Шүлэг: Д.Болдхуяг : Мөргөлчин эмгэн Оруулсан admin Огноо: 2008-06-26 23:20:11 (5426 уншсан)
Цастын орны өнгө санчиганд нь хувилж
Цагариг татсан нүдэнд нь усан гуниг үдэлж
Цаг нарны урсгалд бөгцийтөл дарагдсан
Цайлган гэж жигтэйхэн майжиг хөх эмгэн
Арван хүүхдийнхээ заяаг мянган бурханд даатгаж
Аврал хийгээд бурууллын аль алинд нь мэлмэрүүлж
Хэрэгтэй хэрэггүй хоёрт элгээ эмтэлж цөхөрсөөр
Хээрийн ганц хайлаас шиг уймраа болсныг тань мэднэ Атга будаагаа тагтаа болгонд хүргэх гэж
Аль өглөөгүүр Гандангийн дэнжээ эргэдэг
Амьтан хүнд элдвийн ном уншуулж
Арц, рашаан залдаг ажил ихтэй эмгэн
Зулын гол имэрч өдөр өнгөрөөх
Зуугийн гол дуганд өргөл өгөх
Хүрдний гол элээж насыг барах
Хүрэн голоо тасартал бурханд сүжрэх
Үеийн хөгшдийг ганц нэгээр явчихаар нь
Үнэний хатууг зөөллөж маанийн ерөөл авахуулдаг
Үр цагаан номын ганц үсэг танихгүй ч
Үзсэн дуулсан хийгээд үйл урласан нь арвин
Цай сүүнийхээ дээжээр сүмийн ганжир угааж
Цацлын модон халбагаар өглөөг даллан авчрах
Цан сэлнэн шиг цангинасан дуутай ч
Цагаан сэтгэлт өр нимгэн буурал аа
Насан дээр гарлаа гэж учган шаглаа чилээсэн ч
Намар намрын хайлангаа тасдаж үзээгүй мөргөлчин
Наран доогуур буцах шувууд гунганан гунганан одоход
Наманчилж зогсоод ганц эмгэн уйлан уйлан үлддэг юм аа
Улаанбаатар 1999
boldoomdke@yahoo.com
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Болдхуяг До | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:32:09 )
|
||||