Цаатны нүүдэл
Уур угалзлах этэрийн омруу
Хүдэн манангийн хормой сөхөхөд
Эндхийн мөсөн хот,тэндхийн аньст зун
Эмгэдийн зүүдэнд домог хэлхэнэ
Цулгуй царсан гүүрэн дээрх,сахлаг ноход
Хөлдүү тайрдас нөмрөөтэй ноорхой дэгтий хэмлэнэ
Нигүүрсэн бут түшүүлсэн мохоо цан
Загасны хайрс тоолон зүүрмэглэнэ
Модод цасанд автан үлэмжид царцсан лугаа
Сүндэсийн халуун мөр шиншлэн согтсон нохой зээх
Энэ цахирлаг анир гүмд нэгэн өвгөний хөлийн чимээ
Шилмүүсний өвөр дэх цас цочоон айсуй
Уруй цасыг цээжээрээ хагачих зарьдын амьсгаанд
Унтаа хөллөгөөний бавгарууд бөг бөг ханиаж
Хулд загасны борц,хав загасны эхүүн үнэр
Хөвдөн дэвсгэр дээрх урцын ормоос анхилна
Унжиж царцсан нүүдлийн мөр моддын хормой эрээлж
Өглөө...Үүрээс урьтаж ирнэ....
Хожуул сандайлсан өвгөний
Хорчгор махир гаанснаас савсах утаа
Хүдэн цоолон суунаглахуйд
Хөх тэнгисийн үзүүрт төөрсөн цахлайн дуу хаагчина
Урцны хормойд үүрэглэх морин чарганы хэвтэр дэх
Өөжин бүүвэй охины сормуусанд цас хайлмагтсныг
Өнөө хэр эс мартах өвгөн
Өтгөн мананг өтгөрүүлж бодно
Аяншсан этэр эврээрээ бүрэнхийг цоолон өндийж
Асар басар нохдын зүг сэжих нь салхины савдаг хуухирах мэт
Сүрэг ятуу дэрхийн дүлий моддын цасыг гүвж
Өвөлжөөний хунг зүглэн ниснэ
Өөдөс мөрөөдлөө бээлийндээ атгасан хөвүүн
Хөр цас тамгалан
Хөхрөгчийн зүг мод сүлжиж өгсөнө
Буурь хонхойлсон буурлын аян энд саатаж
Будан хөллөсөн хөвүүний аян энд эхлэнэ
Мөнхийн нам гүм тайгад ноёлж
Мөнх бус ээлжлэхийг цасны савдаг сануулна
Дахиад л...Тайгын өвлийг царцааж
Дахиад л...Өвгөн бас,жаалхүү,охин
Эцэс төгсгөлгүй энэ аянг
Эмээнгүй эвхэх болно
Цасны мөчирт цагаан боргоцой наран дотор хэрэм болж тоглоход өлбөнх нь цантсан охин эцгээн дагаж нохойн хөсөг чиглүүлнэ
Мөөгөн сар үзтэл нүүх нь....
Цаатны нүүдэл ээ...
Ч.Дагмидмаа /Г.Сэр-Одын шагналт яруу найрагч/
2014 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-039.JPG Хэмжээс: 600x800 206k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4442
erd-031.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5921
B3-036.JPG Хэмжээс: 600x450 164k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5658
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: