Амрагч олны дунд ганган дэгжин усны хувцастай, баяр хөөртэй нь аргагүй инээлдэн наадаж, бие бие рүүгээ усаар цацалцаад л тунгалаг усанд сэлэн шумбаж, тэврэлдэн эрхлэх хос залуусыг хэн ч, хаанаас нь ч харсан цагаан атаархал төрөхүйц аз жаргалтай сайхан харагдана. Тэднийг ажжээ суусан хоёр налайсан хүний нэг болох Төмөр гэгч насны мөнгөн шүүдэр ганц нэгээрээ тунарч эхэлсэн буурал санчигаа илбэнгээ: - Залуу нас ч сайхан даа гээд усны малгайгаа авангаа инээмсэглэхэд зэрэгцэн суусан хижээл насны намбайсан намбалаг Мэргэн дарга: - Хэлээд яах вэ. Ингэж л явдагсан даа гээд малийтал мишээж цааш үргэлжлүүлэн яриа дэлгэх гэтэл гар утас нь дуугарав.
Хоолой засангаа дуудлагыг хүлээж автал утасны цаанаас сандарч тэвдсэн Очир өвгөн байн байн бүгшүүлэн ханиалгаад үг яриа нь эвлэж өгөхгүй сандчина. Мэргэн чухам юу яриад байгааг нь сонсохыг хичээж, усан бассейны цуурайтаж шаагисан их чимээнээс холдохоор Төмөр лүү гараараа дохичихоод үүд рүү чиглэлээ. Цаанаа л буурьтай тэрээр хөмсгөө зангидаад баргил хоолойгоор тайван гэгч нь: - Очир гуай, за одоо яриарай. Яаралгүй тайван ярь. Яасан..., юу болов? гээд царайгаа төв болгон анхааралтай чагнав. - За, Мэргэн минь. Чамаас өөр хэлж хандах хүн алга. Дарга минь, таны үхэр мал ч сайн л байна л даа. Харин түмний нялзрай хүүхдийг харж хамгаалж чадаагүй зөнөг намайг юу гэх вэ. Эмгэн бид хоёр балраад байна аа цаана чинь гээд л нэг их оршил урсгаж гарлаа. - Очир гуай минь, үгүй энэ чинь. Эхлээд тайвшир л даа, жаахан удаан ярь. Тэгээд яг юу болсон юм бэ. Хүүхдүүд нь зүгээр биз дээ, та сандраад байлгүй гол юмаа ярь даа гэж аргадах зоригжуулахын аль алиныг хослуулан байж хэлэв. - За хүүхээд, юу л даа, ингэсэн юм аа. Үгүй ээ, энэ хэдэн дэлдгэр минь ч зүгээр л байна л даа. Манай холын хамаатан Сонор гэж нэг хүү байдаг юм. Сарын өмнө ирээд ээ. Тэгээд хэсэг хугацаагаар хойшлуулшгүй их л чухал ажил гарсан юм байх. Хүүхэд харах хүнгүй гэж хөгшин бид хоёрт найдаж үлдээсэн юм байхгүй юу. Тэгсэн өнөө дэлдийсэн моньд чинь байдаггүй ээ. Алга болчихож. Хар өвлийн хүйтэнд хаана осгож яваа юм бүү мэд. Ах нь хот орж талх тариа базаагаад ирсэн чинь энэ хэд маань сандарчихсан сууж байх юм. Амьтны нялх үр алдчихаад муу ах чинь үгээ хэлж сууна. За, Мэргэн минь чи л нэг тус болж үз. - Ээ золиг гэж. За байз, хэзээ алга болсон бэ, хэдэн настай хүүхэд вэ, эцэг эхтэй нь холбогдов уу та? За би нэг арга бодоё гэвэл: - Энд нэг утасны дугаар байгаа юм. Хичнээн залгаад ер болдоггүй. Яах билээ хүү минь, нэг арга чарга бодооч гэм гээд л сандарч тэвдэнэ. Мэргэн утасны дугаарыг нь аваад залгаж үзлээ. Усан санд Тэргэлтэй хамт эрхлэн жаргах Сонор утасныхаа дууг хаачихсан тул хичнээн залгаад ч ямар ч тусыг эс олно. Чингээд Мэргэн бассейнаас гарахаар зэхэхэд мөнөөх хоёр залуу хос усанд сэлэн чухам л сэтгэл зовнихын зовлонгүй хичнээн сайхан юм бэ дээ гэлтэй эрхлэн зугаацсаар үлдлээ. Очир гуай морио унаад ойр хавьд өвөлжиж буй айлуудаас сураглахаар гарав. Тэгж явсаар хоёр гүвээний цаанатаах айлд хүрч очлоо. - Манай хүн үүрээр ирж яваад осгож үхэх шахсан хүүг олсон байна гэсээр айлын эхнэр асарч тойлоод сууж байхтай таарч магнай хагартлаа баярлах нь тэр. Чингээд Мэргэн даргадаа ч хэлж, тэд хамтдаа хүүг эмнэлэгт хүргэлээ. Ханатлаа тааваараа байж, амралт нь алжаал болох шахсан Сонор, Тэргэл хоёр тор дүүрэн амттан аваад гэртээ ирэв. Утсаа дөнгөж асаамагц сая өчнөөн дуудлага, дуут шуудангийн хонх ар араасаа жингэнэж, хүмүүс орчлонгоор нэг Сонорыг хайсан байх юм. Хүү нь ор сураггүй алга болж, хүний газарт байгаа эхнэр нь үхлүүт байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй Сансармаагаас бөөн уучлалт хүссэн, гэмшсэн дуут шуудангууд. Сонор гар утасныхаа дэлгэц рүү юу юугүй орох гэж буй мэт утсаараа оролдож сууна. Тэргэл торгон халаадны хормой намируулан ганхаж, дуу аялсаар жаргалтай нь аргагүй зочны өрөөнд орж ирээд энэ тэрийг ярина. Тийнхүү ам хуурайгүй ярих нь Сонорын чихний хажуугаар зүгээр л шуугиад өнгөрөх шиг болж байлаа. Тэргэл ганцаараа ярьж ярьж байснаа буйдан дээр тухлан суугаад ширээ дүүрэн амттанаас тамшаалангаа түрүүнээс хойш дуугаа хурааж, утаснаас өөр юуг ч үл анзаарах Сонорыг шүүрс алдан ширтэж, аргаа барсан янзтай алим хазалж сууна. Тэгснээ хяламхийж: - Хм, утсаа нээгээд л хорвоог мартчихна шүү. Хөөе, залуу минь. Би чамтай юм яриад байна шдээ гэвэл хариу байдаггүй ээ. Тэргэл уураа барьж ядан тэсгэл алдаж: - Бас яачихав даа, Энэрэлээс л ирсэн биз дээ? Тэр чинь чамайг хуурсан шүү дээ. Чи бид хоёр түүнийг илчилсэн. Одоо тэр ч жаргалтай байгаа байх даа. Чамайг ингэж ухаанаа алдаж, утаснаас нүдээ салгахгүй зүүгдэж суугааг мэдэх ч үгүй. Хөөрхий миний Сонор. Хуурамч эхнэрийнхээ дарамтнаас хэзээ нэг гарна даа гэхчилэн урсгаж байтал: - Амаа татаад өгөөч!!! гэж сэрдхийтэл хашгирахад нь таазнаас өлгөөтэй гэрлийн бүрхүүл бараг л ганхах шиг болов. Гайхаж балмагдсан Тэргэл яахаа мэдэхгүй хэсэг байж байснаа гомдоллож: - Чи чинь яаж байна аа, нөгөө хайртай дуртай гээд байсан хүн чинь? Эхнэрээ дийлэхээ болиод байтлаа одоо над уруу өндөр дуугарах нь шив дээ. Ингэж байгаа бол би яваад өгье л дөө гээд л уйлан хэлж, гомдоллож гартал хямарч гүйцсэн Сонор: - Тэг ээ тэг. Дуртай зүгтээ арилаад өг. Тэгээд дахиж надад битгий харагдаарай. Муу өөдгүй амьтан. Одоо яв гэж учиргүй уурсан босоод яаравчлан гадуур хувцсаа өмсөж эхлэв. Бүр гайхаж орхисон Тэргэл хэрэг бишдэж, ямар нэг ноцтой асуудал гарсныг таамагламагц түүнийг тайвшруулахаар: - Чи минь яагаа вэ, юу тохиолдоод байгаагаа наддаа хэл л дээ гээд гүйн очиж тэврэх гэтэл Сонор мөрөн дээгүүрээ сүрдмээр ширүүн хараад: - Надаас холд! Холд гэж хэллээ шүү гэж яахаас ч буцахгүй аймшигтайгаар хэлээд үргэлжлүүлэн хувцсаа өмслөө. Чингээд гарахдаа: - Намайг ирэхэд явсан байгаарай. Дахиад чамайг харахыг ч хүсэхгүй байна гээд хаалгаа тасхийтэл саваад гарч одлоо. Чухамхүү юу болсныг мэдэж амжилгүй үлдсэн Тэргэл ганц ч үг хэлж чадалгүй сэвхийтэл хаагдах үүдний цаана өөрт нь загнуулаад торойж үлддэг Анирхүүгийн адил нулимс цийлэгнүүлсээр хоцорлоо. Тэгээд утсаа асааж үзвэл бөөн дуут шуудан. Сансармаагаас: - Тэргэл ээ, Энэрэл амиа хорлосон. Чамтай найз болж, чамд тусалж явсандаа би харамсаад ч барахгүй байна. Чиний хийсэн бүгдийг чинь би үнэнээр нь Сонор луу биччихсэн. Энэ хэрэгт чинь би лав хамаагүй шүү гэжээ. Сонор нулимсаа барьж ядан зүрхээ чангалж, замаар чухам яажшуухан жолоо барьж яваагаа ч анзаарах сөхөөгүй хамаг хурдаараа зүтгэсээр эмнэлэгт ирлээ. Сэхээн амьдруулах тасагт ухаангүй байгаа хүүдээ амь тавин яарсаар дэн дун ахлаж явахуйд газар дэлхий дайвалзаж байх шиг санагдав. Чингээд эмнэлэг рүү явж ортол Очир гуай царай нь барайчихсан: - Ээ гялай гэж, хүрээд ирлээ. Хүү минь, зөнөг надаас л боллоо. Зөнөсөн толгой би балчир амьтныг анхаарч чадсангүй гэсээр нударгаа далбагануулан, хөвөнтэй дээлийнхээ хормойг навсагануулсаар сандран угтах нь өрөвдмөөр. Хажууд нь зогсож байсан Мэргэн дарга мөнөөх усан бассейнд жарган цэнгэн байсан дэгжин залууг хараад шууд л танилаа. Үргэлжлэл бий "Хэзээ ч оройтохгүй" номноос
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-14.jpg Хэмжээс: 600x450 81k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5193
khongor062.jpg Хэмжээс: 600x700 158k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4347
mongolia2007year-176.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4308
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: