BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Шүлэг 		 Шүлэг: Арима : Моддын тухай шүлэг
Оруулсан admin Огноо: 2008-12-01 02:40:44 (8043 уншсан)


1.
Даарсан модод нүцгэн мөчрөөрөө үүлсийг баллуурдаж...
Даруй зуун өвлийг тэнд ингэж угтсан
Цэнхэр өнгөнд дуртай жаахан охиныг тэд л
Цэл залуу навчсын ногоон өнгөнд дурлуулсан.
Намраар гэнгэнэх, навчсаа сул асгах хүлцэнгүй
Хавраар тэргүүнээ өргөж, хатсан навчсаа мартах бардамхан
Хачин араншинт энэ модод л надад гунигийг бэлэглэсэн
Хайрласны дараа нулимс ирдгийг бас мэдүүлсэн.
Өглөө бүр би өөрийн эрхгүй цонхоор ширтэж
Өөнтөгч моддын мөчрөөсөө гээсэн навчсыг өрөвддөг
Үдэш бүр би нүцгэн мөчрийг нь түшèж хэсэг зуур зогсоод
Өөр хэн ч сонсож чадахгүй ганцхан дууг тэдэнд аялдаг.
Мод бидэн чимээгүй маргалдаж, бас эвлэрч,
Мод бидэн чимээгүй уйлж, бас инээж...
Араншингаа над руу юүлэх тэдний нүцгэн мөчрийг энхрийлэхдээ
Амь бие, зүрхний халуунаа би тэдэн рүү бас юүлдэг.
Хамгаас дотно ч хамгаас үзэн ядах...
Хамгаас хайрлавч хамгаас тэвчин ядах...
Хачин юм шүү, гэвч тэд л намайг ойлгодог нь
Хамгаас, бүр хамгаас гунигтай энэ модод шүү!.. 2.
Моддын тухай, шар навчсынх нь тухай
Мөчрийнх нь тухай, мөчир дээрх болжморын тухай
Гунигийнх нь тухай, намраар уйлдаг тухай нь
Гудамжинд зогсоод гав ганцаараа дуулдгийнх нь тухай
Мөч хором бүрт, алхалт, зогсолт бүртээ
Мөн ч их дууллаа, би
Моддын тухай бодлууд минь ногоон, шар, улаан өнгөтэй
Мойног эмгэний гар шиг эвлэж өгдөггүй ээдрээтэй
Намар шиг, хавар шиг, учир нь олддоггүй
Надад яагаад моддын тухай л бодогдоод байдгийг мэддэггүй.
Ширтлээ, нүдээ анилаа, ахиад л нээлээ
Шинэ өглөөг моддын тухай бодлоор эхлэх...
Алхлаа, зогслоо, дахиад л алхлаа
Арав, хорь, тэгээд хязгааргүй...
Нүдээ аних... нээх... ахиад л ширтэх...
Шөнийн тагтнаас моддын нүцгэн оройг ажих...
Алгаа дэлгэх... гараа сунгах... тэгээд нүдээ аних...
Алгуурхнаар унах намайг модод тосч байна гэж зүүдлэх...
Ай, яасан зөөлөн!..



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Шүлэг | Шинэчилсэн огноо: 2026-09-30 10:40:39 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2009-11-10 Дэлгэрмаагийн "А тэмдэглэл" гэдэг номын шүлэг