдугаар хэсэгт /14-р тал/ "Байгальтай шүтэлцэх ухаан" гарчигтай бүлэг байна. Тэр бүлэгт: "Байгальтай шүтэлцэх ухааныг шууд заан сургасан Монголын их яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн сургаалыг даган баясч, шүтэн биширч мөргөн залбирч явууштай.
Өглөө болгон эрт босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутаг аа Оюун ухаанд тань хайрлах болно. Орой бүхэн гэрээс гарч Одон ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэс гараг үзэсгэлэн сүлдээрээ Эгнэгт Таныг тэтгэх болно. Алтан нарыг мандах тоолон Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэлгүй дэгжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүмүүн хаа ч явсан Уулсын оргилыг бүрэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат төвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруу инээмсэглэн харж бай Өнөр өтгөн урт наслахын Өлзий хутаг бүрдэх болно гэсэн яруу сайхан, хамгаас үнэтэй энэ сүргаалыг өрх гэр, хүн бүрийн амьдралд шингээх юмсан. Байгальтай шүтэлцэх, бурханд залбиран мөргөхийн алинд ч адилхан ийм үнэнийг дагаж чадвал урт насалж, жаргах өлзий буян лавтай оршино” гэжээ. Энэ шүлгийг Улаанбаатар Радио хэдэн жилийн турш өглөөний санамж нэвтрүүлгийн эхлэл гэж явуулж байна. Энд бүхлээр нь иш татсан шүлэг нь Данзанравжаагийн шүлэг биш, миний 1987 онд бичсэн "Хөхөөн дууны сар" шүлгийн түүврийн эцсийн хуудсанд хэвлүүлсэн "Хөхөөн дууны сар" номын өндөрлөн барих аяны сониноос авсан байж болох юм. Aугаа их хүнтэй өөрийгөө андуурсанд нэг талаас би баярлахын дашрамд миний тэр шүлэг хүн ардын урт наслахад хэрэг болох санаа aгyyлгаар тийм дүүрэн байсан гэж үнэлсэнд баярлах байна. Мөнгөн сарыг хөөрөх бүрuйд Мөнхүү бас бахархан харж бай Сэрж санахын яруу тодыг Сэтгэлээрээ ямагт эдлэх болно гэсэн нэг бадаг уг номонд хасагдсан байна. Суут их яруу найрагч хүнтэй өчүүхэн нэгэн болхи шүлэгчийг андуурсан андуурлыг товчийн төдий тайлж өгсөн бодрол энэ буюу. Зундуйн ДОРЖ
Зундуйн ДОРЖИЙН “Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй тохиолууд” номоос...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Оруулсан admin on 2023-10-14 16:47:43 (1433 уншсан)
Намар намрын улиралд аавыгаа зорино Нар нь шарсан хангай мишээсээр угтана Хүдэн татсан уулс минь эцгийн энгэр шиг ханхайж Хүрээд ирэвүү хэмээн салхиараа үнсэн мишээнэ Миний нутгийн намар ийм л сайхан Мэндлээд буцах хорвоод газрын диваажин гэлтэй Хөлгүй ажил өрнөсөн намрын халуун өдрүүд Хадлангийн майхан үзэгдэх баянгийн минь хөндий Хадуур тармуур нажигнасан их хөдөлмөрийн өлгий Хүйтэний амыг сөрсөн Малчин монгол нүүдэлчин Тэрэгний хайнаг сүүдэр бараадан хэвтэж Тэртээ алсаас хөтөлгөө морьтон дэргэж Утаа суунаглан униартаж майхны амнаас алсарч Унаган хангай нутагт хадлангийн цаг иржээ Нар салхинд онгосон эгэл борхон залуу Наян бухлын өвсийг хөндий дагуулан овоолж Алх дөшний дуу хад дамжин цуурайтаж Аглаг хөвчийн гүнд дотно эгшиг хадаана Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Шимийн аагинд халамцуухан уртын дуу шуранхайлж Шөнийн анирийг цочоож агтны төвөргөөн нижигнэнэ Гол уруудсан хархүү баянгийн адгаар хоног тааруулж Гоолиг сэтгэлийн гүнд хайрын гэгээ цацруулна Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Улаан хошуут турилах зэлний шон дээр цуглаад Уйтгар гунигийн хөгжимийг өөрсдийн хэлээр тоглож Үе Үехэн сүрэглэх аяны шувуудийн ганганааг Үдийн наранд аав минь саравчлан сонсох нь Намар юмаа Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Саахалтын айлууд айлсаад сүү цагаа бялхаад Сарлагын бух хэрж цагаан хяруунд захлаад Хатан туул минь халуун намраар өрөмтөөд Хангай сайхан нутагт минь намар эрт болохнээ Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Ойн цоорхойн наранд халиун буга нь урамдаж Орчлонгийн нэгэн уянгыг бусдын сэтгэлд мэдрүүлж Танхил согоон сүрэг сүрт тулааныг гайхширч Тайга хөвчийн нутагт минь намар айлчлан иржээ Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хорвоод газрын диваажиндаа Зунжин наадсан багачууд сургууль цэцэрлэгээ зорьж Замтын Өндөр даваа хадагаараа тэднийг ивээж Сумын дотуур байр хүүхдийн дуунд сэргэж Суран оосортой цүнхнүүд шинэхэн номонд ижилсэж Миний нутгийн намар ийм л сайхан даа Мэндлээд буцах хооронд газрын диваажиндаа Намар болжээ нутагт минь ...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Ц.БАТТУЯА: НАМАР
Оруулсан admin on 2023-09-18 20:14:11 (5312 уншсан)
Надаас урван одох зуны
Хэлж зүрхлээгүй үгсийг намар гэнэ
Над руу шунан тэмүүлэх өвлийн
Хачин нууцлаг санаашралыг намар гэнэ
Намайг хоргоосоор байгаад алдсан хаврын
Нандигнан хадгалсаар яваа хайрыг намар гэнэ
Надад халдаж зүрхлэлгүй халгах уйт цагийн
Наалинхай хонгор аалийг намар гэнэ
Нулимсыг минь даган шиврэх борооны
Нууж залгисан санаа алдалтыг намар гэнэ
Инээдийг минь тандан будрах цасны
Итгэж шивнэсэн үгсийг намар гэнэ
Учирч амжаагүй нэгэндээ
Сараар шивнүүлсэн үгсийг минь намар гэнэ
Уулзаад хагацсан түүндээ
Салхиар илгээсэн уучлалтыг минь намар гэнэ
Ц.Баттуяа 2014.08.27
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Баттуяа Ц )
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:49 (1465 уншсан)
Судрын мөрнөөс тарнийн цэцэгс дэлгэрээд Чиний зүг алгуурхан шүхэрлэж байдгийг мэдэр Суу билгийн цагаан бороо Чамайг мэндэлсэн цагаас эхлэн дагаж зүсэрсээр буйг мэдэр Уулсын зүрхэнд гэрэлтэн байгаа лус Чамайг сониучирхаад ширтэж байдгийг мэдэр Улаан, шар, ногоон, цагаан, хөх өмсгөлтэй дагинас Мөрөн дээр чинь агшин бүрт бүжиж байдгийг мэдэр Ус мөрний цэнхэр, цэнхэр долгис Угтаа чиний сэтгэлээс ундрах гээд хураагдан буй Хөгжим гэдгийг мэдэр Улбар ягаан мутар мэт туяа Тэнгэрт нэгэн мэлмийг урлан, урлан үүр гийх нь Уйтан чамайг өөрийнхөө доторх гэрлийг тэмтэрч үзэхийг сануулсан Зөн гэдгийг мэдэр Униар татаад сарних нь, зэрэглээ үзэсгэлэнтэйгээр бүжээд гэнэт нуугдах нь Уяхан орчлон хоосон чанартайг шивнэж буйг мэдэр Өвс өвсний шүүдэр дотор нэг нэг чинад үг боловсроод Өглөө бүхэн чамайг хүлээж байдгийг мэдэр Тунгалагхан тэр шилтгээнүүд хормын дотор сарнихад Туяаран буй тэр үгс Чиний зүрх рүү нисэн ордгийг мэдэр Хэн нэгний цацлын халбаганаас цацарсан сүү Цагаан Дарь-Эхүүд болоод Хэд хэдээрээ чамайг тойрон эргэлдэж байдгийг мэдэр Алгаа дэлгээд сайн ажигла, тэгээд бясалга Алтан олбогт мянган будда өмнөөс чинь ширтэж буйг мэдэр Чиний зөвхөн алганд чинь мянган будда багтаж буй Чимэггүй үнэнийг хэлэхэд Түүнээс ч олон бурхан чиний дотор буй Амгалан хээр талд тогоруу шиг явгалан бэдрэх Аниргүй цагаан сарны нүдийг мэдэр Чиний зүрх ч бас үе үе яг энэ сар шиг Чимээгүйхэн амсхийе гэж гуйж байдгийг мэдэр Хурууны чинь өндөг бүхнээс мөнгөлөг эрвээхэйд гарч дэвээд Хурмастын туурвисан нэгэн дууг чамд дуулж өгсөөр байдгийг мэдэр Борооны дусал бүхэн нэг нэг навчинд хувираад Бодь модыг дүрслэн, дүрслэн чамайг хучсаар байдгийг мэдэр Тэр навчсаас гэрэлтэх номын үсэгнүүд Тэнгэрт одох бас тэнгэрээс ирэх замын тухай хүүрнэж байдгийг мэдэр Салхи үе үе шанхны чинь үсийг сэвэгнүүлэхдээ Сансрын хүрдний эргэлдэх чимээг сонсгож байдгийг мэдэр Бөртөс бөртөс үзэгдэхдээ сарны туулай Бөмбөрцгийн хаалгыг олоод явж орох Ямархан хувь болох тухай дуулж байдгийг мэдэр Хорвоогийн хацарт хацраа наагаад гүн дотогш аяла Хонгортох салхины мөрийг түшээд учрахуйн утгыг анирд Нэгнээ хайрлахдаа л хүмүүн гэгч тунгалаг болдог гэдэг юм Намрын будан дунд урамдах бугын дууг сонорд Намирч шуургалахдаа өөрөө ч уярах шаргал өвсийг чагна Найгаж л байхдаа хүмүүн гэгч төгс оршдог гэдэг юм Мэдрэмжээс мэдрэмжийн зүгт агшин бүрт зорч Мэлмэрэгч сарны дайдад өөр цэнгэл гэж үгүй
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бавуудорж Ц )
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : ИТГЭЛ
Оруулсан admin on 2023-09-12 10:09:10 (1441 уншсан)
Сөхөрч буй нэгний өвдөгийг зөөллөх Сөөм цагаан цэцгэнд хувилах авъяас танд бий, итгэнэм Ганцаардан алхах хэн нэгний өмнө Галбар занданы төгөл болох эрдэм танд бий, итгэнэм Оршихуйгаас зөвхөн гэрлийг нь хураах таалал танд бий, итгэнэм Орчлонг өрөвдөхүйн дияан ганцхан танд л бий, итгэнэм Тэвэр тэвэр цэцгийн баглааг зуны хур мэт амилуулах Суу билигт зүрх танд бий, итгэнэм Тэнгисийн санааг бусдад хэлмэрчлэх Хэл танд бий, итгэнэм Аньсан булгийн нүдийг нээх үг танд бий, итгэнэм Аньсаганаас нь нулимс дусч буйгаар дүрсэлсэн Бурхадын тигийг засах гэрэл танд бий, итгэнэм Огторгуйн мөн чанарт дөхөж очоод Мөр түшилцэн нөхөрлөх хувь танд бий, итгэнэм Орь залуухан уулсын цасан дор Оргилон буй галыг амирлуулах бясалгал танд бий, итгэнэм Дорнын мэлмийг арчиж өгөх дулаахан алга танд бий, итгэнэм Дотоод сансарт нь өнөд шүхэрлэх зохионгуй танд бий, итгэнэм Эрээн хорвоогийн цонхон дээр улаарах Мөнхийн цэцэгсийг олж үзэх мэлмий танд бий, итгэнэм Энэ их хайрыг бүтээсэн хүмүүн төрөлхтөнд Талархах зөн танд бий, итгэнэм Харанхуйгаас гэрэл барих уурга танд бий, итгэнэм Гэрэл дотроос гэрэл шүүрэх мутар танд бий, итгэнэм Мөнх бусын салхинаар замбу тивийн зүг эргээд шүхэрлэх Мөнгөлөг цэцэгсийн дуулалдахыг сонсох сонор танд бий, итгэнэм Амандаа мөнхийн ус балгасан хараацай шиг Бөмбөрцгөө тойрон нисэх жигүүр танд бий, итгэнэм Арцан дээр түүнээ гэнэт алдаж асгаад мөнхийн хутаг оршоосон Буурал үлгэрийг амилуулах шид танд бий, итгэнэм Айсуй цагийг үүрдийн тунгалагт урвуулах увьдас танд бий, итгэнэм Амьдралыг ганцхан зурвас гэрлээр бүтээж Мянган өлзийт гэрэлд дэвшүүлэх билиг билгүүн танд бий, итгэнэм Гүнээ итгэнэм
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бавуудорж Ц )
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : ТОМЪЁО
Оруулсан admin on 2023-09-12 10:08:37 (1324 уншсан)
Өрнийн томъёо өөр болсон Өндөр тэнгэрийн томъёо өөр болсон Бүүвэйн томъёо өөр болсон Бөмбөрцгийн томъёо ч өөр болсон Цасны томъёо өөр болсон Цаг хугацааны томъёо өөр болсон Мөнх бусын томьёо өөр болсон Мөнгөн хэвлийд бүрэлдэхийн томъёо ч өөр болсон Арга билгийн томъёо өөр болсон Асгарсан цагаан сарны томъёо өөр болсон Алган дээрх мэлмийн томъёо өөр болсон Аниргүйн томъёо өөр болсон... Гэрэл сүүдрийн томъёо өөр болсон Гэрэлт эрхэсийн томъёо өөр болсон Өвсний томъёо өөр болсон Өвсөн дээрх шүүдрийн томъёо ч өөр болсон Дээр бөмбийгч нарны томъёо өөр болсон Дээвэр туурга, бүслүүрийн томъёо ч өөр болсон Догшидын өмнөх бүх томъёо өөр болсон Дорнын томъёо л гагц Нууцын нууц үлдсэн... Нүдний өмнөх бүх томъёо өөр болсон Нүүдэлчдийн томъёо л гагц Чинадын чинад үлдсээн... Галбуудыг тэр томъёогоор сэрээж болно Гал, усыг тэр томъёогоор урвуулж болно Хүн төрөлхтнийг тэр томъёогоор аварч болно Хөх өвсийг тэр томъёогоор мөнхөлж болно Дөрвөн далайг тэр томъёогоор захирч болно Таван тивийг тэр томъёогоор засч болно Тэнгэрийг тэр томъёогоор таньж болно Дэлхийг тэр томъёогоор тулж болно Дорнын тэр томъёогоор Дотогшоо харах болтугай Нүүдэлчдийн тэр томъёогоор Нүдээ нээх болтугай Хүн төрөлхтөн...
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бавуудорж Ц )
|
|
Шүлэг: Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
Оруулсан admin on 2023-09-12 10:07:49 (1312 уншсан)
Энгүүхэн хөх өвсөн дунд Эрхэмсэг оршихуйг анзаарч суунам Яг энэ эгэл өвс шиг Яруу сайхан бясалгахыг хүснэм Гэрлээс гэрэл эхэлдэгийг энэ хөх өвс надад хэлсэн Гэрэлт оршихуй тэндээс эхэлдэгийг бас хэлж өгсөн Гэрлээс сүүдэр эхэлдэгийг ч хэлж өгсөн Гэгээн орчил хамт эхэлдэгийг шивнэж хэлсэн Харанхуйд гэрэл уйдашгүй гоо үзэсгэлэнтэй болдогийг шивнэсэн Сөгдөшгүй хүчирхэг, ариун харагддагийг шивнэсэн Биширмээр зөөлөн, тунгалаг бай гэж шивнэсэн Бие, сэтгэл чинь аяндаа гэрэл болно гэж шивнэсэн Ирэх одох, бүтэх эвдрэхийн орчлон Этгээд гэрэл юм шүү гэж бас шивнэсэн Гэрлээс эхэлсэн бүхэн Гэрэлдээ шингэх төгсгөл мөрөөсдөгийг ч шивнэж хэлсэн Тэнгэрийн зүүдийг хүмүүн төрөлхтөн Аль эрт таниагүйг хэлж өгсөн Тээнэгэлзэж эргэлзээд бэдэрч явааг нь ч хэлж өгсөн Аугаа их гэрлийн эрэгт Аль эрт хүрсэнийг нь хэлж өгсөн Алгаараа хутгаад Амсаж амжаагүйг нь ч хэлж өгсөн Зуланд үйсэн эрвээхэйдийг хэлж өгсөн Зуурдын бус ертөнцөд нэвтэрч чадсаныг нь хэлж өгсөн Илбийн солонгот биесийг нь хэлж өгсөн Эгшин зуурт тэдний гэрэлтэй нэгдсэнийг ч хэлж өгсөн Энэ хөх эрвээхэйдийн нэг болж чадах уу гэж Эгцлэн ширтээд бас надаас цочтол асуусан... Өвс, өвсний нүд аниргүйхэн ширтэнэ Өнгө өнгийн бодлыг минь сониучирхан ганхана Ай ийм гэгээхэн агшинд Ариун өвсний хүүрнэлд уяран суухдаа Хүн төрөлд авна уу хэмээн сөгдөн сөгдөн гуйж Хөх бөмбөрцгийн хаалгыг дахиад тогшмоор санагдана Яг энэ эгэл өвс шиг Яруу сайхан орших юмсан
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бавуудорж Ц )
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
Оруулсан admin on 2023-09-12 09:53:51 (1418 уншсан)
Орчин цагийн айлд Олон машин хэрэгтэй гэнэ
Дундаж орлоготой өрхөд Долоогоос дээш байх юм гэнэ
Ажил төрлөө амжуулдаг Авто машин нэгдэх нь
Ухаалаг энгийн ажиллагаатай Угаалгын машин хоёрдох нь
Тооцоо зарцуулалтаа боддог Тооны машин гуравдах нь
Махан хэрэглээтэй бидний Махны машин дөрөвдөх нь
Томоогүй үрсээ тоглуулдаг Тоглоомон машин тавдах нь
Үрсийнхээ сэвлэгийн үргээх Үсний машин зургаадах нь
Сайхан эрийн анд Сахлын машин долоодох нь
Бидний нэрлэснээр компьютер Бичгийн машин наймдах нь
Яриад байвал хязгааргүй юм Ямартайч машин хэрэгтэй бололтой
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
Оруулсан admin on 2023-09-12 09:53:05 (1249 уншсан)
Зуны урт өдрүүдийг Тонголзож үдсэн ганц тогоруу Зуслангийн хонины бэлчээрт Торолзож өнждөг ганц тогоруу
Гантай жилийн өнгө Хөөрхий тэр л ганц тогоруу Газар сайгүй тэнэсээр Хөхөрч гандсан ганц тогоруу
Хосоор оршдог хорвоод Яагаад өнчрөв ганц тогоруу Холын холоос ирэхдээ Ядарч ирсэн ганц тогоруу
Өмнө зүгээс зорьсоор Үдлээд буцсан ганц тогоруу Өдөр шөнөгүй бөхөлзсөн Үлгэрийн юм шиг ганц тогоруу
Буцах өдрөө тоолон Талд өнжсөн ганц тогоруу Будант хорвоог туулан Тал түшсэн ганц тогоруу
Утас шиг хөврөх сүрэгтээ Нийлэн буцсан ганц тогоруу Умард зүгийг зорьсоор Нисэн одсон ганц тогоруу
Үнэнээс үнэн байдаггүйг Өнөд сануулах ганц тогоруу Үеийн үед бодогдох Өнгө нь гандсан ганц тогоруу
Яруу найрагч Юндэн овогтой БАЯН-ОЧИР
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
|
|
|
Санал асуулга |
|
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 130 зочин 0 гишүүн байна.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|