Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Дамдинсүрэн 	Цэнд	 Өгүүллэг: Ц.Дамдинсүрэн : Солийг сольсон нь
Оруулсан admin on 2008-10-26 23:38:44 (22086 уншсан)


Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь:
- Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь:
- Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож,
- Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат "үр" гэдэг үгийг сонсож
- Юун үр? гэж гайхаж асуувал Солийн нүүр бяцхан улайж инээмсэглээд юу ч хэлсэнгүй.
Бат нутгаас анх мордож холын албанд явах гэж байгаадаа сэтгэл ихэд хөдөлж байсан тул Солиос тэр үгийн утга юу болохыг дахин лавлаж асуусангүй, гагцхүү Солийн жижигхэн гарыг чанга атгаж:
- Чи шударга эхнэрийн журмыг сахиж чадах уу? гэсэнд Соль:
- Чи намайг мартахгүй бол би чамайг мартахгүй гэж хэлэв.
Солийн торомгор хар нүднээс ганц хоёр дусал нулимс бөмбөрч Батын гар дээр дусав. Бат түүний янагийн нулимсыг ойлгохгүй ийш тийш харж гайхан зогсоно. Бат, эхнэр Солийн байдлыг сайн мэдэхээс биш, түүний эрдэнэ мэт янаг сайхан сэтгэлий нь гүйцэд мэддэггүй бололтой. Ер нь янаг сэтгэл бол оройд нь гарч болшгүй өндөр сайхан уул мэт, ёроолд нь орж болшгүй гүн их далай мэт, хүн бүхэнд амархан ойлгогддоггүй нандин эрдэнэ юм. Одоо дээр Бат амраг эхнэрийнхээ тухай бодож байгаа биш, өөрийн явах алсын замын тухай бодож байв.
Тэгээд Бат алсын моринд дөрөөлж, цэргийн албанд мордож одов. Соль, Батыг эргэж харах болов уу гэж ажиглан зогсож байхад Бат агсан морины жолоотой ноцолдсоор эргэж харж амжилгүй, цагаан тоос бужигнуулан далд оров.
Явсаар Улаанбаатар хотоор дайрч улсын хязгаарт очоод хил хамгаалах чухал үүргийг хүлээж суув. Анхны үед гэр нутаг, залуу эхнэрээ дурсаж, хааяа захидал бичдэг байсан боловч цаг өнгөрөх тусам гэр орноо баахан мартаж эхлэв. Эхнэрээс хэдэн захидал хүлээн авсан боловч тэр захидлууд сүүлдээ Батад сонирхолгүй болов. Учир нь тэр захидлуудад "Би мэнд байна, чи мэнд байна уу? Одоо бичих онц сонин зүйлгүй" гэсэн нэг ижил утгатай байснаас гадна "газрын хол, усны уртаас цагаан цаасаар бие болгож, хар үсгээр хэл болгож, хайрт чинийхээ мэндийг лавлая" гэх мэтийн хэдэн чимэгтэй үг захидал бүрд байдаг байв. Гэвч одоо нутаг хаа байгаа, өөрөө юу хийж, ямар янзтай аж төрж байгаа, нутгийн таних айлуудаар сонин юу болж байгаа, мал сүрэг нь олширч цөөрч байгаа эсэх зэрэг сонирхолтой зүйлийг бичихгүй юм. Урьдах захидал нь дараачийн захидалтай бараг ижил байдаг байв. Бат ажиглавал, сүүлийн хоёр захидал адил бичигтэй тул нэг хүн бичсэн байна гэж мэдэв. Хэний бичиг болохыг ажиглавал Доной гэж нэг завхай залуу байдаг, түүний бичигтэй төстэй юм. Иймд Батын бодсон нь: "Манай эхнэр Соль захиа бичих байтугай, А үсгийн толгой ч гаргахгүй хүн тул хүнийг гуйж над захидал бичүүлдэг байна. Манай нутгийн бичиг мэдэх залуучуудын нэг нь энэ захидал мэт юмыг эрээчиж мурийлгаж өгөөд элдвийн дэмий үг ярьж, цай гүзээлж зориуд үдэш болгоод, гэр хол гэж шалтгаалж манайд хоноод явдаг байх. Тэгээд юу болдгийг бүү мэд. Харин тэд намайг элэг барьсан мэт энэ муусайн эрээн цаасыг явуулдаг байх" гэж бодоод, захидлыг унших ба хүлээж авах ч дургүй боллоо.
Yүнд бас нэгэн өөр шалтгаан нэмэр болов. Батын алба хааж байгаа нутагт нэг залуу эр эм хоёр байв. Эр Цэнд хэдэн сарын хугацаагаар аянд мордоход эхнэр Лхам учиргүй уйлж цууямбуу ваадан мэт том алчуураар нулимсаа арчиж байхыг Бат үзсэн. Гэтэл Цэндийг хоёр сар аян хийгээд эргэж ирэхэд Лхам ондоо нөхөртэй болоод сууж байв. Тэр Лхам, алчуурын нулимсыг хатаж амжаагүй байтал, ондоо эрийг тэвэрч эхэлсэн байна. Яасан хуурамч нулимс вэ, яасан худалч янаг вэ? Энэ тухай өөрийн таних цэрэгт Бат яривал энэ цэргийн хариулсан нь:
- Ийм хүүхэн байдаг л юм. Чи эхнэрийгээ өөр хүнийг сэтгэлдээ бодохгүй, биедээ халгахгүй байгаа гэж санадаг уу? Тийм бол эндэгдэл болно гэв.
Бат энэ үгийг сонсоод эхнэрийгээ улам итгэхгүй болж элдвийг эрэгцүүлэн бодож баахан гуниглаж явдаг болов. Гэвч, хүний сэтгэлд ямар ч гуниг мөнх үлддэггүй юм. Усны урсгал, чулууны ирмэгийг арилгаж бөөрөнхийлөхийн адил, цагийн урсгал, сэтгэлийн гунигийг элэгдүүлж арилгана.
Тэгээд Солийн тухай Бат төдий л бодохгүй болов. Хаяа бодовч Солийг ер нь өөртөө тохирохгүй эхнэр юм гэж санадаг боллоо. Бат өдөр бүр сургууль эрдмийг сурч боловсорч байна. Нэг өдөр өнгөрөхөд нэг хэсэг мэдэхгүй юмыг мэддэг болсон байна. Гэтэл Соль бичиг мэдэхгүй, бохир балиар хэвээр байна. Иймд Бат цэргээс халагдмагц Солийг орхиж, өөр зохилдох эхнэрийг олж авна гэж шийдэв.
Энэ саналаа мөн өөрийн нутгийн хүн бөгөөд цэргийн албыг хэдэн жил хаасан Доржид хэлсэнд Дорж хэлэв:
- Эхнэрээ солих гэдэг муухай хэрэг.
Бат хэлэв:
- Солих ажлыг би эхэлсэн биш. Соль өөрөө эхэлсэн байх. Манай эхнэр Солийн нэр нь хүртэл олигтой нэр биш. Түүний эхээс таван хүүхэн төрөөд зургадугаар хүүхнийг төрөхөд эх нь дахин эрэгтэй хүүхдийг хүсч түүнд Соль гэж нэр өгсөн юм гэнэ билээ. Адгийн муусайн хүүхнүүд, эцэг эхдээ тээр шаагдсан охинууд "Боль, Соль" гэх зэргийн нэртэй байдаг. Соль нэртэй хүүхэн эрийг сольж, эрд солигдож байх учиртай биз. А үсгийн толгойг ч мэдэхгүй тийм эхнэрээр би яах вэ? - гэж ярьсанд Дорж толгой сэгсрэхээс өөр үг хэлсэнгүй.
Дорж удалгүй цэргийн албыг хаах хугацаа дуусч цэргээс халагдаж нутагтаа буцав. Доржоор Бат эхнэртээ захидал илгээсэнгүй. Бат хэнээс ч захидал авахгүй, хэнд ч захидал бичихгүй болсоор хэдэн жил өнгөрөв.
Ганцхан, Бат ногдсон үүргээ шударгаар биелүүлж, улсаа хичээнгүйлэн хамгаалж байхыг чармайн явав. Улсын хилийг хамгаалах ажил дээр ямагт сонор сэрэмжтэй байж, хэдэн удаа гавьяа байгуулсан учир, улсын дээд газраас байлдааны гавьяаны медалиар шагнагдав.
Цэргээс халагдах хугацаа болоход, харих гэргүй гэж урам нь хугарч сайн дураар цэргийн албанд үлдэв. Бага дарга болж дэвшив. Бат цэргээс халагдаад нутагтаа харихгүй, аль нэг газар алба хааж сууна гэж бодох болов. Удалгүй бас хоёр жил өнгөрөөд гуравдугаар жилийн намар ойртоход Бат энэ жил халагдах эсэхийг бодож сайн шийдээгүй байв. Гэтэл говийн сайн малчин Хишиг гэж нэг хүүхний зураг сонинд хэвлэгдсэнийг Бат олж уншив. Тэр зургийг үзвэл дугуй хээтэй торгон дээл, үстэй малгайг өмсөж, энгэртээ хөдөлмөрийн гаьяаны одон ба улсын сайн малчны тэмдэг зүүж, дээлийнхээ заханд чимгийн зүүг хатгажээ. Ганцхан гэмшилтэй нь энэ хүүхний зураг сонин дээр тодорхойгүй хэвлэгджээ. Гэвч тэр хүүхний махлаг дүүрэн царай, галтай хурц нүд манай цэргийн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө.
- Энэ мөн сайхан хүүхэн байна гэж нэг цэрэг хэлсэнд бусад нь цөм зөвшөөрөв.
Хүүхний товч намтрыг мөн сонинд үзвэл Батын зэргэлдээ сумын хүн юм байна. Энэ хүүхэн говийн малчдын дотроос сүүлийн хэдэн жилд малаа жишээ болохуйц сайнаар маллаж, хамгийн түргэнээр өсгөсөн юм байна. Бат тэргүүнтэй манай цэргийн хэдэн хүн энэ хүүхний тухай ярилцаж эхлэв. Нэг цэрэг хэлэв:
- Энэ хүүхнийг санамсаргүй байтал гэнэт зураг нь хэвлэгдээд хүрэх байх, тэгэхэд энэ хүүхэн хичнээн их баярлах бол? Хоёрдугаар цэрэг хэлэв:
- Ганц энэ хүүхэн төдий биш, түүний эцэг эх, хамаатан садан, эр нөхөр, таних хүн цөм баярлана даа. Бат хэлэв:
- Тэр ч байтугай нутгийн бид ч энэ хүүхний төлөө баярлана, энэ хүүхний зургийг үзэхэд сэтгэл их аятайхан байна гэхэд:
- Yнэхээр тийм гэж нэгдүгээр цэрэг хэлэв.
Хоёрдугаар цэрэг хэлэв:
- Цэрэгт байгаа бидний аль нэгний эхнэрийн зураг гэнэт сонинд хэвлэгдээд ирвэл, хичнээн их баярлах бол? Нэгдүгээр цэрэг хэлэв:
- Нээрэн тэгж болох хэрэг дээ. За бидний дотроос эхнэртэй хүн хэн байна? гэхэд хоёр цэрэг:
- Бат байна. Бат байна гэж хоёр цэрэг зэрэг хэлэв.
Бат хөмсгөө атируулж хэлсэн нь:
- Миний эхнэрийг энэ Хишиг хүүхэнтэй зүйрлэх юм биш. Миний эхнэр гэж нэг хормойгоо чирсэн юм байсан юм. Одоо түүнээс сураггүй болсоор олон жил болов. Иймд би эхнэргүй хүний тоонд орно гэхэд нөхөд нь бие биеэ харалцсан боловч нэг ч хүн түүнийг буруушааж хэлсэнгүй. Тэгээд нэг цэрэг, Хишиг хүүхний намтраас уншихдаа
- Хишиг хүүхэн, хөгшин эгчийн хамт хоёул хэдэн зуун малыг маллаж байдаг гэж уншаад:
- Хишиг хүүхэн нэг бол нөхөргүй юм байх, эсвэл нөхөр нь албанд байдаг байдаг юм байх гэж хэлэхэд нь нөгөө цэрэг нэмж хэлэв:
- Эс бол албанд байгаа нөхөр нь эхнэрээ мартсан юм байх. Хоёрдугаар цэрэг хэлэв:
- Ийм сайхан эхнэрээ мартаж хаях тэнэг амьтан даанч байхгүй биз.
Нэг цэрэг хэлэв:
- Ертөнц дээр тэнэг амьтан олон байдаг. Зарим хүн албанд яваад эхнэрээ мартчих юм байна шүү. Бас нэг нөхөр хэллээ:
- Тэр олон тэнэгийн нэг нь энэ сууж байна гэж Батыг заагаад,
- Yүнийг гэртээ хир олон захидал бичдэг вэ гэж асуугаач гэв. Бат хэлэв:
- Би та нараас тэнэг биш, чи ердөө хэнд ч захидал бичдэггүй шүү дээ гэв. Тэр хүн хэлэв:
- Чи эхнэртэй хүн. Би эхнэр аваагүй тул тантай адилсах зүйлгүй. Би эхнэртэйсэн бол заавал захидал бичиж мэндээ мэдэлцэж байхгүй яах вэ? Ер нь тэнэг хүн бага насандаа эхнэр авдаг юм. Цэцэн хүн цэргийн алба хааж сургууль эрдэм сурч, хорин нас хүрч нэлээн томоожсон хойно тохирсон эхнэрийг авч, тогтвортой айл болдог юм гэсэнд Бат тайлбарлаж хэлэв:
- Эхнэрүүдэд сайн муу гэж ялгаа байдаг юм. Сайн эхнэрийг хаявал тэнэг хүн, саар эхнэрийг хаявал цэцэн хүн болно. Манай Соль, энэ хүүхэн Хи шиг хоёр бол ер нь өдөр шөнө хоёр шиг ялгавартай юм. Гэрэлт нарны мандлыг зэвэрсэн гуулин тавагтай зүйрлэж хэлэлцэж болох уу? Соль бол хатсан борц шиг хүүхэн, энэ чинь түүхий сүүний бяслаг шиг булцайсан цагаан хүүхэн байна гэхэд цэргүүд
- Энэ балархай зураг дээр цагаан хар нь төдий л тодорхойгүй байна гэж инээлдэв. Нэг цэрэг хэлэв:
- Эхнэрээ хаяад бас муулдаг бол буруу хэрэг дээ. Бас нэг цэрэг хэлэв:
- Эхнэрийн тухай асуудлыг жич хэлэлцье. Одоо Хишиг хүүхэнд хэдүүлээ хамтарч захидал бичвэл ямар вэ? гэхэд бүгдээрээ түүний саналыг зөвшөөрөв.
Захидлын эхийг Бат зохиож бичсэн нь: "Эрхэм нөхөр сайн малчин Хишиг танд хилийн харуулын хэдэн цэрэг энэ захидлыг бичив. Бид цөм говь нутагтай тийм тийм сумын, тэр тэр гэгч хүмүүс. Таны малаа өсгөсөн ажлын амжилтын мэдээ ба зургийг сониноос олж үзэв. Нэг нутгийн хүмүүс болох бид, өөрсдийн баярласан сэтгэлийг тандаа илэрхийлье. Бид улсаа батаар хамгаалж байя. Та нар улсаа улам баяжуулж мал сүргээ олшруулж бай. Тэгвэл манай улс улам хүчирхэг бат болно. Хэрэв та боломжтойд үзэж хариу захидал бичвэл бид бид ихэд баярлана" гэж бичээд хойно нь цөм гарын үсгийг зурав.
Түүнээс хойш нэг сар орчим болсны дараа Хишиг хүүхний хариу захидлыг манай цэргүүд хүлээн авав. Хишиг хүүхэн хилийн цэргүүдэд талархлыг хүргэж, малаа яаж чармайн маллаж байгаа товч дурджээ. Бат тэр захидлыг авснаас хойш "Хишиг хүүхний нөхөртэй эсэхийг ямар нэг аргаар олж мэдье. Хэрэв тэр нөхөргүй бол цэргээс халагдсаны хойно холбоо байгуулж болох болзошгүй" гэж бодоод ганцхан өөрийн нэрээр захидал бичив. Захидлын дотор дурдсан нь: "Эрхэм нөхөр сайн малчин Хишиг таны хариу бичсэнд их баярлав. Бид нэг зэргэлдээ сумын хүмүүс тул харилцан таних байж мэднэ. Та хэний төрсөн хүүхэн болохыг би бодоод бодоод олсонгүй" гэх зэрэг бичвэл Хишиг хариу бичихдээ "Би бол таны танимаар хүүхнүүдийн нэг мөн" гэснээс өөр, өөрийн удмыг огт дурдсангүй. Ингээд Бат Хишиг хоёр үргэлж захидлаар харилцдаг болов.
Батын цэргээс халагдах хугацаа ойртож байв. Иймд Бат цэргээс халагдвал өөрийн гэж харих орон гэргүй гэж Хишигт бичвэл, түүний хариу бичсэн нь: "Эрхэм ах минь, хувьсгалт цэргийн хүн гэр оронгүйтэх гэж үгүй. Таньд эцэг эх, ах дүүгүй бол цэргээс халагдаад шууд миний гэрт ирэгтүн. Би таныг төрсөн ах мэт хүндэлж чадна. Учир нь та хувьсгалт цэргийн алба хаасан хүн шүү. Та манайд ирэхэд унах морь, тохох эмээлээр мундахгүй. Миний хэдэн сайн морь бий. Дуртайгаа унатугай. Тэгээд би эрхэм тандаа цагаан гэр барьж, сайхан эхнэр авч өгнө. Миний хөгшин эгч бид хоёр таныг ирвэл их баярлана" гэж хариу захидал иржээ. Бат энэ захидлыг аваад учиргүй их баярлаж цэргээс халагдмагц үнэхээр тэднийд очих юм байна. Сайхан эхнэр авч өгөх тухай дурдсан нь бас учиртай үг биз. Хөгшин эгчтэйгээ хоёул суудаг гэж бичсэн нь даруй нөхөргүйгээ мэдэгдэж байгаа үг байна. Тэр хүүхэн чинь миний эхнэр болохыг зөвшөөрөх ч болзошгүй гэж бодов.
Тэгээд Бат цэргийн хугацаа дуусгаж халагдав. Улаанбаатараар дайраад нутагтаа давхиж харив. Өөрийн сумыг дайрсангүй. Хишигийн сумын захиргааг дайран очив. Тэр сум дээр хуучин таних хүн дайралдсангүй.
- Танай сумын Хишиг хүүхнийх хаа байна? гэж асуувал сумын зарлага:
- Сайн малчин Хишиг үү? гээд түүний гэрийг зааж өгөв.
Сайн малчин Хишиг гэж нутагтаа алдартай хүн байна шүү гэж Батын санаанд оров. Батаас зарлага асуусан нь:
- Та түүнээс заавар зөвлөлгөө авах гэж яваа юу? Бат хэлэв:
- Та юу хэлж байна. Тэр хүүхнээс хүн, ямар заавар зөвлөлгөө авдаг юм бэ? гэхэд зарлага гайхаж хэлэв:
- Та Хишигийг мэдэхгүй холын хүн байна. Түүнээс манай нутгийн малчин очиж мал маллах арга, хаашаа нүүвэл зохих зэргийг асууж зөвлөдөг. Тэр ч байтугай, сум, багийн дарга нар хүртэл түүнтэй очиж санал зөвлөгөөн авдаг юм. Саяхан манай сумын дарга очоод Хишигтэй ажил хэргээ зөвлөөд буцсан. Одоо Хишигийг баруун сумын малчны зөвлөгөөний хурал дээр сануулга зөвлөгөө өгнө үү гэж уриад байна гэнэ билээ. Та уулзах хэрэгтэй бол даруй очвол сайн. Тэр өнөө маргаашгүй мордох гэж байсан гэж хэлэв.
Бат өтгөн өвстэй сайхан тал дундуур давхисаар явтал хоёр цагаан гэр үзэгдэв. Энэ лав Хишигийнх мөн биз. Гадуур нь нэлээд хогшил харагдана. Олон хонь, үхэр, адуу гэрийн ойр бэлчиж байна. Хишигийнх нилээд баян айл юм байна гэж Бат бодож байв. Гэтэл алсын хөндийд бас өөр хоёр гэр харагдаж байна. Аль нь Хишигийнх юм бол гэж Бат гайхаж байгаад ойрхон хоёр цагаан гэрт очихоор шийдэв. Тэр айлын гадна очтол нэг бүдүүн халтар нохой хуцсаар давхиж ирлээ. Тэр нохой Батын дэргэд ирж эмээлийн гөлөмнөөс тасдах шахаж хуцан хоргооно. Бат гэрийн гадна ирээд:
- Нохойгоо хорь! гэж чанга дуудсанд гэрээс нэг хүүхэн дутуу гараад
- Хүүе яадаг билээ! гээд гэртээ эргэж оров. Тэгээд нэг ч хүн гардаггүй. Нохой хуцсаар байна. Хэдэн минут болсны дараа
- Нохойгоо хорь! гэж дахин дуудтал 5-6-гийн хэр настай хүүхэд гарч ирээд нохойгоо хөөхөд халтар нохой зайлав.
Бат мориноос буугаад гэрт ямар хүн байгааг урьдчилан мэдэхийн тул тэр хүүгээс зөөлөн дуугаар асуув:
- Хүүхээ, гэрт хэн байна? гэхэд тэр хүү:
- Гэрт манай ээж байна гэв. Хишиг хүүхэн нэг хүүтэй юм байна, эцэг нь яасан юм бол гэж Бат бодоод асуув:
- Гэрт танай эхээс өөр хүн үгүй юу? гэхэд хүү хэлэв:
- Манай аав байна гэв. Энэ үгийг сонсмогц Бат цочиж, бие нь дагжих мэт болов. Тэгээд Бат гэрт орох эсэхийг эргэлзэн бяцхан зогстол, хүү хэлэв:
- Та манай ааваас айж байна уу? Түүнээс айх хэрэггүй. Тэр үргэлж орон дээр хэвтэж байдаг.
Бат асуусан нь:
- Аав чинь өвчтэй юу? Хүү баахан бодоод хэлэв:
- Түүний эрүүл өвчтэйг мэдэхгүй. Би одоо мэдээд ирье гээд гэрийн зүг гүйхэд, Бат:
- Хэрэггүй, хэрэггүй гэж зогсоов. Тэгээд Батын сэтгэл ихэд зовж, би ер нь ондоо айлд ирсэн биш болов уу гэж бодоод:
- Чиний эхийн нэр хэн бэ? гэхэд хүү монголын заншлаар эхийн нэрийг цээрлэж,
- Манай ээж нүүрээ угааж байна гэж огт ондоо зүйлээр хариулав. Иймд нэг бол ондоо айлын гадна ирсэн байна. Эсвэл өнөөх их хүссэн Хишиг гэдэг маань өвчтэй нөхөртэй, том хүүхэдтэй, хөгшин хүүхэн байдаг хэрэг болов уу гэж Бат санаж ихэд урам хугарав. Гэвч нэгэнт айлын гадаа ирээд орохгүй мордвол зохимжгүй тул урамгүй алхсаар гэрт нь оров.
Гэрт ногоон торгон дээлтэй ганц хүүхэн босоо зогсоод, хөх дурдан бүсийг яаралтай бүсэлж байна. Энэ хүүхэн сая дээлээ сольж өмссөн бололтой.
- Сайн уу? гэж хэлээд хартал тэр хүүхэн Батын хуучин эхнэр Соль мөн бололтой харагдана. Ганцхан энэ завсар тэр жигтэйхэн ондоо болжээ. Соль 18 настай байхдаа бяцхан хүүхэн байсан, одоо махлаг өндөр биетэй, улбар цагаан царайтай болжээ. Бат гайхахын эрхэнд нүдээ арчиж байн байн түүнийг хараад хэлэх ч үггүй, бүлх үмхсэн мэт гөлөлзөн зогсов. Тэр хүүхэн хэлэв:
- За Бат! Улсын албанд сайн яваад ирэв үү? Чи бишүүрхэх хэрэггүй. Бид мэнд сайн сууж байна гээд
- Аавтайгаа золго гэж хүүдээ хэлэхэд тэр балчир хүү "Аав" гэх үгийг сонсмогц,
- Миний аав энд бий гээд ээжийн дэрэн доороос нэг хүний зургийг гаргаж ирээд эхээс асуусан нь:
- Миний аав эрүүл юм уу, өвчтэй юм уу? гэхэд тэр хүүхэн сандарч:
- Чи бүү солиор. Чиний аав чинь энэ байна. Аавдаа очиж золго гэж хүүгээ Бат руу түлхэв.
Хүүг ойртож ирэхэд Бат тэр хүүг авч үнсээд зургийг хартал Батын зураг байхад: "Би Хишигийнд ирэх гэтэл хуучин эхнэр Солийнд андууран ирсэн хэрэг байна гэж бодов. Тэгээд хүүхэн хэлэв:
- Чамайг албанд мордоход миний бие жирэмсэн байсан, тэгээд би гэрий чинь цагаан болгож, малы чинь олон болгож, үрий чинь том болгож байя гэж хэлсэн үгэндээ хүрэв. Санаагаа хувилгаж эхнэр хүүхдээ мартсан нөхөр минь одоо биднийгээ орхиод явчих юм байгаа биз гэхэд Бат би ийм сайхан эхнэр хүүхдээ орхих гэж муу санаа төрсөн ямар муухай амьтан билээ. Айл андуурч ирсэн минь харин завшаан болов гэж гэмшээд:
- Хайрт эхнэр Соль минь, би чамд учраа хэлье гэхэд эхнэр угтаж хэлэв:
- Чиний учрыг би цөмийг мэдэж байна. Чи Соль гэдэг нэрэнд дургүй шүү. Чи бас бохир балиар эхнэрт дургүй. Ажилч боловсон, бичиг үсэг мэдэх эхнэрт дуртай гэдгийг би урьд цэргээс халагдаж ирсэн Доржоос цөмийг сонссон. Тэгээд би хуучин бохир байдлыг халж, боловсон соёлжсон эхнэр болохыг хэдэн жилийн турш чармайн оролдов.
Манай улсад эрэгтэй, эмэгтэй ямар ч хүний боловсрон, урагш давших зам нээлттэй юм байна. Хөгшин эхийн нутгийг татаж энэ суманд шилжиж ирснээс хойш эрдэм ажлыг хослон оролдсоор одоо би бичиг сайн мэдэх болсон. Ном зохиол нилээд уншдаг. Чиний санаанд тохируулан нэрээ хүртэл солив. Чиний хаясан Соль чинь би байна. Чиний дурласан Хишиг чинь би байна гэхэд Бат Хишиг нэрийг сонсоод ихэд цочоод санамсаргүй хэлэв:
- Би Хишигт дургүй. Сольдоо дуртай. Хишиг бол миний саналыг төөрүүлж, хайрт гэргий Солиос салгах гэсэн хүүхэн гэвэл, зураг бариад дэргэд байгаа хүү дахин хэлэв:
- Ээж ээ! Миний аав өвчтэй юм уу, эрүүл юм уу? Эхнэр хэлэв:
- Нээрээ өвчтэй юм шиг байна. Чиний санаанд тохируулж би нэрээ солиод Хишиг нэртэй болсон. Чиний хаясан Соль чинь би байна. Дурласан Хишиг чинь би байна гэж дахин хэлбэл, Бат сая учрыг мэдэж эхнэрийн гараас шүүрэн барьж хэлэв:
- Чамайг орхих гэсэн минь түмэн буруу. Чи миний бурууг уучилбал би чамтай дуртай хамтран сууна. Би чухам чам шиг ийм боловсон сайн эхнэртэй болохыг хүссэн юм. Хишиг хэлэв:
- Чи цэргийн албанд явж улсаа хамгаалж байсан хүн. Халуунд халж, хүйтэнд хөрч улсаа шударга хамгаалж явсан тул чиний бурууг би уучлах ёстой гэсэнд Бат хэмжээгүй их баярлаж
- Миний эхнэр, миний хүү гэж хоёулангий нь тэвэрч үнсэв. Эхнэрийн энгэр дээр хөдөлмөрийн одон гялалзахад, Батын энгэр дээр байлдааны медаль гялалзана. Хүү Батад хандаж:
- Та миний аав мөн үү? гэж асуухад Бат
- Мөн гэв.
- Та морь унаад явж чадах уу?
- Чадна. Чи намайг морь унаад ирэхийг харсан шүү дээ гэхэд, хүү баярлан өгүүлрүүн:
- Их баяртай хэрэг болов. Айлын хүүхэд намайг үргэлж элэглэдэг билээ. Тэдний аав морь унаад явдаг, миний аав зургийн цаасан хүн тул морь унаж чадахгүй, үргэлж ээжийн дэрэн доор хэвтэж байна гэдэг



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 60/12 | Дамдинсүрэн Цэнд )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 347 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-046.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4845

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-225.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4124

Зураач : Б.Хонгорзул
khongor060.jpg
Хэмжээс: 600x395 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5399


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn