|
|
Мэдээ: Шударга : ЗОХИОВ УУ? ОРЧУУЛАВ УУ? ЗАВШИВ УУ?
Оруулсан admin on 2015-08-06 12:34:02 (5275 уншсан)
(доктор А.Эрдэнэбаярын зохиосон гэх “Ишбалжирын шүлэг зүйн судлал” /2004/, “Найман тойн Жамбалдоржийн намтар”/2009/ бүтээлүүдийн тухай шүүмж)
Уран зохиол судлалд өөрөө зохиол бүтээл бичдэг л хүн утга зохиолыг ойлгоно. Иймээс зохиолын шүүмж судалгаа хийх хүн нь өөрөө ямар нэг хэмжээгээр (цагаан бүтээл ч болтугай) зохиол бүтээл туурвидаг хүн байх ёстой гэж үздэг нэг хэсэг байсныг үгүйсгэх аргагүйг утга зохиол судлалын түүх гэрчилнэ. Харин бусдын туурвисан зохиол бүтээлийг ишлэл зүүлтгүй ашиглах, судалгааны бүтээлийг хуулбарлан өөрийн нэр усаа тавих зэрэг увайгүй үйлдлүүд гарах болсноос зохиогчийн эрхтэй холбогдох хамгийн анхны гэрээ нь 1886 онд боловсруулсан “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц” болжээ. Энэ цаг үеэс эхлэн зохиогчийн эрх нь улс бүрд харилцан адилгүйгээр 50-75 жилийн хугацаатайгаар хуульчлагдах болов. Зохиогчийн эрхийн хугацаа дууссан бүтээлүүдийн нэг хэсэг болох түүхэн сурвалжуудыг үе үеийн эрдэмтэн мэргэд судлан шинжлэхдээ тухайн эх сурвалжийн талаар тайлбар зүүлт хийж, онолыг дэлгэрүүлэн тайлбарласан бүтээлийнхээ төгсгөлд өөрийн нэрээ даруухнаар бичдэг байсан сайхан уламжлал нь төвд хэлт уран зохиолын тайлбар, орчуулга зэрэгтэй холбогдоно. Их бага таван ухаанд нэвтэрсэн эрдэмтдийн бүтээлийг дуун хөрвүүлэгч, гүүш нар орчуулан буулгахдаа эрдэмтэн хүний өндөр ухамсрын үүднээс ихээхэн ёс зүйтэй ханддаг байсан учраас монгол орчуулгын түүхэнд Бернийн конвенц зэрэгтэй дүйцэхүйц хуулийн баримт бичгүүд тийм ч чухал биш байв. Монголын үе үеийн эрдэмтэн мэргэд ямар нэгэн хуулийн бичиг баримт шаардахгүйгээр өөрсдийн ухамсарт сэтгэхүйн үйлдлээрээ зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж ирсэн бөгөөд шавь нар нь багш нарынхаа энэ сайхан уламжлалыг хөгжүүлсээр ирсэн түүхтэй. Иймдээ ч төвд хэлт монгол уран зохиолын судалгаанд “төгсгөлийн шүлэг” хэмээх нэр томьёо томоохон байр суурь эзэлж, хожмын эрдэмтэд энэ талаарх тусгайлан судлах болсон билээ.
Орчин үеийн уран зохиолд “би”-гийн тухай асуудлыг ихээхэн ярих болов. Өөрөөр хэлбэл, “би” буюу хүний мөн чанарын тухай асуудлыг хөндсөн уран бүтээлээрээ дамжуулан хүн төрөлхтнийг танин мэдэхэд чиглэх болсон бол орчин үеийн мэдээлэл технологийн дэвшил, боломжийн ачаар нийт хүн төрөлхтний түүхэнд хамаатах дуулиант үйл явдлаас эхлээд энгийн нэгэн иргэн хүний намтарт холбогдох тохиол учралын талаарх сурвалж баримтыг хүртэл буулган авах, хадгалах сонирхол олон хүнд төрөх болов. Энэ хэрээр элдэв сурвалжийг үнэлж цэгнэх, ялангуяа түүхэн сурвалжийг сонирхон судлах, цуглуулах хандлага нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед түүхэн сурвалжийн үнэ цэн, алдар сууг ашиглан хувь судлаач өөртөө нэр хүнд олж авах гэсэн явуургүй хандлага бас даган өсөж газар авч байна. Өөрөөр хэлбэл, энэ нь нэн чухаг түүхэн баримт мэдээлэл бүхий сурвалж бичгийг гэрэл зургаар хэвлэн гаргахдаа түүний өмнө тун товчхон танилцуулга маягийн зурвас биччихээд өөрийнхөө нэрийг уг сурвалжийн зохиогч мэт харагдуулах башир арга юм. Эсхүл зарим нэгд нь түүхэн сурвалжийг орчин цагийн аль нэг хэлнээ орчуулсан, үгийн тайлбар хийсэн байх боловч мөн л өөрийгөө орчуулга, тайлбар үйлдэгчээр бус тухайн сурвалжийн зохиогч мэтээр бичээд байх юм. Уран зохиол судлаачид хийгээд орчуулагчдад эх бүтээл чухал ач холбогдолтой хэдий ч судлаач болоод орчуулагчийн үүрэг огт өөр, нэр усаа тавих газар нь ч гэсэн эрэмбэ, дэг жаягтай. Энэ эрэмбэ, дэг жаягийг утга зохиолын онолын “би” хэмээх үзэлтэй хольж хутган, үл хайхран уландаа гишгэх нь эрдэмтэн судлаач хүний хувьд ёс зүйн маш ноцтой дутагдал бөгөөд өнөөгийн ойлголтоор бол оюуны өмчийн хулгай дээрмийн нэг хэлбэр болно. Гэтэл ийм үйлдлийг удаа дараа гаргаж нэр ашгийг хөөцөлдөж буй судлаачид мэр сэр байна. Тодруулбал, хэдэн жилийн өмнө А.Эрдэнэбаяр зохиов “Ишбалжирын шүлэг зүйн судлал”, (Ляонингийн үндэстний хэвлэлийн хороо, 2004 он гэсэн 500 гаруй хуудастай) хэмээх ном хэвлэгдэн гарсныг хараад 18-р зууны үед монгол, төвд газарт ихэд алдаршсан дээд монголын эрдэмтэн, яруу найрагч Ишбалжирын судалгааны хоосон зайг нөхөхүйц судалгааны бүтээл гарч дээ хэмээн олзуурхан авч үзэхдээ гарчигийг нь уншаад Сүмбэ хамбын зохиосон шүлэг бүтээлийг утга зохиолын онол, шүүмжлэлийн арга ба зохист аялгууны үзэл сургаалыг уялдуулан хэрэглэж, Ишбалжирын шүлэг бүтээлийн уран яруу хэрэглүүр, онч мэргэн дүрслэл, үнэн гүн утга санааг ялгаруулан тодруулж, мөн түүний шүлэг бүтээлийн эмзэг сул талыг шүүмжлэн хэлэлцсэн сайхан бүтээл байх нь гарцаагүй гэж бодсон билээ. Гэтэл тус номын гол агуулга нь Ишбалжирын зохиосон “Зохист аялгууны тольд номлосон чимгүүдийн үлгэр цонхны эрих болон нэрсийн тайлбарын хураангуй чандманийн унжлага хэмээгдэх оршвой”, “Үгсийн чимгийг товчлон хураасан яруу аялгуунд орох хаалга” хэмээх хоёр зохиол байх бөгөөд харин А.Эрдэнэбаяр түүнийг төвд хэлнээс орчуулж, үгийн тайлбар хийж, хэвлэлд бэлтгэхдээ зохиолын нэрийг бага зэрэг өөрчилсөн ажээ. Тухайлбал, А.Эрдэнэбаяр зохиов “Ишбалжирын шүлэг зүйн судлал” номын агуулгыг дор үзүүлье:
Удиртгал,
Зохист аялгууны толиос номлосон чимгүүдийн үлгэр өгүүлэхүй одон мичдийн үзэсгэлэнт эрхэс ба илт өгүүлэхүй нэрийн товч хураангуй чандманийн унжлага хэмээгдэх оршвой:
- “Мөргөл өгүүлэхүй шүлэг, зохист аялгууны амь, бие, чимгийн ухагдахуун жич зохист аялгууны арван мөрийн үлгэр өгүүлэхүй” хийгээд түүний шүүмж тайлбар
- “Утгын гучин таван чимгийн үлгэр өгүүлэхүй” хийгээд түүний шүүмж тайлбар
- “Дууны чимэг, нууц үгсийн чимэг, гэмийг арилгагчийн үлгэр өгүүлэхүй” хийгээд түүний шүүмж тайлбар
Үгсийн чимэг өчүүхэн хураангуй зохист аялгуунд орох үүд оршвой:
- “Утгын чимгийн үлгэр өгүүлэхүй” хийгээд түүний шүүмж тайлбар
- “Дууны чимгийн үлгэр өгүүлэхүй” хийгээд түүний шүүмж тайлбар
Ном зүй
Уг зохиолын гэрэл зураг
Энэ бол зүгээр л бүтээлийн жагсаалт дотроо онолын томхон бүтээл өөрөө биччихсэн мэт харагдуулахын тулд Ишбалжирын зохиосон шүлэглэл зүйн тухай сурвалжийг ашигласан хэрэг болно. За яахав, сурвалж бичгийн судлал талаасаа бол боломжийн юм гэж хэлж болно оо. Гэхдээ л энэ нь алдарт яруу найрагч А.С.Пушкины “Евгений Онегин”-ийг орос хэлнээс орчуулаад, зарим нэг нэрийн тайлбар хийгээд өөрийгөө номын хавтсан дээр зохиогчоор тавихтай агаар нэгэн буй. Уран зохиол судлаачдыг басамжлан доромжлов уу? Арай өөрийгөө алдарт Пушкин гэж андуурав уу, аль эсвэл зохиогчийн эрхийн хугацаа дууссан гэж мэдэмхийрэв үү?, бүр эсвэл судалгааны ажлынхаа амтанд ороод зохиолч, орчуулагчаа ялгахаа байв уу? Ингэвэл хэдий эмгэнэлтэй атлаа инээдэмтэй хэрэг болох вэ?
Төвд хэлнээс орчуулга хийнэ гэдэг, олон зуун үг хэллэг нэр томьёог уйгагүй тайлбарлана гэдэг бол цаг багагүй зарцуулам чимхлүүр хар ажил мөн. Иймээс дэлхийн оюуны өмчийн байгууллага орчуулагчийн хөдөлмөрийг үнэлж, “үүсмэл бүтээл ” нэрийн дор орчуулагч, судлаачийн эрхийг хамгаалдаг. Гэвч энэ нь орчуулга хийсэн хүн бүхэн тухайн зохиолын зохиогч болдог гэсэн үг биш юм. Иймэрхүү санаатай орчуулагчдийг эдүгээ цагт барих үүднээс орчуулагчийн эрхийн талаар “Орчуулга гэдэг нь уран зохиолын бүтээлийг эх хэлнээс өөр хэлэнд хөрвүүлэн илэрхийлэх арга юм. Өөрөөр хэлбэл, орчуулга хийх эрх нь ерөнхийдөө жинхэнэ эх бүтээлийг гадаад хэл рүү хөрвүүлэх эрх .” хэмээн тов тодорхой зааж өгсөн. Угтаа бол номын нэрийг “Ишбалжирын зохиосон шүлэглэл зүйн хоёр бүтээл” гээд хэрвээ өөрийн нэрийг хавтсан дээр байрлуулах дуртай байгаа бол удиртгал бичиж, орчуулга, тайлбар хийсэн А.Эрдэнэбаяр гээд биччихсэн бол илүү үнэнд нийцэх байж дээ. “Ишбалжирын шүлэг зүйн судлал” номыг уншаад тухайн үед төрсөн сэтгэгдэл энэ байлаа. Энэ сэтгэгдэл ч ингээд л дарагдлаа.
Удалгүй хэдэн жилийн дараа А.Эрдэнэбаяр зохиов “«Найман тойн Жамбалдоржийн намтар» судлал”, (Өвөр монголын ардын хэвлэлийн хороо, 2009 он гэсэн 300 орчим хуудастай) гэсэн ном хэвлэгдэн гарчээ. За өмнөх алдаагаа зассан шиг зассан сайхан судалгааны ном гаргасан байх даа хэмээн бодлоо. Тус номын нэрээс үзвэл Найман тойн Жамбалдоржийн намтар цадигт холбогдох зурвас мэдээ баримт, холбогдох сурвалж, судлаачдын үзэл бодролыг шүүн тунгааж нэгтгэн үзсэн бүрэн бүтэн намтрын судалгаа баймаар санагдана. Харин тус номын гол агуулга нь Найман тойн Жамбалдоржийн шавь Жамьянпэрэнлэй гэгч багшийнхаа намтрыг төвдөөр бичсэн зүйл байх ажээ. Номын агуулгыг дор үзүүлье:
Удиртгал
“Гагц тэнгэр Очирдара Ишдонровдамбийжалсан цог сайтын өөрийн явдал ёсны тийн номлол энэ насны үзэгдлийн нойроос сэрээгч хүслийн эрдэнэ хэмээгдэх оршвой” (Найман тойн Жамбалдоржийн намтар)
Шүүмж тайлбар
Уг зохиолын төвөд эхийн гэрэл зураг
Төвөд эхийг хуулж компьютерт бичсэн хуулбар эх
Ном зүй
Уламжлалт монгол анагаах ухааны түүхийн судлалд Найман тойн Жамбалдоржийн намтарт холбогдох мэдээ баримт ховор байсан тул энэ сурвалж эрдэм шинжилгээний эргэлтэд орсноор тэрхүү хоосон орон зайг нөхөх, урьд өмнөх алдаа ташаарлыг залруулах сайн талтай гэдэг нь мэдээжийн хэрэг юм. Үүнийг төвд хэлнээс орчуулж, зарим үг хэллэгийн тайлбар хийсэн А.Эрдэнэбаярын зүтгэл хөдөлмөрийг ч бас өндрөөр үнэлүүштэй. Гэвч зүй нь бол тус номын нэрийг Жамьянпэрэнлэйн зохиосон «Найман тойн Жамбалдоржийн намтар», төвөд хэлнээс орчуулж, үгийн тайлбар хийж, хэвлэлд бэлтгэсэн А.Эрдэнэбаяр гэвэл илүү зохистой болох байлаа.
Төвд хэлээр бичсэн зохиолчдын бүтээлийг орчуулан, удиртгал, тайлбар сэлт үйлдсэн зохиол бүтээлүүд эдүгээ ч гэсэн гарсаар байна. Энэ чиглэлээр сүүлийн үед гарсан нэгэн бүтээлийг үзвэл Сүмбэ хамба Ишбалжир “Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой”, Улаанбаатар., 2011 он хэмээх бүтээл болно. Түүх соёл, хэл бичиг судлалын Тод номын гэрэл төвөөс эрхлэн гаргасан уг бүтээлийн талаар <<Хөх нуурын Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788)-ын өөрөө бичсэн намтар болох “Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой” хэмээх сурвалжийг төвд шар бичгийн анхны эхийг нь үндэслэн кирилл бичигт буулгаж, тайлбар, эх зураг, үгийн цэсийн хамтаар толилуулж байна >> хэмээн танилцуулжээ. Энд хэн нэгнийг хуудуугаар зохиогч хэмээн товойлгон тодруулсангүй. Энд мэдээллийг буруу дамжуулж, мэдлэгийг булаасангүй, бусдын зохиол бүтээлийн өмнө өөрсдийн нэрээ тавьсангүй.
Өмнөх үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил, туурвилын талаарх судалгаа шинжилгээг хойч үедээ уламжлуулан үлдээх нь үе үеийн хүмүүсийн эрхэм нэгэн үүрэг нь болно. Энэ үүргээ биелүүлэхдээ шинжлэх ухааны тодорхой байх зарчим, нотолгоот баримтад түшиглэсэн байх зарчим, үнэнийг гажуудуулахгүй байх зарчим зэрэг утга зохиолын онолын гол гол зарчмуудыг баримталж, зохиолч зохиолчоороо, түүхч түүхчээрээ, судлаач судлаачаараа, орчуулагч орчуулагчаараа байх нь эрхэм чухал нэгэн асуудал бөгөөд эрдэмтэн судлаачийн ухамсар, хувийн ёс зүйтэй холбогдон, үе дамжин өртөөлнө.
Эрдэмтэн орчуулагчийн намтрыг үзвэл А.Эрдэнэбаяр нь утга урлагийн ухаан, шашны ухааны мэргэжлээр докторант хүмүүжүүлдэг багш хүн бөгөөд «Найман тойн Жамбалдоржийн намтар» нь түүний хоёр дахь бүтээл болох аж. Ингэж үзвэл энэ багшийн хоёр бүтээл нь хоёулаа төвд хэлнээс орчуулж, тайлбар сэлт үйлдсэн зохиолууд байх бөгөөд хийж бүтээх ид насандаа яваа энэ хүн бүтээлүүддээ эрдэмтэн судлаач хүний хувьд байж боломгүй үйлдлийг дахин дахин гаргаж байгаад харамсах сэтгэл төрж, “Шавийн эрдэм багшаасаа” гэдэг ардын үгээ бодолцон хойшдын шавь хүмүүжүүлэх үйлстээ ч мөн энэ талаа анхаараасай... “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ, хэн нэгэн хэлээгүй л учраас ийм алдаа гаргасан байх хэмээн бодон бодон үүнийг бичлээ.
Өвөг дээдсийнхээ оюуны үнэт бүтээлүүдийг үр хойчдоо тунгалгаар өвлүүлэх юмсан. Өөрсдийн минь оюуны энэ мэт булингар хойтост минь бүү халдаасай. Хэвлэгдсэн бүтээл уламжлагдан уншигдаж гэмээнэ, хир буртагийг нь тунгаах ухааны мэлмий уншигч бүхэнд буй гэдэгт итгэнэм.
Молхи нэгэн бичээч Шударга
“Үүсмэл бүтээл гэдэг нь ... орчуулах, эвлүүлэх, хувирган өөрчлөх, найруулах зэрэг хэлбэрээр өөрчилж шинээр бий болгосон бүтээл. Орчуулга гэдэг нь уран зохиолын бүтээлийг эх хэлнээс өөр хэлэнд хөрвүүлэн илэрхийлэх арга юм. Өөрөөр хэлбэл, орчуулга хийх эрх нь ерөнхийдөө жинхэнэ эх бүтээлийг гадаад хэл рүү хөрвүүлэх эрх.” [Томацу Хозуми. Ази дахь зохиогчийн эрхийн гарын авлага. Улаанбаатар., 2007 он., х.29].
Томацу Хозуми. Ази дахь зохиогчийн эрхийн гарын авлага. Улаанбаатар., 2007 он., х.28.
https://www.internom.mn/%D0%BD%D0%BE%D0%BC/bibliotheca-oiratica-%D1%81%D2%AF%D0%BC%D0%B1%D1%8D-%D0%B8%D1%88%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B6%D0%B8%D1%80%D1%8B%D0%BD-%D3%A9%D3%A9%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D0%B0%D0%BC%D1%82%D0%B0%D1%80-%D0%BE%D1%80%D1%88%D0%B2%D0%BE%D0%B9-xx/#.VUB-t5OFHoQ
(
Сэтгэгдэл бичих? |
Мэдээ |
Оноо: 0/0 |
Бусад )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
 |
Агуулга |
 |
|
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|