|
|
Өгүүллэг: М.Амарбаяр :Элэг
Оруулсан admin on 2010-09-28 10:25:37 (7480 уншсан)
Би архи уучихаж дээ янз нь. Дотор нэг юм тэсэхүй еэ бэрх өвдөж, зүрх хагарах гэж буй мэт цовхчино. Сайн дураараа өөрийгөө зовоож үйлээ эдлэн хэвтэж буй миний дэргэд эцэг эх хоёр минь ирчихсэн зогсоно. Орь дуу тавин гаслах хүүгээ хараад элэг нь эмтэрч, зүрх сэтгэл нь урагдаж байх шиг. Аав минь хөмсөг зангидан дуугаа хурааж хүрлийгээд ижийгийн нүдэнд нулимс цийлэгнэж үзэгдэнэ. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ, ижий эхэлж ам нээлээ.
-Иш хүү минь, ингэж өөрийгөө зовоож байх гэж. Болдоггүй юмыг ингэтлээ уугаад... ямар хэрэгтэй гэж тэгдэг байна аа.?... Уг нь ээж нь чамайг хар ус биш халуун сүү амлуулж хүн болгосон юмсан ... гээд арга нь барагдсан янзтай нулимсаа арчив. Болдогсон бол миний орноос өвдөөд өгөх юмсан гэсэн царайтай зогсч байсан аав минь ижийгийн зүг "Одоо чи үглээд яана" гэсэн байртай харсанаа
-Элэг нь л өвддөг юм байх даа.? Өөр юу байх билээ дээ! гээд түүнийгээ бататган асуух мэт ижийгийн зүг дахин харлаа.
Тийм байна.Нээрээ элэг минь өвдөж байгаа юм байна гээч! Архичин хүмүүс элгээр үхдэг гэдэг шүү дээ. Би архичин биш ч гэсэн архи огт амсдаггүй нь лав биш. Найз нөхөд маань гэхэд шүлэг зохиол оролддог, зохиолч, сэтгүүлч сэтэртэй хэдэн нөхөд бий. Хааяа нэг уулзахаараа ганц нэг шил сархад ёс юм шиг задалж, орчлонгийн элдэв зовлонг түр ч болов умартацгаах. Магадгүй ил тэгж ярьдаггүй ч зохиолч хүмүүс дарс хүртэн хөлчүүрч байж юм бичдэг, онгод билэг нь ч чухам сархадын шидэнд хөглөгдөн дэвэрдэг гэсэн нэг "бичигдээгүй хууль"-ийг Ли-Бай, Данзанравжаагаас эхлээд Явуу, Чойном гээд үе үеийн зохиолчид дараа үедээ уламжлуулан үлдээсэн гэж ойлгодгоос болсон ч байж мэднэ, юутай ч нөхөд минь ширээний ард хуурай хоосон сууж уулзах нь тун ховор. Ингэж уусаар элэг минь дуусч байгаа юм байна даа" хэмээн бодохуй " Хэ цэс, дөнгөж гуч хүрч байгаа чи хэдэн шил архи уучихаад элэг дуусчихлаа гэж ярина вэ! Чи сайндаа л гурав дөрвөн жилийн өмнөөс ууж сураад, одоо тэгээд сард ганц нэг удаа л уудаг биз. Өдөр болгон архи уудаг найгүй архичид жар дал хүрчихсэн явахыг алийг тэр гэдэг юм бэ" гэсэн өөр нэгэн дуун сонстлоо. Аав минь хэлэв үү гээд хартал юм дуугарсан шинж алга аа.
-Нээрээ архи уудаг ч гэсэн аль өндөр насалж байгаа хүнийг тэр гэхэв дээ. Гэхдээ л тэдэнд заяасан бие цогцос надад үгүй бололтой. Одоо ингэж голоо тасартал өвдөж зовж байгаа хүн дахиад архи уувал яахыг бодоод үз дээ. Энэ ч лав элэг ээ, элэг! Өөр юу ч биш!! Миний хэлснийг батлаж нотлох, эсвэл үгүйсгэж сэтгэлийг амрааж өгөх гэсэн мэт гаднаас цагаан халадтай эмч залуу гартаа өвчтөний бүртгэл барьсан сувилагч бүсгүйг дагуулан өрөөнд орж ирлээ.
Согтуу толгой, яагаад ижий аав хоёр манайд ирчихсэн байдаг билээ хэмээн түрүүнээс хойш гайхаад олохгүй байсан юм, тэгсэн эмнэлэгт байдаг байна шүү. Түүнийгээ сая л нэг юм ухаарав. Эмнэлэгийн цомхон баг орж ирэхэд би өвчиндөө шаналж ёолж гаслахаа болиод үл мэдэгдэх тэр нэгэн зовлонтой аль хэдийн эвлэрчихсэн амьтан дуу шуу ч үгүй хэвтэж байсан бөгөөд эмч залуу орон дээр хэвтээ намайг нэг харснаа ухаангүй байна ч гэж бодсон уу аль эсвэл зүгээр л тоосонгүй, юу хоёр хөгшинтэй ярилцана.
-Нэгэнт байдал ийм болсон хойно юуг нь нуух вэ? Та хоёр ч бас гадарлаж байгаа байх. Энэ хүний элэг байхгүй болжээ. Элэггүй хүн амьд... Эмч залууг ийн хэлэхэд ижий минь эхэр татан уйлж, аавын царай түрүүчийнхээсээ ч бараан болов. Эмч тэдний юу гэхийг харзнан хэсэг дуугүй зогссоноо "Энэ янзаараа байвал хоёр гурван цаг л тэсэх байх" хэмээн нэмж хэлэв. Эмчийг орж ирэхэд боссон эцэг ардаа байсан сандал дээр ягхийтэл суулаа. Ижий улам бүр хүчтэй эхэр татсанаа гэнэт нулимсаа арчин "энэ хүн л хүүг минь эдгэрүүлж магадгүй" гэсэн горь тасраагүй найдлагын харцаар эмчийн зүг хараад
-Эмч ээ, та хүүг минь авраач дээ. Тэр минь цэл залуугаараа! Ядаж эхнэр авч, энэ хорвоод үр удмаа үлдээж ч амжаагүй шүү дээ" хэмээн гуйх нь тэр. Ингэнэ чинээ бодоогүй байсан эмч залуу жаахан балмагдан тэвдэснээ учир замбараа муутай гэгч нь
- Тэгэхээр юу,... юу...арга байх нь ч байна л даа. Тэгэхдээ энэ арга юу... хэмээн түгдчихэд
- Ямар? Ямар арга..? Арга байна уу тэгээд? хэмээн ээж эмчийг үгээ дуусгалгүй орхичих вий гэсэн шиг сандран асуулаа.
- Эрхтэн шилжүүлэн суулгах. Өөрөөр хэлбэл энэ хүнд өөр эрүүл элэг суулгавал амьдарч болно л доо." Эмчийн үгний төгсгөлийг ч гүйцэд сонссон юмгүй ээж минь босоод ирлээ.
-Минийх, минийх болох уу? Ээжийг ийн асуухад эмч залуу өрөвдсөн янзтай толгой сэгсэрснээ
-Болох нь ч болно л доо. Гэхдээ та ч бас элэггүйгээр амьд явж чадахгүй шүү дээ" гэвэл ээж
-Хамаагүй ээ, миний хүү л амьд байвал хөгшин би яахав. Үздэгээ үзэж, хорвоогийн жаргал зовлонг амсаж эдэлсэн хүн.Харин хүү минь ядахнаа хань ижил, үр хүүхэдтэй болж, амьдралын амтыг гүйцэд амтлаг!... Эмчийн нүдэнд нулимс цийлэгнэж үзэгдэнэ. Гэвч ээж минь тэрнийг ч анзаарсангүй, сандачсан хэвээр.
-Тэгээд би элэгээ яаж өгөх вэ? Одоо хурдан өгчихье хүү минь. Чи түрүүн энэ хүн хоёр гурван цаг л тэснэ гэсэн шүү дээ. Ингэсээр байтал нөгөө хоёр гурван цаг чинь болчихно" хэмээн сандачлаа. Түрүүн суудал дээрээ буцан унаснаас хойш бороотой тэнгэр шиг л баргар царайлан дуугүй суусан эцэг минь дахин босч ирснээ:
- Энэ суулгасан элэг тэгээд хэр найдвартай вэ. Хэдэн жил юу.. болох бол? хэмээн асуувал эмч залуу
-Амьдрах вэ гэж үү? Архи уухгүй бол гайгүй нэлээд удаан амьдрана аа.
-Архи уувал..?
-Архи уувал бас л удахгүй муудна даа.
Архи уувал дахиад муудна! Энэ үгийг сонсоод саяхан эцэг эх хоёрын минь нүдэнд гэрэлтэж байсан итгэлийн оч бүүдэсхийх шиг болов. Эмчийн ард зогсож байсан эцэг эх хоёр минь хажууханд нь байсан сандал дээр суун туслаа. Эцгийн ам өмөлзөн ямар нэг юм яриад , асуугаад байх шиг. Гэвч дуу нь үл сонстоно. Харин ижий түүний юу хэлээд байгааг ойлгосон бололтой эмч уруу хандан:
-Архи уулаа гэхэд, уугаад элэг нь муудлаа гэхэд ядаж арван жил амьдрана биз дээ?" гэхэд эмч залуу
-За даа ёстой арван жил л болох байх даа" гэв. Ижий аав хоёр дахиад л өөд өөдөөсөө харлаа.
-Дараагийн ээлжинд би элгээ өгнө өө! хэмээн эцэг нүдээрээ хэлж байх юм. Хариуд нь ижий
-Чи арван жил амьд явж тэсэх үү" хэмээн мөн л нүдээрээ асуулаа.
-Мэдэхгүй ээ хө, арван жил гэдэг ч хэцүү л байна. Тэгээд чи минь байхгүй, би гэдэг хүн ганцаар үлдчихээд арван жил юугаа ч бодож амьдрах юм билээ?
-Ийм л тавилантай байж дээ хө. Төрүүлж өсгөсөн ганц үрээ харсаар суугаад үхүүлэлтэй нь биш. Энэний үхэхийг үзсэнээс түрүүлээд нүд анисан нь дээр. Чи минь намайг бодвол сэтгэлийн хаттай эр хүн байна, үлдэж, арван жилийн дараа амьд байж хүүдээ элэгээ өгөхийг бод доо.
-Тийм дээ. Өөр яах ч билээ.Цаадах чинь уухгүй байж тэвчихгүй ! Тэгээд уугаад арван жилийн дараа дахиад ингээд үхэх гээд хэвтэж байх хэрэг гарна биз дээ. Харин би тэр болтол нь тэсэх үү үгүй юу? Ганц үрийнхээ төлөө гэж бодохоор уг нь энэ зүрх лав зогсохгүй байх.
Ижий аав хоёр ийн ярилцаад бослоо. Энэ нь тэдний хувьд хэн хэндээ захисан эцсийн захиас, бас салах ёс болов бололтой. Өрөөнд гайхашран хүлээж зогсоо эмчийн хамт ижий үүд уруу зүглэв. Яг хаалган дээр очмогцоо эргэн миний зүг, аавын зүг удаан гэгч нь хараад цааш одлоо. Эмнэлэгийн өрөөний цагаан хаалга алгуурхан хаагдахад миний тэсгэл алдарч хашгиран босч ирэв.
-Үгүй ээ үгүй, би ижийгийнхээ элгийг авахгүй. Авах ёсгүй. Төрүүлж, өсгөж, өдий зэрэгт хүргэснийх нь төлөө би харин ижийдээ хэрэг тохиолдвол элэг зүрхээ өгөх ёстой юм. Ийм юм байж болохгүй.
Даанч дээ!Шүүдрийн дуслаар цай чанаж өгөхөө байг, гар амар хөл хөсөр жаргаахаа байг, ядахнаа ертөнцийн жамаар нүд аниулж чадахгүй нь үү чи эцэг эхийг ээ? Хүний үр ч бол доо.. Ээ чааваас гэж.. Эхэр татан хашгирч гараараа эмнэлэгийн ханыг дэлбэртэл нүдэв. Хүйтэн хөлдүү хана ямар ч чимээ аниргүй, хүнгэнэсэн битүү цуурай л намайг тавлан " Хараач, ижийнхээ элгийг авах нь” гэх шиг дүнгэнэнэ.
Эцгийн минь гар толгойд хүрэхэд би цочин эргэхэд бид хоёрын харц тулгарлаа. Ялимгүй цог нь буурсан ч ухаарал гэрэлтсэн тэр нүд,
-Хүү минь, зоригтой бай. Орчлонгийн жам ийм юм. Бид хоёр чамайг төрүүлж, хайрлаж, энхрийлж, сургаж хүмүүжүүлж өсгөсөн. Гэвч архи ууж болохгүй, архи уувал элэг нь өвчилдөг гэдгийг бүрэн ойлгуулж чадсангүй. Наад зах нь зөвхөн энэ буруугийнхаа төлөө бид чамд элэгээ өгөх өртэй. Тэгээд ч бид чамайг бодвол амьдралаас үзэх, амсах ёстой бүхнээ гүйцээлээ. Өтөлсөн нь түрүүлж явдаг нь ертөнцийн ёсон.Миний хүү харамсах хэрэггүй. Сэтгэлээ барьж эр хүн шиг хатуу чанга бай. Яахав, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэж, залуу насаа эргээд харамсахааргүй сайхан өнгөрүүл. Аав нь арван жил амьд байж тэснэ ээ" хэмээн үгүүлж байв. Эцгийн минь үг дандаа үнэн байдаг. Энэ удаа ч түүний зөв гэдгийг би мэдэж байлаа. Цаг нь болохоор хичнээн уйлж шаналсан ч аавынхаа элэгийг аваад амьд явахад хүрнэ гэдгээ ч бас дотроо мэдэрч байв. Гэхдээ цаг нь болтол...! Одоохон доо цаг нь болоогүй байна. Надад дахиад хоёр цаг амьдрах нас бий. Амьд хүн аргатай гэдэгсэн биш бил үү? Арга! арга! арга бодооч...! Арга? Гэнэт би мэргэн арга оллоо. Олсон аргандаа баярлан бараг л хашгиран дуу алдав. Тэгэлгүй дээ, ямар арван гуравдугаар зуунд амьдарч байгаа биш, хөгжил дэвшлийн хорин нэгдүгээр зуун шүү дээ, энэ чинь! Би гар утсаа шүүрэн авч колонацийн товчоо уруу залгатал харилцуурын цаана бүсгүй хүний дуу сонсогдлоо.
Колонаци! Амьд биетийг эсийн аргаар хувилан үржүүлэх энэ аргыг шинэ зууны эхээр эрдэмтэд нээж, амьдрал дээр туршин баталсан юм. Биологийн салбарын том ололт- колонацийн аргаар бий болсон хүн өнөөдөр бидний дунд зэрэгцээд алхаж байгаа нь тодорхой. Гэвч тэднийг эхээс төрөөгүй эсээс төрсөн юм гэдгийг хэн ч мэдэхгүй, мэдэж ч чадахгүй. Би тэрхүү аргаар амьд бие махбодийг хувилж төрүүлдэг газар уруу залгасан нь энэ.
Утасны цаадах эмэгтэйн дуу их ялдам юм гээч.
-Та юу хүсээ вэ?
- Захиалга өгье. Би өөрийгөө хувилуулах гэсэн юм? Ингэж хэлээд миний сэтгэл зүрх хөөрөн баясч, элэгээ өгөх гээд явсан ээжийгээ, элэгээ өгөхөөр хүлээж буй аавыгаа, бас хүнд элэг шилжүүлэн суулгахаас нааш эмчилж эдгээж чадахгүй байгаа эмчийг дооглон хөх инээд хүрч байв.
-Уучлаарай та ямар зорилгоор шинэ бүтээгдэхүүн захиалж байгаагаа хэлэхгүй юу. Манай журам тийм юм л даа. Хэрвээ таны зорилго бусдад хор хөнөөлгүй гэж бид үзэх юм бол таны захиалгыг биелүүлнэ. Харин та өөрийнхөө аргагүй байдлыг ойлгуулж эс чадвал бид таны захиалгыг хүлээж авч чадахгүй л болов уу? гэсэн дуу харилцуурт сонстох нь нөгөө эмэгтэйнх.
Нээрэн ямар зорилгоор би өөрийгөө хувилуулах гэж байгаа билээ? Намайг бүтнээр нь хувилахаас биш зөвхөн элэгийг минь хувилж өгнө гэж лав байхгүй. Хүн амьтныг шууд тэр чигээр нь хувилдаг гэсэн шүү дээ энэ арга чинь. Тэгэхээр яах вэ? Би ээжийнхээ ч, аавынхаа ч элгийг авахгүй, үхдэгээрээ үхээд оронд минь миний хувилбар үлдэнэ. Эжий аав хоёрт бол хүү нь байгаа юм шиг л санагдана. Эмч үнэн хэлсэн болж гэмээнэ надад одоо амьд байх хоёр цагийн хугацаа л бий. Намайг үхсэний дараа "миний орлогч"үлдээд ижий аавын минь хүү нь болж, асарч тойлон, жам ёсоороо энэ хорвоогоос явах хүртэл нь харж хандах болно. Болж байгаа юм биш үү. Ээж ч, аав ч үхэхгүй. Гэтэл .. эмч андуурсан байвал яах вэ? Ийм тохиолдол зөндөөн байдаг шүү дээ. Насгүй, эмчилгээгүй гэсэн хүн өчнөөн жил амьдрах тохиолдол алийг тэр гэхэв. Эмч нар ч гэсэн хүн л болсон хойно андуурч, эндүүрч болно шүү дээ. Магадгүй би хоёр цагаас илүү наслах ч юм бил үү? Заавал үлдсэн насны минь хязгаар хоёрын тоотой байх ёстой юм бол хоёр хоног, бүр хоёр сар, магадгүй хоёр жил ч амьд явж яагаад болохгүй гэж? Тийм тохиолдолд өнөө "орлогч оо" яадаг хэрэг вэ?
Яах юу байх вэ дээ, орлогч "сайн хүү" болоод байж байг. Архи дарс уух үедээ орлогчийгоо ээж аавтай үлдээдэг ч юм уу, эсвэл дургүй ажил хийх, таарамжгүй хүнтэй уулзах энэ тэрд орлогчийг явуулчихна. Яг болж байна. Ээж аав минь намайг архи уухгүй, гадуур дотуур зугаа цэнгэл хөөцөлдөхгүй байна гээд хичнээн сэтгэл амар байх бол? Яс юман дээрээ би харин ч бүр татлаа түлхээ, үглэж дуулах хүнгүй сайхан "жаргаж явж" болох нь гээч. Үгүй ээ тэгтэл нөгөө орлогч маань бас надтай адилхан сэтгэнэ, бодно гээд байгаа шүү дээ. Аягүй бол надтай барьцаад би ч бас өнөөдөр шоудна, найз нөхөдтэйгээ уулзана гээд байх юм биш биз. Яг надтай адилхан сэтгэнэ гэсэн!? Миний дуртай юмыг болохоор "би хийе " гээд дургүйг нь чадахгүй гээд байвал яах вэ? Тэгвэл ч ёстой юун орлогч, харин амьдралын минь юм бүхэнд оролцогч бас нэг этгээд гарч ирж балрах нь ээ.
Харилцуурын цаана бүсгүйн дуу дахин гарч "та зорилгоо хэлнэ үү? гэхэд би сая сэхээ орлоо. За байз юу гэж хэлэх вэ? Би архи уугаад элгээ муутгачихсан юм аа гэх үү? Хэдий би нэр усаа хэлээгүй, утсаар ярьж байгаа ч гэсэн ингэж хэлэх зориг дутлаа. Архи уудаг хүнд ч гэсэн нэр төр, ичих айх юм гэж бас байдаг юм байна.
Тэгээд би хэсэг бодоод
-Би эдгэшгүй өвчтэй юм аа. Элэгний ...,Та ойлгож байгаа биз дээ? Эмч эмчилгээгүй гэсэн юм. Надад хоёр цаг амьдрах л хугацаа байна. Үхэх ч яахав, надад үхлээс айх юм алга. Гэхдээ надад үхэж болохгүй шалтгаан байна. Яагаад гэвэл би ээжтэй, аавтай хүн" гэлээ. Харилцуурын цаана чимээ аниргүй. Шалтаан маань таалагдсангүй дээ янз нь.! Би сандарч
- Хэрвээ намайг үхчихвэл ижий аав хоёр маань бараг амьдаараа үхчих хүмүүс л дээ.Би айлын ганц хүүхэд байгаа юм" хэмээн учирлавал харилцуурын цаадах бүсгүй
-Уучлаарай.Бид танд тусалж чадахгүй нь дээ гэх нь тэр.
-Яагаад? хэмээн би бараг л хашгирав. Бүсгүй харамсангуйгаар санаа алдсанаа
-Үнэнийг хэлэхэд та өвчтэй юм бол таныг хувилахад бас л өвчтэй бүтээгдэхүүн бий болно. Уучлаарай... гээд утас тасарлаа. Олсон ганц арга маань ийнхүү бүтэлгүйтсэнд би эмнэлэгийн хүйтэн ханыг духаараа мөргөөд үхчихмээр санагдан арга тасарч, ижий аавынхаа элгийг авахаас аргагүй нь дээ гэж бодох тусам өөр арга олж чадахгүйдээ цөхрөн цурхиртал уйллаа.
...Сэрэхэд дэр минь нов нойтон болж, нулимсанд дэвтсэн хацар хорсон чимчигнэж байв. Гэрлээ асаагаад босч нэг ширхэг тамхи олж хэд сороод жаахан тайвшрав. Орны дэргэдэх шургуулган дээр өчигдөр эмчийн бичиж өгсөн эмийн жор хэвтэнэ. Алга дарам энэ цаасыг хараад " Элгэндээ жаахан анхаарал тавихгүй бол болохгүй нь дээ. та! гэсэн эмчийн үг санаанд зурсхийн орж ирэв. "Маргааш эмийн сан орж энд бичсэн эмийг нь олж авах юм байна шүү" хэмээн бодсоор орондоо эргэн орсон намайг хананд өлгөсөн ижий аав хоёрын зураг гунигтайхан харцаар ширтэнэ.
2005.12.25
ТВ5 телевизийн улс төр мэдээллийн албаны дарга, сэтгүүлч Мөнхөөгийн Амарбаярын “Хувь тавиланг худалдаж авдаггүй” номонд багтсан өгүүллэгээс хүргэж байна.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Амарбаяр М )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|