|
|
Өгүүллэг: С.Пүрэв : Эртний явдал
Оруулсан admin on 2008-08-04 22:40:31 (6096 уншсан)
Хотын захын хуучин хорооллын тохь муутай зоогийн газрын үүдэн дээр нэг хүн буруу харан зогсож тамхиа асааж байлаа. Хаврын хуйсагнуур сэвшээ тэр хүний хормой хотыг хөөрөгдөн сэгсчиж, шүдэнзний гал уруулыг нь долоох шахна. Олон жил хүн амьтан, машин тэрэгний явдал хөлд хөрс нь суларсан гудамжны үхмэл өлөн шороо оволзон тун ч тохьгүй байснаас мөнөөх хүн дотогш оров. Тэр эрийг Цэндбат гэх агаад тэрбээр эл хорооллыг эртнээс мэдэх нэгэн. Энэ газар уугуулшсан хятадууд аль тэртээ жараад оноос шавар тагзан байшингууд хаяа хаяаг нь дэрлүүлэн барьж, хашаа хороо хатган, гудамж талбайн нь болхи заваан үнэр Сэлбийн хөндийгөөр нэг сад тавьж байдаг сан. Цэндбат хятадын эрлийз нэг ганган цагаан охины араас тавхайгаа эргэтэл гүйж, муухай төрснийхөө үйл лайг эдэлж явсан толгой. Охины нэрийг Алтаншагай, харин эцгийг Фонза гэдэг байв. Залуудаа нуруулаг байсан болов уу гэмээр тэр өвгөн хятад тэгэхэд ойрхон ойрхон болгоомжтой гишгэсэн атигар хөгшин болсон байлаа. Хятадтай суусан авгай алт мөнгөнд умбадаг гэвэл Алтаншагайн ээж тийм биш, зүгээр л нэг мөр бүтэн, гэдэс цатгалан толиотой авгай. Харин Алтаншагай бол их өөр, жинхэнэ алт мөнгөөр арван хуруугаа баглуулсан амьтан гэж болно. Тийм хүний араас Аршаантын гудамжныхан бэлчихээс биш яахав, хэзээний л муусайн юмнууд нармайгаа нээлцсэн байдаг сан. Тэдний нэг ч Цэндбат өөрөө мөн. Тэдний баруун гудамжинд өнөөгийн энэ “Урьхан” хэмээх зоогийн газар чимээгүйхэн нээгдэж, тэнд Цэндбат хэдэн найзтайгаа байн байн шавар шавхай чирэн шавдаг байлаа. Тэр нь Алтаншагайд бэл бэнчингээ харуулах гэсэн шалдан оюутны увайгүй хөөргөн зан байсан юм. Учир нь “Урьхан” бол Алтаншагайн дуртай дарсан мөөгтэй хоолоороо хожмоо хүртэл алдартай байсан билээ. Угаасаа ч Улаанбаатарт амьсгаатай үлдсэн ганц хятад гуанз нь Аршаантад байж, тэнд архичид пийвчдээс гадна амттан тансагт дуртай алдар цуутнууд ч хэрэг болгон ирдэг байсан юмсан. Цэндбат тэртээ булангийн ширээнээ сууж өнгөрсөн он жилүүдийн өөдтэй өөдгүй, бүтэлтэй бүтэлгүй явдлуудаа дурсан пийв шимж суув. Тэрбээр санаа сэтгэл хямарсан цагтаа энд ирж өөрийгөө ийн албаар ганцаардуулдаг этгээд араншинтай. Тэгээд ч цагийн аясаа дагаад хүмүүс бие биетэйгээ уулзах нь ховордож, утас шөрмөсөөр хамаг ажлаа амжуулах болсон нь түүнийг ингэж суухад хүргэдэг биз. Тэр цагаас өөрчлөгдсөн олон юмны нэг энэ. Бас амьтан хүний сэтгэлийн хорхойд бариулах шахсан Алтаншагай хүүхэн аль хэдий нь бага ангийн багш залуу дагаад Өмнөговь ч гэл үү, Дорноговь ч билүү нэгэнд нь одоод сураг тасарсан. Уг нь худгийн хужиртай ус шавхаж суух бус хужаа гуанзныхаа хоолыг голж шилээд, тамшаалж жаргах ихэмсэг амьтан сан, хувь заяа гэдэг цагаа тулахаар амаа мэддэггүй агсам морь шиг юм даа. Тэр зүгээр ч нэг сураг тасарчихсангүй Цэндбаттай айхавтар тохьтой уулзаж, бүр мөөгтэй шөл, бүлээн пийвээр хагартал дайлж сэтгэлийг нь үймүүлээд хаячихсан гайхал. Дайлж цайлаад байгаа хэр нь, -Наад царай зүс чинь харлаад чи ч пийвчин болжээ. Эндээс бүр салахаа байж. Урлагийн хүн л гэхээр заавал ууж идэх албатай юм уу, биеэ бодооч. Ширээ дүүрэн шил овоолчихоод суухаасаа ичихгүй байна уу гэнэ. Алтаншагай хаач гэж шулуун шударга, хэлэх үгээ хэнд ч хэлчихдэг зантай. Аваа өгөөн дээр гар татаад байхгүй, арав тавыгаа тарааж цацаж сурсан хүн. -Чиний барааг харах гэж л энэ шүү дээ гэж Цэндбат хэлэв. Тэр нь ч үнэн. -Хоолны газар ч зүгээр нэг орчихож чадахгүй, юм юманд хүний нэр холбоод л гэхдээ Алтаншагай түүний аяганд пийв хөөсрүүлэн хийж, нүдээ залирхаг ирмэв. -Барааг чинь харж яваад үхнэ дээ. Бурхан намайг шийтгэсэн юм чинь гэвээс Алтаншагай байдгаараа инээд алдан, -Наад үгээ Гандангийн хамба ламд айлтгах болж дээ гэв. Цэндбат тэр бүсгүйд аль эртнээс бичиг захидал чулуудан “муур хулгана”-ын тоглоомоо эхэлсэн хэдий ч бүх хэрэг бүтэлгүйтэн цагаандаа гарсан хүн. Алтаншагай -Зүгээр л сайхан найзууд явъя. Бие биеийнхээ ажил амьдралд тусалж явахаас илүү нь юу байхав. Харин намайг хайрлаж яваарай, хүнд мартагдахгүй явбал жаргал тэр гэснээр Цэндбат “их санасан газраа есөн шөнө хоосон хононо” гээчийн үлгэрээ гүйцээж яваа нэгэн. Харин яагаад ч юм Цэндбат Алтаншагайд гомдож хорсон сүйд болсонгүй, түүний үгийн аясаар явсаар нэг л мэдэхэд сураг алдаж, хааяа ийн номхон дуртгалаа сэргээдэг болжээ. Ихэмсэг атлаа дөлгөөн ааштай тэр бүсгүй ганц Цэндбатыг ч бус олон олон харчуулыг ийм нэг даруухан үгээрээ замаасаа зайлуулж чадсан билээ. Түүгээр ч барахгүй мөнөөх нударга зөрүүлж нус нулимсандаа тулсан харчуул ч эв гаваа олон сайхан найзууд болсон намтар ч бий. Тэртээ буланд гурван эр тамхины утаан дундаа сүүдэлзэх зуураа ширээн дээрээсээ аяга унаган хагалж, зэрэг шахам хараал тавих нь инээдэмтэй харагдана. Цэндбатад гэнэт энд ингэж алмайрч суух нь дэмий санагдсанаас гадагш гарав. Шуурга улам ширүүсч үхмэл шороо гудамжаар нэг хуйлран түүний есөн сүвээр чихэж тун ч тохьгүй байлаа. Зундаа борооны ус гудамжаар хөл гишгэх газаргүй цэлийн нуурлаж, шавар намаг нь гутал тайлах шахан, хавар намартаа өлөн шороо ийн оволзож, харин өвөл нь намгийн ус гадагшлан айл айлын байшин сав дээш доош сууж өргөгдөн, ан цав гарч тохь алдуулдаг хэр нь хэн нь ч тэндээс нүүж холддоггүй нь сонин. Тэр ч бүү хэл шинэ шинэ барилга байшин барьж, улмаа суурьшин “Урьхан” мэт ууш зууш, дэлгүүр хоршоо, мухлаг наймааны газар тоо тоймгүй олширч, тэр хэрээр амьтан хүн ч ихэсчээ. Цэндбат энд ирэлгүй бүтэн жилийн нүүр үзжээ. Энэ л ядуухан зоогийн газрын үүдэнд анх Алтаншагайг харж галзуу бар шиг зориг орон тэвэрч авсан нь эргээд бодоход мянган жил амьдарсан ч ичгэвтэр санагдана. Тэгэхэд Алтаншагай газар гишгэхэд ч хайрламаар цав цагаан шаахай, цулгуй цэнхэр палаажны хормой дороос шулуун туранхай шилбээ гялалзуулсан гоолиг цэх бүсгүй байж билээ. -Хүүе, яадаг билээ гэсээр тэрбээр ялдам инээмсэглэсэн хэдий ч торомгор нүдэнд нь айдас хургасан байлаа. -Харин, би юу хийж орхив оо гэсээр Цэндбат ч инээд алдав. -Боль доо, хүмүүс харчихлаа. -Өршөөгөөрэй, санамсаргүй тэвэрмээр санагдаад… Та сайхан бүсгүй байна. -Чааваас даа. Таны наад хоёр нүд сайхан муухайг ялгахгүй бололтой юм аа гэхдээ бүсгүй түүний гараас эвтэйхэн мултарч морин шоргоолжны үүр шиг шуугиант гудамж руу шурган бараа тасрав. Цэндбат түүний араас даган, хуучин цагийн хүрээ модон даамантай хашааны гадаа хоцорч, шургаагны завсраар шагайваас хэдэн эзэрхэг ихэмсүү тахиа таахалзан гүйлдэж, хоёрын зэрэг тэжээвэр галуу түүний бараанаар хаалга руу сүр cap гүйн ирж, омогтойгоор гоогчив. Хашаанд шувууны тэжээл тавьдаг бололтой модон тэвш, устай сав мэт харагдана. Бүсгүй хувцсаа солин гарч ирвээс араас нь нэг бөгтөр хужаа гарч ирсэн нь хожмоо түүний мэдэх болсон Фонза хэмээх өвгөн байсан бөлгөө. Тэр л цагаас Цэндбат их хотдоо “Дөрвөн буудал” хэмээн нэрлэгдсэн тэр газраар харин ч нэг таварсан даа. Тэр хэрэг нь ч бүтэж Алтаншагайтай гэмгүй танилцаж, бүр нэг ширээнээ тохой золгон сууж хооллосон нь ч цөөнгүй. -Надаар оролдож хэрэггүй. Би чинь аашны тулам байгаа юм. Нэг хүнтэй гурван cap амьдарсан. Дараа нь өөр нэгтэй бас л хэдэн долоо хоног учраа олох гээд болохгүй болохоор хөөгөөд явуулчихсан. -Би арай хөөгдчихгүй байлгүй. -Хэрэггүй биз дээ, нэг л мэдэхэд би гутлыг чинь гадаа гаргаад тавьчихсан байна. Чи л зовохын нэмэр, би яахав цагаандаа гарсан хүн. Хөнжлийн салхи авчихсан бүсгүй хүн хэзээ л сайн нэртэй явлаа гэж Алтаншагай халгаасангүй. Харин уулзаж учрах аваас тэгтэл ч цааргалаад байхгүй нь сонин. Цэндбат хожмоо түүний ярьсан бүхэи үндэсгүй худал болохыг мэдэж элдэв үгэнд үнэг шиг хууртдаг тэнэгээ мэдэн өөрийгөө гайхаж билээ. Түүнийг “Урьхан” зоогийн газар нэг бүрхэг дүнсгэр өдөр ирэхэд үйлчлэгч хүүхэн хоёр шил пийвийг нь дөхүүлж өгөх зуураа, -Найз хүүхэн чинь танд зурвас үлдээсэн юм сан гэсээр эвхэж нямбайлсан зурвас цаад өрөөнөөс авч ирэхдээ “сайхан хооллоорой” гэсэн үг дайхаа мартсангүй. Цэндбат зурвасыг яаран задалбаас “Би айлын тогоо өнгийх болсон. Хөдөө хол явна, сайхан амьдраарай. Шагай” хэмээн таталгасан байсан бөгөөд Цэндбат тэр зурвасыг халаасандаа шургуулан хувь заяагүй өгөр толгой тавагтай шөл, хоёр пийвээ ширээнээ орхин гарч билээ. Тэгэвч өнгөрсөн олон жил түүнийг мартсангүй, түүгээр ч барахгүй санасан цагтаа “Урьхан”-д ирж хуучин хана туурга, гэрлийн хоцрогдсон бүрхүүл, халтар цонхыг харж ганцаардах дуртай болсон билээ. Бас ч юмыг яаж мэдэхэв Алтаншагай ороод ирэх ч юм билүү хэмээн чахарч гажсан хаалгыг харах нь бий. Тэр сохор элээний далавч шиг муу салга хаалга гаслахаас өөр юу чадах юм. Түүнээс хойш арван жил, бүхэн бүтэн арван жил өнгөрчээ. Цэндбат ахуй амьдрал аль бүхнээр хүнээс доор ороогүй ч тэр арван жил энэ амь бөхтэй, тоос шороо нь оволзсон, хамгийн хоцрогдсон хуучин гудамж шиг ээдрээтэй өнгөрсөн байх юм. Эртний явдал эргээд ирэхдээ шинэ мэт байдаг нь гайхмаар. Харин алдагдсан юм эргэж ирдэггүй, ирлээ ч гэсэн жаргадаггүй орчлон дэндүү харанхуй аж. Улаанбаатар. Зохиолч С.Пүрэв /Соёлын гавьяат зүтгэлтэн/
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 5/1 |
Пүрэв Санж )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|