Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Намдаг 	Д	 Роман, тууж: Хөгшин чоно ульсан нь /эхлэл/
Оруулсан admin on 2008-06-23 09:34:19 (16852 уншсан)

Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдогсон.
Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё.
Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан” гэж нэрлээд зогссонгүй “Хайрхан” гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.
Yнэндээ тэр чоно маш хашир, дээрээ ишиг хурга майлалдан тонгочин тоглоход идэхийг бодохоосоо илүү “за энэ ч яамай!” гэж бодон уг мухартаа шигдэх бөгөөд, ер нь ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул тэртээ өмнөх Таргатын талыг гүнээ гатлан Жирэмний нуруу, Даравгай, Могой, Дагналтайн дэрс зэрэг газруудад хүрдэг байлаа. Хойшоо гэвэл, Шавартайн дөрөлж, Салхит хад гэгчийг өнгөрөн Yйзэн хүрэн, Арвайн тал, Өлзийт өндөр хүрнэ.
Төрж өссөн нутаг нь гэвэл энэ Дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлд нь төрөв. Идэр залуудаа эгц цавчим ирмэгт нь орогноод, эцсийн гурван жил арга буюу авирах хөлийн чадал доройтсон учир өвөр энгэрт нь хоргодох болжээ. Эр чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хүүршсэн нь жигтэйхэн. Өнгөрсөн өвлийн хүйтнийг арай чарай давсан бөгөөд, одоо ид зуны халуун боловч эрт цагийн байдлаар хэл гарган аахилуулах халууныг үзсэнгүй. Гагцхүү өнөөдөр үдээс хойш ашгүй нэг бие тавигдан халуун болсон боловч, агаар хүндрэн бүгчимдэж, унтаж амрахад нь багагүй саад болсон байлаа. Энэ чухам юуны дохио болохыг мань хөгшин өөрийн биеэр олонтаа үзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ.
Yдшийн цагаан гэгээ тасармагц чийг давсан хөндийнхөө мухраас сугаран гарав. Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хөл шулуун, тавхай том, биеийн ерөнхий байдал давилуун боловч толгой бөгс, цээж тэнцүү, тэр мөртөө араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хүрэн хар өнгийн гоц сайхан сахлаа сортой байсан бөгөөд, энэ бүхний нь хүний байдлаар жишээлэн өгүүлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шүдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос түрүүлэх нь эс боловч, үзүүр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурван төдийхөн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хөгшинд тэр бүхнээс нь үлдсэн юм алга. Нүдний гал бууран, шүдний ир элэгдэж, үс зулбан, зүс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэдрэг ээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол өгье гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энээ. Нөгөө талаар байгаль, аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ амь биенд нь хүрэх аюулт бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган, санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан залилах бүх ухааныг олгоод түүнэээ эцэст нь мөн буцаан авдаг хуультай. Энэ ёсоор хөгшин чоно үзэхийн ихийг үзэх завшаандаа ухаарахын ихийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгайд алдаагүй байгаа бөгөөд алдахаасаа өмнө нас барах ч байж мэдэх юм
Хөгшин чоно алгуур дээш авиран хадны оройд гарч, толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрханы зүүн талын шовхны цаанаас навсарсан хар үүлний түрүүч цухуйх аж. Хөгшин боохой “Ээ тийм, үдээс хойш бие минь айхтар чилээрхсэний учир энэ. Одоо удахгүй түр зуурын ширүүн бороо орох нь лавтай. Ээ дээ энэ далим анд гарваас ам тосдох олз ч аяндаа шүү дээ!” гэж бодов. Дараа нь хойд борви нугалан оцойн сууж яар нэг зөн совин татахыг хүлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэг зөн совин татахын оронд дээрх сар манхайхаараа манхайж, идэр залуугийн нь бахдалт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд “явъя” гэж шийдэн улилаа.
Улих дуу нь ер чанга биш, хоосон торх салхинд дуугарах мэт ёнгинох боловч хадны цууриа дамжуулан бүхний сонорт хүргэх ажээ. Гэвч бас тэр улилт учиртай: “Явъя та минь, явъя!” гэж дахин давтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос идэр залуу чоно хүнгэнүүлэн улив. Дараа нь хөгшин чонын эрт урьддаа оршиж байсан дунд уулын ар бэлээс нэгэн өлөгчин чоно адтай нь аргагүй жингэнэн улисан бөгөөд тэр далимд бяцхан бэлтрэгнүүд нь дагалдан жингэнэлдэнэ. Хамгийн эцэст зүүн шовхын энгэрээс эмгэн чоно дорой дуугаар арай ядан улив. Ер эдгээр чононуудын ийнхүү ээлж дараалан улихын учир гэвэл, өвгөн чонын “Явъя, таминь явъя!” гэсний хариуд “Тэгьеэ, таминь, тэгье!” гэсэн хариу байлаа.
Хөгшин чоно хальтрахаас болгоомжлон хөлөө аажуухнаар зөөн тавьсаар доош буулаа. Аадар бороо ч үнэхээр орох аж. Зүүн хойд зүгээс цухуйсан үүл тэр зүгээ бүрэн эзэлж, түүний аясаар агаар улмаар хүндэрч өтөл хөгшний чилээрхсэн биеийг ядраахыг хэлэх үү! Гэвч дотор нь олз омог, ам тосдон гэдэс цадах явдал эргэлдэнэ.
Уулын бэлд буумагц газрын хөрс зөөлөн бор харгана ба нарийн цахилдгийн бутад залган авч үргэлжилнэ. Энэ дундуур минь хөгшин биеэ сул тавин шог шог шогшино.
Ер үүгээр явсан нь тоогүй олон бөгөөд явах бүрдээ тогтмол нэгэн бутан дээр хаяглан хурц шигтгээ шингэдэг байлаа. Одоо мөн тэр бутан дээрээ очиж хошуугаа шургуулан сайтар шалган шиншилж үзсэнээ ахин бас хаяглав. Энэ нь чухамдаа эргэх замдаа үнэр хөөн ул мөр хөөхөд нь хэрэгтэй байдаг байжээ.
Хойд уулнаас ардаа таван бэлтрэг дагуулсан идэр насны гичий айсуй явлаа. Энэ бол түүний отгон охин бэлтрэг. Дөрвөн жилийн өмнө эхээс долуул төрсний хоёр нь өсөн торнихоосоо өмнө үрэгджээ. Бусад нь аятай таатай өссөнийхөө эцэст эр нь эмийг, эм нь эрийг даган алга бол болсоор үлдсэн нь энэ бөгөөд үнэн чанартаа гэвэл энэ нь азарган чононд үл тоогдон байн байсаар өнгөрсөн жил айхтар ширүүн онгод орсны эрхээр дур мэдэн давхиж яваад, хаа газрын нэг юмтай нөгцөж, тэндээс дагуулж ирсэн аж. Yүнийг хараад хөгшин чоно ашгүй чи бэлтрэгнүүдээ дагуулаад ирэв үү. Болж дээ. Ер одоогоос эхлэн алст гарган ан ав эргүүлэн амь зуухыг сургахгүй бол хэзээ билээ дээ гэж дотор тэнийв. Тэгээд тэр гичийг ирмэгц хөгшин чоно ан хамры нь үнэрлэн долоов. Энэ нь гэвэл үрээ үнэсэн таалж байгаа нь бөгөөд бэлтрэгүүд өөрийн нь тойрон биенд нь асан авиран ноолох нь мөн ч хөгшин эцэгдээ эрхэлж байгаа болох тул тэр бүхнийг өхөөрдөн ажиглана.
Охины дараа залуу азарган ирэв. Тэрээр толгой лантгар, хошуу шантгар, цээж занхгар, бөгс тонтгор, тэр мөртөө хэл богино. Yзтэл өө зөөгий нь зассан шагай шиг боловч үнэн чанартаа чонын ухаан охор, хөл хөдөлгөөн муутайн шинж тэмдэг бөгөөд гэтэл бас зан байдал базаалтай биш, хүнээр жишээлбэл: ам бардан, ажилд муу, идэх унтах талаар хэнээс ч илүүтэй ийм нэгэн өөдгүйхэн амьтан байжээ.
Эд бүхний эцэст өлөгчин нь айсуй явлаа. Түүний бие тун ч эцэнхий, ёстой өнгө зүсээ алдаж арьсанд хучигдсан хэдэн хэлхээ яс гэгч тэр байлаа. Шог шог шогшиход нь хамар нь гудчин дуугарав. Баруун хойд талын хөл ямагт дутуу гишгэх тул газар хороохдоо ч муу ажээ. Энэ хөл дөрвөн жилийн өмнө отгон охиныг хэвлийд олсны дараахантай хавханд орсон юмсанжээ. Тэр үедээ ид нас нэлээд хэвийсэн цаг байсан боловч хүч чадал ямар байсныг одоогийнхтой зүйрлэж яавч үл болно.
Тэр цагаас хойш энэ эм чонын бие өөдөлсөнгүй эцэн цуцах, өлсөн цангах, дааран дагжих аюултай бүхнийг үзэх болсоон. Харин эрт урьддаа хэчнээн цог золбоотой тул сайхан өлөгчин байсныг одоо хөгшин чоно л сайн мэднэ.
Хөгшин чоно эм юугаа хүрч ирэн: “Ёо ёох” дуу алдах байдлаар хойд хөл дээрээ оцойн суухад: “Ээ эмгэн чи намайгаа үүрд баясган баярлуулагч шүү дээ” гэх байдлаар угтан авч илэн таалав.
Yнэн чанартаа энэ өлөгчин үүрд баясган баярлуулагч биш, харин энэ хорвоогийн хамаг хатуу ширүүнийг өмнө нь тулган үүрүүлэгч байж мэднэ. Учры нь тайлбарлан таниулах гэвээс өнө эртний түүхт амьдралаас нь аван хэлэх хэрэгтэй юм. Иймд тэр зүйлийг дараачийн хэсэгт оруулъя.


* * *

Одоогоос долоон жилийн өмнө билээ. Өвлийн идэр ес дундаа гялалзаж байх үеэр ар хойд зүгээс ардаа арван хэдэн омог чоныг дагуулсан нэг айхтар өлөгчин Дулаан хайрханд иржээ. “Өлөгчин” гэдэг үг хүмүүсийн сонорт ямагт олиггүй сонсогддог үгсийн нэг мөн боловч чонын хувьд “үзэсгэлэн гоо” гэх мэтээр сонсогдох гоёмсог үгсийн нэг мөн. Уул өлөгчний хошуу шовх, хүзүү урт, хөл цэх болоод зэнзгэр, ер биеийн ерөнхий байдал урт бөгөөд бөгсөн бие бүдүүвтэр тул айван тайван гишгэлэхэд бүх бие нь аяндаа гулбилзаа. Хурдлахын хувьд бүр ч онцгой, харвасан сум шиг сунайна. Иймд энэ өлөгчин ёстой үзэсгэлэн гоо өлөгчин юм. Төрсөн нутаг ар хөвч хангай болох тул нам дор газрын Дулаан хайрханыг дов товцог төдийд үзсэн ч байж мэднэ. Араасаа дагасан арван хэдэн эрсийн хүчийг шавхан гурван хэц оргилоор дамжин харайлгахад уг нутгийн эрэлхэг эзэн /одоогийн хөгшин чоно/ анх олж харан сэтгэл автагдав. Yнэн чанартаа гэвэл, үүрд үл хагацах үйлийнхээ үртэй уулзалдах нь тэр ээ.
Өлөгчнийг үүр шөнийн завсраар Дулаан хайрхнаас зүүн урагш салхи сөрөн харайлгахад сайх чоно өөрийн эрхгүй дагав. Бусад дагагсад мөш дагасан хэвээр бөгөөд хоорондоо эв түнжин маш муу, өлөгчнөө булаалдан бие бие рүүгээ ямагт архиралдан дайралцана. Тэр мөртөө шинэ нэмэгдэж байгаа нэгийг тус бүрнээ ад үзэн бүүрэлхэх ажээ. Иймд мань эр тэр дунд ганцаараа, ёстой л нэгийгээ үзэлцэн нимгэн арьсаа уралцах цаг иржээ.
Эхний ширүүн тулалдаан өдөр дундын алдтай болов.
Анх өлөгчнийг Дулаан хайрханаас үүр шөнийн завсраар жавар сөрөн гарахад мөн өөр бусадтай ухаан жолоогүй тэмцэлдэн байж өлөгчний дараа орсоон. Өөрт нь хадгалагдаж байгаа бяр чадал өлөгчнөөс түрүүлэхэд бэлэн байвч, сүүл даран дагаж аахилах амьсгалах амьсгал анхилах үнэрий нь амтлахыг эрхэмлэнэ. Энэ үедээ амьдралын өмнө өлсөх цангахаас аваад үхэл мөхлийн аюул ямагт хүлээж байдгийг мартжээ. Тэр байтугай төрөлхөөс заяагдсан сонор сэрэмж, бодол болоомж цөм алга болжээ. Ухаан мэдрэлд нь ганцхан өлөгчин, өлөгчний гоо сайхан бие. Ингэж чоно тачаал шуналын ширүүн галд уналаа. Тачаал, шунал хэчнээн их болохын хэрээр хармын сэтгэл төчнөөн бий болох тул өлөгчнийг бусдаас харамлан үс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгүй хамгаас аюултай гэж үздэг хүн өөд дайрахаасаа буцамгүй болжээ.
Yүнээс өмнө бусад чонууд өлөгчнийг гурав дөрвөн хоног дагасан учир тус бүрнээ баахан сульдсан аж. Тэдний дунд нэг эхээс зулай зулайгаа гишгэн гарсан ах дүү хоёр явж байлаа. Түрүүчийн өдрүүдэд тэр хоёр бусдаас давуу бяр чадалтайгаараа түрүү барин өлөгчний архантай явдаг байв. Гэвч хоор зуураа мөн ч хэрүүл тэмцэл. Өлөгчинд ухаан жолоогүй санаархсанаараа ураг төрлийнхөө халуун барилдлагааг аль хэдийн мартсан төдийгүй алалцахаас үл буцан уралцана. Гэлээ ч тэд бусдын эсрэг хандахдаа эв санаа нэгдэх тул цөм айн сүрддэг байлаа. Харин өнөөдөр тэд Дулаан хайрханы хүүд өөрийн эрхгүй ялагдсан мэт ард нь гуч дөчин алхмын зайтай бухимдалцан явах ажээ. Бусад нь мөн тэдний ард, бараа бараагаа харах төдий цуварсан байх бөгөөд эцсийнх нь бүр бараагүй хол газар хаягдсан ажээ.
Эцэж цуцахыг үл мэдэх нь ганцхан өлөгчин. Байгаль түүнд гоо сайхныг бэлэглэхийнхээ зэрэгцээгээр хүч чадлыг давхар хайрласан нь илэрхий. Нөгөө талаар мөн байгаль, чоно болгонд өвөл цагийн хатуугаар далимдуулан онгон сахиус мэтийг оруулахдаа хүч чадлыг эрхгүй нэмэгдүүлдэг боловч мань өлөгчинд хэт давууг олгосон ч байж мэдэх юм. Дулаан хайрхнаас үүр шөнийн завсраар зүүн урагш жавар сөрөн харайлгасан нь бол ухаан мэдрэлд нь хэн бүхэнд гайхуулан бардамнахын хий хэнээрхэл, халуун шунал шингэснийх бөгөөд аахилан давхих зуур амнаас нь гарсан халуун амьсгал хүйтэн жаварт дорхноо хөлдөж цээжин бие нь цан хүүргэнд бүрхэгдэвч өнөөх халуун шунал нь эс дарагдана.
Хайрган хөрст хүрэн бор өнгийн тал хөндий, шил нуруудыг огтчин тэнхээ мэдэн давхисаар хоёр өртөө шахам явсныхаа эцэст нимгэн цасанд хучигдсан мэл цагаан тал залган авахад сая зогслоо. Энд хэдэн хоногийн өмнө бага зэрэг цас орсны дараа салхи савир хөдлөөгүй тул өмнөх тал дун цагаанаар эргэлдэнэ.
Дулаан хайрханы хүү дэргэд нь бөгөөд түүнд өлөгчнөөс ханхлах шүвтэрлэх үнэр идэр насны нь ширүүн тачаалыг түймрийн дөл мэт дүрэлзүүлнэ. Хүн төрөлхтөн үнсэлцэхийг хайр дурлал ба энхрийлэл эрхлүүлэхдээ хэрэглэдэг бол чоно үнсэхийн оронд үнэрлэх ба долоохыг хэрэглэнэ. Энэ ёсоор Дулаан хайрханы хүү өлөгчнийг үнсэн таалах гэвэл өлөгчин өөдөөс нь хар яр архиран дайрав. Дулаан Хайрханы хүү, хариу эсэргүүцэл тавьсангүй, гаслах төдийхөн хойш ухарч, хойд хөл дээрээ оцойн суув. Сэтгэл гэвэл бөөн гуниг, өлөгчнийг чухам яаж аргадах билээ гэхдээ хамраараа гийнэн гаслав.
Гэтэл ах дүү хоёр ирж хоорондуур нь орлоо. Yзтэл өлөгчин тэднийг дотночлох аж. Хошуу амаа цавь суганд нь хүргэн дур зоргоор аашлахы нь хүртэл таашаана. Хажууд нь мөн Дулаан Хайрханы хүү, атаа хорсол бухимдлаар сэтгэл нь буцалж, уруул ам нь аяндаа шазалзан таталдана. Гэтэл ах дүү хоёр дорхноо эвдрэлцлээ.
Архиралдах дуугаараа өлөгчнийг “Минийх! Минийх!” гэж булаалдана. Араа соёогоо ярзалзуулах нь “арьсы чинь урна, хуулна!” гэж байгаа нь тэр. Бие бялдар бяр чадал тун тэнцүү тул ана мана авалцана. Хажууд нь өлөгчин хоёр сүрхий эрийг ийнхүү уралцуулж байгаадаа бахархан ажиггүй ширтэнэ. Нөгөөтэй нь Дулаан хайрханы хүүгийн сэтгэлд нь: одоо энэ хоёртой чинь үзэлцэх цаг болсон бус уу гэдэг нэгэн мэргэн бодол төрөв. Гэхдээ бас ч эхлээд нэгий нь нөгөөтэй нь элбэн тасалж хаяна дараа нь үлдсэнтэй нь! гэж бодсон нь ёстой чонын ухаан биз. Ийнхүү шийдмэгц уур омог нь дүрсхийн бадарч, сэрвээний нь сор аяндаа босов. Ганцхан үсрэлтээр тэрбээр нэгний нь сэрвээнд хүрэн араа соёогоо шигтгэж амжлаа.
Гэвч уг хэрэг дорхноо бишидлээ.
Ах дүү хоёр гэнэт эвлэн мань эртэй тулалдахаар зэхэв. Эдний өмнө зориг төгөлдөр үзэлцэж байтал нэг мэдэхэд тэд хоёул биш гурвуул болов. Гурвуулантай нь үзэлцэж байтал дөрвүүл... дөрөв дээр бас нэг нэмэгдсэнийг хэлэх үү!
Хойно хойноосоо цуварсан чононууд гүйцэн ирэхтэйгээ зэрэг ганцхан түүний эсрэг зогсов. Дунд нь тэрбээр ганцаараа. Ойсон үсэрсэн хөлийн чимээ хөлдүү газрыг дүчигнүүлэн доргиож, архирах гаслах авианд нь агаар харжигнан нажигнана. Дулаан хайрханы хүүгийн нүдэнд үзэгдэхээс нэлдээ арзалзсан шүд. Тэр дундаас хамгийн аюултай нь соёо! Соёо бол чонын урдаа барих зэвсэг. Өөрийн амь биеийг хамгаалахаас эхлээд өөр бусдыг алах аврахыг гагцхүү соёогоороо шийднэ. Иймд одоогийн энэ тулалдаанд үс зулгарах, арьс язран урагдах, мах тасарч яс бэртэх, цус урсах цөм юу ч биш бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл нийт таван чоно нэг рүү бүүрэлхэн дайрч байгаад оршино. Энэ ширүүн тулалдаан чухам юунаас болов оо гэвэл мэдээжээр өлөгчнөөс! Өлөгчнийг булаалдсанаас тэр!
Гэтэл өлөгчин эднийг ийнхүү хэрэлдүүлэх боловч болиулахаа мөн чаддаг аж. Тэрээр өмнөх тулалдааныг ажижи байснаа гэнэт хаян мэл цагаан тал руу харайлгав. Энэ нь олны дунд өөрийн эрхгүй ганцаардсан Дулаан хайрханы хүүг аврах гэсэн сэтгэл ч байж мэдэх юм. Овооролдсон чононууд улайрсан тэмцлээ даруй орхин өлөгчний хойноос дагав. Эцэст нь Дулаан хайрханы хүү, хэт үнгүүлсэн биеэ дааж ядан газраас арайхийн босож аваад мөн л хойноос нь зүтгэлээ. Саяын тулалдаанаас олсон шарх сорвио тэр үл анхаарна. Зарим газар арьс урагдан мах тасарч, цус дусалж, цагаан цасан дээр улаан толбо бялтах аж. Харин аманд нь цус амтагдах нь өөрийнх биш бусдынх. Бусдын бие махбодод мөн ч багагүй гэмтэл учруулсан байлаа. Араа соёонд нь бөөн бөөн үс хялгас зууралдан хэлтэй нь ороолдоно. Түрүүлэн одогсдын мөрийг хөөхөд мөн л цус, улаан толбос үргэлжилнэ. “Ингэхэд одоо өнөөх үзэсгэлэн гоо өлөгчин хаа яваа бол!” гэж бодон алсын барааг ширтэхэд бараа алга, түүний оронд мэл цагаан тал цэхэлзэн цэлийж, өдөр дундын цагаан шаргал нар нүд царгин гялбуулна. Эргэж харвал өөрийн бие бас ч адагт яваа биш, өглөөний ард хаягдсан хэсгийн түрүүч амьсгаадахын ихээр амьсгаадан айсуй явна. Эцсийнх нь гэвэл нүдний үзүүрт дэнгэн данган сүүмэлзэнэ. Эднийг бодвол тэрбээр ягтаа тулах яагаа ч үгүй, хүзүү урагш сунган сүүл хойш хаян харайлгана. Түрүүчийн түрүүлсэн хэсгийг нэг нэгээр нь гүйцэн өнгөрөх боллоо. Ард хоцорсон бүхэн архиран хөндлөнгөөс саатуулахыг оролдоно. Хариуд нь тэрбээр одоо надад чамтай тэгж дэмий ноцолдох зав алга! гэх байдлаар ажиггүй өнгөрнө. Ингэснээрээ мань эр өөрийнхөө хамгийн заналт дайсан ах дүү хоёрыг гүйцэх дөхлөө. Шүд зуун хурд нэмж хажуугаар нь өнгөрвөл нөгөөдүүл нь дэмий л гаслалдан гингэнэж хоцров. Гэлээ ч өлөгчин алгаа! Нимгэн цагаан цасан дээр ул мөр нь дурайхаараа дурайж, ухаан алдам сайхан үнэр нь ханхлахаараа ханхалж байвч үзэсгэлэнт гоо бие нь ор сураггүй ажээ.
Тэгээд цааш хурдлах газар ахиулах нөхцөл алга.
Уушгинд багтарсан халууныг өвлийн хүйтэн газар амьсгалах тутам сэрүүцүүлж байвч зүрхний ширүүн цохилтонд халсан цус бүх биеийг бадайруулан лугших бөгөөд түүний аясаар толгой мансууран нүд эрээлжилнэ.
Хаа нэгтэйгээс өлсгөлөн хоёр хон хэрээ гарч ирээд дээр нь эргэлдэв. “Хон хон” гуагалах нь: “Хөөе хөөе энд ойрхон амтат зууш хүлээж байна шүү” гэж байгаа нь тэр аж. Yүнийг мань эр эс хайхарсан бөгөөд цааш жаахан явтал баахан гөрөөс урдуур нь ороон үелзэн давхив. Уг нь энэ бол үнэхээр амтат зууш мөн боловч мань эр одоо идэхийн төлөө биш, үзэсгэлэн гоогийн төлөө явах тул түүнийг эс тоомсорлов. Иймд хоёр хэрээ гомдолтой нь аргагүй өөр тийш оджээ.
Өдрийн турш харайлгаад мань эр өлөгчний барааг олж хараагүй билээ. Гэвч түүнийг орхих сэтгэл төрсөнгүй, яв явсаар нар шингэхийн алдтай алс тэртээд цэнхэрлэн сүүмэлзэх урт шилээр даван далд орохыг нь ашгүй нэг олж харлаа. Дараахантай нь оройн сэрүүн бууж үдшийн жавар залган авсан нь мөн ч таатай. Амьсгалаас савсах халуун уур дорхноо цан хүүрэг болж уруулын сахал, нүдний сормос, сээр сэрвээний сор цөмийг бууралтуулж, цээжинд багтарсан бүгчимдэл амсхийв. Сэтгэлд ер ингэж яваа нь эр биеийг олж төрөөд идэр насанд хүрсний ганц гавъяа гэж бодогдоно. Хөндлөнгийн амьтан хажуугаас нь харваас: эрүү юугаа сул хаян ангайж, нимгэн улаан хэлээ төө шахам унжуулсан бөгөөд хурц шүднүүд нь арзайн гялалзахын хамт айхавтар дөрвөн соёо нь хоор зуураа хавиралдан зөрөлдөнө. Гэтэл бас гоолиг биеийнх нь цээжин тал өдрийн ширүүн тулалдаанд өөрийн ба бусдын цустай хутгалдсан нь одоо, амьсгалын цан хүүрэгт дарагдан ягаан, цагаан өнгөөр солонгорсныг хэлэх үү. Адгуусан амьтдын дотроос орсон буурнаас бусад нь цөм айн сүрдэхэд хүрнэ.
Шөнө дундын алдтай өлөгчнийг бяцхан бор толгойн оройд гаран хоноглож бүхийд тэрбээр гүйцэн очив. Өлөгчинд яаран халдаж үл болохыг өдрийнхөө туршлагаас мэднэ. Гурван алхмын зайтай оцойн сууж ханхлах үнэрээр нь сэтгэлээ хуурна. Өлөгчнийг хөл жийн эрүүгээ дээр нь тавин сунан хэвтэхэд мань эр мөн тийш хэвтэв.
Энэ шөнийн жавар маш их, түүний аясаар тэнгэрт гялалзах одод нүдний нь өмнө байгаа мэт тусна. Доод газар тэс хөлдүү, халуун биеийг хайрах дашрамд сэвэлзэх салхи цантсан цээжний сорыг эрвэлзүүлэн хөдөлгөнө. Энэ бүхнийг таашаасаар таг унтаж орхижээ.
Yүр шөнийн завсраар сэрэхтэйгээ зэрэг аньсан нүдээ хуулан өлөгчнийг харвал тэр нь уг хэвтсэн газраа нам тайван унтаж байгаагаас гадна өчигдрийн ард хоцрогсод гүйцэн ирээд тойрон хэвтсэн үзэгдэв. Тэр дунд заналт ах дүү хоёр, өлөгчний архантай сүүл дэрлэн хэвтэж байгааг харсан мань эрийн уур хүрч уруул ам нь аяндаа шазалзав. Гэтэл бас нөгөөдүүл, цөм сэрүүн, бие биеэ хулгай нүдээр занан ширтэлцэх ажээ. Тэгээд өлөгчний сэрэн босоход тус бүрнээ архиралдан босон харайлаа. Ингэж чононууд өглөө бүр уралцдаг байсан бол өнөөдөр өлөгчин, уралцах завдал өгсөнгүй, жавар сөрөн давхиж гарлаа. Араас нь бүх дагагсад яаран харайлгав.
Энэ зуур Дулаан хайрханы хүү өнөөдрийн хувьд омог бардам өлөгчний араас хэрхэвч салахгүй гэдэгт бат итгэж байсан бөгөөд тэгээд тэр итгэлээрээ үсрэн харайх гэтэл бие маш хүнд, үе болгон царцсан мэт хөшилдөхөөс гадна энд тэндгүй эмзэглэн хөндүүрлэнэ. Гэтэл бас хөлийн дөрвөн тавхай бамбалзан гишгэхэд бэрхтэй болсныг хэлэх үү. Өөрийн эрхгүй ард хаягдлаа. Энэхэн зуурт өлөгчин эрүүл чийрэг дагагсдынхаа хамт ёстой талийн оджээ. Гишгэсэн мөр нь өмнө дурайвч эрхэм бие нь нүдний үзүүрт сүүмэлзэнэ. Мөнөөх чоно бүх зориг чадлаа дайчлан нэг үе хайр найргүй харайлгаж үзэв. Дараа нь хатирч үзэв. Дараа нь шогшиж үзэв. Yнэндээ алин нь ч үл болох тул арга барагдан нэг үе зогсов. Тэр зуураа өлөгчнийг хаа явааг ахин ахин ширтвэл ор тас алга. Зөвхөн үлдээсэн мөр нь дурайхаараа дурайж,үнэр танар нь ханхлахаараа ханхална. Хажуугаар нь бас бусад атаатнуудын мөр, үнэр уур хилэнг нэмэн нэмэн төрүүлэх тул мөн л урагш тэмүүлэн зүтгэлээ.
Нэг мэдэхэд өдөр дундаасаа өнгөрчээ. Энэ зуур тэрбээр үүр цайх, нар гарах, нар хэрхэн дээш хөөрсөн зэрэг бүх өөрчлөлтүүдийг ер анзаарсангүй. Сэтгэлд нь дан атаа хорсол, хүсэл мөрөөдөл эргэлдсэн учир өөрийн бие хаагуур явсан, замд юу юу дайралдсаныг үл мэднэ. Эцсийн удаа ардаа нэг амьтны хөлийн чимээ гарахыг мэдэн эргэж харвал аль өчигдөр өглөөний ард хаягддагсдаас нэг нь айсуй яваа үзэгдэв.
Yзтэл тэр нүсэр том цээжтэй боловч гахай шиг түгдгэр бөгөөд ер хошуу толгой, хөл хүзүү цөм гахайн шиг бүдүүн болхи тул өнөөх үзэсгэлэн гоо өлөгчинд хэрхэвч үл тоогдохоор байлаа. Гэвч өөрийн сэтгэл нь өлөгчинд бусдын нэг адил булаагдсандаан даган харайлгаж гурав хоножээ. Yнэндээ өлөгчний өмнө хүрэлцэн очсон удаа нэг ч үгүй, ямагт ард хаягдан бараа болон явсан бөгөөд эцэст нь хөл улдан ягдан яваа нь энэ ажээ. Гэлээ ч тэр Дулаан хайрханы хүүгийн хажуугаар хэнэггүй өнгөрөв.
Цаашдаа мань Дулаан хайрханы хүү мэл цагаан талын дунд гав ганцаараа болж, гэлдрэх шогших хоёрын хооронд сажилсаар өдрийг авав. Тэр зуур бие халууран арьсаа хуулуулсан мэт дааран чичрэв. Yдшийн бүрийд тэнхэл бүрэн барагдаж нэгэн бутны ёроолд цагариглан унаж сарьсан хамраа цавиндаа шургуулав.
Уг нь сайх чоно, зун байсан бол одоо мөн ч олныг бодон зовиурлах байсан биз. Гэтэл бодсон ч юмгүй зөвхөн дагжин чичирч биеэ чагнан ухаангүй унтжээ. Өглөө сэрвэл нар аль хэдийн дээр гарсан байлаа. Мэл цагаан тал нүд гялбуулан гялалзана. Цавиндаа шургуулсан хошуугаа сугалан авмагц тунгалаг агаар хамарт нь сэнгэнэж нозоорсон биеий нь сэргээв. Энэ даруй сэтгэлд нь өнөөх л өлөгчин! Өнөөх үзэсгэлэн гоогийн ул мөр хаа блээ? гэдэг бодол сэтгэлий нь эзэмшинэ. Шөнөдөө салхи хөдөлж, ул мөрийг балласан байх тул тэрбээр газар шиншлэн үнэр хөөх хэрэгтэй болов. Гэтэл бие маш хүнд байгаагаас гадна хөлийн тавхайнууд бүр ч хүнд болсон байлаа. Гэлээ ч арга буюу мань эр урагш ганцхан тэмцэж зүтгэнэ.
Нэг мэдэхэд урд хөлийнх нь тавхай хагаран цусан зам татуулав. Дараа нь нөгөөх нь хагарав.
Энэ бол түүнийг шууд “зогс!” гэсэн хатуу тушаал мөн болох тул аргагүй ядарсан биеэ газар хаян сунан хэвтэв.
Чоно бол нэг ёсны гунин гутрахыг үл мэдэх амьтан юм. Гэвч тэрбээр хоёр нүдээ тас анин үхсэн мэт хэвтэх нь гунин гутарч байгаа нь ажээ. Нүдэнд нь өлөгчин, өлөгчний цог жавхлан, түүний суух, босох, архирах, сунан харайлгах энэ тэр нь үзэгдэнэ. Энэ бол түүний хамгийн ихээр гунин гутарч байгаа нь байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 25/5 | Намдаг Д )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 102 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-084.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5199

Должин : Зам зуур
zam-006.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5164

Зураач : Б.Хонгорзул
khongor022.jpg
Хэмжээс: 600x486 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4539


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn