Тоонын дааган дээр суусан болжмор үүрэглэм нам гүмд гуа гүргэмийн үнэр сэнгэнэхүй енгэнэтэл санаа алдах өтөл насны лам гэрийн хоймор дахь бурхан тахилынхаа өмнө тахим бохирон сөхрөн суугаад нүдээ анин залбирч намбархана.Олон жилийн утаа исэнд бартагтаж бүүдийсэн Манал бурханы дүр шилэн хоргон дундаас дүрлийж,өмнүүр нь өрөөтэй гуулин том цөгцөн дэх усан өргөлд тунарч толидоод аниргүй амирлангуй.Зуны дунд сар шувтрах өнгөндөө орчихоод байдаг хүү маань ирдэггүй юм байхдаа.Батхаан хайрханаад манхагаа үүрээд мачийж хүрээд бумбан ягаандайгаа түүж эмээ базаах сан.Яг өдийд л эмийн ид нь бүрдээд бундайж байгаа даа 2 л хоног хэтэрчихвэл хэргээ барна гэдгийг мэдэх өвгөн маарамбын сэтгэл бачууран яаравч төдийлэн өндөлзөөд байсангүй залбиралдаа намбайж сууна.Өвгөн жилийн жилд л хавчиг үүрэг үүрсэн бадарчин гэгчээр даянчлан одсоор.Нэг хоёр сар хиртэй явган яваад ирэхдээ өмссөн хувцас нь жаахан гундснаас өөрөөр нүд нь гялалзаад олзтой мишээсээр зүдэрсэн шинжгүй ирдэг сэн.
Нарийнхан ишэн дээрээ бундайж бөмбийсэн сормууслаг дохиурт ухаа ягаан цэцгийг Цог мандлын Нар ханчум гэдэг.Түвдийн уулсын ухаа бэлээр ургадаг Монголд Их Алтайн зүүн төгсгөлийн уулсын зүүн сугаар оочин цоочин ургадаг болохыг там тум сонссон.Харин манай Батхаан хайрханы өмнөд энгэрээр тэмдэгтэйхэн газраар жил өнжин ургадаг охор настай эмзэг цэцэг.Ургах нь чавдаг,түүх хатаах нь нарийн дэг журамтай.Цэцэглээд тун удахгүй уусах мэт хатаж ор мөргүй алга болно.Зуны зөөлөн сэвшээ мяндаслан намирах үеэр цагийн байцаа шинжин очиж түүхдээ ам хамраа боож цэцгийг хөндөхдөө цаг нараа барьж урд хормойгоо дэвсэн сууж уул хангайгаасаа гуйж мөргөн залбираад,хөрсөнд ил гарсан ишнээс нь дөрвөн хуруу дээгүүр тасдаж аваад сүүдэр дагуулан ойр ойрхон эргүүлж тойруулан хатаана.Яг л нялх хүүхэд мэт бөөцийлнэ дөө.Өвгөн Палам хэд хоногийн газраас явгалан алхаж ирээд бундан ягаандайгаа түүх гэтэл алга гэнэ.Цог мандлын Нар ханчум байнга нэг газраа ургаад байхгүй хуучин ургасан газраасаа хол саахалтын дайнд өмнө хойно бүр зүг чиггүй ургана.Өвгөнөөс өөр хүн бол энэ жил ургасангүй гэж бодоод буцаад явчихаар.Ер нь л жил бүр ургаад байхгүй.Паламаас өөр энэ цэцгийн авир аашийг мэдэх хүн төдийлөн үгүй.Анх Түвдийн өндөр уулын энгэр талд ургасан байсныг номын багш нь зааж нүдлүүлж өгсөн цэцгийг нутагтаа ургадаг болохыг буцаж ирснээсээ олон жилийн хойно түүх цаг хугацаагий нь сайн ажин сонжсоор багцаа мэдэх болов.Энэ олон жилд Палам багцаа л мэдэх болсон гэхээр байгаль ээжийн ааш араншинг тааж мэдэшгүй.Хий шар бадгана,таван цул гээд бүхэл эд эрхтэний өвчин зовиурыг арилгадаг энэ цэцгийг Палам Манал бурханы ид шид гэдэгт итгэдэг.Цэцгийг түүж хатааж эмэнд оруулахдаа сар од өдөр гаригийг тогтоож тооцож газрын хэвэл байцын таарамж тохиромжийг ч хүртэл үзэж сонжин амилуулаад эмээ баринтаглана. Утайд маарамбын эрдмээр цоорсон Паламыг Шанх хавийнхан байтугай нь мэдэх нэг нь мэднэ.Паламын илаар болгох эрдмийн гол нь Цог мандлын Нар ханчум цэцгийн ид шид тул Палам насаараа бурхан Батхаан уулын амин сүнс эзэн савдагт талархсаар явдаг. Их бариа тавианы жилүүдэд цэл залуухан Паламыг тэнгэр өршөөж 10 жил Сэлэнгийн Бугантад мод бэлтгэлийн ажилд дайчлан ажиллуулсан .Хорихын даргын охин ууланд аавыгаа дагаж яваад баруун хөл нь нарийн шилбээрээ хугарч гуталтайгаа эргээд сүйд боллоо.Хөдөө зэлүүд ойд эмч домч ч юу байх вэ дээ харанхуй хар таганд сандарч тэвдсэн тэд тогоо барьдаг Паламд хар мод савхалж өгөөд чиг бариулан боолгоход өвчиндөө царай нь цонхийж уруулаа цус гартал химлэн буй жаахан охиныг өрөвдөхдөө өөрийн эрхгүй амандаа ослоос оршоогддог тарнийн хураангуйг гүвэрч ханцуйдаа залбирсныг хашир дарга харсан ч хараагүй мэт мэдсэн ч мэдээгүй өнгөрөв.Хэрэг явдал ийн өнгөрснөөс хойш арваад хоногийн багцаанд охин жаахан эмзэглэж мижилзэхээс өөрөөр гэмгүй сайхан болж хөл нь эдгэрлээ.Хорихынхон өвөр зуураа шивгэнэлдэж Паламын гарын дүй отчийн эрдмийг сэм шагшилдав.Энэ зуур үр олдохгүй гансарч явсан нягтлан хүүхэнд үрийн хутаг гуйж,хэзээ мөдгүй нярайлах дөхсөн хүүхний гажсан хүүхдийг засаж өгөн амар амаржуулж,ааш авир нь хэрээс хэтэрсэн хуяг хэнгэрэг хочит Балбарыг хэлээ гарган дооглох мэт аялуулж өгсөн хүн нь мөн л Палам.Аар саархан ч тэр аргаа барсан нь ч тэр өглөөг өглөө гэхгүй оройг орой гэхгүй сэм гүйлдэж өвчин хууч,зовлон шаналгаагаа Паламд л тоочих болоод байгааг хорихынхон дээр дооргүй мэддэг болоод удсан ч хэн нэгэнд хэрэг тусыг үзүүлж байгаа л бол болох нь тэр гэсэн шиг ажин түжин сууцгаасаар.Паламын ялын хугацаа дуусаж нутаг орноо бараадан явж иртэл ганц муу дүү хүүхэн нь эцгийнхээ голомтыг сахиад нөхөрт ч гарсангүй ганцаар хэдэн малаа адгуулж амь зууж “өө яах вэ нутгийн түмнийхээ буянаар болоод л байлаа” гэсээр угтжээ.Хуучин сахил номынх нь гэр эцгийнх нь өвөлжөөн дээр дараатай байсныг гарган бариад дүү хүүхэнтэйгээ хараа бараандаа айлсан бууж сумын хойгуур Нуур,Тойрмоор нутаглах боллоо.Бариа хорионы бужигнасан жилүүдэд салж сарниж санганасан олны дунд авга ахынх нь хүү гээгдэж үлдээд олон дээгүүр жаал гундуу явааг сонссон Палам ирснээсээ хойш нэг их удалгүй судар дэлгэн харж товлосон өдрөө дүү хүүхнийхээ чөдрийн хэдэн морьдоос шоонд буусан унааныхаа зүсийг тааруулж цагаан хонгор үрээхэн морийг саахалтын залуугаар оосорлуулан авчруулж хазаарлаж эмээллээд жаал зугаа юмс ганзагалж хадаг яндар өвөртөлөөд Зэвэг хүүг өргөж авахаар сэтгэл шулуудаад мордоод яваад өгөв.Ахынхаа мордохын бараанаар аргалаас ирж явсан Хорол “ ах Зэвэгийг авчирахаар явах шиг боллоо.Болж дээ болж.Муу ах минь хаана яаж шуу явдаг юм бол доо.Амьд мэнд яваа бол нутаг нугаа тэмцэн ирмээр юм” хэмээн бодох зуураа барьж явсан савраа даялан өмнө нь харагдах хаврын халтар хомоолыг саврын үзүүрээр сэрмэн эргүүлэв. Хорол,Палам хоёрын эцгийнх нь дүү Даш их барианы жил эцгийнхээ хэргэм зэргээс болж баригдан яваад хэл сураг тасраад удаж байгаа нэгэн.Мухар сохор сургаар олон жилийн цэргийн албанд алс баруун хязгаарт явсан сураг гараад алдарсан.Цаг цэвүүрч баригдаж,хоригдож,цөлөгдөж бас ч үгүй яах вэ зарим нь мэнд эргээд ирсээр баяр гуниг хосломхой. Нар баруунаа ташиж Баянгүн уулын сүүдэр гэрийн дээгүүр өнгийгээд ирэхийн багцаанд Палам найм хирийн насны үсээ хусуулсан толгойд нь гэрэл хальтичсан,сэргэлэн шар нүдтэй давжаадуу бие,цангинасан хоолойтой хөдөлгөөнтэй байрын шар хүүг сундлаад аваад ирлээ.Хорол цай чанаж,хоол хийж,Палам номоо дэлгэн дүнгэнэж сууснаа суугаагаараа эргэж бурханы гууны дорхи шургуулганаасаа хадаг гарган авчирсан хүүгээ өмнөө суулгаж “за миний хүү өнөөдрөөс эхлээд Паламын Дашзэвэг боллоо шүү” гэсэн сэн.Ингээд Паламынхан гэдэг хот айл Баянгүнээ тойрон нутаглах боллоо.Паламын нутаг 3 сумын залгаа нутаг сан. Хуучин цагт бие барсан бурхан болоочоо ил тавьдаг байсан даа .Хонины хишигт явахдаа хүн тавьдагын ойролцоогоор өнгөрөх Дашзэвэг хүү өнөө хээр гээгдэгсдээс айлгүй хачирхаж харах болж.Нэг удаа сахилгүйтэж уурганы бөгсөөр ёворчихоод морио эргүүлэн ухасхийтэл тэнгэр ниргэх мэт их дуун гарч,өмхий самхай үнэртээд сүйд. Эргэж ч харсангүй давхисаар гэртээ харьж ирвэл Хорол чөдөр барин угтаж ...яасан задарсан моньд вэ.Орчлонг огоорсон тэд чамд ямар тотгор болоо вэ.Ээ гэгээн минь үхээрийн бузар ч болно байгаа даа хэмээн мориноосоо буун харайж зугатах хүүг хөөн очиж хамаг хувцасыг нь тайлан хаяад тунхуутай ус толгой дээр нь асгаж бөөн сэжиг цээр үглээн яншаан боллоо.Палам муухан мушийж “моньд хуухай .Яаж байгаа чинь вэ Шар хүү минь “гээд ихэд аашлах байх гэж айж байтал баахан сан сун болж хуучин муу хувцасыг нь шатааж,унаж явсан морийг нь адуунд нь тавиад хэрэг зэргээр “гэмгүй “ гэсээр зэмгүй өнгөрөв. Паламыг “ажаа”,Хоролыг “хожоо” гэж авгайлна.Ажаа нь зун дундлаад Батхаан уул руу явж намрын эхээр ирдэг хэвээр Үүрэг богцоороо дүүргэн түүж ирсэн өвс ургамлаа хатаах гэж маяг няндартай юм болно доо.Гэрийн сүүдэр дагуулан тавьж өдрийн хэд хэд эргүүлж тойруулан хатаагаад намаржин өвөлжин элдэв амьтны борцолж хатаасан махтай хольж нүдэн уур нүдүүр уулзуулж гарна .Өнөөх их ажил болж хатаасан нүдсэн өвс ургамалаа тунгийн халбагаараа хутгаж хулсан дэнсээр хэмжиж жижиг хэрчсэн цааснууд дээр тавин боож дээр нь түвдээр нэр усыг нь бичээд авдартаа хадгална.Авдарны тагийг онгойлгоход гэрт байтугай хотонд байгаа хонь ямаад толгой өргөн үнэрлэтэл хачин содон сайхан үнэр тархаж ханхална.Нутгийнхан Паламынхаад гүйгээд байгаад сумын боловсон эмнэлгийнхэн дуртайгүй ч тэднийг хорьж яаж дийлэх билээ.Харин ч сумын эмнэлгийн их эмч Амар ургамалын эмийн эмчилгээ дорно дахины бариа засал зүү төөнүүрийнх нь арга барилыг сонирхож Паламынд дуудлагын далимаар хоёр ирсэн ч тэрсүүд хэмээн адлагдсан өвгөн олигтой дуугарч өгсөнгүй .Амар ч намын гишүүн энэв тэрэв гээд базаалттай юм болсонгүй тэгэсхийгээд дэвшээд яваад өгчээ. Өвгөний шар хүү эрийн цээнд хүрч нэгдлийн адуучин болоодхож.Урт хөлийн товир малтай тэрээр нутгийн зах барин Нуур,Тойрмоороо нутагласаар.Дашзэвэг нас биед хүрч нутгийн бүсгүйтэй гэрлэж мөндөл шиг олон шар хүүхдүүдтэй болсон сон.Эхнэр Хажид нь ам хэл хурцтай,хир баргийн сэтгэлд нь нийцэхгүй ажилтай анхиатай гав шув хийсэн сүрхий бүсгүй байх.Өвгөнийг Хажид манай хадам үгэндээ хүртэл нарийхан,шөнө шар шувуу шиг унтана гэж үгүй үдэш дүнгэнэж л байна.Үүрээр дүнгэнэж л байна.Өдөртөө уур нүдүүр зодолдуулаад ер амар заяа үзүүлэхгүй шүү хэмээн түвэгшээнгүй. Далаад оны дундуур Паламын хүүгийнх нэгдлийн олон адуутай гүүгээ барих гээд бөөн бужигнаантай үеэр алдаад хэд хоносон хээр азаргатай адуугий нь саахалтын айлынх нь адуучин залуу Мөнх гүүн зэлэн дээр хөөгөөд иржээ.Адуу нь хуйрниж шуугиад зэлэн дээр тогтсонгүй Баянгүнээд чиглээд давхиад явчихаж.Дараахан нь өнөө хэдэн адуугаа Баянгүний араас зэлэн дээрээ тууж иртэл адууны бөгсөнд ихээ царай муутай өтөл болсон хөгшин чоно салахгүй дагаад ирэхэд айж сэжиглэсэн Дашзэвэг “гэгээн цагаан өдрөөр адуу дагаад айлын хотонд яваад ирдэг яавч эрүүл амьтан биш бололтой.Яах вэ ажаа гэвэл Палам өвгөн харж байснаа “яах вэ хөөрхий төрөл олж чадаагүй төөрсөн л амьтан байна .Гэмгүй гэмгүй ажаа нь аргалъя.Та нар айж ширвээгтээд,сэжиглэж цээрлээд юу хийх вэ,нөгөө муу номхон буурлаа эмээллэчих Ажаа нь аваад явъя гээд дээл хувцасаа өмсөж хүзүүндээ эрхиэ зүүгээд,эмээлтэй морио хөтлөөд явахад нь багахан саахалтын дайны хиртэй өнөө чоно нь дагаад Баянгүн уул руу яваад өгчээ.Хажид адгаж,айж “эзэнгүй хээр газар галзуу согтуу нь мэдэгдэхгүй хээрийн араатан хөтлөөд ганцаараа яваад өгөх юм.Урж ноцвол яанаа таминь.Зөнөсөн хэнхэг өвгөн чинь араатны хоол болох нь ээ яанаа.Араас нь яваачээ хөөе “ хэмээн хашгичин сандчив.Яваад нэг их удсан ч үгүй Палам унасан морио давирсаар гүүн зэлний зүүгээр тойрон уяаруугаа шогшуулж айсуй.Хангинаж хашгирч,адгаж байсан Хажид хүүхэн мэл гайхаж цэл хөхрөөд уяанаа тосон очвол “Яав миний хүү ажаа нь алзахгүй ээ.Яах вэ хөөрхий төрлөө олоогүй төөрсөн ядарсан амьтныг явах чигийг нь олгож өгөөд ирлээ” гээд хээв нэг олмоо суллаж эмээлээ авч уяан дээрээ орхиод мааниа гүвэрсээр гэр өөдөө алхаад явчихав. Өвгөнийг амьд ахуйд нь сумынхан аймгийнхан тэр байтугай хот орноос сэм ирээчин уулзаачин нэтгүй.Мөн ч олон хүнийг өвчин шаналалаас нь салгаж хөл дээр нь босгож өгсөн буянтан даа.Ихээ хожим Хажид ийн харамсан өгүүлж билээ.Манай ажаа бороотой өдөр хонь руу “ажаа нь явъя.Муусайн хүүхдүүд усан бороонд норж зутарна юу хийх вэ гээд яваад өгнө.Орой хув хуурай дээл хувцастайгаа ирдэгсэн.Их л учиртай хүн байлаа даа гэснээ.Бид ч мунхаг харанхуй улс даа.Олон авдартай эмийг нь нүүдлийн аяндаа тээршаагаад өвөлжөөн дээрээ орхиод алдчихаж билээ.Амьд ахуйд нь хэрэгтэй ганц өвсний нэр ч тогтоож аваагүй л улс даа.Харанхуй харанхуй гэхэд мөн ч моншин улс шүү гээд гасалж байж билээ. Утайд маарамбын дамжаа барихдаа байшингийн дээврээс унжуулсан утсаар дамжуулан дээвэр дээрх амьтдын судсыг мэдэрч “ энэ ч жигүүртэн бололтой дог оо” хэмээн болжморын хөлнөөс уясан утсаар мэдэрч байсан домч мэргэн маарамбатан манай нутагт байлаа .
2017.12.26 М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-020.JPG Хэмжээс: 600x400 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5051
khureltogoot-11.jpg Хэмжээс: 600x450 21k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4743
khongor022.jpg Хэмжээс: 600x486 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4518
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: