Тэр өдрийн өглөө сонины эрхлэгч маань намайг дуудаж, хотын захад орших нэгэн сургуулийн тухай сурвалжлага хийх үүрэг өглөө. Гадны нэгэн буяны байгууллагынханы хандив хөрөнгөөр боссон, гэр хорооллын ядуувтархан иргэдийн хүүхдүүд сурдаг тэр сургуулийг хүмүүс жирийн нэг сургууль биш, харийн шашны харгис сургаал номлодог газар гэлцдэг болохоор эрхлэгчийн даалгавар тийм ч таатай санагдсангүй. Гэнэтхэн таагүй даалгавар авснаас ч болсон уу зүрх уруу зүүгээр шивэх мэт ёгхийгээд явчихад өөрийн эрхгүй суун тусч дуу алдлаа. Гэвч “сонины маргаашийн дугаарт нийтлэнэ, яаралтай бичиж ир” гэсэн зарлиг өгчихөөд,” Яв.Гүйцээ. Өөр юмгүй” гэсэн мэт доош тонгойн нэгийг уншиж суусан эрхлэгч миний энэ байдлыг анзаарсангүй. Урьд өдөр нь албандаа яарч явсан төр нийгмийн томоохон зүтгэлтэний суусан автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, улс төрч газар дээрээ амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан юм. Намайг, тэрхүү золгүй явдлыг сурвалжлахаар хэргийн газар дээр очиход машины цонхоор улс төрчийн хагарсан тархи цухуйж, цонхны шил хоолойг нь тас хэрчсэн эвгүй дүр зураг угтсан юм. Түүнээс хойш зүрх хагарах гэж буй мэт цовхчин, унтах гээд нүднээ анихад нөгөө эвгүй дүр зураг үзэгдээд, яг л массажны аппаратан дээр хэвтсэн мэт бие салганан чичирсээр арайхийн шөнийг өнгөрөөж, өглөө эрхлэгчийг дуудахад эмнэлэгт очих чөлөө гуйхаар орсон нь энэ. Уг нь хэдийнээс л иймэрхүү зовиур эхэлсэн ч эмнэлэгт үзүүлж амжихгүй явсаар өдийг хүрч, өчигдрийн тэр нэг явдлын дараа бие ихэд эвгүйцэн “за маргааш л ёстой эмнэлэгт очьё” хэмээн бодож байсан билээ. Гэвч чөлөө гуйж ч амжилгүй шинэ даалгавар авч, ”чөлөөний тухай ам ангайх ч хэрэггүй” гэсэн хүрэл царайтай таарсан болохоор зүрхний хатгалтаа дахин нэг мэдэрч аваад гарлаа.
Сургуулийн захирал эмэгтэй намайг санаснаас уриалгахан угтаж, сургуулийнхаа бараг л өнцөг булан бүрээр өөрөө дагуулан явах зуур үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж байв. Анги танхимууд нь өндөр уужим таазтай хэрнээ цонх нь нэлээд жижиг нь сүмийн барилгыг санагдуулам, бас гадуураа өндөр хэрмэн хашаатай юм. Сургуулийг гадны нэг сайн санаат шашны байгууллагын хандиваар барьсан болохоор тэдний ачийг бодоод иймэрхүү загвар шингээсэн гэдгийг захирал дор нь надад ойлгуулав. Гэвч сургууль дотор явахад надад нэг л эвгүй хүйтэн сэтгэгдэл төрж, жихүүдэс хүрээд байв. Хүүхүүд нь хүртэл нэг л унж дорой, бүр амьгүй юм шиг хөдөлгөөнгүй сэтгэгдэл төрүүлэхэд би “Нүгэл байгаа даа. Амьтны нялх үрсийг үхсэн хатсан хүнтэй жиших гэж. Бие муу байгаагаас болоод эргэн тойрны юм бүхэн таагүй санагдах юм гээч” хэмээн өөрийгөө буруутган тайвшрах гэж оролдлоо. Яагаад ч юм тэнд удаан байж чадамгүй санагдан, ажлаа хам хумхан дуусгаад гэр уруугаа яарлаа. Урьд шөнө нь унтаагүй болохоор ч тэр үү жигтэйхэн ядарч, ганц хоёр цаг дугхийгээд авмаар. Тэртээ тэргүй өнөөдөр өөр ажилгүй хойно харьж жаахан унтаад энэ сурвалжлагаа бичээд өгчихье хэмээн бодсоор гэртээ хүрч, дэрэн дээр толгой тавьсан ч сурвалжлагаа юунаас эхлэх, хэрхэн бичих тухай бодсоор л хэвтлээ. Ингээд сургуулийн тухай, захирал, багш нар, хүүхдүүдийн царайг хүртэл эргэн санаж эхлэв. Хамгийн эхлээд захирлыг олоход тэр хурлын танхимд байсан юм.
...Яг л католик сүм шиг сонин өрөө вэ хэмээн би гайхан бодох зуур захирал над уруу дөхөн ирж мэндлээд, “одоо Ири багш бидэнд ном айлдана. Та сонирхохгүй юу” гэв. Ингэж хэлэхтэй зэрэгцэн гаднаас нөгөө л зомби мэт дуугаа хураасан амьгүй хүмүүс цувран орж ирсээр, тэнхим тэр чигээрээ дүүрэх нь тэр. Хаа нэгтээгээс жингэнэсэн дуу гарч, үл мэдэх хэлээр ямар нэгэн дуулал, эсвэл сургаал айлдаж эхэллээ. Анзаарвал, танхимд байгаа хүүхдүүд, бас тэднийг харгалзан зогсох багш нар бүгд гартаа ямар нэгэн цаас барьчихаад тэрхүү үл мэдэх аялгууг даган дуулах аж. Ойр зогсох нэгнийх нь цаасыг авч үзвэл монгол хэлээр бичсэн хэр нь би ойлгосонгүй. Учрыг лавлахаар захирлын зүг эргээд итгэл бишрэлээсээ өөр юуг ч үл анзаарах, хөдөлгөөнгүй, хүйтэн, амьгүй царайтай таарчихав. Би гайхан мэгдэж, бас тэр хэрээр нэг л эвгүй мэдрэмж төрөхөд захирлын хөдөлгөөнгүй харцны зүг дагуулж харвал урт хар үсээ сэгсийлгэсэн, нүд ам хоёроос бусад нүүрэн хэсэг нь битүү үсээр хучигдсан, хөл нүцгэн эр завилж суучихаад ямар нэгэн номлол айлдахыг үзээд.
-Хөөе энэ чинь миний явдаг бясалгалын шүтээн болсон Шри Шри багш л байна шүү дээ хэмээн бараг дуу алдлаа. Гэвч захирал надад Шри гээгүй Ири багш гэсэн шүү дээ хэмээн гайхан бодоод захирлын зүг харвал бас л нөгөө амьгүй хүйтэн царай. Эргэн тойрон амьгүй хүйтэн царайнууд, гагцхүү ам нь хөдлөн багшийн номлолыг даган баясах хэрнээ дуу нь эс сонстоно. Багш жингэнэсэн хахир дуугаар, үл мэдэгдэх хэлээр ямар нэгэн зүйл аялгуулан уншиж, тэрхүү ая хэмнэлийг дагах шиг зүрх минь тасалданги хэрнээ түргэн түргэн цохилж эхлэхүйд түрүүн төрсөн айдас түгшүүр улам ихсэж, би чангаар хашгиран, багшийн зүг гараа даллан дуудав. Хачирхалтай нь айдас түгшүүр намайг бүр туйлдуулсан бололтой, хоолойноос минь дуу гарсангүй. Яг л нөгөө амьгүйчүүд шиг дэмий л ам минь хөдлөнө. Зүрхний цохилт бүр ч түргэсэн тасалдаж, амьсгал минь давдчдаж эхлэв. Байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг хоёр хормын дараа би мууран унах нь гарцаагүй. Гэтэл танхим дахь хүмүүс бүгд амь орцгоон, шуугилдаж эхлэцгээлээ. Ири эсвэл Шри багш миний зүг гараараа заан -Чи яах гээв хэмээн асуулаа. Нөгөөх жингэнэсэн хахир дуу нь алга болж эрдүү баргил хоолой сонстох аж. -Багш аа, та чинь энэтхэг хүн биз дээ. Тэгээд яагаад Монголоор ярьж байгаа юм бэ. Бас сая дөнгөж та энэтхэгээр, тэгэхдээ жингэнэсэн нарийн дуугаар ном айлдаж байсан шүү дээ. Энд ер нь юу болоод байна аа. Яагаад энэ хүмүүс бүгд амьгүй байгаад амь оров, яагаад сая надаас дуу гарсангүй вэ хэмээн би түрүүний дуу сонстохгүй байснаа санан чангаар асуутал миний дуу танхим дүүрэн хашгиран сонстох нь тэр. Дуу минь дэндүү чанга байснаас ч болсон уу багш хилэгнэн уурлаж -Тэр үймүүлээд байгаа нөхрийг шийтгэ хэмээн зарлигдаваас Шрек хэмээх хүүхэлдэйн киноны мангасаас хоёр дахин том нүүртэй гадаад эр хажуунаас ургах мэт бий болж, намайг хоёр сугаар хавчин авлаа. Амьсгал бүр ч их давчдан, хариугүй тасрах нь ээ. Дэмий л захирлын зүг тусламж гуйн харвал захирлын нүүр ч бас мангасынхархуу төрхтэй болж, нүд нь дооглох мэт хачин гялалзаснаа” Энэ бол манай сургууль. Үхэгсэдийн сургууль. Саяын ном бол үхэгсэдэд зориулсан ном. Чиний сурвалжлага үхэгсэдийн тухай сурвалжлага боллоо. Бас үхэж буй сэтгүүлчийнх шүү. Хи хи” гээд шулмын инээдээр тас тас хөхөрлөө.
Бие хүйт оргиж , амьсгал улам ихээр давчдах нь нөгөөх гайхал улам чанга хавчсаар байгаа хэрэг. Би байдаг чадлаараа “Туслаарай. Амь авраарай” хэмээн хашгирлаа. Гэвч яг л ном уншиж байхад тохиолдсон шиг дуу минь гарсангүй. Хичнээн хашгираад ч нэмэргүй. Хөдлөе гэхнээ мангасын бахим том гар хааш нь ч эс хөдөлгөнө. Тэр намайг хавчиж байснаа гэнэт дээш шидлээ. Би харанхуйруу нисч эхлэв. Мангасын савраас салсан ч амьсгал минь сайжирсангүй, сургуулийн дээвэр тааз нэвтлэн харанхуй руу жингүйдэн нисэв. Нисч байгаад харвал гэрийн маань цонх онгорхой. Би орон дээрээ хоёр гараа элгэндээ зөрүүлж, арван хуруугаа алганд нь шигдтэл тас атган унтаж байх юм. Дэргэдэх ширээн дээр, дээр нь үзэг тавиастай, юу ч бичээгүй цагаан цаас, уншиж байгаад орхисон, гадна нүүрэндээ битүү сахал, урт хар үстэй хүний зураг бүхий ном харагдах агаад гаднаас эхнэр маань хүүгээ дагуулан орж ирээд унтаж байгаа миний зүг гайхан харж зогсоно. Би “надад туслаарай, амьсгал авч чадахгүй байна” хэмээн хичнээн хашгиравч дуу минь гарсангүй. Эхнэр минь гадуур хувцсаа тайлж өлгөөд унтаж буй миний зүг ирж явлаа.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-037.JPG Хэмжээс: 600x450 110k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4427
mongolia2007year-084.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4428
khuv5-039.JPG Хэмжээс: 600x800 206k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4333
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: