Аргай даргай түг
Аргалан хуц мөг...
шагайн нааданд зориулсан хэлц үг.Шагай монгол наадааны зэмсэг.Хаягдаж өгөршсөн шагайг нүүдлийн газраас олоод эмэг эх Ожгоо минь "шагай эзнээ гурван даваа давтал хараад эргэж ирж авахгүй бол энэ хүн хүүхэдгүй юм байх даа" гэж боддог гэнэ лэй гэсэн сэн.Үр хойчдоо өрөвч энэрэнгүй,ухаалаг,эд зүйлсдээ хайр гамтай,хямгатай байхыг билэгдсэн үг хэмээн хожмоо бодно.Өсөж том болоод сургууль номын мөр хөөн орон хот бараадаж ирсэн хэдий ч өсөж торнисон хөдөөгөө мартаж үл түвдэх,зав л гарвал хүлгийн жолоо залж "хөдөөдөө амьтайсуу" хэвээр.
Бидний багад зун шагайгаар наадахыг хориглож "тэнгэр дуугарна" гээд,цуглуулсан шагайг авдрын ёроолд далд хийчихнэ.Намаржаандаа буунгуут л өвгөн аавын гэрийн хойморт Ожгоогийнхоо ширсэн ширмэл тойруулга дээр манай хотны бидний хэдэн багачуул цуглаж "морь уралдуулж,бөгцөг нясалж" гарна даа.Орой болтол шуугиж өөр өөрсдийн шагайндаа "хурдан буурал,их дэлт,хашин бор" хэмээн нэр өгчихөөд,хашгирч гүүгэлж,алгаа ташиж хирдээ л хөөрхөн юм болцгооно.
Намайг сургуульд ордгийн урд намар Ожгоо минь зургийнхаа жаазны ард байх нэг их гоё зөөлөн намирсан улаан,ногоон өнгийн цааснуудыг тогооны нэрмэлийн усанд хийж өнгө гаргаад шагай нэг бүрийг минь хичээнгүйлэн будаж өгснөөр би"гоё,гоё өнгийн шагайтай" боллоо доо.Хотны маань найзууд хөвгүүд шагайг бакаал \ажлын хар\ гутлынхаа арзгар уланд хавчуулж байгаад сургуулийнхаа цементэн талбай дээр үрж хулзалдаг болохыг тэдний ярианаас мэдэж билээ.Хулзалсан шагайг хараад яагаад ч юм бэ хулан, тахь гэж ийм гоё цэвэрхэн шарга зүстэй амьтан байдаг байх даа хэмээн бодсон .Хожим ажлаар говьд явж байгаад хуланг харж ёстой л "хулзалсан шагай" шиг юм аа хэмээн дуу алдсан сан.
Миний Ожгоо их л үлгэрч,домогч хүн сэн.Энэ хар хятдууд Монголыг авах ч амархан байнаа даанч хүүхдүүд нь шагайгаар тоглох юм гэсэн гэдэг шүү хэмээж билээ.
Сайн ноён ханы хөрөнгийг хувьсгалын эхний жилүүдэд хурааж,хуваахыг нь хувааж,хүрээ рүү ачихыг нь ачсан хойно нэг том шуудайтай зүйл үлдснийг үзвэл бод,бог,зээрийн нийтдээ 5000 орчим шагай байсныг нутгийнханд нь тарааж өгсөн аж.Оюутны найзын маань хүрэмний дотоод энгэрт зээрийн шагай хадаатай байхыг мэдэх юм.Ямар учиртайг нь асуухаар намайг цаашлуулж "миний хайртай хүний бэлэг" гэдэгсэн.Харин тэр шагай нь "Ягаан ноёны шагайн бүл" байсан юм билээ.
Шагай гэдэг хүүхэд нялхын тоглоомонд дургүй монгол хүн үгүй байхаа.
1990-ээд оны эхээр сүмийн ч гэл үү ямар нэг ажлаар ирсэн америк хүн Сансрын тунелийн орчим шагай авч байна,нэг ширхэгийг нь 5 доллараар авах юм гэнэ гээд танил минь намайг ятгах шахуу юм болов.Өгөөмөр сэтгэлт хайрын тэнгэр хоёр буурайнхаа намайг эрхлүүлж хурааж хумиж өгсөн "тоглоомын сүргээ" харьд хэдэн ногооноор арилжиж эс зүрхлэв.Харийн нутгаас санаад хараад хүлээгээд байвал би яах сан.Одоо ажлын минь ширээн дээр "дөрвөн бэрх" эрхэмсэглэн заларна.Орсон гарсан ах дүү хамаатан садан,найз нөхөд ажлаар орж ирэгсэд ажил амьдралынхаа алдаа оноог үнэлж,цэгнэн "дөрвөн бэрх"-ийг орхиж баясацгаана.
Морь буугаарай молор эрдэнэ өөдөө
Хонь буугаарай хотоороо дүүрэн хоньтой болог
Тэмээ буугаарай тэнгээрээ дүүрэн эрдэмтэй болог
Ямаа буугаарай яргуй талаараа дүүрэн жаргалтай
Байг
Азын дөрвөн бэрх буулаа
Аз жаргал,од хиймориор дүүрэн бялхаж яваг ээ
МОНГОЛ МИНЬ
2012 оны 4-р сарын 22 М.Цэемаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_12.JPG Хэмжээс: 700x525 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3844
B3-004.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5464
mongolia2007year-016.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6047
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: