BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Чулуунцэцэг Батмөнх

Батмөнх Чулуунцэцэг

Нийт 20 нийтлэл
Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Урт намар
Оруулсан Bataka on 2026-09-30 10:18:22 (13135 уншсан)

…Аав минь
Алтанширээ явсан урт намар
Ээж бидэн хоёр гэртээ
Эрхи эргүүлж хүлээдэгсэн

Айлчин хэзээ ирэхийг нь сураглана
Адуу нь ардаг тарган ч хангинан үүрсэнэ
Ээж минь битүүхэндээ явуулын хүнээс сураг хүлээнэ
Ээжээсээ нууж  би уулсын хөтөл ширтэнэ



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Эргэж төрдөг орчлон
Оруулсан Bataka on 2008-06-23 10:42:01 (10752 уншсан)

                Өвөө Б.Ухнын дурсгалд      
Зөв л амьдрахгүй бол горьгүй дээ
Зүүдэнд аав минь уйлах байх
Зүсрээд ордог борооноос ч илүү
Зүрх сэтгэлийг минь норгох байх

Хацрыг минь үнэрлэчихээд одсноос чинь хойш
Хорин жил хайлаа, зон олны дундаас
Өчигдөр, өнөөдрийг заагласан хоёр өөр ертөнцөд
Өсөж, үгүйрч хорин жил тусдаа байлаа

Даахь минь ижийн сүүтэй байхад та явсан
Даль жигүүр шиг жаахан гараараа даллаж таныг үдсэн
Өөрөөсөө өөр ертөнцийг ухаараагүй байхад та явсан
Өлгийн гурван бүсний уяагаа тайлж  таныг үдсэн


( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Ижий урласан дэлхий
Оруулсан Bataka on 2008-06-23 10:37:17 (10650 уншсан)


Өлөгчин гийнана
Ингэ гунганана
Ижий өмөлзөнө
    Энэ ертөнцийн ижий бүхэн
    Элгээ эмтэлж урласан
    Эх цэнхэр дэлхийг
        Өөрөөсөө амь тасалж
        Үндэс зулж үргэлжлүүлсэн
        Өөрөөсөө өөр нутаггүй
        Өнчин цэнхэр дэлхийг

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Миний аав
Оруулсан Bataka on 2008-06-23 10:35:38 (12251 уншсан)


Тэнгэр нурмаар дориун
Тавхан үг хэлэх
Тэгсэн атлаа дотогшоо уйлж суух
Миний аав

Сэрдхийн дальдарч цочмоор
Нэг л харах
Гэсэн ч дотроо нурж  өтлөх
Миний аав

Халамцуухан нулимс унагах
Хайр нь урсаж илрэх
Хачин уяхан хүн
Миний аав



( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Ээждээ
Оруулсан Bataka on 2008-05-19 21:40:51 (13393 уншсан)

Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй

( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Залбирал
Оруулсан Bataka on 2008-05-19 21:37:54 (8900 уншсан)


Өглөө залбирна
Үдэш залбирна
Сүү өргөж залбирна
Сүлдэндээ шившиж  залбирна
Сүмд очиж залбирна
Сунаж мөргөж залбирна
Тэнгэрт даатгаж залбирна
Газарт сөгдөж  залбирна
Их залбирал, гуйлга мөргөлд нь
Ижий аав минь багтана
Өвөр дээр нь дэрвэж өссөн
Өөрийнх нь хэдэн ач багтана
Эрлийн хүн  эрэлтэйгээ
Эрхинийх нь бөөрөнд багтана
Эргэх дэлхий тэр чигээрээ
Эмээгийн залбиралд багтана
Өглөө залбирна
Үдэш залбирна
Түмэнтээ залбирсан эмээг минь л
Төрийн сүлд өршөөг

            2006.08.07

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Гурван бурхан
Оруулсан Bataka on 2008-05-19 21:35:50 (9986 уншсан)


Гараг ертөнцийн нэгэн зайд
Гар гараасаа хөтлөлцөн
Гайхамшигт нэгэн дууг дуулсан
Гурван бяцхан дүү минь

Хормын төдийд холдохдоо
Хоёр биенээ эрж хайдаг
Хонгор сэвлэг нялхаараа
Хоёр эрэгтэй дүү минь

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Уужим яваарай
Оруулсан Bataka on 2008-05-19 21:34:31 (10348 уншсан)

                    Дүү Б.Ариунболддоо
Эр хонгор нулимс чинь
Ижийн минь сүү шиг ивэлж байсан гэх юм
Энэ амьдралын юунд тэгтлээ гомдож
Юуны учир энэлэв, хүү минь

Сайхан хорвоо намуухан байхад
Сархадын аагинд халамцан хайлж суусан гэх юм
Санаснаар болдоггүй заяаны хаана нь тэгтлээ гомдож
Юуны учир хайлав, хүү минь

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Дүү минь
Оруулсан Bataka on 2008-05-19 21:14:28 (31641 уншсан)


    l
Дэргэд унтах дүү минь
Дэндүү амгалан нойрсох юм
Ийм хөөрхөн амьтныг бурхан надад өгсийм чинь
Эвий нь байлгүй яах юм бэ, би дүүгийнхээ
Нүд, шүд бас хөмсөг сормуус нь
Эгээ л би өөрийгөө харж байгаа юм шиг
Ийм адилхан төрүүлсэн  ижийтэй болохоор
Эгч нь байлгүй яах юм бэ, би дүүгийнхээ

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Аргадаж зэмлэдэг орчлонд
Оруулсан Bataka on 2008-05-19 21:13:28 (9105 уншсан)


Аавынхаа хайранд ханатлаа эрхэлснийх
Хазгай тавиланд сөгдөхгүй эр болсон би
Аргалын хөх илчинд дулаацсных
Асаж бадамласан хийморьтой бардам болсон би

Ээжийнхээ сүүнд халгиж тарвалзсаных
Инээд цалгисан сэтгэлтэй эр болсон би
Эвийн учралтай тоонотод мэндэлснийх
Уянга цалгисан хүсэлтэй дуучин болсон би

Элгэн уулсынхаа энгэрт өссөнийх
Хайр нуугисан нөмөртэй эр болсон би
Ижий нуурынхаа давалгааг таньсных
Ивэлж урссан ухаантай уяхан болсон би

                2003

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Буйлаан
Оруулсан Bataka on 2008-05-19 21:07:36 (10456 уншсан)


                    Ая. СТА Т.Сэр-Од   
Хэвлүү борхон ботго
Тэшин жонжин эрхлэнхэн эрхлэнхэн
Буйлна даа
Хөх усан говийг
Дайвалзтал ижий нь харамлан харамлан
Гунганана даа
    Хэлхсэн сувд тасарч унах шиг
    Толгодын хэцэд ингэ буйлна
    Шүр сүвлэж уянга хэлхэх шиг
    Торомгорхон ботго энэлэнхэн гунганана даа

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Үр минь хүү минь
Оруулсан Bataka on 2008-05-14 22:53:25 (16275 уншсан)

     Ая. Н.Баасандорж   
Алган дээр минь жаргал асгаруулж
Аавдаа хүү минь ирсэн
Алиа хонгор дуунд чинь баясан
Амин зүрхэндээ галтай болсон
    Ангаахай үр минь
    Өвөр дээр минь дэрвэсэн
    Бурхан минь, хүү минь
Энгэр дээр минь жаргал асгаруулж
Ээждээ хүү минь ирсэн
Сэвлэгний чинь нялх хонгор үнэр
Сэтгэлийн минь нар болсон

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Чамайгаа санаад…
Оруулсан Bataka on 2008-05-14 22:41:06 (9823 уншсан)

                        Ая. Б.Бямбачулуун

Зэврүүн намрын салхи нь
Зэрвэс сэрвэсхэн сэрвэлзлээ дээ
Жиндүү гундуу сэтгэл минь
Чамайгаа санаад аа
    Чи минь намайгаа санаа юу
    Салхи нь хүртэл зэврүүхэн дээ
Моддын шаргал навчис нь
Мөчиртөө зүүгдсээр тасарлаа даа
Мөрөөдөн хүсэх сэтгэл минь
Чамайгаа санаад аа
    Чи минь намайгаа санаа юу
    Салхи нь хүртэл зэврүүхэн дээ
Хөлчүү намрын аялгуу нь
Хөлөрч сульдаад эгшиглэлээ дээ
Хөөрөн догдлох сэтгэл минь
Чамайгаа санаад аа
    Чи минь намайгаа санаа юу
    Салхи нь хүртэл зэврүүхэн дээ               
2003.08

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Хайрлахгүй байхын аргагүй амраг
Оруулсан Bataka on 2008-05-14 22:40:06 (9505 уншсан)

                                Ая. Л.Амармэнд
Ханилахгүй л байж яах гэж учрав даа
Хадтай, сондуултай орчлонд бүдрэхгүй байхын аргагүй
Хархан нүдний минь сормуусанд нулимс шүүдэрлээд л
Хайрлахгүй байхын аргагүй хонгор доо

Дурсахгүй байж амьдрахын учиргүй
Дуутай, нулимстай орчлонд тунихгүй байхын аргагүй
Дутуу орхисон тавилангийн хөлд сөхөрч хүлээсээр
Дурлахгүй байхын аргагүй амраг даа

Эрхлэхгүй байж яах гэж учрав даа
Эгэлтэй, боргилтой орчлонд санахгүй байхын аргагүй
Эрхгүй задалсан сэтгэлээ нууцхан сэмэлсээр л
Эвлэрэхгүй байхын аргагүй тавилан даа

                            2003.08.03

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Идэр нас
Оруулсан Bataka on 2008-05-14 22:38:49 (9840 уншсан)


Алтан нарны сормуусыг цагийн зүү гэж мэдэлгүй
Амраг залуу насныхаа энгэрт товчилж явна уу даа
Аавын минь нөмөрт дэлхий эргэдгийг ухаарч
Алтан хүрдтэй бөмбөрцгийн нөмөр нь болж тухалъя даа

Одтой залуу насныхаа бяр чадалд эрдэж
Орчлонд ганцхан ээжийнхээ сэтгэлийг чилээж явна уу даа
Одоо л би   чинь наран болон гийгүүлж
Оюут гэгээн насандаа ухаанаар тэтгэж жаргаая даа

Дэврүүн залуу насныхаа ааг омгонд согтож
Дэндүү хайртай чинийхээ нулимсыг арчилгүй явна уу даа
Дэргэд чинь би эр хүн болон ухаажиж
Дэрвэж амжаагүй насныхаа сайхнаар гоёж амьдрая даа

                2006.03

( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Хайр л байдаг шүү
Оруулсан Bataka on 2008-05-14 22:37:55 (8839 уншсан)


Санан тэмүүлээд очмоор
Сайхан хайр байх юм
Сар жилийн уртад
Санах ч эрхгүй тавилан байх юм
Уулзаж учрахыг хүссэн
Уйтайхан үдэш байх юм
Учрал хагацлын замгүй
Уйлах ч эрхгүй тавилан байх юм
    Дурсаад дандаа дуулмаар
    Дуулаад дандаа уйлмаар
    Сэтгэлийн эрх нь богинохон
    Сэрж мартаж боломгүй хайр байх юм
                    2005.10

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Хайр л байдаг шүү
Оруулсан Bataka on 2008-05-14 22:35:00 (8632 уншсан)

                        Ая. Б.Бямбачулуун
Итгэж л явсан он жилүүд
Ирэхгүй дээ, ирэхгүй
Ихэмсэг бардам зангий минь
Омогшил хаашаа одоо вэ
Эндүүрч л явсан он жилүүд
Эргэхгүй дээ, эргэхгүй
Энхрийхэн танхил аашны минь
Инээд нь хаашаа одоо вэ
    Үнэрхэж тунирхсан давилуун ааш минь чамайг
    Үзэн ядах минь ч хайр л байдаг шүү
Буцаж л яваа шувууд шиг
Гуниг тээсэн сэтгэл минь
Ирж л яваа шувууд шиг
Инээдээ бас гээхгүй ээ
    Үнэрхэж тунирхсан давилуун ааш минь чамайг
    Үзэн ядах минь ч хайр л байдаг шүү
        
                        2003

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Жаргалтай
Оруулсан Bataka on 2008-05-14 22:33:47 (8797 уншсан)

                    Ая. Т.Сэр-Од
Хэзээ ирэхийг чинь мэдэхгүй ч
Хүлээж байхдаа би жаргалтай
Өнгөрч одсон цаг хугацааг
Өөрт чинь зориулсан болохоор жаргалтай
    Зөндөө их санадаг болохоор
     Зүрх минь дандаа жаргалтай
Зөвхөн чамайг л зүүдэлдэг болохоор
    Зүүд минь үргэлж дандаа жаргалтай
Чиний сайханд уяатай өнжиж
Чамд зориулан дуулсандаа жаргалтай
Чимээ аниргүйхэн сэтгэлд минь
Чи л байдаг болохоор жаргалтай
Бие биедээ тэмүүлсэн
Сэтгэлтэй болохоороо жаргалтай
Бидэн хоёрыг учруулсан
Бурхантай болохоороо жаргалтай



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Хоёр нуур
Оруулсан Bataka on 2008-05-13 10:27:16 (8615 уншсан)


            Алтан овоог нар зөв тойрч
            Зэгст, Дагшин хэмээх хоёр
            нуурын хөвөөнд үдлэхдээ…
Хоёр нуурын залгаа
Дуулж уулзах юм
Хоёр нуурын халгиа
Уйлж салах юм
Хувь заяаг нь зааглан ургасан
Хулс зэгс нь өмөлзөн өмөлзөн найгах юм
Хумхын тоос шиг нарийхан жимийг
Хун цэн нь ганганан ганганан гатлах юм
Дөлгөөн мяралз юу гэнэ
Дөрвөн цагийг өртөөлж халги юу гэнэ
Санан санан тэмүүл юү гэнэ
Сар нарыг бүүвэйлж насла юу гэнэ
Хоёр нуурын залгаа
Дуулж уулзах юм
Хоёр нуурын халгиа
Уйлж салах юм

2003.08    Батмөнхийн ЧУЛУУНЦЭЦЭГ



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

Чулуунцэцэг Батмөнх Шүлэг: Б.Чулуунцэцэг : Омгорхол
Оруулсан Bataka on 2008-05-13 10:25:26 (9164 уншсан)

Ангал хангал хүлгийнхээ зоонд тогтож ядсан
Арван долоотой хөвгүүд найр хэсэж явна
Айлын хөөрхөн охидыг харцаараа хоргоож ичээсэн
Амраг жаахан зүрхэнд нь дурлал шигдээд амжжээ

Цэргийн зар ч аваагүй танхилхан залуус хойно
Цэнгэх жаргалд ташуурч омголон байхаас яахав
Андуу ташуу явсныг нь буруутгаж зэмлээд хэрэггүй
Алаг тарлан амьдралаас аяндаа тэд ухаарна аа

Хангал морьдын ганган хатираа хуримт дэнжийг чиглэлээ
Халмаг залуусын омгорхол найр л хэсдэг нас даа
Ирэх, ирэх жилүүдийн билэгт арван долоонд
Илчит галаа асааж  айл л болно доо, тэд

2002   Батмөнхийн ЧУЛУУНЦЭЦЭГ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Чулуунцэцэг Батмөнх | )

☕ Кофе авч өгөх