Шүлэг: Д.Нямсүрэн : Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд Оруулсан admin Огноо: 2010-09-06 21:06:59 (8628 уншсан)
Оруулсан Н.Мөнхсайхан
Их Д.Нямсүрэн найрагчийн гар бичмэлээс нэгэн нэргүй шүлэг олсноо эа бүхэнд сонордуулмуй.
Алтан навчис намар шууран исгэрэлдэхүйд
Анзааралгүй дэргэдүүр нь хүмүүс өнгөрөхийн адил
Алтан навчсанд орон исгэрээд
Алга болмуй би
Нойрмог галуу гунганах үүрээр
Ногоон өвсний зүүдэн дундуур
Сарны гэгээ бүсгүй хүн шиг явахад
Салхи болж дагамуй би
Аянга цохих тэнгэрийн хаяанд
Аадрын өмнөх байдал дор
Аяархан дохих цэцгэнд шилжээд
Алга болмуй би
Ноход, Эрээнцавд боорлох үдшээр
Нойтон үүлний шиврээ манан дотуур
Зуун шарга зээр гүйлэн өнгөрөхөд
Зул болж асмуй би
Намрын байгаль алтан долгисоор гүрвэлзэж
Наран тэнгэс мэлтэлзэн урсахуйд
Навчсан завинаа суун сэлүүдээд
Нацагдоржийн "харанхуй хад" руу
Зүглэвэй би...
Зүг үгүй алга болсон шүлэгчийн хаана буйг
Зүлэгтийн уснаа хөвөх шувуун гүц
Зүүн хийдийн гэлэнмаа Амитаба
Зүгээргүй явсан хүүхнүүдээс минь
Асуугаарай
Зуны оройн үд дундад
Зураг мэт уулсын мөнх цасан
Зуурхан зуур гялбасхийн үзэгдээд
Зузаан хязгааргүйн чинадад
Намайг нууцлана......
2002.02.02. Эрээнцав. Д.Нямсүрэн
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:08:26 )
|
||