BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Намар
Оруулсан admin Огноо: 2012-01-25 18:55:07 (8958 уншсан)

      Цэлмэг хөх тэнгэрт татсан цагаан цагаан зурааснуудыг өлийн харж зогссоноо наран сөрөг хяламхийн харж цаг баримжаалаад хоёр нүднийхээ дуранг өврөөсөө гаргаж Жавхлант хайрханы наад биеэд шимтэнгүй дурандлаа.Цагаан нуурын эрэг хавиар ганц нэгхэн бяруу тугалаас өөр бараа туруу алга.Зунжингаа нуугилдан шулганалдсан хун галуу ангир аль аль нь эртээ халуун орноо зорин оджээ.Эргэн тойрон нам гүм.Нарны гэрэл ч цаанаа л нэг цаашилж байгаагаа хэлээд байх шиг.Тойрмын голоос хэдэн бараан адуу ус уугаад гарч яваа харагдана.Цаана  нь Рэгзэн гуайнхан гэрээ буулгасан нь нүүж байгаа бололтой.Хоёр гурваараа найгалдан хэлхэлдсэн  морьтой хүүхдүүд айл хэсэж байгаа шиг явцгаах,гүүгээ бэлчээрээс хураахаар давхиж яваа саахалтын охин,ялаархан оодогнох үхрүүдийн бараа ч алга.Нэлмийсэн цэлийсэн шар тал...Уйтгар төрөөд... зогсож байгаа газраасаа ч хөдөлмөөргүй.
Айлын адуу дагаж одсон хэдэн “засаатай “ үрээнүүдийнхээ хойноос өглөө эртээ гарсан сан.Хэдэн жилийн өмнө  намар отроор ирсэн говийнхны адуунд ижилдэж орхиод салахгүй буцаж явчихаад болохгүй байсан  унаган “борлог” үрээгээ “яасан саймширсан хог вэ “ хэмээн  өмнө нь загнаж байснаа бодохоор өөрийгөө шоолмоор.Өнөөдөр  “борлог”-ийнхоо буянаар “нутаг руугаа нүүсэн говийнхны” араас очихоор банжаад байгаа нь энэ.Хуучин муу тэрлэг дээлээ тайлж орхиод наадамд өмсдөг хүрэн даавуу дээлээ хоймрынхоо авдарнаас гаргаж , шар бажгар дурдан бүс,бор хүрэн бүрх сэлт эгээ л наадамд явах нь уу гэлтэй гоёж, хотод эмчлүүлээд буцахад  нагацынх нь гадаадад сурдаг хүү “малчин хүн гэж шивтэр үнэртүүлж явах ёстой юм уу” хэмээн инээд алдан  өгсөн цэнхэр эрээн хайрцаг бүхий үнэртэй усыг авч ээжийнхээ нүдийг хариулан, дээлийнхээ дотоод энгэрт шингээгээд уяан дээрээ яаруухан явж хүрвэл унаж явах толин сартай хээр соёолон үрээ нь хамар дуугарган үргэх янзтай.
          Яарах сэтгэлээсээ тун чиг догдлолтой яваа даа.Салхины үзүүр  сэрүүсэж ,цагаан тоос босоод намар аа гэж... амралтанд ирсэн бидэнд их нарлагаанд байгаа шиг...шүлгийн мөр санаанд буух ч шиг ээ.Нэг хэсэг л дөрөөн дээрээ эгц босоод...айргийн амт нь чимчгэнэсэн...хоолой мэдэн хашгиран дуулж явахдаа ...эр хүний жаргал эзгүй хээрээ хө хэмээн өөрийгөө өгсөөн ергүүлсээр... газар ч хол байна даа хол байна.
      Донди гуайхан тэр жилийн намар эртээ , Жаргалынхны намаржааны хөлд ирж буусаар  айл саахалтаараа орж гарч нэг голынхон шиг ижилдэн дассан.Донди гуайн хөгшин Жаргалын  ижий хоёр ширдэг ширж бие биенээ дуудан “цай ууцгаах”.Тэднийх олон хүүдүүдтэй тэд нь том том ханагар эрчүүд,ганц охинтой  ёстой л арилгасан сонгино шиг эрх ч гэж жигтэй,дураараа  ч гэж хэлэх юм биш.Анар гэхдээ л юм юмны учир ойлгодог сайн ч охин,сайхан ч охин доо хэмээн Жаргал бодно.Анарынх  руу явж байгаа гээд бодсон чинь эзэнгүй газар хирнээ нүүр нь халуун оргиод зүрх нь түг түгхийн ойрхон цохилоод... нэг л биш ээ.
      Яарсан сэтгэлийн эрчээр зогсолтгүй давхимаар байсан ч намрын тарган морь хамаагүй ширүүн унаж болохгүйг бодоод зөөлөн явахдаа явж,давхихдаа давхисаар.Айлын уяан дээр морио дэлбэлчихээд очвол “ёстой чухам шараа байгаа даа”. Бүрэнхий болохын алдад холоос нохойн дуу чимээлж зорьж яваа  чигт айл байгаа нь илт.Бүрий тасрахуй сүүлийн цагаан гэгээн доогуур хот айлын бараа үзэх нүдний үзүүрт сүүмэлзэж харагдана.Газар сайн мэдэхгүй ч холыг зорьсон малчин хүний соргог ухаанаар айл байгааг гадарлавч  чухам зорьсон айл,хүн нь энд буйг яахин мэдэх.
     Бурханы өмнөх ширээн дээрх зулыг өргөчихөөд , уяан дээрх чөдөр ногтыг цуглуулахаар гарч явсан Анарын нүдний үзүүрт тасарч буй цагаан гэгээн доогуур ганц морьтон тэднийхний уяа чигтээ ирж явааг бүдэг бадагхан харлаа.Банхар хойлог хоёр нь сүр үзүүлэн сүүл өргөн хуцалдан давхилдаж одсноо дорхиноо чимээ тасарсныг бодвол ах нараас нь юм уу хэн нэгэн таньдаг хүн  гийчлэн ирж буйн гэрч.
     Зулын бүдэгхэн гэрэлд үүд сэвхийн нээгдээд орсон  хүн “Сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу?” хэмээн танил хирнээ залуу цовоо хоолойгоор мэндлэхийг гэрийн зүүн хатавчинд ирж буй Анар сонсоод баярлах ч шиг гэнэтхэн л зүрх нь цалгилаад халгилаад... яавч ердийн нэг эрэлчин биш ажээ.Хоймроо дээлээ дал мөрөн дээгүүрээ нөмрөн завилан сууж,хамрын тамхиа татаж байсан Анарын аав толгой өргөн гэрэл сүүдрийн завсраар  нүдээ онийлгон нарийн хараачлан “хэн бэ дээ хүүхээ? Аан эрлийн хүн үү.Хүүхээ дээшээ суу суу” хэмээгээд хамрын тамхиа үргэлжлүүлэн татснаа найтааж “еэ төрийн сүлд өршөө...” дахин лавлан харснаа ... аа ...за за ...мань Жаргал  хүү шиг вэ дээ ? Хэ яасан хол явах юм дээ.За намаржаа тавлаг уу аав ижий нь сайн уу? Жаргал хүү хөл гайгүй юу? Яасан удаан явав даа.Бид бараг чамайг чинь хотын хүн болоо юм болов уу л гэж бодлоо шүү. Өнөө хэдэн үрээнийхээ араас л явна уу даа гээд ердийн малч амьдралын аахар шаахар зүйлсийг ярилцсаар хоол цай болцгоов. Цай хоол удаан болж Жаргал ч гэсэн удаан идэж ууж байгаа шиг Анарт санагдаад  дахин  дахин гарч, орон хоолой засаж ...сэтгэл догдлоод баярлаад ч байгаа юм уу... од мичид өнгө орон гялалзаад л... ямар сайхан гэх вэ...
      Бүтэн жил илүү болсны хойно хаврын сүүл сараар говиод бороо оржээ. Ногоо гарах нь хэдэн мал ч овоо царигтай орлоо,их ч удлаа  одоо нутаг буцна байгаа гэж “омгийн толгойлогч” аавыгаа хэлсний маргаашаас л Анарын урам хугарч урагшаа гишгэх гэхээр ... сэтгэлд нь  юм “орчихоод” орон зайгаа ер тавьж өгөхгүй “хусмаа чамласан хүүхэд” шиг нурмайж орхижээ.
        Ижий нь “ ...энэ мам чинь яана вэ гөлрөн дайраад юм ч хэлсэн  тоохгүй,барьсан тавьснаа мартаж санаад л жар гарсан хөгшин чавганцаас дор мунгинаад...” хэмээн үглэх ч үрийн төлөө эхийн сэтгэл Анарын дотор юу үймрээд байгааг гадарлахгүй хаачих вэ?
      Хөл нь хөнгөрөөд инээд алдан цовоо цолгиун болсон охиноо харж суусан хөгшин “миний охион өрний  зүүн хойно Жаргалд ор засаж өгнө биз дээ.Ижий нь  хөл өвдөөд өнөөдөр нэлээд ядарлаа байна хэмээснээ уртаар эвшээн эрхээ барьсаар ор руугаа мажигнан хүрээд “бүхлээрээ” шахам хэвтээд чимээ тасрав.Бодвол унтсан бололтой.Чимээ тасарч асан үеэр Жаргал руу Анар нэг том харснаа гараад явчихав.Хөгшчүүлээс санаа нь зовсон Жаргал чимээ чагнаж нэлээд болсны хойно гарч гэрийн  баруун талд хураалттай бараа руу очих зуураа том халтар нохойны хөл дээр зөөлөн гишгэж орхиод сандарч огцом эргэвэл хи хи...  доогтойхон сэм инээхийг сонсоод зогссон газраа өврөө ухан чүдэнз гарган  шрхийлгэн  зурж тамхиа асааснаа чүдэнзээ дээр өргөн барьж Анарыг хайв.
     Намрын жихүүвтэр шөнө хоёр залуу гэрийн дулаалганд төвөөс авчирсан хэдэн эсгий бүрээсээр хагас хучин гурван жилийн ихэнцийг... ярилцсаар үүр хаяаруулан гэртээ орцгоожээ.
         Эрлээр ирсэн Жаргал хэдэн үрээгээ тасдан хөөж явахдаа холын аянд өвчтэй хөл нь гүйцэд дөрөөгөө дөрөөлж чадахгүй эмзэглэвч,энэ зэргийн юм ч яамай санагдан хөгжилтэй исгэрч цовоо цолгиун ч  сэтгэл нь Анарт хорогдоод болсонгүй.
       Анар Жаргалын нутгаас нүүтлээ түүнд ингэтлээ их дасссан аа огт мэдээгүй.Намхавтар биетэй хөөрхөн ааштай бор хүү тэднийхээр бууж мордоод л явах.Наадам болох дөхөж морь малаа барьж хөнгөрөөж, дэлийг нь сумлан засаад,дээл хувцасаа зэхээд саахалт,хот айлаараа бэлдэцгээж байхад Жаргал давхин ирснээ манай хэдэн морьд алга болчихжээ.Би эрэлд явлаа амжиж ирэх болов уу  яах бол хэмээн Анарт хандан хэлээд ер бусын харцаар харснаа мордоод давхиад явчихжээ.Анар... өө яанаа ...морьдоо олоосой билээ.Танихгүй газар яаж би ганцаараа наадам үзэх билээ хэмээн урам нь хугаран үлдсэн ч ...олдох байхаа нутагтаа байгаа юм чинь хаашаа алга болоо аж хэмээн өөрөө өөрийгөө аргадан бодоод үлдсэн сэн.Наадмын өглөө  айлынхаа залуугийн мотоциклийн араар сундалж, сумын төвийн  баруун хойд талд нэлээд зайдуу босгосон   майхнуудын гадаа буув. Саахалтынхаа охины хамт зогсоо Анар дээр морь хөтөлсөн хоёр залуу ирээд” Аривжих ахын дүү юу? Май энэ морь...гэснээ хөлнөөс толгой хүртэл сонжин харснаа цулбуурыг нь шидэх шахам өгөөд цаашаа эргээд явчихав....Яанаа би бараг эмээлээ даахгүй шахам ядаж байхад ах хамгийн өндөр  “ширээ”сайвар саарал морио өгөхдөө яах вэ дээ?Одоо яадаг билээ хэмээн майхан тойрон эргэлдэх хүмүүсийн тийш хараа билчээж ах нараасаа ирээ болов уу хэмээн горьдон харлаа.
       Эмээлээ бараадан зогсож байтал “морьдоо гаргаарай...”  хүмүүс өөдөө сөөргөө давхилдаж бригадын майхны голын том гэрээс “Түмний эх” хадаж морьдоо мялааж түрүүчээсээ наадмын гол асар руу хөдөлцгөөв.
       ...Холын сумын хөөрхөн хүүхэн сайн уу...хэмээн мэндлэхийг сонсоод “хөөрхөн байх даа ч яах вэ дээ хүн доромжлоод...хэмээн эргэн харвал саарал бүрх малгай духдуулсан,саарал даавуун дээл дээр шар дурдам бүс ороож хромон гутал өшиглөсөн Жаргал морин дээрээ хазгайдуухан суугаад жуумалзан байгааг харсан Анарын нар гарч мэндийн ч зөрөөгүй шахам...аан ашгүй дээ чи ирээ юу...би би хэмээн сандрахад...Жаргал хиймэлдүү хоолойгоор би дөнгөж сая ирлээ.Азарга гарчихсан байх хэмээн яараад ...гэснээ мориноосоо бууж ирээд үг ч хэлэлгүй шууд Анараас саарал морины цулбуурыг авч эмээлийг нь  газраас өргөн морио өөр рүүгээ татан эмээллээд ...за хүүхэн гуай мордох уу даа...хүүхэн байхдаа яах вэ дээ хэмээн Анар ичингүйрснээ Жаргалаар сугадуулан мордож хормой хотоо жимбийтэл хумьж засан, зэрэгцэн хатирсаар наадмын талбай дээр ирлээ.Наадмын хоёр өдөр Жаргал,Анар хоёр ер салсангүй .Жаргал хоёр дахь өдрийн орой “Анараа би чамд нэг юм хэлэх үү” гэхэд Анар хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэдэг шиг “айж” орхижээ.Айсан нь учиртай Анар сумын сургуульд сурч байхдаа бишгүй л нэг захиаг хөвгүүдээс авч байсан боловч бараг бүгдээрээ шахам адилхан “нялуун шүлгэрхүү” юмнууд өгөөд таг болдогийг нь яанаа.Сүүлдээ түүнд нь дургүй хүрээд ураад,ураад хаячихдаг сан,бараг хаширчихсан гэсэн үг.Бас нүүр нүүрээ харж байгаад хэлж болдог л юм байх даа хэмээн гайхсхийгээд өнгөрөв.Удаан морь унаагүй тэрээр “агсагдаж” хоёр хөлний нь яс зөрчихсөн юм шиг янгинаад байгаад  бууж чадахгүй буучихвал мордож чадахгүй болчихоод байв. Бригадын майхны гадаа очсноо Жаргал “хоёулаа орж хоол идье” гэхээр нь би өлсөөгүй чи л ид гээд үлдчхэв.Гадаа зогсож байтал Жаргал өөрийнхөө үе насны залуу хүүтэй гарч ирснээ  ярилцан удтал зогсож  байснаа Анар руу хүрч ирээд тэнэгэлзэнгүй нүүр өөд нь харснаа “...Анараа энэ залуу чамтай уулзах гэсэн юм гэнээ.Уг нь энэ миний найз л даа... гэснээ хоолойны нь өнгө цаанаа  гомдолтой мэт санагдчихуй.Алчуурынхаа үзүүрээр оролдож мориныхоо дэлэнд бараг нүүрээ наах шахам тонгойсон Анарын нүднээс нулимс дусалж байлаа.
        Түрүү айрагны морьдоо цоллож бай шагналаа өгч, наадамчид тарах гэсээр байтал орой болж бүрий дундуур Жаргал сүүтэлзэн хүрч ирснээ ...манайхан өнөөдөр шөнөдөө явах гэнээ.Би чамайг Аривжих ах дээр чинь хүргэж өгий дөө...өөр ямар нэгэн юмны тухай яриасай гэхэд дуугарсан ч үгүй.Анар гэнэтхэн “энэ намайг найзтайгаа уулзсангүй гээд уурлаад байгаа юм биш байгаа гэж бодсноо...уур нь хүрч, уйлмаар болсон ч хөмхийгөө тас зуугаад буруу харчихав.Анар уг нь нэлээд шазруун хүн гэсэн ч яасныг бүү мэд юм л бол уйлчих гээд нулимс нь бэлэн явах болжээ.
     Намрын дохио орж өглөө оройдоо хар шүүдэр бууж,гэрийн яндан хонгинон дуугараад сэтгэлд нэгийг бодуулж хоёрыг сануулна.Гэрийн гадаа хуучин бүрээсээ нөхөж суусан Анарын ээж “баруун дээр олон адуу гараад ирсэн байх юм.Өнөө Аривжих адуугаа буруу эрээд “нуур руу” явчихаагүй байгаа даа.Анараа авдар дээрээс дуран аваад ир.” хэмээн гэрийн гаднаас хэлэхэд Жаргалын тухай бодож суусан Анар бондгосхийтэл цочсноо нойрмог хүн шиг зугуухан хөдөлж авдар дээрээс эрээн алчуурт боодолтой дуранг барин гарч ирлээ.
     Алсад моторын дуу нүргэлэн “машин хойд замаар явж байгаа юм байх”  Гэрийн гадаа “хааз” хасан том ногоон “зил” машин ирж зогсохыг үхрийн зэлэн дээр нойтон баас эргүүлж байсан Анар саврын иш тулан харж зогссоноо арайтай л дуу алдчихсангүй.Гүймээр,гүйгээд үүдэндээ ирсэн хойноо арайхийн амьсгаагаа дарж намбатай нь аргагүй биеэ засаад гэрт орлоо.Ирсэн хүмүүс гэрийн баруун хоймроор сууцгааж “хот руу явж байгаа” тухай цухасхан хүүрнэлдэнэ.Орон дээрээ тавьсан цэцгэн хээтэй алчуураа шүүрч авсан Анарын гар нь зүрх нь чичирч байлаа.
      Өнгөрсөн хавар Жаргалын хөл нь хугарч хагас жил хэвтэрт байгаад эдгэрэх найдлага тун бага хэмээсээр хот бараадан эмчилгээнд явж байгаа нь тэр гэнэ.Жаргалын ижий тавь эргэм насны намбалаг шар авгай “ганц хүүгээ ингээд хөлгүй болголтой нь биш дээ эрхтгүй эх газраа бараадсан нь дээр юм шиг байнаа. Би ч аргаа бараад л явж байна.Хэдэн мал дүүрчээ...Нэгдэл хэдэн малаа мэднэ биз дээ.Отроор явж байгаад эмнэг үрээнд хэмхчүүлчихлээ.Хайран сайхан залуу хүнийг яалтай билээ хэмээн нулимс унагалах шахуу харамсан  ярина.Зогссон газраасаа алхам ч холдож чадахгүй байгаа Анарыг харсан ээж нь миний охион энэ улсад “цай цүй хийж өг дөө” хэмээхдээ нүүрээ алгаараа хий арчиж хоолой нь сааралтан  байгааг хажуу дахь хүмүүс нь ажигламаар.
     Отроор анх говиос гарч ирсээр Анарын хоёр ч ах нь эндхийнхэнтэй  ураг барилдаж хэзээний “Тойрмын гол”-ын айл шиг байх болжээ.Хүн нь яах вэ дасалцаад “адилхан монгол ахан дүүс байна” харин говийн аагтай ургамал, усандаа дассан мал л хавар намрын ороо бусгаа цагаар  эргэж гүйчих гээд  түвэгтэй мань өвгөн хөгшин хоёр ч гэлээ нутаг нутаг гээд сүйд болох ч сүүлийн хоёр жил говиод зун нь ган,өвөл нь зуд болоод тусгүйхэн байгаад дурамчхан.
        Нүүж ирсэн энэ газарт  мал нь олдоод нутгийн хүмүүс нь хойшоо отроор Хангайн нурууны наад бие Алагийн уул хүртэл явцгаасан сан.Жаргал хүргэн ахынхтайгаа отроор  явахдаа Овоотын гүүрний хавьцаа эмнэг үрээнд хөлөө хуга өшиглүүлээд хэвтэрт байгаа сураг өвөлжингөө сонсогдож,Анарын аргыг барна.Уг нутаг нь ойрхон ч хөхөө өвлийн хүйтэнд “бүсгүй хүүхэд” айлд очих гээд давхиж явалтай ч биш.Ядахдаа нэг  сумынхан, сургуульд хамт сурч байгаагүй болохоор шалтаг олдохгүй зовооно.Анар  хаяахан  олны сургийн үзүүрээс Жаргалын тухай там тумхан  сонсохоос цаашгүй.Зун нь ч наадам үзсэнгүй.Одоо бараг намайг мартаа биз дээ хэмээн хэнд ч юм гоморхон бодно.Гомдох гэнэ шүү гомдохоор барахгүй ...энэ манай найз чамтай уулзмаар байна ...гэж явсан хүн чинь марталгүй дээ...Уйлмаар ч юм шиг уйтгартай.
     Жаргалын ээж  охин дүү нартай нь сумын төв дээр өвөлждөг сөн.Төв дээр гэрээ буулгаж дуулалж өгчихөөд буцах гэж байхдаа хамар хашааныхаа охинд саваагүйтэн захидал өгч орхитол “за” гэсэн хариу аваад бажигджээ.Тэр чигтээ хөдөө адуу руугаа яваад өгөх нь тэр.Ийм амархан байдаг л юм байх даа гэж бодохдоо өөрөөсөө өөрөө айжээ.Сэтгэл зүрхний нь гүнд өнгөрсөн зуны наадмын дурсамж хэвээр хадгалагдаж үе үе Анарын тухай бодохдоо сэтгэл нь сэргэж,яагаад Ганаатай уулзахгүй гэсэн юм болоо гэж гайхана.Нэг голд төрж өсөөд “урт дээлэндээ багталцаж,уужим мориндоо сундалдаж өссөн” Ганаа нь бараг мэндийн зөрүүгүй шахам явах болсон тэрээр баяртай ч гэлгүй аймгийн арван жилийн сургуульд яваад өгсөн нь эргээд бодоход Жаргалд ямар нэгэн учиг зангилаа байх шиг.Хэнхдэг цээжинд нь Анарын тухай эмзэг нэгэн бодол өдрөөс өдөрт амилсаар.Хот хүрээ эмчилгээ гээд олны хөлийн газраар удаан явсан ч гэсэн “Гурван хүрийн дэнж”-д болсон наадмын хөөрөөн мартагдахын аргагүйг өнгөрч одсон гурван намрын тоос дарж эс чадав.
      Салхи сөрөн исгэрэн давхиж явахад нарийн тоос хоолойд амтагдаад зүрхэнд нэгэн  аялгуу хөвсөлзөж дуу аямаарханаа...Нутгийн хол ч гайгүй байнаа... зүрх сэтгэлийн хөөрүү эс дарагдан нутгийн дээс алхталаа  барагтайхан хоолтой яваа соёолон үрээгээ хөлөртөл давхиснаа хараад инээд нь хүрнэ.
      Намрын тэнгэр алсдаа цэнхэртэн бударч салхины үзүүр сэрүүсээд уул толгод шар тарлан хэвнэгээ нөмөрсөн нь Жаргалын нүдэнд үзэсгэлэнтэй....Уушиг цээжнээ баяр төрж ...би нээрэн тэнэг хүн шүү.Ганааг Анартай уулзмаар байна гэхэд нь уулзуулах гээд л гүйж явдаг...ай хорьж болдоггүй хорин насаа гэж ингээд холын сумын хөөрхөн бүсгүйд сэтгэлийн бугуйлаа нэг мөсөн алдаж орхидог юм байж дээ.Эрсэн эрлээ олоод сэтгэл дүүрэн яваа азтай золтой Жаргалын нүдэнд цог золбоо гэрэлтэн...Гал бадарч дөл цацарсан энэхэн насандаа... хөдөөгийн хөх алсдаа дуулан давхисаар одлоо.Газар юуны хол байх гэж...

2012 он               Өндөрширээт.

М.Цэемаа
     



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Цэемаа М | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:17:31 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл