BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чагнаадорж 	Ч	 Шүлэг: Ч.Чагнаадорж : НАМАР ГЭДЭГ ТОСГОНД
Оруулсан Bataka Огноо: 2026-09-30 22:01:14 (124 уншсан)


Намар гэдэг тосгонд санаашрал минь суудаг
Навчис гэдэг бодлууд нэг нэгээрээ хийсдэг
Байшингийн гадаах сандалд уйтгарууд нарладаг
Бялзуухай нисэн ирээд өвлийн тухай ярьдаг

Намар гэдэг тосгонд сүмийн хонх дуугардаг
Намхан тагтны цоорхойгоор сүүлчийн бороо дусалдаг
Нойтон модны утаа сэтгэлийн цонхоор гардаг
Ногтруу шувуу буцахдаа дурсамжийн өдөө орхидог

Намар гэдэг тосгонд цагаан хуснууд байдаг
Нарийхан мөчир дээр нь олон зүрхнүүд цохилдог
Сар луу ниссэн тогорууны шаргал ганганаа цуурайтдаг
Сагстай бүсгүй алхахдаа ганц алим гээдэг

Намар гэдэг тосгонд миний төгөл байдаг
Намайг тэнд суухад алчуур хийсэн ирдэг
Танил сүрчигний үнэр хайрын цэцгэнд шингэдэг
Тайван суусаар би цас орохыг хүлээдэг

Намар гэдэг тосгонд миний ертөнц байдаг
Намар гэдэг тосгонд чиний инээд байдаг
Бид хоёрын алхсан тэртээх жим байдаг
Би чамд дурласан тийм улирал байдаг

Намар гэдэг тосгонд...
 
Монголын Зохиолчдын Эвлэлийн (МЗЭ) шагналт яруу найрагч Ч.Чагнаадорж 

Эх сурвалж Ч.Чагнаадорж   https://www.facebook.com/chagnaa.chimed


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Чагнаадорж Ч | Шинэчилсэн огноо: 2026-10-09 12:45:41 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл