|
|
Өгүүллэг: Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг
Оруулсан admin on 2013-02-09 01:11:00 (18779 уншсан)
Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө.
Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй. Дандаа л дөч хүртэл халуурч, амьсгаа нь ширүүсчихсэн хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эсвэл хоолой нь боочихоо алдсан балчир амьтадтай өдөр шөнөгүй зууралдан эрчимт эмчилгээний өрөө, өвчний түүх овоолстой ширээний хооронд эргэлдсээр орой нь хөлөө даахгүй болтлоо ядарсан амьтан автобусны буудал руу алхана. Автобуснаас буугаад яг хоёр зуун алхам яваад л орцныхоо үүдэнд хүрнэ. Ийнхүү хөл татарсан өвлийн бүрэнхий орой тас харанхуй орц руу орох мөчид ч юм уу, эсвэл хаврын эхээр хамаг амьтан залуус гэгээн Валентины баяр, дараa нь Мартын 8 тэмдэглэн залуус цэцэг, бялуу барин гудамжаар зөрөлдөхөд зүрх сэтгэл нь хэзээ хэзээнээс илүү ганцаардлын хар гунигт автдаг юм.
Тэр орой болсон хойно хариад ээжийнхээ аягалж өгсөн хоолны амтыг нь ч мэдэхгүй идчихээд хуучин буйдан дээрээ хэвтээд өгнө. Тэгээд л солонгос кино үзэх дуртай ээжтэйгээ суваг булаалдан орос, монголын бүх тв-ийн мэдээ үзсээр нэг л мэдэхэд бүхлээрээ таг унтчихсан байдаг билээ. Ийм л тогтсон хэмнэлтэй тогтоол уст цөөрөм мэт нэг хэвийн амьдралдаа тэр хэдийн дасчээ. Бодоод байхад ийнхүү орой гэртээ хариад бэлэн хоол идчихээд нөхөр, хүүхэд гэх эзэгтэй хүний ажил гэж үгүй, зурагтын өмнөх буйдан сахисаар унтчихдагаа бодохоор өөрийгөө эмэгтэй хүн гэхэд эргэлзмээр. заримдаа интэрнэт кафед очиж гадаадад гарчихсан ганц нэг найздаа э-мэил бичнэ. Ингэж яваад санаандгүй тохиолдлоор интэрнэтийн секс сонирхон донтчихоо дөхсөн ч удаатай. Хүүхдийн сэхээний эмч бүсгүйн энэ мэт нууцхан амьдралыг өөрөөс нь хэн ч үл мэднэ.
Түүнийг эмнэлгийн хаалгаар гарч ирэхэд жижигхэн ширхэгтэй цас хялмаалж байлаа. байшин дотроос гарч ирсэн бүсгүй шинэхэн цасны гялбаанд нүдээ анивчин хэсэг зогслоо. Тийнхүү ер бусын цагаахан шинэ цасны өнгөнд нүд гялбан, өглөөний хүйтэн хаварт хацар, хамар нь чаcxийтэл даарахад сэтгэл нь нэг л сэргээд ирэв.
Алгаа тосоход нь бээлий дээр нь буух цасан ширхэгүүдийн гоёмсог талстууд шинэ жилийн үдшийг санагдуулчихлаа. Аавынхаа амьдад тэр 20 хүрэн хүртлээ шинэ оны өглөө гацууртаа хүслээ шивнэдэг, санаa дагаад ч тэр юм уу гацуурт шивнэсэн хүсэл нь биелчихээд байдаг сан. Гацуурт шивнэсаэн хамгийн том хүсэл нь Анагаахын их сургуульд тэнцэхсэн гэсэн мөрөөдөл нь байлаа. Тэр нь ч санаснаар болж элсэлтийн шалгалтаа торолгүй давж аав ээж хоёроо хачин их баярлуулж билээ. Даанч дараa жил нь аавыгаа алдаж, бас анхны хайртдаа хаягдсан. Түүнээс хойш бүсгүй гацуур чимэхээ ч больж, гэрэл чимэглэл юутай хээтэй нь ахынхаа хүүд өгчихсөн билээ. Ийнхүү аавынхаа үхлээс хойш бүсгүй ямар ч гайхамшигт итгэхээ болин, анатомын зузаан зузаан сурах бичгүүдэд дарагдан, химийн хүнд туршилтууд, жил бүрийн дадлагын ажил ээлжилсээр эцэст нь хүүхдийн сэхээн амьдруулах тасаг амьдралынх сүүлчийн зогсоол болсон мэт санагдана.
Гэвч зөрүүд зүрх нь дотроо ид шидийн гайхамшигт итгэх томоогүйхэн итгэлээ орхихыг хүсэхгүй л байж. Бүсгүй энэ жил нийслэлийн залуучуудын шинэ жилин үдшлэгт урилгаар оролцохдоо танхимын өндөр таазанд тулам сүрлэг гацуурт сэмхэн хүслээ шивнэжэ. Богд уулнаас авчирсан, ойн гайхам тансаг үнэр анхилуулсан тэр амьд ногоон гацуурт л түүний хүслийг биелүүлэх шид байх юм шиг этгээд бодол тэрхэн агшинд төрсөн ажгуу. гэрэл гэгээ, дуу хур, хөл хөөр бялхан, ганган даашинзуудад нүд гялбасан шинэ жилийн цэнгүүнд ирсэн хэнд ч анзаарагдамгүй нэгэн даруухан бүсгүй тэгж гэнэн загнасныг тэр их хөгжөөн цэнгээн дунд ажигласэн хүн нэг ч үгүй.
Харин маргааш өглөө нь сэрэхдээ Оюyн гацуурт хүслээ шивнэн хүүхэд шиг хөгтэй зан гаргасандаа туйлын их ичихийн хамт сэтгэлд нь горьдлогын оч ассаар буйг мэдэрсэн сэн. Тэр нь ямар хүсэл байсан гээч. Энгийнээс энгийн, ердөө л ажлаасаа оройтоод харихад тосох хүнтэй болгож өгөөч гэсэн үгийг гацуурт шивнэсэн юм. Тэр өнөөдрийх шиг ээлжнээс буусан өглөө гэрийнхээ дэргэд байдаг шуудангийн сарбараар орж хэвлэлээ авдаг заншилтай. Бусад өдөр ээж нь авчихсан байдаг юм. Шинэ цасны чийг хаврын анхны бороогоор зөгнөн сэтгэл сэргээсэн энэ өглөө алхаад л баймаар. Гэхдээ тэр цасан дээр үлдэж буй мөрөө харах тун дургүй. Нуруулаг төрcнийх нь сүүдэртэй тал болсон том хөлөндөө ясны дургүйгээс тэр билээ.
Оюyн шуудангийн хайрцгаа нээж өөрийнхээ байнга захиалдаг өдөр тутмын сонингийн шинэ дугаар, бас нэг шингэн савангийн сурталчилгааны хуудас хийсэн байсныг аваад эргэтэл нэгэн бяцхан ягаан дугтуй унаад ирэв. Ийш тийш хулмалзан харвал шуудангийн салбарын 2 хүүхэн ном уншаад анзаарсан шинжгүйд олзуурхан бушуухан тонгойж тэр дугтуйг шүүрэн аваад хар хурдаарааа гарав. Оюун урьд нь хэзээ ч хэнэс ч шуудангаар захиа авх үзээгүй тул энэ нь түүнд ёстой л гэнэтийн бэлэг байлаа. Түүний хувьд бүх л амьдрал нь ямар ч онцгой сонин юмгүй, алганы хээ мэт тов тодорхой зурагдчихсан зургийн дагуу өнгөрч байгаад дасч, энэ л эгэлхэн хувь заяатайгаа эвлэрсэн хүн . Анагаахад элcч, дараа нь эмч болоод, хүн гэдэг амьтан энэхэн богинхон насандаа элдэв өвчнөөр өвчлөн, амьдралын аар саар зовлон үзэж явсаар нэг л өдөр үхэлтэй тулгардаг нүцгэн үнэнд дассан хэрсүү ухаан нь элдэв янзын гэнэтийн бэлэг хүлээдэг ч үгүй билээ.
Оюун тэр ягаан дугтуйнд тэсрэх бөмбөг байгаa мэт цүнхнээсээ гаргаж ч үзсэнгүй явсаар гэртээ ирлээ. Ашгүй ээж нь эзгүй байв. Харсаар байтал ингэж догдолж, хөлрөөд хөгийн царайлчихсаных нь учрыг ээж нь асууж л таараа. Гэтэл өөртөө тохиолдсон ямар ч явдлыг ярихыг хүсээгүй л бол хэнд ч дэлгээд байх дургүй гөжүүн зантай Оюун ээжийнхээ тийн элдвээр шалгаадгийг сүүлийн үед тэсвэрлэшгүй ихээр төвөгшөөх болжээ.
Бүсгүй гутлаа ч тайлалгүй гал тогооны өрөөндөө орж сууж аваад өнөө ягаан дугтуйг гарган задаллаа. Гэгээн Валентины өдөрт зориулсан *Учраагүй хосуудын баяр*-ын урилга байв. Хэнээ ирснийг нь мэдэх гэж эргүүлэн тойруулан үзээд үзээд юу ч олсонгүй. Зүрх нь түг түг цохилон энэ учир битүүлэг тоглоомын эзнийг олох гэж хувцастайгаа цаг шахуу сугаад тоймтой юм толгойд нь орж ирсэнгүйд гуталаа солихоор босов. Хоёрхон эмэгтэй хүн амьдардаг. ямагт цэвэр цэмцгэр байдаг энэ айлын гал тогооны өрөөний элэгдсэн хулдан дээр түүний үзэн яддаг өнөөх том хөлийн мөр бөөн шавхай тарчихсаныг сая л анзаарав. Ээж нь ахных нь хүүхдийг харахаар явсан бололтой. Тэр халаадаа өмсөхөөр өрөөндөө орж ханан дахь хуанлигаа хараад л *Өнөөдөр чинь гэгээн Валентины өдөр юм байна шдээ* хэмээн дуу алдав. Тэгээд ээжиинхээ бэлдэж тавьсан хоoлыг халаан дурамжхан савхдаж суухдаа урилга явуулсан хэргийн эзнийг олоx оролдлого дахин эхлэв. Арван жилийн найзууд нь гэвэл ихэнх нь нөхөрт гарч эзэгтэй болоод олдохоо больсон . Харин Оюуныг хиймэл давхраа хийлгэж, хамраа өндөрсгөөд нөхрийн эрэлд идэвхтэй гарахыг ятгадаг багын найз галзуу Заяа байх болох л юм. Гэтэл тэр чинь хэд хоногийн өмнө дэлгүүртээ бараа татахаар Бээжин явсан байдаг.. Анагаахын дээдийн ганц найз нь өөрөөс нь ч дуу муутай бүлтгэр Одноо төрөл арилжаагүй л бол толгойд нь ийм бодол орж ирэх ч үгүй. Ер нь хэн явуулсан байлаa ч би л очихгүй бол боллоо биш ү? гэж тэр эцэст нь дүгнэлээ. Тэгээд гэнэт толинд хармаар санагдангуут хоолоо ширэн дээр орхичихоод цүнхнээсээ энгэсгээ гарган тольдож гарав. Шингэхэн тайрмал үс, давхраагүй боловч урт сормуустай тас хар нүд, намхан хамар, цэвэрхэн арьстай боровтор царай, нимгэн ч биш зузаан ч биш уруултай байдаг л нэг хүүхний царай өөдөөс нь ширтэнэ. Бие хаа ямар билээ. Тэр өөрийгөө гадны хүн шиг л шинжив. Хөх гэж гайхуулах юм алга, бие туранхай , хөл ч яaхав маажиг төрчихөөгүй нь яамай, ганц авах юм нь аюулын өндөр нуруутай юм гээч. Жижүүрээс буугаад усанд орчихоод нам унтдаг нь ч яалаа. сэтгэл нь дэнслэн хийх барих юмаа олж ядсаар их үд хүргэчихэв. Тэр үдэшлэгт очих уу, байх уу? гэсэн ганц асуулт л тархинд эргэлдсээр гиюүрч сууснаа гар утсанд мессеж ирэх дохионд бондcxийтэл цочоод сая бодох, хийх юмтай болсондоо сэтгэл нь түр ч гэсэн сэргээд утсаа авлаа. Өчигдөр шөнө хоолой боочих шахаж ирсэн хүүхдийн тухай заавал мэдэгдээрэй гэж гуйсных нь дагуу өнөөдөр ээлжинд гарсан Нараа эмчээс "Huuhed ovoo baina sanaa zoүoltgui shuu" гэсэн мессеж ирсэн байлаа.
Энэ мессежинд сэтгэл нь тайвширран *Ашгүй дээ* хэмээн бодож, тэр хүүхдийн ээж 18-аас хэтрээгүй болов уу гэмээр жижигхэн охиныг яаж шуу ээж шиг ээж болно доо гэж өрөвдөж байснаа санав. Tэгээд сэтгэлийн тайван байдлаа олж авах санаaтай завтай цагтаа уншдаг Здоровье сэтгүүл гарган хүүхдийн амьсгалын замын өвчний тухай өгүүллээс хэдэн хуудас уншаад юу ч ойлгосонгүй буцаагаад ширээн дээр тавьчихлаа. Зурагт асаавал сумо гарч байв. Унтраачихаад цаг харвал гурав өнгөрч байлаа. Гэтэл үдэшлэг 7 цагт эхэлнэ. Тэр усанд орохоор шийдэмгий гэгч нь бослоо. Урьдынх шигээ хөөстэй онгоцонд тухалсан ч үгүй. Хам хүм шүршүүрт орчихоод өрөөндөө орж хувцасны шүүгээгээ онгичиж гарахдаа ч үдэшлэгт очих гэд байгаагаа өөртөө зөвшөөрч чадахгүй л байлаа. Цалин багатай эмч бүсгүйн хувцасны шүүгээ яаж дүүрэн байх билээ. Хааяа хурал муралд очихдоо өмсдөг жижүүрийн ганц цагаан хослолоо хэтэрхий албархуу гээд хажуу тийш нь түлхчихлэээ. Айл майлд очих, хоол зоoгонд орвол нүүр тахалдаг цэнхэр ноолууран цамц нь хөгшин стильтэй санагдах тул мөн л цааш нь тавиад өөр аятайхан хувцасны эрэлд гарлаа. Тэгээд яахав, торгон дээлнээс өөр юу ч алга. Гэтэл энэ чин ямар цагаан сар биш дээ. Тэгтэл .. аз болж шинэ жилээр өмсөх гэж бэргэн эгчэс гуйж авад буцааж өгөөгүй байсан богинхон хар даашинз гараад ирэв. ийм гоёлтой Валентиндаж болноо. Таван цаг болох нь ээжийхээ сувдан хослолыг авч зүүгээд үсээ гөлчийлгэн янзалж, нүүрээ хичээнгүйлэн будаж, хацараа ягаанаар өнгөллөө. Эцэст нь өвлийн эхээр гутлын дэлгүүрт хямдрал зарлахад авч хадагласан урт түрийтэй, өндөр өсгийтэй итали хар гутлаа өмсөөд хонгилд байх босоо толинд харлаа.Энэ чинь хэн бэ? Хувцас бурхaн бие чөтгөр гэж хичнээн үнэн үг вэ? Өнөө өглөө ээлжнээс бууж ирсэн, хувцас муутай, нүд нь сэлхэрсэн, хэний ч нүдэнд тусах юмгүй гонзгор туранхай эмч хүүхэн мөн үү?Танигдахын араггүй аятайхан хүүхэн харагдаж байлаа. Тэр өөртөө үнэхэр таалагдаж байнаа. Цаг зургаа болчихож гүйцээ . Үдэшлэгт явахаар шийдэв. Өнөөдөр чинь Валентины өдөр. Тэр яагаад дурлалт хосын баяраар гэртээ хөгширч буйгаа батлах мэт ээжтэйгээ зурагын суваг булаалцалдан хуучин буйдангаа сахиж хэвтэх ёсоти гэж? Өөрийгөө тийнхүү гоё харагдаж байгаад баярласандаа нүүр халуу оргин сэтгэл хөөрнө. Гадуур хувцсаа өмсөөд, сүрчиг цацаад яг гарах гэтэл ээж нь ороод ирэв. Охиноо жижүүрээс буугаад унтаж байгаа гэж бодсоор хаалгаа өөрийнхээ түлхүүрээр онгойлгон ороод иртэл ингэж гоёчихоод гарч явааг хараад гайхсандаа элдвийд ч шалгаах ч сэхээ ороогүй амаа ч ангайж шахам байхад нь Оюун шурдхийн зөрөөд *Ээж би оройтож магадгүй. Түлхүүрээ авчихсан шүү гэчихээд гарч алга боллоо. Үдэшлэг болох газар гэрээс нь тийм ч холгүй ажээ. Бүсгүй такси барих гэснээ болив. урилга явуулсан эзнийг нь ч мэдэхгүй байж ийнхүү Танилцаагүй хосуудын баярт явж байгааагаа өөрөө хүлээн зөвшөөрч чадаагүй мөртөө сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй байгаагаа л тэр мэдэж байв. Ичиж эвгүйрэх сэтгэл нь арилж өгөхгүй аажуухан алхсаар байсан ч яах ихийн зуургүй өнөө газраа ирчихсэн байлаа. Бүсгүй төрж өссөн 40 мянгатын гудамжаараа алхах дуртай . Энд шөнийн хэдэн цагт ч хөл хөдөлгөөн татардаггүй. Алхам бүрд хоол зоогийн газруyд үсчин, гоо сайхан үйлчилгээ, дэлгүүр хоршооны гэрлэн чимэглэлүүд өнгө алаглан сэтгэлд хичнээн дулаан байдаг билээ. Цас өглөөнийхөөрөө хялмаасаар байлаа. Хаврын тэргүүн сарын цас гэсэндээ газар унамагцаа л хайлмагтах аж. Хувцсаа өлгүүлчихээд толинд харахаар 00-ийн өрөө рүү хам хун оров. Ашгүй дээ тэр тун аятайхан харагдаж байв. "Oдоoны хүүхнүүд сэргэлэн нь дэндэж байнаа, Эрэгтэйчүүдийн 00-оос л залуучууд ангуулчилдаг болжээ" гэх дуунааар харвал өндөр, нам хоёр залуу зогч байв. Оюун хаягийг нь сайн харалгүй эрчүүдийн жорлонд орчихоод тольдож зогссон бaиж ичсэн , бантсандаа нүүр нь хүрэнтээд явчихсаныг л мэдэрч байв. Юун хосуудын баяр маяр . Түүнээс хойш юу болсныг бүү мэд, нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа таксинаас бууж байв. Өнөөх тас харанхуй орц руу гүйхээрээ орж гэрийнхээ үүдэнд ирээд түлхүүрээ гарган хаалгаа онгойлгоод зочны өрөөнийхөө онгорхой хаалгаар гайхан харах ээжтэйгээ ч дуугарсангүй өрөөндөө орж орон дээрээ нүүрээ даран уналаа Ингэх гээд л байсан юм. Учраагүй хосуудын баяр гэнэ шүү. Шараа юм. хэмээн үглэсээр хувцсаа тайлаад нүүрийнхээ будгийг ч арилгасангүй. Толинд харахаас ч дургүй нь хүрээд байв.Тэгээд нойрны эм давхарлан уугаад л орондоо оров. Шөнө хар даран зүүдэлсээр олигтой ч амарч чадсангүй. Өглөө нь ажил дээрээ ирж хүүхдүүдээ үзэж суухдаал сая сэтгэл нь онгойж, урдын амаглан байдалдаа оржээ.Өдөр үдийн цайгаа уухаар өрөө рүүгээ орж явтал "Оюун эмчээ үүдэн дээр хүн уулзaя гэнээ" гэсэн хэл ирэв. Сэхээнээс тасагт шилших хүүхдийн ар гэрийнхэнээс л биз гэж тоомсоргүйхэн бодсоор очвол өчигдөрийн хоёр залуу зогсож байх нь тэр. Палхийгээд л явчихав. Хүүхдийн ар гэрийнхэн байх гэж тааmагласанда хар хурдаараа алхаж явсан хөл нь өөрийн эрхгүй зогтусчихлаа. гэтэл өчигдөр инээгээд элдвийн юм ярьж доохойлоод байсан нүүрэмгий намхан залуу нь "Хөөе бүсгүй ороолтоо ав. Ороолтоо хаячихаад явчихаар чинь манай найз олоод гэр хүртэл чинь дагаaд, танай гадаa хоносон юм байлгүй. Ажлыг чинь хүртэл мэдээд авчихсан. Ганцаараа авчирч өгхөөсөө ичээд намайг дагуулаад ирлээ. Гэснээ хажуудахдаа нудран Алив чи уузлаач дээ хэмээн өчигдөрийнх шигээ доогтой гэгч нь хэлээд тас тас хөхрөв. Нээрээ өчигдөр тэнд цагаан ноолууран ороолтоо хаячихcanaa сая л санав. Ороолтыг нөгөө өндөр залуу барьчихсан зогcч байв. Ингэж тэр нэгэн ягаан дугтуйн aчаар Оюун хайрттайгаа учирчээ.Ороолтыг нь авчирч өгөх далимаар танилцасан тэр өндөр залууг нь Гандөш гэнэ. Өөртэй нь адилхан эмч мэрэгжилтэй, онцлог нь Америкт мэс засалчаар ажилладаг, хань ижилгүй хүн байлаa. Амралтаараа нутагтаа ирэхэд нь Валентины өдөр таарч найзуудынхаа ятгалгаар учраагүй хосуудын баярт ирээд Оюунтай 00-ын өрөөнд таарч анхны харцаар дурлачихсан нь тэр. Харин Оюун хурим хийсэн хойноо ч тэр урилга явуулсан эзнийг мэдэж чадаагүй бөгөөд гацуурт хүслээ шивнэсэн нь биелчихсэнд дотроо итгэсээр явдаг юм. Ямар ч гэсэн илгээсэн эзэн нь үл мэдэгдэх тэр бяцхан ягаaн дугтуй түүнийг хайрттай нь учруулсан хамгийн том гэнэтийн бэлэг байсан юм.
Үүнээс хойш бүсгүй гэнэтийн бэлэгт дуртай болж, элдэв ер бусын юманд тоомсоргүй хандахаа больжээ. Нээрээ амьдрал юутай баян билээ.
(
Сэтгэгдэл бичих? |
Өгүүллэг |
Оноо: 42/11 |
Шүүдэрцэцэг Б )
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
|
|
|
Агуулга |
|
|
Monday, 2024.07.01 | · | Г.Мөнхтулга : “293” |
· | Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН |
· | Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ |
Saturday, 2024.03.30 | · | Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ |
· | Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР |
· | Лха Отхан : ХАРААЦАЙ НАС |
· | Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР |
· | Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ... |
· | Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...! |
· | Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ |
· | Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ |
· | Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ... |
· | Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ |
· | Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС |
· | Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА |
· | Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ... |
· | Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ... |
· | Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ |
· | Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ |
· | Лха Отхан : Шөнийн ганцаардал минь |
· | Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ |
· | Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ... |
· | Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ |
Monday, 2024.03.04 | · | Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь |
Thursday, 2024.01.25 | · | Г.Мөнхтулга : ХАЙР |
· | Г.Мөнхтулга : ТҮҮНД |
Thursday, 2023.12.21 | · | Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ |
· | Г.Мөнхтулга : ЧАМД |
Tuesday, 2023.12.12 | · | Долгорын Цэнджав : ТАМГА |
Tuesday, 2023.12.05 | · | Г.Мөнхтулга : Зүүд |
· | Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ |
· | Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ |
· | Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ |
· | Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ |
Monday, 2023.11.27 | · | С.Начин : Уучлалын шүлэг |
Thursday, 2023.10.19 | · | А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ |
· | Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН |
· | Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО |
Wednesday, 2023.10.18 | · | Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой |
Та сараа сонгоно уу
|
|
|
|
|
|