Би чамруу тэмүүлсээр л
Бие сэтгэлээрээ ууссаар
Яг л гол мөрөн адил урссаар …
Харин чи надаас холдсоор
Хоног өдөр өнгөрөх тусам он тоолол шиг одсоор
Яг л салхи адил
Чамруу би тэмүүлсээр л
Чанга тэврэхсэн гэж мөрөөдсөөр л
Саран адил чи тэртээ хол
Саваагүй дурлалыг минь шоолох адил.
Хайрын гуйлгачин.
Гуйлга гуйгаагүй ээ би чамаас
хайр л гуйсан
Гуйлгачин харсан мэт гайхаж
бүү хар
Эд баялаг өнгө мөнгө бус
Энэхэн биеийг чинь л хайрлах гэж
Чамд сөгдсөн
Эрхэмсэг нэгэн шүлэгчээ
Эмээх хэрэггүй би хайрын
гуйлгачин
Тоотой богинохон насандаа
хайранд умбах гэж
Тоостой шаргал орчлонд
хүнийг хайрлах гэж
Энэрэн нигүүлсэх сэтгэлийг
Энэ орчлонд түгээх гэж
Нэгэн биеэрээ хайр тээж ирсэн
Би хайрын элч
Би хайрын гуйлгачин
Бишүүрхэж бүү эмээ бүсгүй минь
Би чамайг хуурахгүй
Бие дүүрэн хайраа тал тал тийш нь
тараасаар
Бяцхан нэг хувийг нь чамд өгөх
гэсэн юм
Бас чамаас гуйх гэсэн юм
Б и хайрын гуйлгачин
Энэ орчлонд би хайр гуйж
орилсоор ирсэн юм.
Ижий минь анх хайрын бадарт минь
сүү дусаасан юм
Эмгэнэлтэй тавиланд яллуулж дүүргэж амжааггүй юм .
Эр хүн болтол харин аав минь энгүй хайраар ивээж өсгөсөн юм.
Тийм болохоор би хайрын элч
Хайрын гуйлгачин
Тэр тусмаа чамаас хайр гуйгч аа.
Хайр л намайг энэ орчлонд өдий хүртэл амьдруулсан юм
Хайр гуйсныхаа л хүчинд би
Хүн чанартайгаа яваа
Тийм болохоор би хайрын гуйлгачин
Тэгэхдээ бас хайр түгээгч ээ.
Анхны хайр
Эртэч сэргэлэн болжмор шиг
Эрэмгий цоглог насанд минь
Эр зүрхний тольтон дээр
Нүүдлийн шувуу шиг түр буучихаад
нисчихсэн
Үл мартагдах бүсгүй минь ээ
Эргэж ирээгүй алсрах он жилүүдийн
алсад
Эр хүн би чамаар л дутаж явлаа
Бодол сэтгэлд минь үлдсэн
Богинохон дурсамжуудаар сэтгэлээ
дэвтээж
Бүтэх тавилангүй хайрандаа
Бүрэн дарлуулсан боол явлаа
Охид хүүхнүүд олон ч хайртайдаа л
хүн тэмүүлдэг юм билээ
Зураг шиг охид,чихэр шиг дарс
Зуурдын жаргал,шөнийн цэнгэл
Аль алиныг нь амталлаа ч
Аяа чамайг би мартаж чадаагүй ээ
Худал бишээ миний энэ үгс
Итгэхгүй бол сарнаас асуу
Их олон шөнө нойргүй явсныг минь
тэр мэднэ
Илчит алтан нар гэрчилнэ
Их олоон өдөр гунигтай явсныг минь
тэр харсан
Сэвшээ хонгор салхинаас асуу
Сэтгэлийн минь дууг тэр олон сонссон