Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Ялдам цагаан гаранд чинь эрдэнийн шигтгээ амилахыг Янаг улаан уруулд чинь баярын мишээл тодрохыг Баярлуулж үзээгүй хайртынхаа жаргалд умбан цэнгэхийг Баясгаж чадаагүй сэтгэлийг чинь догдлон догдлон дэрвэхийг Би зүгээр л харахыг хүснэм ээ Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Уулзах тавилан ноогдсон ч учрах нь үгүй төөрөгтөйгөө Ухаан болоод зүрх сэтгэлээ эвлүүлэн би тайвширсан болохоор Миний хүрч чадаагүй чамайг хэн нэгэнд уусахыг харах гэсэн юм Мэлмийнээс чинь баярын нулимс унахыг үзэх гэсэн юм Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм Цасан цагаан даашинз чамд минь ямар сайхан зохихыг Захирч чаддаггүй зүүдэндээ олон шөнө харсан ч Заяасан ханийг чинь харин өөрөөрөө л төсөөлж асан болохоор Зангирсан бодлуудаа хөвөхийг л хүснэм ээ би
Хуримандаа намайг уриарай Хуруунд чинь бөгж зүүхийг харах гэсэн юм
Амьнаас минь үнэтэй чамдаа аз жаргал хүсэх л гэж Амьдралын чинь хуудас шинээр эхлэхэд хайр ерөөх л гэж......
М.Б https://www.facebook.com/M.Batnaidүar
Бодол урсав цаасан дээр минь Бөн бөн хийх нулимстай минь хамт Бороо ширүүсэх мэт аадар мэт цутгав Бөөн хар үүлсийг дагуулан дагуулсаар... Тэд урсав Төө үл хүрэх зайнд Түмэн бээрийн алсыг Түг хором ч гээлгүй.... Мянган бодол нэг үг болж урсав Мянган дурсамж нэг дусал болж бөнжигнөв ... Хаш цагаан цаасыг хар эрээн болтол үг эгнэхэд Харанхуй нөмөрсөн сэтгэл цагаан болж гэрэлтлээ М.Б
Биеээр бус бодлоор ганцаардав Бэлгээр бус сэтгэлээр хоосров Алдраар бус ухамсараар гачигдав Алтаар бус хайраар дутагдав
Цаас минь бэх хайж гуниглав Цаг минь мэдрэмж эрж гутрав Өрц минь догдлол нэхэн гуйранчлав Өнөөдөр би өөрөө өөртөө гутав. ... Гутаж суухдаа олныг би бодов
Ургах бодол минь итгэлээр цангаж Улаан уруул минь үнсэлтээр ханаж Гадаад ертөнцдөө гайхамшигтайгаар мандаж Гагцхүү дотоодын дотоодоо гамшигтайгаар сөнөж
М.Б
Уйлахад нулимс хайран Уурлахад чи хайран Унтахад цаг хайран Уйтгарлахад нас хайран
Өнгөрсөнд хорогдож одоод үл ханагсад Өнчинөө мартаж бусдаас дулаан хүсэгсэд Өөрийн чинь төлөө юу ч хийгээгүй хэмээн Өрөөл бусдад өс бүү сана Өргөн уудам хорвоо ч гэлээ Өнчин ганцаар явж төгсөх чинь үнэн тул Өрөө чи өөрийнхөө төлөө амьдрах учиртай Өрөөл бусад чиний төлөө амьдрах учиргүй ээ
М.Б Нэгэн хэлээр хэлэлцэвч үл ойлголцох хэсэг байхад Нэг ч үг ярилцалгүйгээр зүрхээрээ мэдэрцгээгсэд бас байх юм. Нижгээд олон жил ханилавч ариун хайрыг мэдрээгүй бусаг байхад Нэгэн мөчийн төдийд хайрын оргилд хүрэгсэд бас байх юм.
Зүсийг чинь шувт Зүрхийг чинь нэвт Бодийг чинь шиншилж Бодлыг чинь уншина.
Зуурдхан хорвоод зураг л үлдэнэ Зурвасхан амьдралыг үгс л гэрчлэнэ Зугтах жаргалыг өөрөө л уургална Зууралдах эмгэгийг тавилан л шийднэ Хэмжигдэхгүй хугацааг шийдвэр л илчилнэ... Хэмнэл аязыг сэтгэл л эмхлэнэ!!!!!!
Мөлхөж байсан ч бусдад нисэх мэт харагд Мөхөж байлаа ч бусдад сэргэх мэт үзэгд Мөчидхөн зуурсан ч давсан мэт сэтгэ Мөсөн дунд оршивч гал мэт дүрэлз!!!!!!
М.Батнайдвар
Хайрт хүү Э.Сүлддээ зориулав Ганганах дуунаар чинь хавар болж Газар дэлхий хөлийн чинь уланд дулаацана Инээдэнд чинь шувуу үүрээн засаж Энх амгалан оршихуй, энэ биеэр чинь нүүдэллэнэ Хайр чиний хамгийн эхэнд хэлэх үг Харцнаас чинь аав нь хорвоогын үргэлжлэлийг олдог “Аз жаргал” чамд, хамгийн гоё зохих тавилан Алдрайхан үр минь, аавдаан үнсүүл
Бурхан гэж хүн бүр гараа хавсран тэнгэр өөд ширтэх юм Будаг нь ханхалсан шинэ барималын өлмийд сөгдөцгөөх юм Буртаг бузар гэсэн ээ эргэж хараад үйлдэх атлаа Буян үйлдэж байна гэж олсон хэдээ түүнд өргөцгөөх юм Жинхэнэ бурхан чинь чи өөрөө атал Жирийн дарханы бүтээлд мөргөх юм Үнэн гэгээн дүр сэтгэлд чинь орших атал Үзэг цаас барьсан найрагчийн үлгэрт үнэмших юм Санаа чинь сайн явбал чи жаргалыг мэдэрнэ Тэр чинь Диваажин Саар мууг сэтгэж явбал бусдын ад болно Тэр чинь Там Гэрэлт нарыг харах заяа өгсөн ижий, аав чинь бурхан болохоос Гэдэсээ илж ном хурах лам бурхан биш ээ Амаа ангалзуулан уйлахад аргадаж өсгөсөн ах, эгч чинь бурхан болохоос Алив байдаг аа өргөлд өг гэж сургах этгээд бурхан биш ээ Бурханыг би хүмүүн төрлөхтөнөөр төсөөлдөг болохоор Бузар санааг би тамаар мэдэрдэг болохоор Буян тусыг би диваажинаар хардаг болохоор Бие сэтгэл минь өөрөө бурхан Бичсэнийг минь уншиж байгаа та ч бас бурхан
М. Батнайдвар 2011.11.02 10:40
Бүсгүй хүн гэдэг чинь Бүтэн сар шиг нүдэндээ Бүхий л орчлонг багтаадаг юм Зөөлөн бүүвэйн уянгаараа Замба тивийг уяраадаг юм Орчлон дэлхийд эмэгтэй хүн үгүй бол Од мичидгүй огторгуй лугаа адил Хорвоо ертөнцөд бүсгүй хүн үгүй бол Хагдарч гандсан хээр тал мэт Хар цагаан хорвоод өнгө нь тэд болдог Хахир хүйтэн шуурганд нөмөр нь болдог юм Харахад турихан сэтгэл нь эмзэгхэн ч Халширашгүй зоригтой тэвчээрийн туйл юм Урлан сууж зүү сүвлэдэг шиг ээ Ухаанаа урдаа тавьж бүхнийг цэгнэдэг юм Уяхан гараараа цай сүлдэг шиг ээ Уужимхан сэтгэл бодлоороо жолооддог юм Хатуу ширүүн цагт нь Хуягласан баатар мэт байдаг юм Ханилаад суухын тавиланд Хайрын булаг мэт байдаг юм
М. Батнайдвар 2011 он
Гэрэл цацрах хаалга тэнд байхад Гиюүрч би энд яах гэж суунам Гэрлийн хурдаар өнгөрөх амьдралыг ширтэж Гунигт юунд автнам бэ Одоо болсон хангалттай гээд Орноос өндийж хөшигөө нээлээ Хүлцэл өчөөд нэгэнт оройтсон ч Хүслийн зүг рүүгээ би тэмүүллээ Бөгчим халуунд олон жил хэвтлээ Бүгэж нуугдан хэн нэгнээс эмээсэн Даль жигүүр минь цуцчихсан байна Давчуу зайд шахдалцсаар байгаад Ургах нарны зүг хүчээ нэмэн хурдалая Урдах ирээдүйдээ зорин тэмүүлэе Урсах олны шуугианд орон Уйтгар гунигаасаа бүрэн хагацая Одоо зүрх минь чи эрх чөлөөтэй Одоо сэтгэл чиний хүлээс тасарсан Оргил өөдөө мацах итгэл чинь сэргэсэн Орхигдсон бүхнийг мартаж алсын зүгт тэмүүлэе... Одоо зүрх минь чөлөөтэй болохоор Ондоо хэнд ч хамаагүй дурлана Олон хүнтэй хайрын үг зөрүүлж Онгодгүй найраг шигээ шалиглан амьдарна М. Батнайдвар 2011.10.27 04:22
Мэдээж би чамайг танихгүй Мэдэхгүй байж уруулын амтыг чинь төсөөлөхгүй Мэдэхгүй нэгэнд дурласан гэж хэлэх ч Мэдэн будилж заримдаа хайргүй ч гэнэ Танихгүй учир чамайг би санахгүй Тал засаж замд чинь бөгтнөхгүй Тааж мэддэг мэргэч би биш болохоор Таны тухай бусдаас би асууна Ойртоогүй болохоор үнэрийг чинь би мэдэхгүй Онгон бие, омголон занг чинь бүүрч мэдэхгүй Олноос илүү чамд дуралсанаа ойлгохгүй Орчлонд чамаас бусдыг нь би харахгүй Тэвэрч үзээгүй юм чинь би яаж мэдэх вэ Тэнгэр шиг өндөр ч юм уу ямаа шиг намхан юм уу Тааль бэлхүүс чинь энхрий ч юм уу байхгүй ч юм уу Танил минь болж дэргэд минь үлдээч үү... үгүй ч үү... мэдэхгүй Мэдэхгүй, танихгүй, ойлгохгүй, мэдрээгүй ч Минийх юм шиг бусдаас чамайг харамладаг Магад чамтай хамт байж болох байсан ч Мэдэхгүй байхдаа л чи надад сайхан М. Батнайдвар 2011.10.18 08:32
Дурлал гэдэг тэр зүйлээс чинь
Дуслын төдийд амсахад
Дуулим хорвоо бүхлээрэй эргэж
Дуутай залуу нас үелэгддэг юм билээ
Амсхад амт нь зөөлөрч
Архи шиг бас гашуун юм билээ
Ахиад цааш нь балгачихаар
Алаг зүрх нь хайраар дүүрдэг юм билээ
Гашуудлын өтгөн мананд бүхнийг умартан
Гуниж суухад дэргэд минь ирсэн шувуухайг би үргээчихжээ
Гашуун боловч үнэн үгээр түүнийг би үдчихсэн
Гал шиг дүрэлзэх сэтгэлийг унтраачихсан
Одоо би шөнөөр уйлан сууж
Орь ганцаар үлдсэндээ шаналан хэвтэнэ
Одод хүртэл гунигыг минь таах шиг
Ойр ойрхон нэг нэгээрээ нулимс шиг харвана
Учир болоод шалтгааныг мэдэх болохоор
Уйлахаас өөр юу хийж чадах билээ
Амиа егүүтгэн хорвоогоос халия гэвч
Аймхай зүрх минь тас харанхуйгаас чичрэх юм
Өвдөгөө тэврэн дэмий л чиний дүрийг бодолдоо бясалгах юм даа
Өнө мөнхийн гэж үгүй орчлонд
Өөрөөс чинь өөр хэнийг ч би хайрлахын билээ
Өнчин нулимсаа хэний энгэрт хатаах юм бэ.
М. Батнайдвар 2011.10.24 01:10
Камертоны Болд хамтлагаасаа гарч
Карманы хулгайч нар Хонг- Конгоос ирж
Карате, жудо ид монголд дэлгэрч
Карт зурж мөнгө авдаг болсон цаг болж байхад
Би дөнгөж арван найм хүрч байсан
Битүүхэндээ том болсон гэж санадаг байсан
Хар Хамер жийп Монголд элбэгшиж
Хар захын барааг хүмүүс авахаа больж
Харь оронд одогсод онгоцоор нэг дүүрч
Хааяахан жагсаал талбайд өрнөдөг байхад
Би арай гэж насанд хүрч
Билэг оюунаа хөгжсөн гэж итгэж байсаан
Хип хоп урсгал уналтанд орж
Хэдэн цаас аминаас үнэд гарч
Тимон, Далай хайр дуулж
Татарын Си- Ди гадаадад зарагдаж байхад
Би арван жилээ төгсч
Бизнесмен болно гэж мөрөөддөг байсан
Нууц амрагтаа бичсэн нь
Гил хар гэзгээ шилсээр чи минь наддаа ирдэгсэн
Гэрийн чинээ хайраараа өлгийдөн бүүвэйлдэгсэн
Гэрэвших сэтгэлийн нандин утсыг цочоон байж
Гэнэтхэн ирж сэмхэн үүрээр буцдагсан
Хоёргүй сэтгэл минь ганцхан чамдаа гэчихээд
Хайрын мананд төөрүүлчихээд ханьдаа чи яардагсан
Халуу бутарсан хацараа цээжинд минь наачихаад
Хариу бүрийн үдшээр үрдээ чи буцдагсан
Алиман сартай үдшээр амрагын жаргалд мансуурахдаа
Аль хэдийн минийх байсан юм шиг хувцасаа чи тайчдаг
Ард чинь амьдрал буйг умартан би хайрлахад
Амсаад шаналах зөөлөн гуниг бодлоос минь дэрхийдэгсэн
Алтан нар баясалтайгаар жаргаж
Алиман сартай үдэш ирлээ
Амтат зүүдэндээ умбан шингэж
Алжаалт биеэ амирлуулан амраалаа
Марал зүүдэн дунд үзэсгэлэн гоо бүсгүй ирж
Мартахын аргагүй зөөлөн үнслээ
Халуу шатам булбарай бие нь төөнөж
Хамаг дур хүслийг минь бадраалаа
Анхилам үнэр хамрыг минь цоргиж
Аяархан би дуу алдлаа
Зөөлөн уруул алгуураар доошилж
Зүрхэн тушаа чимхэн үнсэнэ
Од харвах тоолонд хүсэлээ шивнэдэг шиг
Огторгуй уудам харцанд чинь мөрөөдлөөрөө би уусдаг юм
Онгон зүрхний гүнд солир унах шиг ирэхэд чинь
Орчлон ертөнцөд би чамд дурласнаа мэдэрсэн
М. Батнайдвар 2011.08.31 15:42
Битгий гунигла бүсгүй минь
Би дэргэд чинь байна
Уйлах үед чинь гунигыг чинь үргээж
Унах үед чинь багана чинь болж
Инээх үед чинь даган цэнгэж
Баяр баясал уйтгар гунигыг чинь хамтдаа хуваалцаж
Баянхангай шиг залуу би дэргэд чинь үргэлж хамт байна аа
М. Батнайдвар 2011.09.01 22:47
Хайраас олсон шарх хэзээч эдгэхгүй ч
Хамгийн сайхан дурсамжыг хадгалж тэр оршдог
Хар дарсан зүүд шиг зүрх минь өвдөж шаналсан ч
Хайрын гайхамшигийг мэдэрсэндээ үргэлж би баясдаг
М. Батнайдвар 2011.09.04 14:02
Цаг нь ирж нүүр тулсан ч тэр
Цаад хүнээ шархлуулж амьдын тамд унагаснаас
Цас шиг цагаан сэтгэлдээ гунигын толбо суулгаж
Цаашдын бүх амьдралдаа сэтгэлдээ шархтай байсан дээр
М. Батнайдвар 2011.09.04 14:05
Уйтгар гунигын далайд живж явахдаа
Ухаангүй дурласан чамайгаа л би бодсон
Уйлаад уйлаад ирэхгүй ч гэсэн
Урсах нулимсаа би хайрлаагүй ээ
Нулимс минь урсан ам руу минь цутгахад
Нууц бишээ тэр далайн уснаас ч шорвог байсан
Хэзээ ч юм тэр хайранд мансуурч явахад
Хэн ч мэдээгүй тэр нулимсыг шорвог гэдгийг
М. Батнайдвар 2011.09.06 00:09
Урд нь би намрын улиралд дуртай байж билээ
Уйтгар гуниг, дурлал хайрыг мэдэхгүй болоод ч тэрүү
Унах навчис хүйтэн бороог хүсч
Уйлахын оронд улам аз жаргалтай байж билээ
Одоо харин би намарт дургүй ээ
Огтоос дургүй бүр үзэн яддаг
Яадгын ингэлээ гээд бурхан намайг гисгээг
Янаг хайрыг минь гандаасан шигээ намайг тарчлааг
Шөнө бүр хүйтэн бороо орох шиг би уйлдаг
Шүлэг бүр тэр нүцгэн мод шиг хоосон байдаг
Шшшшшшшш... над шиг эр ер нь харсан уу.....
М. Батнайдвар 2011.09.06 00:34
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-070.JPG Хэмжээс: 600x450 34k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4927
mongolia2007year-100.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3973
Хаалга Хэмжээс: 462x600 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4544
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: