|
|
Вэб сайт хийнэ, байрлуулна ...
|
|
Хайх
Та эндээс шүлэг өгүүллэг хүссэнээ хайж болно...
|
Сургамж: Чингис хааны алтан сургаалиас
Оруулсан admin on 2022-11-24 14:51:49 (2015 уншсан)
Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй. Өчигдөр их сууринд суумагц, Өнөөдөр улсын хэргийг орхиж Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана. Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.
Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжпөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдпаар явж эс чадвал хаан болж юу хиймой.
Шившиг Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрзэ энх түвшин болгох бодолтой баймой.
Учир нь нэгэн хүмүүн терөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох
Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай
Нэг сэтгэлтэй, яваарай
Улсаа аваръя авраарай гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү"
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж
| Оноо: 0/0 | Зохиогч : Өөрийгөө ялах нь )
|
|
Шүлэг: ЧИНГИСИЙН ЕСӨН ӨРЛӨГТЭЙ ӨНЧИН ХӨВГҮҮНИЙ ЦЭЦЭЛСЭН ШАСТИР
Оруулсан admin on 2022-11-23 19:58:31 (8185 уншсан)
Чингис хаан Хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард түшмэддээ зарлиг болруун:
Манай монголын тэжээсэн мал нь хэдэн зүйл буй боловч өшт дайсан лугаа байлдахад нөхрийн дээд, үлдэх дайсныг даруй түргэн гүйцэгч үл алдагч хавт баатруудын жигүүр, өсөх залуусын биеийн чимэг болсон эрдэнэ, морины шим сүүний дээжийг эрхт тэнгэр дэлхийд өргөн тахиад үүнээс эхлэн сайтар тогтоож бүрэн энэ монгол улсад хууль болгосугай хэмээгээд, есөн өрлөг, таван тайж тэргүүлэн ер таван өнгө дөрвөн харь улсаа хурааж их хурим хийхэд суут богдод сүлдүсүний Сорхон шар хэлэв:
Дээд хаан эзэн минь айлдан соёрх
Дэлхий их хурал чуулганд
Унд дарс үгүй болбол
Үтэл цулгуй болмуй гэв
Заяат эзнээ Сорхон шар өгүүлбэл, залиарын гоо Мухулай угтаж аваад хэлэв:
Барилдсан үгсийг минь байлгадаг бишүү
Бардам дээрэнгүй сэтгэлийг төрүүлдэг бишүү
Чуулсан үгсийг минь цуцалдаг бишүү
Олигт муу унд дарсыг тэвчвэл
Үг минь бэх бие минь сайн буй за гэв.
Цогт төрсөн богдод гоо Мухулай хэлбэл, зөрчдийн Чуу мэргэн угтаж аваад хэлэв:
Санасан үгийг минь илрүүлдэг бишүү
Сайн муу хоёрыг минь мэдүүлдэг бишүү
Доторх үгсийг минь гаргадаг бишүү
Доор дээр хоёрыг минь ялгадаг бишүү
Эртнээс нааш рашаан бишүү
Энэ ертөнцөд жаргал бишүү
Үүнээс хойш дуртгал бишүү
Эдүгээ үүнийг тэвчвэл
Энэ хурим цулгуй бишүү зөв буюу гэв.
Ачит төрсөн эзнээ Чуу мэргэн айлдвал, арлудын хөлөг Боорч угтаж аваад хэлэв:
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Сургамж: ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Оруулсан admin on 2022-11-22 15:35:19 (2650 уншсан)
Өтөл насандаа харамсах шийдвэрүүд гаргахгүйн тулд ЗААВАЛ хийх ёстой зүйлс…
Залуу насны алдаа. Хүн бүр алдаа гаргадаг хэдий ч өтөл насандаа харамсах шийдвэрүүд гаргахгүйн тулд хийх ёстой зүйлс…
Танд өдөр бүр ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй болдог байх. Том, жижиг олон шийдвэрээс бидний амьдрал бүрддэг. Яаж алдаа гаргалгүй, зөв зүйл хийх вэ? Таны гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл ирээдүйд илүү муугаар нөлөөлөх эсрэг зүйл болон өөрчлөгдвөл маш аймшигтай. Гэхдээ танд тохиолдож буй зүйлд та өөрөө хариуцлагыг нь хүлээдэг нь сайн хэрэг. Тэгэхээр бүх зүйл таны гарт байдаг тул алдаа гаргахгүй байх, алдаагаа засах итгэл найдвар нь ч танд бий.
Залуу хүмүүс л ихэвчлэн алдаа хийдэг. Бид өөрсдийн үйлдлээ урьдаас төлөвлөж, тооцоолдоггүй. Хөгширсөн хойноо хийсэн зүйлдээ харамсахгүйн тулд одоо гаргасан шийдвэрүүд тань тэнцвэртэй байгаа эсэхийг шалгаад нэг үзээрэй. Бүгдийг засч залруулж болох хэдий ч алдаа гаргахгүйн тулд аль болох аливаад нухацтай хандаж байх нь зүйтэй.
ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Амьдралаа телевизийн шоу нэвтрүүлэг, цуврал кино үзэж дэмий хоосон өнгөрүүлэх хэрэггүй. Тэр бүх цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг санаарай.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Сургамж
| Оноо: 0/0 | Зохиогч : Өөрийгөө ялах нь )
|
|
Өгүүллэг: Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Оруулсан admin on 2022-07-19 11:06:35 (3602 уншсан)
Хөдөөлж гадаалсан тоосоо ч арилгалгүй ажил дээрээ очив. Ширээний ард дөнгөж суумагц нарийн бичгийн дарга хүүхэн сагсайсан цаас авчраад урд тавилаа. Баахан урилга харагдана. Юун урилганууд байдаг билээ гэж гайхав. Гэтэл өнөөдөр арванхоёрдугаар сарын 31. Шинэ жилийн баярын өдөр шүү дээ гэж санав. Урилгуудыг задалж үзэв. Ихэнх нь баяраа тэмдэглээд өнгөрсөн байна. “Доктор Норов таныг хүрэлцэн ирэхийг урья” гэсэн нэг хэвэнд цутгасан мэт үгсийг урилга бүрээс уншиж үзэв. Өлөө орой тэмдэглэх шинжлэх ухааны академийнхаа шинэ жилийн баярт эрдэмтэн хүний хувьд оролцох нь чухал гэж би үзээд урилгыг нь тусад нь тавив. Тэгтэл хаалга сэвхийн онгойж тас хар үсээ мөр хондлой руугаа асгаруулсан өндөр гоолиг бүсгүй хаалганы наана зогсоод “Орж болох уу?” гэж байна. Орж ирчихээд орох уу гэх юмдаа гэж шоолонгуй бодоод толгой дохив. Бүсгүй эрүүл чийрэг залуу хүний алхаагаар товолзтол алхлан ширээний дэргэд ирснээ “Уучлаарай. Таныг мал аж ахуйн хүрээлэнгийн захирал доктор Норов гэдэг үү?” гээд миний “Тиймээ” гэж гэхийг ч хүлээлгүй цүнхээ уудалж дугтуй гаргаж сарвайв. Бас л нэг урилга ирлээ дээ. Очиж чадахгүй л юм байна даа гэж бодоод бүсгүйн урмыг унтраахгүйн тулд “Баярлалаа” гэвэл өнөөх бүсгүй нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд “Хүлээн авлаа…” гэсний арын зайг сүмбэ шиг урт хуруугаараа зааж яг энд та гарын үсгээ өөрийнхөө тогтсон хэв загвараараа зурчих. Өгүүлсэн эзэн нь ингэхийг танаас хүссэн юм гэв. Урилга өгснөө доллар өгсөн шиг гар хөлийн үсэг зуруулж сүржигнээд яах нь вэ гэсэн шүү юм бодож бүсгүйг түргэн гаргахаар үзгээ шүүрч аваад гарын үсгээ зурав. Дэгжин хүүхний сүр бадруулж өгсөн дугтуйг задлах гэтэл лацадсан байв. Урилга өгөх гэж нууц амрагийн захиа хүргэх шиг юм болох нь гэж санаад инээд хүрэв. Гэтэл бүсгүйн хэлсэн “Та гарын үсгээ тогтсон хэв загвараараа зураарай” гэсэн үг сэтгэл сэрхийлгэн нэгийг бодож лацтай урилгаа ширээ рүү түлхээд тээр жилийн нэгэн үйл явдлыг эргэн санах гэж дурдатгалын цэнхэр манан дунд боддоо бэлчээв.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Өгүүллэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Өгүүллэг )
|
|
Шүлэг: Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Оруулсан admin on 2022-04-27 18:43:26 (3412 уншсан)
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хичээлд чинь хүргэж өгдөггүйд Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа Бусдын тоглоомын булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хачир ихтэй хоолоо голохдоо хоосон ходоодтой хонох ямар хэцүү вэ гэдгийг Хүү минь мэдэхгүй л байгаа Хоосон ходоодтой хоносон хайр дүүрэн гэр бүл ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг Харин үр минь мэдэж байгаа Уулзах өдрөө хорин алхамын цаанаас гүйж ирээд Угзарч хүзүүг минь тэвэрч эргэлдэхдээ Учрал гэдэг ямар их он цагийг туулж Ямар их тэвчээрийн ард нуугддаг вэ гэдгийг ойлгож байгаа
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хорин найм, арван дөрөв гэдэг хүний хязгаарыг шалгамаар урт тоо Хүүгийнхээ ирээдүйн замыг алтаар засмаар хүндлэл хүлээсэн ажлын минь өдрүүд Арван жилийн дараа хүү минь сайхан эр болчихоод Алсад ажилласан өдрүүдээр минь бахархах болноо Гэвч
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Зуун мянган ембүү өгсөн ч аав нь чинийхээ дэргэдээс холдох учиргүй Зовлон жаргалын алинд ч зөвхөн чамайгаа зоригжуулж байх үүрэгтэй Хажууд чинь байх хоног өдрүүд болоод хайр халамжийг минь Хадгаламж руу чинь шилжүүлсэн цалин минь орлохгүй гэдгийг би мэднээ
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Ээжийг бусдаас харамлаж өөрийгөө гэрийн эзэн мэт хэрсүүжтэл Энэ насанд чинь баймгүй хажуужил суулгаж байгаадаа Хүүхдүүдтэй л ижилхэн тоглож гүйдэг насан дээрээ Хураасан хэдэн төгрөгөөрөө аавдаа чөлөө авч өгнө гэж ярьж байгаад чинь Үнэндээ Өр дотроо Өмөрч л байна
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай.
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Оруулсан admin on 2022-04-22 10:53:30 (3023 уншсан)
Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг
Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг
Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг
Дэлхий од гараг бүхлээрээ эх хүн байдаг аа.
Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг
Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг
Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг
Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.
Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг
Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээнбодол байдаг
Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг
Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.
Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг
Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг
Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг
Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.
Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг
Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг
Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг
Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.
Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг
Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг
Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг
Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.
СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ "БҮСГҮЙ ХҮН"
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: C. Амина : Би ахдаа хайртай
Оруулсан admin on 2022-03-22 12:49:25 (4219 уншсан)
.....Тиймээ би ахтай хүн
Тэр хүний энгэрээc аавын үнэр үнэртдэг
Тэгээд бас хааяа томордгийг нь эс тооцвол
Тэр чигээрээ аавын дүр төрх.
.....Хааяа надад ахархана
Ханцуй шамалж дүр эсгэнэ.
Ард чинь би чиний асаалттай танк гэнэ
Айдаа би ч аварга бамбайтай хүн дээ.
....Агаадаа хэлнэ гэж заримдаа гайхуулмаap
Ахаараа бардаж бахархмаар
Аавын нүнжгийг бялxтал өмчилсөн
Азтай шүү би,aaгтай аxтай хүн.
....Ил зэмлэж, далд хайрлана
Эвий гэж толгой илэхгүй ч эр хүн шүү миний ах.
Аав ээжийг зовоов чи гэж харцаараа зэмлэдэг ч
Алив ах нь зохицуулъя гээд дарганцарна.
....Зохицуулна гэж ян таг
Зовлонд өмнөөс шуударчихна
Хатуу үгээр хааяа зэмлэдэг ч
Хормын дараа сэтгэл нь уярна.
....Далд нэг авна,ил нэг холгоно ахыгаа
Давраад бай гэчихээд алга нь дэлгээстэй
Агаа гээд аяыг нь хөглөчихвөл
Арга зальд минь хууртагдан эгшиглэчихнээ.
....Тийм ээ би ахтай
Тэр хүний энгэрээс аавын үнэр үнэртдэг.
Эр хүн гэвэл миний ах
Энэ хүн миний түшиг тулгуур
....Тулгууртай байхад дүү нь тэнцэнэ
Туждаа байхад зовлонгоос ч имээхгүй.
Хайлган зөөлөн уян миний ах
Хамгаас хайртай шүү агаа таньдаа.
....Аз,эз тосог яадгийм
Ард асаалттай танк байхад яахийн
Эвийг нь олоод ахыгаа өхөөрдөөд байхад
Энэ амьдралд энгэрт нь багтаад болчихноо.
....Сайхан ах байна байна
Сайн эр хүн гэвэл миний л ах
Ахын тус хэрэгтэй боллоо яаx уу
Агаа гээд гүйгээд очлоо яадгийм....
............C. Амина
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Оруулсан admin on 2022-03-20 11:08:20 (3023 уншсан)
Түмэн зүгт түгсэн
Монгол түмний магнай дээр
Түүхийн хуудсанд шаргалтсан
Дайчин удмын угшил дээр
Төрт их ёсны
Төгөлдөр оюун далбай дээр
Түвшин их гүрний
Хаан өндөр соёмбо дээр
Хангарьд дэвж
Нарны цацраг буйрлахад
Хатан өүлэн ижийн
Сүүн цацлаар ерөөгдөж
Хамаг монголд минь
Энх өглөө ирж байнө
Эх орон минь сэрж байна.
Хурай хурай хурай
Д.Батзул
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
Оруулсан admin on 2022-03-18 23:55:48 (3327 уншсан)

Амь үрэгдсэн цэргийн булшин дээр
Сүүмийлгэж орхисон бууны хуй
Эзнийхээ цоорхой дуулгыг өмсөж
Эх орныхоо цуурхай газар үлдэжээ
Ургах гээд ургаж чадахгүй
Хөөрхий шар модон хуй
Унах гээд унаж чадахгүй
Хөөрхий хар төмөр буу
Баатар эрийг манан, манахдаа
Байлдааны талбарыг санан, санахдаа
Эзнийхээ халуухан зулайг үгүйлсэн
Ногоон төмөр дуулгыг өргөж
Эх орныхоо хатуухан заяаг өгүүлсэн
Хүрэн шороон булшийг тулжээ
Замаг дээрх дугаараа
Элэгдэж арилтал
Зам дээрх дурсгалаа
Эдгэрч арилтал
Овог, нэр бичсэн чулууны оронд
Сүүмийж үлдсэн
Он, сар бичсэн хөшөөний оронд
Торойж үлдсэн
Халхын голын байлдагчийн
Бүлээн шороон дээрх
Дуулга өлгөсөн буу...
Буунд өлгөсөн дуулга...
Амь үрэгдсэн эцгийнхээ төмөр малгайг өмсөж
Амьд үлдсэн хүү шиг харагдана...
Амь үрэгдсэн хүүгийнхээ булшин дээр ирж
Амаа барин уйлах эх шиг харагдана...
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нүүж чадахгүй хүлээсэн дээ
Энэ төмөр малгайны эзнийг хэн нэгэн
Нууж чадахгүй хайрласан даа
Энэ төмөр малгай хэн нэгний дотроос
Гарч чадахгүй удсан даа
Энэ төмөр малгайг хэн нэгэн
Харж чадахгүй зовсон доо
Дайчин нөхрөө ийн оршуулчихаад
Давшилтад тийн орсон цэргүүд
Хүрэл, төмөр дуулгаа
Хүүдээ өгсөн болов уу, хөөрхий
Буундаа өлгөсөн болов уу, хөөрхий
2022-3-12
О.Цэнд-Аюуш
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Найраглал: Д.Пүрэвдорж : Хөх даалимбан тэрлэг
Оруулсан admin on 2022-03-18 23:03:51 (55956 уншсан)
Уянгын оршил *********** -Цэрэг эрсийн улаан тоос Цэцгэн дундуур татаад явсан юм Цээжин дотор хагацал орхиод Цэнхэр уулсыг даваад явсан юм Олон эрчүүл дуугаа дуулаад Онгон талаар давхиад явсан юм Орон гэртээ зайгаа орхиод Одтой адил харваад явсан юм Сарних тоосны нэгэн үзүүрт Саруул нүдээ би чилээж Санаа алдан сүүгээ өргөн Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм Хөдөө нутгийн хөх алсад Хөл хүнд шинэхэн бэр Ардын хувьсгалт улаан цэргийн Ар гэр болж үлдсэн юм
(Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл бичих | Найраглал
| Оноо: 30/7 | Зохиогч : Пүрэвдорж Д )
|
|
Шүлэг: Д.Дамдинжав : Дурлал
Оруулсан admin on 2022-03-18 13:58:12 (3764 уншсан)
Эрхэм уншигч танд “Гол тоглогч I, II, III” болон яруу найргийн “Дотоод тэнгэр” номын зохиогч, сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын “Дурлал” шүлгийг хүргэж байна.
Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа
Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа
Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа
Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...
Би чамд хайртай гэж хэлэхэд чи хорин нэгтэй байлаа
Бэлэг шиг нялх үдшийг хамт өлгийдөхөд чи хорин хоёртой байлаа
Бийрээ тавиад, галбирыг нь сийлж суухад чи хорин гуравтай байлаа
Бэлхүүсийг хоёр утгад хувилахад чи хорин дөрөвтэй байлаа...
Би чамайг хоёр дахин ихээр хайрлахад чи хорин тавтай байлаа
Бэр цэцгээр үсийг чинь гоёход чи хорин зургаатай байлаа
Бэрхийн ууланд хамт зугаалахад чи хорин долоотой байлаа
Бэлийн чулуу түүж, сэтгэлээ чам руу зөөж явахад чи хорин наймтай байлаа...
Саргүй үдшээр цөөрөмд очиход чи хорин естэй байлаа
Санаа алдалт шиг од харвахыг ажиж суухад чи гучтай байлаа
Санасан шүү гээд бүдэгхээн дуу алдахад чи гучин нэгтэй байлаа
Салхигүй намуухан цөөрөмд бийрээ дүрэхэд чи гучин хоёртой байлаа...
Сайхныг чинь дахиад л зурж эхлэхэд чи гучин гуравтай байлаа
Санаандгүй үсэнд нь ганц цагаан зураас татахад чи гучин дөрөвтэй байлаа
Сар тэргэлтэхэд чи гучин тавтай байлаа
Сайхь цөөрөмд гурван нялх ангир хөвөхөд чи гучин зургаатай байлаа...
Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд
Гуниг гэдгийг үүрд мартаад
Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд
Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа.
2019.01.18
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Цэрэг эрс
Оруулсан admin on 2022-03-18 10:52:54 (7670 уншсан)
Өргөн уудам Монгол орныхоо
Өнцөг бүхэнд алдраа түгээсэн
Өнөр олон ард түмнийхээ
Өнө мөнхийн сэтгэлийг бадраасан
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
Саруул сайхан эх орныхоо
Сааршгүй амьдралын ундраа болсон
Санаа сайт ард түмнийхээ
Сайн үйлсийн тэнгэр болсон
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
Уудам саруул эх орныхоо
Угтах ирээдүйн баясал болсон
Уужуу сэтгэлт ард олныхоо
Урмын дээд хайрыг булаасан
Цэрэг эрс төрийн жавхаа
Цэрэг эр түмний бахархал
Чиний нэр үүрдийн дуурсгалтай
Чиний үйлс үүрдийн гавьяатай
"Энхийн үйлсд 181 хоног" номноос авав.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Бусад )
|
|
Шүлэг: Д.Батзул : Тайтгардаг
Оруулсан admin on 2022-02-28 17:26:20 (2821 уншсан)
Цоохор мөнгөн цолмонгоор зуур даран ергөе
Цолмон эрдэнийн хүлгээ эвшээлгэж нэг үүрсэе
Таанийн анхилуун сэвшээг элбэн таалж эрхшээе
Оонийн зөөлөн харцанд уярч уясаж тайтгарья
Би догшин сахиус шиг өндийж чадах халуун цус
Би дотогшоо нурамлаж гаднаа нурж чадах монгол цус
Д.Батзул
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батзүл Д )
|
|
Шүлэг: Мөнхжин А : Баяртай...
Оруулсан admin on 2021-08-07 23:17:43 (2844 уншсан)
Бороон дуслуудын пижигнэсэн чимээ
Богширгоны нулимс бөнбөрөн унах шиг
Бодлын минь гүнд ганц чи л бүтээстэй
Бодит амьдралаас минь хөндий тасраастай
Эвээ олоогүй миний чиний сэтгэл
Эвлэлдэн сүлжэгдсэн ч сулхан байсаар
Ээнэгших сэтгэлээ дарж ядан
Эндээс би явлаа!
Харин чи үлд...
Мөнхжин А.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Шүлэг )
|
|
Шүлэг: Хувьхан заяаны эх орон
Оруулсан admin on 2020-12-28 14:23:29 (4082 уншсан)
Уулсынхаа салхиар аргадуулж
Уяранхан суух шиг жаргал хаа билээ
Өвс бүхнийх нь амьсгалыг сонсохдоо
Өлмийгөө хүргэхээс ч эмээдэг
Эмзэгхэн цэцэгст уулс минь
Өнжмөл хөх өвсний үнэр нь хүртэл сайхансан
Өвсний нөмрөөс дэгдэх туулайн бүжин нь энхрийсэн
Өвөр дулаахан уулст нутгийн минь тэнгэр шиг
Цэв цэнхэрийг өөр хаанаас олж үзнэ гэж?
Өөр шүү өөр
Өөрийн нутаг
Өмөлзөөд тосдог ижийн нутаг
Эн тэнцүүлэх юусан билээ
Элэг сэтгэлийн гэгээ
Эх орон хэмээгчийн
Эх оршихуй
Амгалан цэнхэр уулс минь
Амьдрахуйн шидэт диваажин минь
Дархан уулсынхаа бэлээр
Чулуу зайчлан ургадаг
Цэцэг бүхэнтэй нь ярилцаж
Даанчиг балчир насандаа тоглож өссөн
Мөлгөрхөн чулуудынхаа
Амь бүхний тоогоор сэтгэлээ гэрэлтүүлж алхдаг
Уулсынхаа салхиар аргадуулж
Алхажээ явах шиг жаргал гэж үгүй
Үсныхаа тунгалагыг рашаан хэмээн шүтэж
Уран жиргээч шувуудын хөгжимлөг хөөрөлдөөнийг
Сонсож ээ суух шиг сонгодог анир өөр хаана ч үгүй ээ
Эх орны минь эх оршихуй
Эс бүхнээрээ шүтэж амьдардаг тоонот минь
Газрын диваажин миний Дархан уул
Ганцхан насны минь жаргалыг дэглэж өгсөн
Хувь тавилангийн нөмөр их уул
Хувьхан заяаны минь
Хамгийн том эх орон
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: яг одоо
Оруулсан admin on 2020-12-28 14:20:04 (2896 уншсан)
Яг одоо уйлмаар байна
Яруу санаа урвасан
Ялдам инээд гээгдсэн
Энэ өдрийн мананг цуулж
Эхэр татан уйлмаар байна.
Хамхуулыг цэцэг хэмээн андуурч
Хаврын салхи шиг шуургалсан
Хачин гунигтай хүмүүсийг өрөвдөхдөө
Халиртал үерлээд байна нулимс.
Их мэдэх, үл санахын өвчинд нэрвэгдэн
Эгэм мөрөө ялгахаа байсан
Ичмээр энэ цаг үеийн төлөө
Яагаад ч юм уйлмаар байна.
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Батцэцэг Ш )
|
|
Шүлэг: Ш. Сүрэнжав : Нэр
Оруулсан admin on 2020-10-29 11:26:55 (22693 уншсан)
Чигчийн чинээ байхад чинийх гэж
Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр
Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар
Хөл нүцгэн дэгдсэн нэр
Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа
Торниун насанд цэргийн батлах дээр байлаа
Орь насанд захидлын дугтуй байлаа
Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа
Өөрт оногдсон нэрээ
Өшиглөж хугалаагүй
Өрөөл бусдад худалдаагүй
Өнгө зусрын ширээн дээрээс
Өвдөг доороо ивээгүй
Гэгэлгэн цайлшан энэ нэрээ
Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа
Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа
Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа
Өөрт оногдсон нэрээ
Өргөж явбал бахархал
Өмчилж яваа энэ нэрээ
Өеөдүүлж унагавал гутамшиг
Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж
Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл
Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж
Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй
Сайн хүн нэрээ гэдэг
Сайхан шувуу өдөө гэдэг
Алсын газар алдрыг тань дуудахад
Улсын далбаа уралдан босно
Уяралын нулимс зовхинд хурж
Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж
Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ
Эцгийн чинь нэртэй хамт яригдана
Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий
Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий
Орчлонд ганцхансан
Олдсон ганцхан нэр
Овхий номин тэнгэрт
Од шиг гялалзсан нэр
Утаа гарсан шинэхэн голомтын
Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ
Уянга нэмсэн өлгийн бүүвэйний
Аялгуунд цацарна
Нартыг баясгаж настныг жаргаах
Нандин сайхан энэ нэр
Нацагдоржийн дуулсан
Миний нутгийнхны нэр
Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн
Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан
Заяасан үрсдээ овоглох нэр
Залгамж хойчдоо өвлүүлэх нэр
Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн
Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
( Сэтгэгдэл бичих | Шүлэг
| Оноо: 0/0 | Зохиогч : Сүрэнжав Шарав )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 115 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|