Балчир охин “ээжээ ээжээ энийг хал даа” гэж шулганан дуудахад дөч орчим насны урт хар хүрэм нэвсийтэл өмссөн хүн яаран алхсаар охины хажууд ирэв. Охин энэ тэндээ хар толботой хөөрхөн цох олоод гарынхаа алган дээр тавин “бөөлэй бөөлэй” гэх аж.”Бөөлэй бөөлэй” гэж охиныг эгдүүтэй шулганах тоолонд өнөөх цох удаан алхсаар булцгар гарынх нь бугуйнд хүрнэ. Охин эргээд л нөгөөхийг хурууныхаа үзүүр дээр аваачиж “бөөлэй бөөлэй” гэнэ. Урт хар савхин хүрмэндээ дарагдсан юм уу гэмээр тэр эмэгтэй тонгойн суугаад охиныг хөхүүлж байгаа харагдав. Энэ хавьд газар газраас хүмүүс ирж л байдаг, явж л байдаг ч тэр балчир охинтой эмэгтэй тэгээд бас гудамжинд хүүхдээ хөхүүлдэг, хэнтэй ч дуугардаггүй, толгой дохин мэндэлдэг ч үгүй зэрэг нь хүмүүст хачин санагдсан уу яасан өнгөрч яваа хүн бүр сониучархан ажна. Тэгэх тусам өнөөх эмэгтэй улам тонгойж саяхан мөөмөө хөхчихөөд хацар нь ягаа бутран унтаж байгаа хүүхэддээ нүүрээ наах шахан хурдан хурдан алхсаар баруун гудамж руу эргэв. Сая л нэг юм чийг үнэртсэн хөлсний умгар өрөөндөө ирж уужим амьсгаа авлаа. Охины төрсөн ээжийг сураглаж тосгоноос ирээд хэд хоносон ч сургийг нь гаргаж чадсангүй. Олны газраар явж хар зах дээгүүр ч сураг ажиг тавин байж олсон ганц баттай мэдээ бол нислэгийн замаасаа алга болсон онгоц одоо болтол олдоогүй гэнэ.
2
Зогсоо зайгүй бороо орж нисэх буудлын хүлээлгийн өрөөнд хүлээсэн, бухимдсан хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэж суух газар ч олдохгүй шахуу болжээ. Гэтэл тэр их усан бороон дундуур “нислэгийн зурваст онгоц орж ирлээ” гэсэн мэдээ хийх юмаа олж ядан холхиж байсан нислэгийн багийнханыг гайхшруулав. Будаг нь халцарч зүүн сэнс нь ялимгүй гажсан хуучин онгоц нислэгийн зурвасыг хэдэнтээ тойрсоор ширүүхэн газардлаа. Онгоцны хаалгыг хэн ч онгойлгоогүйгээр барахгүй хэн ч бууж ирсэнгүй. Хэсэг хугацаа өнгөрөхөд нисэх багийнхан очиж онгоцны хаалгыг нээлээ. Онгоцны хаалга хяхтанан нээгдэхтэй зэрэгцэн тийм гэхийн аргагүй муухай үнэр ханхийтэл үнэртэж ам хамраа дарсан нисэх буудлын ажилчид онгоцны зааланд ороод нүдэндээ ч итгэсэнгүй, дагаж орсон үйлчлэгч эмэгтэй ухаан алдан муужирч унах харагдав. Онгоцны зааланд энд тэнд асгарсан хоолны үлдэгдэл, дарсны хагарсан шил хөглөрөх агаад суудал бүр дээрх зорчигчдын бие араг яс болжээ. Хачирхалтай нь тэдний нэгнийх нь салаанд хавчуулаастай тамхи унтраагүй бөгөөд хажууд нь сууж явсан хөгшин хүн бололтой араг ясны өмнөх кофе халуунаараа байлаа. Багийн ахлагч бусдыгаа гараараа занган хойш болгоод зүрх зориг гарган сэм гэтэн алхсаар нисэгчийн өрөө лүү орвол гуч эргэм насны эмэгтэй ухаангүй хэвтэнэ. Тэр онгоцыг газардуулаад ухаан алдсан уу, түүнийг ухаан алдсан болохоор онгоц газардсан уу гэдэг нь таавар болон үлдэж түргэн тусламжынхан бүсгүйг авч явлаа. Хамгийн том оньсого бол дөрвөн жилийн өмнө нислэгийн замаасаа алга болсон цэргийн онгоц хаана байв, яагаад тэнд байсан хүмүүс араг яс болов, тэгсэн атал тэр цэргийн сувилагч бүсгүй яагаад ганцаараа үлдэв, тамхи унтраагүй кофе халуунаараа байсны учир юу вэ гэсэн асуулт байлаа. Энэ явдал чихтэй болгоны сонорт хүрч, дэлхийн өнцөг булан бүрээс сурвалжлагчид ирэн эмнэлэгийн орон дээр тамир тэнхээгүй сулбайн хэвтэх бүсгүйг шавж байлаа. Цагдаагийнхан ч хориод дийлэхгүй төрийн тэргүүнээсээ эхлээд сонин тараадаг жаалхүү хүртэл түүний л мэдэх эл хачирхалтай явдлын талаар сонсохсон гэхээс байж ядаж байв.
3
Энэ мэдээ бөглүү тоссгоны мухарт ч хүрсэн тул охин түүний “ээж ээ “ гэж дууддаг тэр хүн хоёр хувцас хунараа баглаж аваад хот руу хөдлөв. Охиныг тэврээд хөлсний тэрэгний нэгэн хэмийн явдалд бүүвэйлэгдэн бодол болон яваа түүнийг “Бөгтөр хар” гэдэг. Угаасаа л бөгтөр төрсөн нурууг яалтай билээ, тэр хүмүүсийн өөрийг нь харах харц, хоорондоо шивнэлдэх үг, гудамжны залуусын тохуурхалд ч эмзэглэдэггүй. Харин ганцхан эмзэглэх юмтай болсон нь энэ охин. Бас л усан бороотой тэр тас харанхуй шөнө мухлагийн тэнд хүүхэд часхийн уйлах сонсогджээ. Тэр гүйн очих зуур нэг хүн бөгцөгнөн цааш гүйж яваа нь хүүхдийг орхиод зугтаж яваа нь илт. Бөгтөр нуруутай ч урт хөлтэй өндөр нуруутай тэр уйлж байгаа хүүхдийг шүүрэн авч энгэртээ тэврээд өнөөхийн араас хөөжээ. Хүүхдийг орхиод зугтаж яваа тэр өвгөжөөр хүнийг булан тойрч амжаагүй байхад барьж авсан. Араас нь нэг хүчтэй дэлсэхэд түрүүлгээ харан унаж гараа ардаа тулан “намайг өршөөгөөч, би мэдэхгүй, миний хүүхэд биш, гэр бүлээ тэжээх гэж яваа ядарсан өвгөн би” гэхэд “тэгээд хэнийх юм, чи хүний үр хүүхдийг ядаж усан бороон дунд гөлөг шиг хаядаг ямар арчаагүй амьтан бэ” гэж амьдралдаа анх удаа чангаар орилоход өнөөх хүн чичрэн уйлж “би мэдэхгүй, миний эзэн энэ хүүхдийг байлгаж бай гэсэн боловч хэд хоногийн өмнө тагнуул гээд баригдаад явчихсан. Би тэрнийг харин ч хаяж чадахгүй олон хоног гэртээ байлгасан, гэхдээ манайд түүнд өгөх сүү байхгүй” гэж дуржигнуулан хэлжээ. Өвгөн босож ирээд “энд энд , хүүхдийн хүзүүнд нэг зурагтай зүүлт байналээ, хэрвээ би олоод хүүхдийг аваачиж өгөх юм бол намайг хүүхдийн хулгайч гэж шоронд хийнэ, намайг авраач, би олон хүүхэдтэй хүн ээж нь нас барсан” гэж бархиран уйлж бөгтөр харын өмнө сөгдөн суув. Хүүхдийн хүзүүнд байгаа зүүлтийг нээхэд бурхан минь хэний зураг байсан гэж санана, түүний анхны хайр. Хөдөө тосгоны сургуулын нэг ангид тэр хамар дээгүүрээ бор цоохор сэвхтэй охинтой нэг ширээнд суудаг байсан юм. Хүүхэд болгон тэр ч байтугай багш нар хүртэл илт гоочилж дорд үзэн хүйтэн харьцахад ганцхан тэр охин л түүнд эелдэг сайхан хандаж, үргэлж хамт мөөг түүхээр явж,атамануудад шоглуулаад уйлахад аргадаж, хамгийн энхрий дулаан үгсийг хэлдэг байсан. Түүнийг ийнхүү багын дурсамжиндаа орооцолдон байх зуур өнөөх өвгөн ч талийж оджээ. Хүүхдийг ороосон даавууг задалж үзвэл охин аж. Даана ч гэрт нь хар талх, навч нүдэж чанасан цайнаас өөр юу ч байхгүй. Хотоос тосгон орох замд хүүхэд их өлссөн бололтой амаа ангалзуулан уйлж байсан. “Тэсээрэй охин минь ,маргааш би чамд идэх юм олж өгнө өө, шүд нь ч ургаагүй ийм амьтанд юугаа өгдөг билээ” гэж дэмий л амандаа үглэнэ. Пийшингээ галлаад галын хажуугаар ор заслаа. Охин уйлсаар ядарсан уу юутай ч атугай шуухитнан унтахад санаа амарч тэврэн хэвтлээ. Шөнө дунд цээжийг нь хэн нэгэн тэмтэрсэн тул цочин сэрвэл охин ямар нэгэн юм хайж байгаа бололтой гараа сарвалзуулан тэмтэрч байна. Дэмий л өөрлүүгээ наатал хөхний жижигхэн товчыг нь олоод авав. Ээжийнх нь мээм шиг элбэг дүүрэн биш ч түүнийг орлох зүйл олсондоо санаа нь амарсан бололтой охин бумбалзтал хөхөж байна. Бөгтөр хар ичихийн ихээр ичив, гэвч түүнийг шоолох хүнгүй тул ганцаараа эв хавгүйхэн нуг нугхийн инээнэ. Ингэж хүүхэд тэврээд бүр хөхөө хөхүүлнэ гэж зүүдлээ ч үгүй, тэр ч байтугай өдий болтлоо эмэгтэй хүний өөдөөс эгц харж байгаагүй гоонь эр шүү дээ. Тэр охины ээжийнх хаана байдгийг мэддэг болохоор аваачиж өгөхөөр очсон ч “ээж нь эзгүй, гэрээт цэргийн сувилагч болсон, ажлаар явчихсан, хүүхэд асрагч нь алга болчихсон” гэсэн үгийг хахир муу зантай хөгшин хөршөөс нь сонсов. Хүүхэд гэдэг унтаад сэрэхийн хооронд өсөж байдаг хүний ертөнцийн цэцэг болохоор охин өдрөөс өдөрт өхөөрдөм хөөрхөн болж гоонь эрийг “ээж ээ” гэж дуудах боллоо. “Ээж ээ биш ээ, ах аа” гэд дууд гэж зааж өгсөн боловч “ээж ээ ээж ээ” гэж хамраа шантайлгаж байгаад л долоовор хуруугаа гозойлгон дуудна. Охин үлгэж хөхсөөр гоонь эрийн хөхөнд сүү орсон, охин түүнийг “ээж ээ” гэж дууддаг, хүмүүс түүнийг нь хэний хүүхэд, хаанаас хулгайлав, чиний хүүхэд үү, эх нь хаана байгаа юм гээд асууж шалгаагаад байдаг нь үнэхээр залхааж нэг л өдөр охиныхоо төлөө хамгийн бөглүү тосгоныг зорьж ийнхүү амар жимэр амьдрах болсон.
Төгсгөл
Цэргийн сувилагч бүсгүй эмнэлэгээс гарах өдрөө нууцлахыг эмчээсээ гуйлаа. Үнэндээ түүний үзэж туулсан бүхэн яг л зүүд мэт. Хүний сэтгэл зүрх гэдэг хамгийн гүн далайн ёроолоос ч илүү нууцтай гайхалтай ертөнц юм. Гэрийг нь сахиж үлдсэн асрагч яасан бол, хүүхэд минь том болсон болов уу, байшиндаа байгаа болов уу, эд нарт хүүхдээ хэлчихвэл салахгүй шаваад байх болов уу гэсэн бодол түүний нойрыг хулжааж байлаа. Тархин дотор нь эхлэх үзүүр, төгсөх үзүүр хоёр нь нь үл мэдэгдэн орооцолдсон их утас мэт бодлоо түрхэн зуур ч болов үргээн эмчийнх нь хэлсэн үүрийн таван цаг болоогүй байсан тул түр зүүрмэглэв. Гэтэл сувилагч мөрөн дээр нь зөөлхөн дарж “эгч ээ тань дээр зочин ирлээ” гэв. “Би хэлсэн шүү дээ, ямар ч зочин хүлээж авахгүй гэж”, “үгүй ээ эгч ээ таны дотны хүмүүс”. Бүсгүй гайхан углаашаа өмсөөд зөөлөн алхсаар өрөөнийхөө хаалгыг нээв. Олон жилийн өмнө нэг л өдөр юу ч хэлээгүй хаашаа ч юм бэ алга болсон найз нь дөрөв тав орчим л насны охин хөтлөөд хуучных шигээ муухан мушилзан зогсож байлаа. Гэнэт анир чимээгүйг эвдэж охин өнөөх хар хүрэмтийн хормойноос татан “ээж ээ энэ хэн бэ” гэхэд бүсгүй сувилагчтай зэрэгцэн түсхийтэл инээд алдаж орхив. Охиноо нялхад нь хүзүүнд нь зүүж өгсөн зүүлтээ харсан эх “миний охин, миний охин” гэж гүйн очиж тэвэрч авлаа. Хацраа халуу шаттал уйлж учир зүггүй үнсэж байгаа бүсгүйг охин гайхан харж “би таны охин юм бол би таныг тэгээд хэн гэж дуудах уу” гэлээ. Хүлээсэн үүрийн таван цаг болжээ. Эмч нь эртлэн ирж хэнд ч мэдэгдэхгүйгээр үдэн гаргахдаа “чи надад л хэлчих, тэр олон хүн үхээд ирсэн байхад, чамайг ганцаараа эргэж ирэхэд юу тусласан юм бэ” гэлээ. Бүсгүй инээмсэглээд “эхийн хайр, тэнд надаас өөр үрээ орхиод ниссэн эх хүн байгаагүй юм аа” гэж хариуллаа. Тэр гурав аз жаргалтай амьдарлыг цогцлоохоор бөглүү тосгоны зүг сэтгэл баяртайгаар хөдөллөө.
2012-04-20
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-247.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4817
mongolia2007year-141.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4537
mongolia2007year-208.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3897
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: