Балжирын Догмид “Монголын мэдээ” сонин 2000.4.19 . Жагдалын Лхагвыг өөд болсноос нь хойш их хотын маань бүхэл бүтэн хороолол нэг л эл хульхан болсон мэт санагдаж, миний бие юм юман дээр ганцаарддаг байх шиг. Хамгийн сүүлд Бавуугийн Лхагвасүрэн бид хоёр цагаан сарын шинийн гурванд Лхагвынд очин золгож охин Нарандуламаар нь патераа татуулснаас хойш дахин уулзсангүй. Нэлээд халамцуу Лхагва маань Лхагвасүрэн бид хоёрыг цахилгаан шатны үүд хүртэл үдэж өгөхдөө:
Догмид оо чи архи бүү амс.Чам шиг зүрх муутай хүн амархан үхнэ. Би бол хамаагүй, Доржготов та хоёр надтай барьцах хэрэггүй. Архийг над шиг материалтай, эр хүн атаархаж ,эм хүн шохоорхмоор эрүүл биетэй хүн таалдаг бурхны ундаа гэдэг байсан тэр хүн өнөөдөр энэ хорвоо дээр алга. Энэ цөвүүн цагт дайсангүй цөөхөн хүний нэг нь миний анд Лхагва байжээ. Тэр хэн нэгнийг муу хэлж байхыг гучин хэдэн жил үерхэхдээ миний бие сонсоогүй , бас эр , эм хэн ч бай түүний тухай тааруухан үг хэлж байхыг ч дуулаагүй. Их өндөр боловсролтой , халгиж цалгисан задгай авъяастай , шогч уран яриатай тэр гүндүүгүй цөлх тайван эр хаа явсан газраа бусдыг инээлгэн хэн нэгнийг хоргүй цагаан үгээр шоолж нүднийх нь галыг асааж нүүрнийхэн үрчлээг тэнийлгэн баясгаж чаддаг онигооны том мастер, олсноо олонтойгоо хувааж үрэх хообийтой гар султай нэгэн байжээ. Гэхдээ нөхөр маань хэзээ ч юмаар дутагдаж гачигдаж явсангүй. Аль ч халаасаа уудалсан бусдыг дайлах хэдэн төгрөг бэлэн байж л байна. Өлөн хиртэй цамц өмсөх дургүй шигээ таньдаг, таньдаггүй хэнийг боловч бас духдуулан тавиад тавиад ном, сонин, шүлэг, зохиол чихээстэй том цүнхээ барин өглөөний агаарт цувныхаа хормойг дэрвүүлэн ажил өөдөө яаруухан алхах дуртай. Тэрбээр тархинд гялсхийн орж ирэх зохиолын шигтгээ, халил зохиомжийг тэр бүр тэмдэглэх гэж нэг их яарахгүй. Угаасаа тархины бичлэг, ой тогтоомж сайтай байсан учраас юмыг мартах нь ховор. Хаяа бичих гэж байгаа зохиолынхоо санаа, зохиомжийг болсон явдал мэтээр найз нөхөддөө сонирхуулан ярина. Ер нь алив юмыг их цэгцтэй , амт шимтэй гоё ярьдаг бөгөөд ингэж ярихдаа дотроо авах гээхийн ухаанаар хамаг юмаа засч редактралчихдаг байсан болов уу гэж санадаг юм. Зүйрлэн хэлэхэд мориныхоо дэл засч байгаа адил, цаасаар угалз хээ хайчилж буй мэт юмыг их уран бодож олдог, дүр дүрслэлийг нүдэндээ харж бичдэг, сэтгэлээ нялхаруулж хөглөж чаддаг төрөлхийн сайхан хүн байсан нь түүний уран бүтээлээс тод харагддаг. Зах хязгаар говь нутгийн хөдөөгийн сургуулийн хүүхэд гэхэд аравдугаар анги төгсөхдөө орос хэлэнд бие даан өндөр түвшинд сурч хотоос очсон орос хэлний дадлагын багш нараас мэдэх мэдэхгүй элдэв юм, зүйр цэцэн үг мэтийг асуун мохоож, тоглож тохуурхадаг бэрх хүүхэд байсан гэдэг. Арван жилээ алтан медальтай төгсч Украйны политехникийн дээд сургуулийн нэгдүгээр курс төгсөөд зуныхаа амралтаар ирэхдээ тэр үед өөрт нь хичээл зааж байсан монгол хэл, уран зохиолын багш Дэмбээгийн Мягмарын “Газар бид хоёр” туужийг украйн хэл дээр орчуулад ном болгон хэвлүүлчихээд бариад ирж байсныг олон хүн мэднэ. Дэлхийн сонгодог утга зохиолыг дэг, ёсоор судалж өөрийн их авъяасыг хөгжүүлэн хүд тайлж гэгээрсэн сайн нөхрийнхөө оюуны гэрэлд мань мэтийн бичигч нар чухам л алтны дэргэдэх гууль шиг шарласан. Лхагвагийн зохиол бүтээлээс дорнын их намба төрх , гүн ухаан, олсон санаагаа шигшин ширгээж бодох учир шалтгааны онол, хүүхэнд дурласан мэт шлэг,зохиолдоо сэтгэлээ өгч чаддаг давтагдашгүй чанар, өөрийгөө хөглөж хөгжимлөг эгшиглэнтэй бичих чадвар, үгийг оноож сонгож чаддаг эрдэм, хэн бүхэнд заяашгүй мэт мэдрэмтгий сэрэл, эмзэг торгон тэмтрүүл, бидний үл мэдэх ес дэх арав дахь мэдрэмжийн аль аль нь адил тэгш байсан нь түүний хэлсэн үг, ганц өгүүлбэрээс ч болов цухалзаж байдаг. Лхагва зохиол бүтээлээ тууривахдаа ч, олон хэлнээс орчуулахдаа ч, сонин хэвлэлд олныг шуугиулсан том асуудлыг хөндсөн яаралтай нийтлэл бичихдээ ч хэзээ ч үүртэж самгардаж байгаагүйг миний бие мэдэх юм. Эдүгээ эргээд санахад Дорноговийн Хөвсгөл сум бол Догшин ноён хутагт Данзанравжаа, улсын эрхэм уран зохиолч Жагдалын Лхагва, Ардын жүжигчин төрийн шагналт бүжиг дэглэгч Сэвжид, ардын зураач Лувсангийн Гаваа, нарын дөрвөн том хүн, урлаг соёлын бурхад мэндэлсэн авьяас ухааны авшиг шингэсэн ариун дагшин газар шороо билээ. Шалихгүй амьтад алдар нэр, гавьяа шагналын хойноос үхэн хатан хөөцөлдөж, дарга сайд нарын ар өвөрт хормойдон гүйж явахад Жагдалын Лхагва, Дамдинсүрэнгийн Урианхай хоёр л Монголд анх удаа иргэний зориг гарган Соёлын гавьяатаас татгалзаж олны нүдийг орой дээр нь гаргасныг тийм ч олон хүн мэдэхгүй. Ер нь Лхагва төрөлхийн хэлний их авьяастай.испани хэлэнд тун муугүй Тэрбээр далаад онд Кубын нэрт зохиолч Хосе мартын янагийн өвөр хүүгийн минь өлгий гэдэг яруу найргийн номыг испанйас орчуулсан.Мөн тэр үед оросоос дамжуулан японы тав болон гурван мөрөөр товшиж бичсэн танка хайку зэрэг шүлгийн номыг монголд анх удаа орчуулсан байх жишээтэй.Шүлэг зохиол бичихдээ баллаж сохлох нь ховор, үгийг нь гүйцэхгүй байна уу гэмээр гар салгалүй түргэн бичнэ.Нэг удаа үдийн цайнаар манайд ирээд,ширээн дээр байсан Пушкины шүгийг харж сууснаа гэнэт үзэг авч Я Помню чудное мгновение Передо мной явилась ты Как мимолетое виденье Как гений чистой красоты В томленьях грусти безнадежной В тревогах шумной суеты Звучал мне долго голос нежный И снилась милые черти Энэ шүлгийг Лхагва бараг л таван минутад орчуулсныг дор сийрүүлбэл ийн буюу Цэвэр үзэсгэлэнгийн гайхамшиг гэмээр Цэрвүү насны зүүд ч гэмээр Анх чамтай учран золгосон Азтай мөчийг санаж байна Найдлагагүй гунигт шаналан Наргиан шуугианд түгшиж явтал Уяхан дуу чинь эүрх цочоож Унтах нойронд дүр чинь тодров Дээрх шүлгийг орчуулсан зохиолийн гар бичмэлийг уншигч та бүхэндээ толилуулж Байна.Түүний таталан бичгийн хэв сэтгэхүйн хурд, ур шаглаа энэ найман мөртөөс харагдах биз ээ.Анхыхаа энэ зураг өгүүллэгийг тэрлэж эхэлсэн тэр цагаас минь л байтугай ганц ч орос үг мэдэхгүй архичин догмидыг өөрийнхөө оронд Горький нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курст явуулах гэж их гүйсэн намайг төрийн шагнал хүртэхэд Лхавга минь баярлахдаа нулимс унаган үнсч байсансан.Миний Лхавга ийм л хүн байсан .Тэрбээр хэдхэн өгүүлбэрт лмань мэтийн олж хэлж чадамгүй том санааг багтааж үгээ уншигчдын зүрхэнд шигтгэж чаддаг байв. Нутагт маань зуд турхантай ч салхины үзүүр уясч хаврын улирал айсуй.Хаврын хөх ногооны униар татах цагаар зүрхний шарх сэдэрч,сэтгэл шилэрнэ.Лхагвын маань төрсөн нутаг мөнхийн хүрэн цохио Жавхлант хайрханы бэл, сайн төгрөгийн довцог,сайхан модны хярд тэнгрийн хаяанд бут цэцэглэж,цээлийн нууранд ангир ирнэ.толгой дээр босгосон чулуун дээр нь толгодын цаана ингэ буйлна хэмээн бичсэн алтан өлгий дэх түүний булшин дээр хаврын анхны бүлээн бороо хайрын нулимс болж ов тов дусална.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_46.JPG Хэмжээс: 700x525 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3917
B3-004.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5393
B3-025.JPG Хэмжээс: 600x463 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5606
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: