Шүлэг: Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар Оруулсан Bataka Огноо: 2013-02-09 21:42:26 (8286 уншсан)
Э.Үржинханд : ӨӨРИИН ЭРХГҮЙ ХАЙРЛАМААР
Ямархан гайхамшигтай хорвоо вэ
Ялгуун саранд харцаа бэлэглээд
Ялдамхан гэрэлд нь уусаж байна
Ятгын утас шиг хөглөгдөөд
Яруу үзэмжит зураг шиг харагдах
Яавч мартамгүй ариухан санагдах
Яасан гоёмсог сэтгэлийн ертөнц вэ
Бурханлиг эгшигт автан хулжихад
Булиглах зүрх минь аялгуугаар цалгиад
Хөтлөлцөн алхах хосыг ширтэхдээ
Хүний жаргалын дээдийг ерөөж хоцроно
Өөрийн эрхгүй хайрлан хайрламаар
Үнэхээр гайхалтай ганц хувь амьдрал минь
Юу ч нэхэлгүй чамайг хайрлах
Ер бусын лусын гүнжийн мөрөөдөл шиг
Юу ч асуулгүй намайг хайрлах
Ер бусын тэнгэрийн ханхүүгийн зүүд шиг
Одод тэртээгээс даруухнаар туяараад
Огторгуйд аялах бодлын минь түшиг болж
Цор ганцаараа хонох шөнүүдийг минь
Цоо шинээр адислан мишээсээр
Ямархан гайхамшигтай хүний хорвоо вэ
Ялгуун саранд харцаа бэлэглээд
Ялдамхан гэрэлд нь уусан ууссаар
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-10-01 10:40:37 )
|
||||||