Түүний толгой дээгүүр хүмүүс тог тогхийн алхаж ажилдаа сургуульдаа цэцэрлэгтээ зарим нь зүгээр л сэлгүүцэхээр явж ганц нэгийг нь эс тооцвол орой нь аанай л тог тогхийн алхаж гэртээ ирцгээдэг. Зарим нь хөл доор нь хүн амьдарч байгааг мартдаг ч юм уу эсвэл мэдсэн ч тоодоггүй юм уу бөмбөрдөх мэт тачигнуулан, пад пад дэвслэн алхдаг. Гэхдээ тэр хүмүүсийн буруу биш, харин тэдний хөл доор амьдарч буй миний буруу гэж өвгөн боддог. Энэ байрны бүх хүмүүсийг тэр хөлийнх нь чимээгээр танина, тэр ч байтугай хэнийд нь ямар зочин ирж байгааг андахгүй мэднэ. Урд төрөлдөө адуу байсан байх гэмээр хаа нэг тийшээ яаран тачигнах хүмүүсийн хөлийн дэвсэлт дундаас хоёр хүний хөлийн чимээ л түүний зүрхэн дээр зөөлөн буудаг. Нэг нь зургаа орчим насны дандаа гартаа эрээн цэцэгтэй цүнх барин явдаг охин юу ч болж байсан шингэн ягаан туяатай булцгар хацартаа инээд цацруулан “сайн байна уу өвөө” гээд зөөлөн зөөлөн алхсаар дээш гардаг. Харин нөгөөх нь байрныхан бүгдээрээ Долгор ажаа” гэж авгайлан дууддаг цав цагаан үстэй нүд нь юм хардаггүй намхан шар эмээ. Нэг өглөө “Хүүе хүүхээд Долгор ажаагаа хараагүй бийз” гэж өвгөн тааралдсан болгоноос асууна. Цаадуул нь үгүй гэх юмуу толгой сэгсрэнэ. Эсвэл дал мөрөө хавчина. “Өнөөдөр тэр нарлахаар гадаа гарсангүй. Даралт харвачихаагүй байгаа.Энд тэнд уначихаагүй байгаа... Өчигдөрхөн л инээгээд л ач хүүгээ хөтлөн дэлгүүр орчихоод харьж явсан” гэж өвгөн амандаа үглэнэ. Долгор ажаа шатаар сэм сэмхэн алхсаар буудаг ч гагцхүү таягных нь тог тогхийх чимээ сонсогддог болохоор тэр өвөө “ морьтой дарь эх” гэж шоглон дууддаг. Тэгснээ үгүй хө долгор гэдэг чинь цагаан дарь эх гэсэн үг юм шүү дээ гэж шүдгүй амаа их том ангайн инээнэ. Долгор ажаа ч бас инээгээд хариу болгон элдэв үг хэлэлгүй гэмгүй зөөлнөөр “шуудангаа шалгасан уу хө” гэж асуудаг. Харин тэр өвгөн өглөө болгон хүмүүс ажилдаа явж орц нам гүм болсны дараа шатаа цэвэрлэчихээд захианы хайрцагаа шалгахаар хотын зах руу явдаг. Төмөр сараалжин хашаатай энд тэнд босгосон чулуун хөшөөнүүд амьд хүн шиг ёрдойлдоод орой бол эвгүй харагдахаар эль хульхан оршуулгын газарт түүний шуудангийн хайрцаг байдаг гэж хэн санахав. Түүний эхнэр залуудаа өөд болж энэ газар нутаглуулсан. Өвгөн харин тэр цагаас хойш хэнтэй ч суугаагүй, нүдэндээ зальжин инээмсэглэл тодруулсан атлаа цаанаа л нэг нууцлаг бөглүү хүн мэт санагдана. Харин энэ өдөр түүний захидлын хайрцаг алга байв. Хол явсан хайрт хань нь тэнгэрээс түүнд захиа илгээнэ гэж үймэрсэн бодолдоо итгэсэн болохоор олон жилийн өмнө энд шуудангийн хайрцаг зоожээ. Бодолдоо итгэн энэ олон жилд хайрцаг шалгаагүй өдөр гэж байгаагүй. Эхлээд түүний эхнэрээс өөр хүний шарил энд байдаггүй байв. Харин хүмүүс нэгэнт бие барсан хүн айх юм шиг нэг нэгнийг нь бараадуулан оршуулсаар энэ оршуулгын газар буй болжээ. Харин эхнэрээ гэнэт алдаад олон жил үймэрч явсан түүний горьдлого талаар болоогүй. Учир нь хоёр жилийн өмнөөс шуудангийн хайрцганд нь түүнд хаягласан захидал ирдэг болов. Өвгөн үхсэн хүн захиа бичих биш гэж бодсонгүй, хэн нэгэн даажигнаад эсвэл өрөвдөөд түүнд захидал бичдэг байх гэж хардаж сэжиглэсэн ч үгүй, өглөө болгон шуудангаа шалгахаар хэрэндээ л гангарч урамтай нь аргагүй хөнгөн хөнгөн алхсаар явж оддог байв. Хэн нь мэдэгдэхгүй тэр захидал бичигч түүний эхнэртэй ойр дотно байснаа, түүний хань өөрт нь ямар их хайртай байсныг, эхнэр нь ямар их гоо үзэсгэлэнтэй сайхан сэтгэлтэй бүсгүй байсныг бичээд харин адагт нь дандаа л “ харин би бол адгийн амьтан” гэж заавал бичдэг бөгөөд ханийнх нь залуудаа авахуулж байсан гэрэл зургуудыг нь ч илгээж байв. Шуудангийн хайрцаг яагаад тэр өдөр алга болсныг би мэдэхгүй. Харин шуудангийн хайрцаг алга болсон тэр өдрөөс хойш би өвгөнийг хараагүй. Тэр өвгөн олон нууцыг мэдэж амжаагүй юм. Тэр шатаар зөөлхөн буудаг ягаан хацартай зургаан настай охин би байсан юм, би өвөөтэй мэндлээд буусны дараа Долгор ажаа араас минь бууж ирнэ. Энэ бид хоёрыг хамсаатан гэдгийг мэдэгдүүлэхгүй гэж тусдаа бууж байгаа хэрэг юм. Би байрны булангийн цаана зогсоод Долгор ажааг хүлээнэ. Тэр таягаараа газарчилан явсаар над дээр ирж миний гараас чанга атгаж авна. Тэр шуудангийн хайрцагт Долгор ажаа бид хоёр хар өглөөгүүр хөтлөлцөн очиж захиа хийдэг байсныг, тэр захидлуудыг Долгор ажаа дуудаж өгөн би бичдэг байсныг, Долгор ажаа залуудаа тэр өвөөгийн эхнэрийнх нь хамгийн сайн найз байсныг , тэр нэг хайрцаг алга болдог өглөө Долгор ажаа өвдөөд би ганцаараа айн байж оршуулгын газар очсоныг. Алга болсон хайрцгийг эрэн шарилж дэрсэнд бүдрэн унаж тусан явж байтал тэр өвөө хүрч ирэхэд нь хөшөөний араар нуугдаад харж байсныг тэр надаас дуулж амжаагүй юм. Магадгүй би хэлэхгүй л байсан байх даа. Харин тэр өвөөгийн эхнэр яагаад гэнэт усанд живснийг, Долгор ажаа өөрийнхөө жинхэнэ нэрийг санаандгүй хэлчихээд хэнд ч хэлж болохгүй гэж яагаад гуйсныг, бас захидал болгоныхоо доор “харин би адгийн амьтан” гэж бичдгийг хайрцаг яагаад алга болсныг би мэдэж амжаагүй. Долгор ажаа надад хэлэх байсан болов уу... Олон жил өнгөрчээ. Одоо ч би шатаар гарахдаа хөл доор минь хүн байгаа гэж бодоод зөөлөн зөөлөн алхдаг аа...
2012-02-06 Балтийн тэнгисийн баруун эрэг.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor001.jpg Хэмжээс: 600x800 159k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5010
uvl-015.JPG Хэмжээс: 600x800 208k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5244
mongolia2007year-158.JPG Хэмжээс: 600x450 32k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4027
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: