|
|
Шүлэг: Э.Үржинханд : Улаан навчис унахуйд
Оруулсан admin on 2014-10-27 15:47:47 (3312 уншсан)
Шарлаж амжилгүй унасан хөөрхий улаахан навчис
Шаналан тээсэн зүрхний нулимс шингээсэн ширхэгс
Өлмийд минь мэхийж илч горьдсон намрын илтэс
Өрөвдөхийн эрхэнд алгандаа нандигнамаар хөөрхийс
Харьж яваа улирлын уйламхай өдрүүдийн дусал
Хаврыг мөрөөдөх ганцаардлын гуниг зөөсөн уярал
Хатуу ч гэлээ эвлэрэх учиртай үнэний хэлтэрхий
Хайрлахын эрхэнд дэвтэртээ мөнхлөмөөр яруу найраг аа
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Навчисын унах чимээ
Оруулсан admin on 2014-10-24 10:30:21 (3817 уншсан)
Улбар шархан навчисын унахын чимээг сонссон уу
Ухаан бодлоо сульдтал санахын бэтгэрэлийг мэдэх үү
Уучлал ухаарлын дээсэн дээр дэнжигнэж алхсан уу
Учрал уярлын тойрогт төөрөлдөхийг мэдэрсэн үү

Өвс өвсөө налж эрхлэх өрмөн шаргал намрын тухай
Өнөө маргаашаа мартам гэгэлгэн санаашралын тухай
Өөрт чинь аялсан бадаг бадагхан дууны тухай санаж
Өнө хожмоо чи одоогийнх шигээ догдолсоор байх уу, тэгвэл
Өгүүлбэр бүрийн эхэнд нэрийг чинь хэлвэл ямар вэ
Өнгө өнгөний өмнө зүсийг чинь харвал ямар вэ
Өдөр өдрийн эхэнд уруултай чинь мэндлэвэл ямар вэ
Үлдсэн насныхаа амьдралыг чамтай л үдвэл ямар вэ
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь
Оруулсан admin on 2014-03-08 13:33:14 (3523 уншсан)
Үрлэн дусалт уяралаар болорхон эрхи хэлхэж
Үүлэн цагаан манангаар тэнгэрийн нулимсыг арчиж
Үлэмжийн уудам хорвоог хайраар дэвтээж л суудаг
Үлгэрийн гайхамшигт амьдралыг цогцлуулагч билээ
Үдлэж угтах нарны туяанаас цагаан гэгээ тасдаж
Үрийнхээ алхах харгуйд илч гэрэл эвж зөөллөдөг
Үсээ намирууланхан жаргал цацруулах уран зураг
Үзмэн ягаан уруулт бүсгүй хүн гэдэг, үнэндээ
Үзэсгэлэн гоо туяагаараа орчлонг гийгүүлэгч
Үлэмж яруухан аашаараа хорвоог уяраагч
Үнэнч ариухан сэтгэлээрээ амьдрал зохиогч
Үнэ цэнэтэй эрхэм нандин эрдэнэс юм даа
Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэнд дэвшүүлж
Өдөр бүхэн тань амжилт бүтээлээр дүүрэн
Өөдрөг гэгээн баяр хөөрөөр цалгиж байхыг ерөөе!
Э.Үржинханд
2014.03.08
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай
Оруулсан admin on 2013-10-01 16:37:59 (4035 уншсан)
Сүүн цагаан саран шөнөжин асгарч хонолоо
Сүүдэр үргэсэн гэгээнд нь нойр хулжиж хонолоо
Сүлэрсэн аясхан туяанд нь шүлэг мэндэлж хонолоо
Сүүмэн намуухан анирт нь ээжээ үгүйлж хонолоо
Үлэмжийн гайхамшигт хорвоод нэг л заяах тавиланд
Үрдээ амьдрал бэлэглэсэн миний л наран таньдаа
Он цаг улиравч улмаа хайрын дээдээр эрхэмлээд
Орь яруухан дууг мянгантаа зориулавч багаднам
Тэнгэрт живсэн сарантай хамт зугаалж хонолоо
Тэнд мичидийн чимээтэй дуу аяланхан хонолоо
Тэнүүн сэтгэлд ургасан цэцгийг нь усалж хонолоо
Тэвэрт нь багтсан ээжээ учиргүй санаж хонолоо
Шүүдэр шүргэсэн үүрээр бодлоо эвлүүлж ургалаа
Шүхэр цагаахан үүлсэд нь хүслээ шивнэж угтлаа
Шүүрс алдамгүй сайхан хорвоог биширч сэргэлээ
Шүтэж дээдэлдэг ээжээ хайрлан байж шимширлээ
Энхбаатарын Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ
Оруулсан admin on 2013-10-01 15:34:04 (3763 уншсан)

Усан сэтгэлтэн биш ээ, үнэндээ
Ургах нар шиг гялбасан туяатай
Улаан галын дүрэлзсэн цогтой
Ундрах булаг шиг оргилон оргилсон
Лусын гүнж, тэнгэрийн илч юм, гэтэл
Чиний зүгээс шаагисан тэр аадар
Чиний тэндээс шивэрсэн нулимс шингээд
Чимхэхээс дор өвтгөсөн болохоор чинь
Чамаас улбаатай усан зүрхтэн болчихсон
Өө, гэхдээ зүгээр ээ залуу минь
Өндөр тэнгэрээс заяатай тэнгэрийн охин юм чинь
Уйтгар гунигийн усан бөмбөлөгийг хагалаад
Угааж цэвэрлэнэ, сэтгэл минь тунгалагшина
Өнгөц хэврэг, богино настай чиний үлдээсэн гуниг
Ууршин замхарч, өөдөө цэцэг шиг ургана би
Ургах нар шиг мандана
Ундрах булаг шиг оргилно
Угаасаа ийм л байсан
Усан сэтгэлтэн биш ээ би
Урьдынх шигээ гал халуунаар дурэлзэнэ
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Аадрын дараах
Оруулсан admin on 2013-10-01 15:31:55 (3491 уншсан)

Үерлэн цутгасан аадрын дараах
Өнгөт хорвоод буртаг үлдэхгүй ээ
Үерхсэн найзын сэтгэлийн чанар
Үнэн худлын шалгуурт танигдана
Үймэн боссон шуурганы дараах
Өвсний толгойд тоос үлдэхгүй ээ
Үзэж туулах амьдралын тойрогт
Үл ойлголцлын тортог арилна аа
Түнэр харанхуй шөнийн дараа
Туяа татуулсаар наран ургана аа
Түмэн учиг мянган хэрээсний
Төвөгтэй эрчлээг итгэлээр тайлна аа
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Бороотой болзоо
Оруулсан admin on 2013-10-01 15:28:31 (3981 уншсан)

Бодол төрүүлсэн бороотой өдөр
Болзоонд хэрвээ уригдвал
Харин чи шүхэргүй ирээрэй
Халхлах баггүй, элдэв чимэггүй
Харцандаа гуниггүй, цаанаа нууцгүй
Хайраас өөр бэлэггүй ирээрэй
Нүүрэндээ би энгэсэг будаггүй
Нөмөрлөх цувгүй, усны гуталгүй
Болор дуслаар сормуусаа чимсэн
Бурхны гүнж л чам руу очно
Тэнгэр уйлуулж жигүүртэн буцахад
Тийм ээ, бодол үгүй, хүсэл үгүй
Тогтоол усанд толь шиг харагдах
Тогоруун цувааг үдэхээр хөл нүцгэн
Тоосгүй, гуниггүй тунгалаг болзоонд
Тод нэвт чамайг танихаар очно
Харин чи шүхэргүй ирээрэй
Халхлах баггүй, цаанаа нууцгүй шүү
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Урт намар, бас...
Оруулсан admin on 2013-10-01 15:28:28 (3673 уншсан)

Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирдэг
Угтаа бол тэгтлээ тэсгэл алдан яарах хэрэггүй юм
Охь номин тэнгэрийн гүн хязгаарын тэртээд
Орь залуу сэтгэлтэн л жигүүртэн шиг тэмүүлдэг юм
Одоо бороотой зэрэгцэж уйлах хэрэггүй ээ
Орчлон өөрөө хэнэггүйхэн, ороож чимсэн хээгүй юм
Далайхад дальдрахаар туниагүй нэгэн ч бай
Нудрахад гудайхгүй хүч нуугдаж байдаг юм, сэтгэлд нь
Хэлэх нэг нь хэлж, хэмлэх зарим нь мэрж л байг
Хорвоо юм чинь, яадаг юм
Хэзээ ч унаж мэдэх төсөөлөхийн аргагүй ертөнцөд
Хэзээ ч учирч болох хэлэхийн эрхгүй төгсгөлд
Урьдаас төлөвлөж санаа зовнихын учиг юусан
Учиргүй шаналж, дэрс шиг найгахын хэрэг юун
Уужуу амьсгалж, дуу аяланхан гэрэлт наранд уус
Урт намар, бас дараагийн хавар аяндаа ирнэ ээ
Э. Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Өөрийгөө сонс
Оруулсан admin on 2013-10-01 15:27:38 (3834 уншсан)

Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж
Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ
Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ
Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс
Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг
Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ
Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй
Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй
Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла
Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ
Хүссэн хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна
Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү
Э.Үржинханд
2013.09.16
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Цайрах алсаас
Оруулсан admin on 2013-10-01 15:25:13 (3482 уншсан)
Цавчим өндөрлөгөөс жигүүртэн адил дүүлж
Чамдаа хүрэхийн хүслэн байвч үл зориглоном
Үл зориглохын учир өрөөл нэгний зарлигаар бус
Өөрийн минь эрхэмлэдэг үнэ цэнэтэй оршихуй юм
Цавчим оргилоос цутгалах хүрхрээ шиг цалгилж
Чамдаа очихын тэмүүлэл байвч үл зүрхлэнэм
Үл зүрхлэхийн шалтгаан аюуж эмээснийх бус
Өр сэтгэлийн гүнээс халдаж чадамгүй хүндлэл юм
Цайрах алсаас үүлс адил цэнхэрлэн хөвөрч
Чамдаа эрхлэхийн догдлол байвч үл нүүдэллэнэ
Үл нүүхийн учир үзэхийн тэртээд бүдгэрснийх бус
Үнэн зүрхний угаас нандигнадаг хайр минь юм
Э.Үржинханд
2013.06.24
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд
Оруулсан admin on 2013-10-01 15:16:57 (3596 уншсан)

Тийм ээ, ганц бие бүсгүйчүүд даанч олон боллоо
Тэвэр нь дулаан, сэтгэл нь халуун ч гэлээ
Тээглэх нулимсаа хоолойдоо зангидаж
Тэнгэрлэг хосын хорвоод ганцаараа дуулж
Жаргалтай дүр эсгэн, сэтгэлийн тэнхээгээ чангалж
Жавар татуулсан үдшээр өөртөө цэцэг бэлэглэх шахаж
Жам юм шиг үүндээ итгэх дөхөж
Үртэй нь өрх толгойлж, өвөртөө хайраа хадгалж
Улам ч хөгжих хөгжлийн өндөрлөгт эринд
Уртаар шүүрс алдаж, үсээ илбэх бүсгүйчүүд
Уйтгарт гудамжаар нэг нэгээрээ нэмэгдсээр
Тэгэхдээ, тэр бүсгүйчүүд сайхан сэтгэлтэй
Сар шиг үзэсгэлэнтэй, эрдэм чадалтай
Өнгө жавхаатай, өөртөө итгэлтэй гэвч
Үүрсэн ачаа нь ил харагдахгүй
Өр сэтгэлдээ нууцлаг гэрэлтэй
Өөдөө тэмүүлэх гал шиг илчтэй
Үерлэх бэрхийг сэлүүрдэх зоригтой
Өргөн Лусын дагинас юм, тэд
Өрөвдөх хэрэггүй, хайрлах л хэрэгтэй
Усан дотроос өндийх лянхуа цэцэгс юмаа, тэд
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Эр хүн танд
Оруулсан admin on 2013-03-18 17:35:09 (3337 уншсан)
Зовлон бэрхийг сөрөх чадалт эрэмгий бадрангуй
Эр хүнийг хайрлана
Золбоо хийморийн наран, дотроосоо гал дөлтэй
Эр хүнийг хайрлана
Зориг тэвчээрийн гайхамшиг цаанаа л түшигтэй
Эр хүнийг хайрлана
Зүрх сэтгэлдээ хайраар дүүрэн илч гэрэлтэй
Эр хүнийг хайрлана
Зүйрлэшгүй уужуу ухаант цаанаа л нигүүлсэнгүй
Эр хүнийг хайрлана
Зүгээр л дэргэд нь байхад өөрийн эрхгүй тайтгарам
Эр хүнийг хайрлана
Бүсгүй ялдам цэцгийн дэлгэрэх хийгээд хагдрах нь
Эр хүн таны л мэдэлд байдаг
Бүтэн заяа, тэгш амьдралын ноён нуруу нь
Эр хүний таны л хайранд багтдаг аа
Э.Үржинханд
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
Шүлэг: Э.Үржинханд : Ижий шувуу
Оруулсан admin on 2013-03-05 16:46:39 (3143 уншсан)
Дуулаад жиргэхдээ алсыг зорьдог нь үр шувуу
Уйлаад ирэхэд угтаад л тосдог нь эх шувуу
Дутуугаа мэдэхээр үүрэндээ тэмүүлдэг нь үр шувуу
Уяхан нулимстай тэврээд л авдаг нь ижий шувуу
2013.02.28
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Үржинханд Э )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 160 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Баасан, 2014.10.24 | · | Э.Үржинханд : Навчисын унах чимээ |
· | Б.Үржинханд : Нэг сайхан ярилцахсан |
Лхагва, 2014.04.09 | · | Э.Үржинханд : Эмзэглэхгүй |
Бямба, 2014.03.08 | · | Э.Үржинханд : Хонгорхон бүсгүйчүүд та нар минь |
Пүрэв, 2014.03.06 | · | Э.Үржинханд : ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ яруу найргийн цомог |
Мягмар, 2013.10.01 | · | Э.Үржинханд : Ээждээ дэндүү хайртай |
· | Э.Үржинханд : Усан сэтгэлтэн биш ээ |
· | Э.Үржинханд : Урт намар, бас... |
· | Э.Үржинханд : Аадрын дараах |
· | Э.Үржинханд : Бороотой болзоо |
· | Э.Үржинханд : Өөрийгөө сонс |
· | Э.Үржинханд : Цайрах алсаас |
· | Э.Үржинханд : Дан ганцаараа буй дайчин эмэгтэйчүүдэд |
Мягмар, 2013.05.28 | · | Э.Үржинханд : Хайр |
· | Э.Үржинханд : Үерлэж дуусдаггүй мөрөн сэтгэл |
Даваа, 2013.03.18 | · | Э.Үржинханд : Эр хүн танд |
Мягмар, 2013.03.05 | · | Э.Үржинханд : Нарнаас тод наран |
· | Э.Үржинханд : Ижий шувуу |
Бямба, 2013.02.23 | · | ШУВУУТАЙ ЦҮНХ өгүүллэгийн түүврийн Гурав дахь удаагийн хэвлэл гарлаа |
· | Э.Үржинханд : Дэлхий шүүрс алдахын зуураа |
Даваа, 2013.02.18 | · | Э.Үржинханд : Эрдэнийн чулуун бөгж /Өгүүллэг/ |
Пүрэв, 2013.02.14 | · | Э.Үржинханд : Хайрын тухай цээлхэн дуугаар |
Лхагва, 2013.02.13 | · | Э.Үржинханд : Энэхэн зуур |
· | Э.Үржинханд : Дэлгэр уудам Монголын минь... |
Бямба, 2013.02.09 | · | Э.Үржинханд : Бурхан харж байгаа |
· | Э.Үржинханд : Хэзээ ч битгий мартаарай |
· | Э.Үржинханд :Алсын гэрлийн хэлтэрхий |
· | Э.Үржинханд : Хором бүхэн анхны цасхан |
· | Э.Үржинханд : Байгал |
· | Э.Үржинханд : Өөрийн эрхгүй хайрламаар |
· | Э.Үржинханд : Итгэдэг |
· | Э.Үржинханд : Гэгээ |
Лхагва, 2013.01.23 | · | Э.Үржинханд: Үүлс хөврөн |
Мягмар, 2013.01.01 | · | Э.Үржинханд : Нялх танхилхан цасан дунд |
Лхагва, 2012.12.26 | · | Э.Үржинханд : Нууцхан гэгээ /Өгүүллэг/ |
· | Э.Үржинханд : Эхлэл шиг дурлал руу |
· | Э.Үржинханд : Ухаарал /Өгүүллэг/ |
· | Э.Үржинханд : Зүрхний минь эрх чөлөө |
· | Э.Үржинханд : Айхтар жаалууд /Өгүүллэг/ |
Мягмар, 2012.11.13 | · | Э.Үржинханд : Амсхийх зуур |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|