Шүлэг: Ганболдын Баяр : Намар Оруулсан admin Огноо: 2008-11-08 08:19:37 (7600 уншсан)
Гүүний сүү
Тэнгэрийн ундаа болоход намар болдог
Намжбадам мэт өвгөд
Найрын хоймор эзлэхэд намар болдог
Аранзад хуурын утас хэл орж
Ардын дууны сайханд уулс цанхлахад намар болдог
Гүнж ихэмсэг охид
Гэзгээ задлаж сарыг тэврэхэд намар болдог
Хайртай амрагууд салж ядан холдож
Хүлээхийн чөдөрт,чөдөрлөгдөхөд намар болдог
Галуудын сүүдэрт цэцэгсийн зүрх хөлдөж
Гүнгэрваань дахь бурхдын нүд цантахад намар болдог
Хананы үдээрт салхи ороодож
Хамаг юмс ажин түжин мэт болоход намар болдог
Амьдралын аянд мордсон үрсээ санаад, тогтож ядахдаа ижий минь
Арга үүрч аргалд явахад намар болдог
Навчсаа тайлж шидэлсэн нүцгэн модод
Нарнаас аврал эрэх мэт бөхөлзөхөд намар болдог
Шувууд нь эзгүй нуурын хөндүүрт
Сэтгэлийн мөчир доргиход намар болдог
Улдсан морь шиг, хөгшин хөх саран
Өвсний шилбэнд өеөдөж хоноход намар болдог
Зүү орох зайгүй хайрлан дассан, сайхан хар нүдэн минь
Зүрхэн дээр минь алтан гуниг унагаад одоход намар болдог
Нойтон цагаан мананд
Нарны зовхи хүлэгдэхэд намар болдог
Тэрэгний дугуй чихар чухар дуугарч
Тал, тал тийшээ айлууд нүүхэд намар болдог
Чөдөрлөж тавьсан морь
Дэлхийн сэрвээн дээр чичирч хоноход намар болдог
Мөнх бусын орчлонгийн мөн чанарыг ухаарч
Маргааш би шувуу болно гээд санаа алдахад намар болдог
Намар гэж угтаа. . .
Нөмгөн үнэнийг танихын шалтгаан юмсанж. . .
2008 10 . 17
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:15:47 )
|
||