Гуйлт нь ирээгүй бэр гунигладаг юм орчлонд
Гундуухан сэтгэлийн гүндээ хөндүүрлэн мэгшдэг юм Ёс мэдэхгүй нэгэн ч ёолдог юм зүрхэндээ Ёроолгүй нэгэн гунигт автдаг юм үе үе Чив чимээгүй байсан ч чинэрдэг юм сэтгэл нь Чимхэж цохиж өвтгөөгүй ч уйлдаг юм зүрхэндээ Эд ховор цаг биш ч эрхэмлэгдэг юм алдхан хадгийг Ээж аавдаа л үр нь байж дээ гэж энэлдэг юм даа битүүхэн Насан ахихын тоогоор замхардаг байлгүй дээ зайлуул
Найдаад ч нэмэргүйг ухаарсаар өтөлчихнө дөө удахгүй
I
Түлээчин өвгөн манайд ирнэ Чанамал, талхаар түүнийг дайлна Эвдэрсэн довжоогоо сэлбэсэн шигээ Төд дүгээр оны төдөнд амьдран сууна Үдэш Өрөөний голд бүжих лаа Өнөөдөр шүлэг бичих өдөр II Нохдоос өөр дуучгүй гудманд нь Намар арай өөр янзаар ирдэг хотод Найрагчид тэнд жижиг цөөрөм мөрөөдөж Нарс, царсгүй гудмаар алхаж байгаа Эмнэлэг бүрийн түргэний тэрэг шиг Ээж аавууд цэцэрлэг сургуульруу Тасарсан утастай хөггүй гитарын Шинэхэн утас олон байгаа ч Томоожиж амжаагүй хорин нас шигээ Тоож харалгүй оныг барсаар Арван тоотоосоо нүүмээргүй хавар минь Араас нь дуудаагүй даруухан тэр минь Эвхмэл ширээ, жижигхэн өрөө, оюутны амьдрал Эртний эд мэт хичнээн үнэтэй
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Хайртай бүхнээ хамаатан саднуудаа Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж...
Би хавар байсан бол...
Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж, Анхны бороогоо дээжлэнэ ээ.
Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.
Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч Түмэн жаргал мянган учралыг ивээгээд Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа Хэрвээ би хавар байсан бол...
1.НАМАР
Навчис хөглөрч Нар ээсэн Намрын нэгэн Налгар өдөр... Тоглоомын талбайд багачуууд шуугина Тоодгор жаахан охид хүүхэлдэйгээ бариад гүйнэ Томхон хэсэг жаалууд хичээлдээ яаран алхана Томоогүй дэрсгэн хөвгүүд гулсуур дамжин харайна Халамжтай сайхан эцгүүд хүүхдээ тэвэрч салхилуулна Харин зарим эхчүүд хүүхдээ зандраад дугтчина Настай буурал хөгшчүүл ам халан сууцгаана Наана нь нэгэн бүсгүй нохойгоо салхилуулж харагдана
Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахад Хамтдаа алхаж явсан гарынх нь атгалт сулрахад Өөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахад Өмнөх шигээ биш гунигтайхан чам руу ширтэхэд Эр хүн та юу боддог вэ? Ажил ажил гэж явахад тань ажлын хүндийг нугалаад Амьдрал амьдрал гэж явахад тань амьдралын хатууг зөөллөөд Бүхнийг амжуулж байна гэж бодож явахад чинь Асуудлуудтайгаа хамт чамайг үүрээд Буддаггүй сэтгэлээ чамд л зориулж яваа хайрт чинь Өчүүхэн ХАЛАМЖ л хүсдэг байлгүй дээ Орой ороход чинь таваг дүүрэн хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ? Орондоо ороход тэвэрт чинь хэн ч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ? Өглөө гарахад хувцас чинь цэвэрхэн биш бол ажил чинь хэр бүтдэг бэ? Өөрт чинь ханийн түшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирдэг вэ?
Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Хэрэг болоход чинь хажууд чинь байдаггүйд Утсаар ярихдаа хайртай гэдгээс өөр зүйл хэлдэггүйд Унтах болоход чинь үлгэр ярьж өгдөггүйд Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өндөр болохыг хүсэхэд чинь нуруун дээрээ өргөдөггүйд Өвдөхөд чинь эмнэлэг рүү тэвэрч гүйдэггүйд Айлын хүүхдүүд дээрэлхэхэд айлгах эцэг нь гэртээ байдаггүйд Ар тал гэдгийг мэдэхгүй өсөх хэцүү Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Буруу зүйл хийхдээ хацрын чинь хонхорхой хорсож байгаа Бусдын тоглоомыг булаахдаа буруу зөвөө ялгахгүй л байгаа Охидын гэзэгнээс зулгаахдаа бусдыг яаж хайрлах вэ гэдгийг сураагүй л байгаа Орондоо шээж сэрэхдээ аавыгаа санасаныг ойлгохгүй л байгаа Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Өвөрт чинь унтаагүй шөнө
Өдөн хөнжилд даарч хонолоо Цээж минь гараар чинь цангаж Чих минь амьсгалаар чинь ангаж хонолоо Хайрт минь Зүрхэн хэлбэртэй асдаг гэрэлт одод Зүсээн буруулаад байрлалаа өөрчилчихөж Намайг эзгүйд энгэрт чинь дулаацаж хоносон юм байлгүй Нүцгэн саран тэнгэрт алга Үргэлж бидэн хоёрын тэврэлтэнд атаархаж гунигладаг шөнийн харанхуй Өнөөдөр л ганцаардалд минь жаргаж анх удаа инээлээ Үсэнд чинь үүрээ зассан сэтгэлийн минь шувуухай Өөрөө өөрийгөө өрөвдөж хагацалын тухай үлгэр зохиож жиргэлээ
Чимээ үгүй, цохилох зүрх үгүй Өөрт минь байгаа бүхэн чамруу нисчихсэн Амьсгал үгүй Авсан дотор хадаатай юм шиг энэ Үхмэл цаг хугацаа Ахин надад ирэхээр бол
Миний ертөнцийн төгс төгөлдөр залуу минь чи
Мандах нар шиг зүрхэнд минь гийгээд удлаа Надад л зориулж урласан юм шиг ханхүү минь чамдаа Нандин сэтгэлийнхээ түлхүүрийг хулгайд алдаад удлаа Бодолдоо урласан цав цагаахан хуримын даашинзаа Босгоны чинь дэргэд өлгөж үлдээгээд удлаа Цонхны минь доор ирээд гэрлэх санал тавих байх гэж итгэж Цэл залуухан нас, ядам хуруу хоёр минь гундаж хүлээсээр удлаа Нисэх гэж тэмүүлсэн биед минь даль жигүүр ургуулсан чинийхээ Нэрийг чинь зүрхнээсээ уяад өндрөөс өндөрт дүүллээ
Гэрээсээ хол гадуур хоносон шөнө
Хүүгээрээ цангаж нойр хулжиж үүр цайлгана Гар нь цээжийг минь тэвэрч хоносон шөнө Хайр нөмөрч нарыг хүлээлгэж сэрнэ Холдохоор л санаж үгүйлэх юм Хүү минь ааваа санадаг уу Халуун ч гэсэн зун гараас чинь хөтлөхгүй л бол Хавирга нэвт салхилж сэтгэл жиндэнэ Жихүүн ч гэсэн өвлөөр алганаас чинь атгавал Жижигхэн зүрхэнд чинь дулаацаж жаргана Аав нь хүүгийнхээ хайранд халамцах юм Хүү минь аавынхаа нөмөрт дулаацдаг уу Орчлонд ганцаарханаа сажлахад Одод шоолж инээдэг байлаа Одоо чамтайгаа хамт байгаа болохоор Сарыг ганцаардуулж уйлуулна Аавдаа бол чи минь сахиус юм Хүүдээ аав нь хүсэл нь мөн үү Чамайг хайрлах зүрхний минь бичлэг долгионоо алдалгүй хөвсөлзөнө Цэх шулуун үргэлжилсэн зураас болоход би үгүйрнэ ээ хүү минь
Харанхуй утаатай хотын гудамжнаас хөгжлийн тухай бодол цухуйхгүй
Харц өндөр охидын хажуугаас ханийн тухай бодол төрөхгүй Өшигчиж гишгэгдсэн цэцэгсийн үндэснээс өндийж дэлбээлэхийн тухай бодол ургахгүй Үг сөрж, өтгөсийг зандчих багачуулаас өсөж дэвжихийн тухай бодол ундрахгүй Ядаж л нар мандаж байгаа нь яамай даа Ядаж л нас нэмж байгаа нь яамай даа Тачигнатал түгжсэн гэрийн хаалганаас талын монгол айлын тухай бодол сэрэхгүй Тасдаж тайрагдсан хожуулын булшнаас дахиж ургахын тухай бодол өндийхгүй Ухаан нь хэтийдсэн төрийн түшээдээс улсаа төвхнүүлэх тухай бодол цацрахгүй Ухаж сэндийцсэн уулын бэлээс урьдынх шиг дүнсийх бодол шатахгүй Ядаж л өдөр хоногууд үргэлжилж байгаа нь яамай даа Ядаж л үхэх өдөр минь ойртож байгаа нь яамай даа
Магтаал горилсон сэтгэл минь доромж сонсохын цагт
Мартахын мананг ярж, багшийн захиас ургаг. Цуурай хоосон тарнийн эгшиг болон дуурьсаг. Цуугиант орчлоос гэтлэхүйн дуудлага болон тодрог.
Жаргал хүссэн сэтгэл минь цөхрөл амсахын цагт Жамаараа яваа ертөнцийг хүлцэхийн амтанд уусаг. Өөрөөс илүү зовлонтыг өрөвдөхийн ухаан тэлэг. Үйлийн илбэт зүүднээс сэрэхийн шалтгаан болог.
Хонжоо эрсэн сэтгэл минь хохь үзэхийн цагт Хоногийн буудал шиг хорвоогоос хоосон явахаа санаг. Хотол оршихуйн далай дундрах цаггүй хойно Хонжих, алдах хоёр нь хуурмаг болохыг таниг.
Буян горилсон сэтгэл минь нүгэлд унахын цагт Буртаг дундаас ургах лянхын нууцыг тайлаг. Бурханы тунгалаг амьсгал буй ахуйд түгвээс Бузар, түйтгэр хоёр угаас үгүйг ойлгог.
Үүрд тэнгэрийг эзэгнэсэн мэт
Үүлэн будан минь битгий бардаарай. Үесийн салхинд сарнихаасаа өмнө Аргасан нүдийг амжиж чийглээрэй. Цалгин орчлонг цайрдсан мэт Цасан будраа минь битгий сэвээрэй. Цагийн наранд хайлахаасаа өмнө
Цагаахан өнгөө сэтгэлд юүлээрэй
...
Аньсган завсраас бүлээн гэгээ зүрхэнд юүлнэ.
Аниргүйн хэлнээс шүлэг орчуулахад үг дутна...
Зорих газаргүй хоосны агаарт
Зовлонгийн үр...жаргалын мөр үлдээхгүй Тунгалаг биес сүлэлдэн ниссээр Зуун галвын зүүд амарлихад Энд л зогсьё гэж хэлэх нэгэн эс үлдэх
Энэ бидний сүүлчийн төрөл
Нэгэн цагт намар дуусна гэж,
Нэгэн цагт нар хүртэл бөхнө гэж, Нэгэн цагт намайгаа та минь орхино гэж Нэгэн цагт андуухан бодож явжээ, би.
Санааны амьсгалд навчис алдуурсан хэвээр, Сансрын эс бүхэнд гэрэл хувилан бүжсээр Сая сая галвын шаргал ай дунд Сайхан мэлмий тань үргэлж ширтээстэй.
Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг
Гэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдаг Бурханыг тодруулахын тулд буг байдаг Буяныг тодруулахын тулд нүгэл байдаг Тийм болохоор бүгдэд талархъя
Цэцгийг мэдрүүлэхийн тулд өргөс байдаг Цэнгэлийг амтлуулахын тулд нулимс байдаг Сэрэхүйг тодруулахын тулд нойр байдаг Сэтгэлийг тодруулахын тулд нисваанис байдаг Тийм болохоор бүгдэд талархъя
Хаврыг авчрахын тулд намар байдаг Хайрыг сэнхрүүлэхийн тулд хал байдаг Нөмрийг мэдрүүлэхийн тулд жавар байдаг Амрыг амсуулахын тулд алжаас байдаг Тийм болохоор бүгдэд талархъя
Алсхан оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд,
Анир гүмийн аялгуу зүрхэнд дуурьсахыг сонсоод, Аяс аясын салхинд чинь ариусч л явъя, хорвоо минь. Цэн цэнгийн бороонд чинь цэлмэж явъя, тэнгэр минь.
Чин хайрын сэтгэлд алслал байдаггүйг мэдрээд, Зөн сэрэхүйн амьдралд төгсгөл байдаггүйг ойлгоод, Жам жамын урсгалд чинь уясч л явъя, хорвоо минь. Өнгө өнгийн учралд чинь дэлгэрч явъя, заяа минь.
Өргөс харгана дотроо жимс нь нуугдахыг таниад, Үржин хандын орныг холоос хайлтгүйг ойлгоод, Өдөр өдрийн наранд чинь гийж л явъя, хорвоо минь. Үдэш үдшийн намуунд чинь тайтгарч жаргая, тэнгэр минь.
Шинийн нэгний өглөө хавар ирдэг....
Хөлчүү намрын агсамнал, хөнөгтэй айрганд далбилзаж Хөх дуртадмал салхи сэвэлзэсхийн үлээхэд Хавар ирчихсэн байдаг. Шижир нарны цацраг зэрэглээ гижигдэн сэрээх Шинийн нэгний өглөө Хавар ирчихсэн байдаг Нандин бэлэг өвөртлөж, золгуут хийх айлчин Намба төгөлдөр өвгөддөө хацар дэвсэн үнсүүлэхэд Хавар ирчихсэн байдаг Наадам зүүдэлсэн морьд уяан дээр үүрсэлдэж Нас буян хуршмал ерөөлийн хадаг дэлгэхэд
Би тэнд очмоор байна
Бодол минь цагаан өнгөтэй
Зүлэг нь ногоон өнгөтэй
Бороо нь солонгын өнгөтэй
Би балчирхан гэнэн
Бусад хүмүүс ч амар тайван
Тэнгэр хөв хөх
Үүлс цав цагаан
Тээр тэндэх уул цэнхэр
Тэрний наадах горхи тунгалаг
Худаг руу шидсэн
хуучин модон ховоо шиг би чам руу унана.
Хүч хүрэлгүй алдсан ховоо дүүрэн ус шиг чи надаас асгарна.
Аян замын улс цангаагаа тайлдаг ХУДАГ юм, ЧИ!
Асгарыг чинь түшин харангадаж үхсэн ГУЙЛГАЧИН юм,
БИ!
Хараацай 2015
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-211.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4366
orkh-012.JPG Хэмжээс: 600x800 223k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4631
YolHad_12.JPG Хэмжээс: 700x525 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3902
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: