Өгүүллэг: ШАГЖ ГЭЛЭН : Луйварчин Оруулсан Bataka Огноо: 2025-12-17 16:57:28 (3650 уншсан)
Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос цугларсан их, бага луйварчид амьдардаг газрыг Улаанбаатар гэдэг билээ. Эдгээр нэг сая гаруй луйварчины нэг нь би билээ. Анх би социализмд буюу 1980-аад оны эхээр баруун гартаа нэг юм атгаж төрсөн нь салаавч байсан гэдэг. Багш нарын цалинг архиар тавьж, хүүхдүүд галлагаатай ангид сурч, хүнс картаар тараадаг байв. Биеийн тамир, гадаад хэл, соёлын хичээлүүд заах багшгүй байв. Монгол бичиг, латин бичиг хоёрт самруулав. Монгол хэлээ асар муу сурав. Дүлийгийн урд эгнээ, хамуугийн 3-дугаар салаанд тус тус алдар цолоо дуудуулж суусаар бага ангиа төгсөв.
Нүгэл буян, Халуун хөнжлийг уншсаар нэг л мэдэхэд 8-дугаар ангид оров. Оцело баатрын Маюмитай Санниковын газар нөхцөв. Стерлита, Ошин хоёрыг ээлжилж зүүдэлсээр арав дахь хавраа алдаж, онож үдэв. Хотруу сургуульд явав.
Хотод ирээд луйварчин болов. Танихгүй хүн л бол луйварчин гэсэн сэтгэхүй тархи толгойнд суув. Хотод хотын хүмүүс гэж алга байв. Багабанди Завханаас, Элбэгдорж Ховдоос ирээд удаагүй байв. Нямдорж ахын мэнгэ яг байрандаа. Женко загалмайлсан эцгийн Майкл шиг үсээ үхэр долоосон мэт хойшоо самнасан байв. Оюук бид хэд оюутны хотхон хавьд хуушуур хайж яваа.
Товчхондоо УИХ-ын гишүүд бүгд над шиг хөдөөнөөс ирсэн улаан хацартай луйварчин болох мөрөөдөлтэй луйварчид байв. Тэд надаас илүү өлсөглөн байв. Миеэ гэдэг хүн газар зарж идээд цадсангүй л гэнэ. Бөөнөөрөө нийлээд банк барьж идлээ л гэнэ. Эвслээ, саллаа, нийллээ, огцорлоо жагслаа гээд л бөөн л юм болно. Буян Жагаа мэтийн хүмүүс өнөөгийнх шигээ ярьж л байдаг байв. Сэрүүлэг, Хүмүүсийн амьдрал, Дээдсийн хүрээлэн гэсэн яг өнөөгийн мораль шиг сошиал сувгууд байв.
Оюутны холбоо, янз бүрийн нам, эвслийн залуучуудын холбоо ээлж дараалан байгуулагдав. Тэнд маниус шиг бүлт бүлт шаадаг гарууд цуглана. Оюутны холбоо, залуучуудын холбоо, нутгийн зөвлөлөөр дамжаад хурдан дарга болох зорилготой хэсэг бүлэг хүн хээл авав. Энэ мэдрэлгүй юмнууд яг дарга болж харагдаач гэж бодож байтал нэг л мэдэхэд мөрийн хөтөлбөр нь тооноор ороод ирсэн.
Биднийг 76 чөтгөрийн тойрогт хуваав. Сонгууль гэж улс даяараа найр наадам болов. Манай өлөн одууд зоолов. Гурил будаа, архи дарс, мөнгө төгрөг, ил цагаан тараана. Иргэдээ хэн сайн архидуулсан нь сонгуульд ялна. Залуусаа Солонгост ажиллахад нь зуучилна, Зоригийн хэргийг илрүүлнэ нтр гэсэн уриатай ч байх шиг. Улаан, цэнхрээрээ болж авгай нөхөр хоёр ч салж байв. Сайн байна уу гэхийн оронд "чи аль нам бэ" гэж асуудаг болов оо.
Хүмүүс архи, нам хоёрт оров. Дарга харахаараа дагаж гүйнэ. Даргад оров. Өвөг дээдсийнхээ бүдэг саарал зургийн оронд шинэ цагийн дарга нарын өнгөт зургийг тавьж шүтэв. Наамбар ваан. Сэлэм сахалтай хүн урт шар дээлтээс болгоомжил гэв. Үе үеийн Ерөнхийлөгчид шиг адгийн амьтад байхгүй мэт бид элэгдэв. Бүгд Монгол тулгатны зуун эрхэм болов. Лхагвасүрэн гуай хөтлөв. Бүгдийг нь магтав. Толгой эргэв.
Таван толгой, Оюутолгой, 76 толгой гэх мэт баахан толгойн дунд улс орон хөөсөрнө. Толгойнууд толгойгоо барьж иднэ.
Луйварчдаа бид их холоос хайна. Өөр тойрог, өөр аймагаас эрэх. Өөрийн тойргийн луйварчнаа харин өргөж сонгоод л явуулна.
Дөрвөн жилдээ дөч гаруй сайд үйлдвэрлэнэ. Бидний эдийн засаг Эрээнээс 69-өөр гахай дарах байв. Дарга нарын эдийн засаг нүүрс зөөх байж.
Бидний гадаад харилцаа Оросоос бензин гуйх байв. Дарга нарын гадаад харилцаа оффшор бүс байж.
Малгай унамаар өндөр байшин, давсаг задрам түгжрэлтэй болов.
Сайхан хөгжсөөн.
Мань мэтийн луйварчид урдахаа хийнэ. Урдахаа л хийж байвал улсад хэн дарга болох надад падгүй гэж мунаглана.
Бид ч эднээс нэг их ялгаагүй ээ. Бэлэг нэртэй доромжлолоор нь ул боов засаж, дээж нэртэй архинд нь мансуурч л явав. Би биш юм аа гэхэд миний эцэг эх авч л байв. Нэг цагаан сарын сэтгэхүйтэй. Шал тэнэг. Луйварчдыг эх барьж авч байгаагаа мэдэхгүй.
Улаан амиа л хоохойлно. Сайхан амьдрах гэж биш бусдын урд гарах гэж зүтгэнэ. Дулаалах гэж биш гоё харагдах гэж хувцаслана. Бензинээ дийлэхгүй байж машин авч хэлбэрдээд л. Халтуур хийнэ ч гэх шиг. Олны ханарсан зүгт дагаж намираад л. Тэгэхэд виз гарсан бол өдийд гадаад явчихсан л байгаа. Үхсэн ацных нь эх орондоо хайртайдаа үлдсэн нтр.
Чамд хайртай гээд ханьтай болов. Түүнийгээ ч анхаарсан юмгүй.
Үр хүүхдүүдээ гаргав. Өсгөж, хүмүүжүүлж гавьсан ч юмгүй тэжээвэр амьтад болгох шахуу. Эцэг эхээ өргөнө гэл үү. Харуусал тээгээстэй. Хааяа байгаатай нь утсаар товчхон ярьчхаад л.
Юуны төлөө, яах гэж, хэрхэн амьдрах үндсэн философио одоо ч олоогүй цөөвөр чоно шиг нэг юм шааж явах. Эхнэрээсээ илүү муу муухайд дассан ч байх шиг.
Сэтгэхүй хайрцаглагдсан. Томхон машин томхон байр гэсэн хайрцаг хайгаад л. Онхолдож үхчих гээд л. Тэрнээсээ гарч чаддаггүй. Аль хайрцагтаа үхэх юм бүү мэд.
LV гоё ч гэх шиг. Лого таарвал орооцолдож үхчих гээд л. Тайлаад хаяж чаддаггүй. Нүүр нь цэвэрхэн ч гэр нь нохойн хороо. Галзуучуудын дунд илүү галзуу болж жүжиглээд л.
Ийм нэг илүү үгтэй, илүүдэл жинтэй нэг баагий утас маажаад л хэвтэж байна.
Энэ новш бол яриангүй луйварчин. Энэ цагийн луйварчидтай хаяа, санаа нийлэн амьдарч ирсэн луйварчин. Дөнгөж саяхан усанд ороод сорочик өмсчихсөөн бас. Удаагүйшдээ чааваас. Морио хуучин машины сэгээр сольсон нь саяхаан. Том ярьнаа. Яаг нэг баттай чадах юмгүй. Амраар нь уурлах дуртай, уйлах хоббитой.
Пицца, тахиа иднэ гэнэ үү. Ёо больж үз гөхшөөн.
Харьж өгдөггүй, буцаж өгдөггүй, түгжрэл дээр түгжрэл, асуудал дээр асуудал нэмэхээс цаашгүй амьтан.
Жамаараа бол би овоо хэдэн жилийн дараа үхэх ёстой. Төрийн ордны зүг өндийж хараад нөгөө атгаж төрсөн салаавчаа өгөөд нүд анивал мөн гунигтайяа.
Хааяа өөрийгөө ингээд бүтэн порцоор нь толинд харчихад гэмгүй.
2022-12-15 архив Шагж гэлэн
( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2025-12-17 16:57:28 )
|
||