Хаа сайгүй ханз үсгэн чимэглэл бүхий сургуулийнхаа орчноор алхан харих замдаа Катя өдөр бүрийн дадал ёсоор замд байдаг хүнсний жижиг дэлгүүрээс тараг, жимс сэлт, басхүү Энэрэлд зориулан жижиг савтай ундаа авахаа ч мартсангүй. Тэд зүгээр л бие биедээ жижигхэн ч гэсэн бэлэг өгөөд сурчихсан тийм л гэгээн найзууд билээ. Ямагт л инээмсэглэж байдаг найрсаг зантай худалдагч эгч энэ тэрхэн асууж, оюутнуудад хятад хэлний амьд дадлага болж өгдөг нь тун ч сонирхолтой. Хичээл тараад Оросоос ирсэн хэдэн найзуудтайгаа өрөөнийхөө монгол оюутныг танилцуулна гэж амласан учир Энэрэлийг авахаар баяр хөөр дүүрэн орж иртэл хаалга нь дэлгээтэй байлаа.
Дотуур байранд бөөн хөл хөдөлгөөн, үймээн шуугиан. Катя гайхаж балмагдсаар өрөөндөө явж ороход сая санаанд оромгүй дүр зураг угтаж авах нь тэр. Шалаар дүүрэн эмх замбараагүй тараасан бичиг цаас, Энэрэлийн хичээл ном, бас энд тэндгүй дусалсан хэрдхиймээр улаан дуслууд. Гагцхүү Сансармаа л чухам хэнээс, юунаас болж энэ аймшигт байдалд хүрснийг нэгд нэгэнгүй мэдэх билээ. Хичнээн тогшивч хаалгаа нээхгүйн дээр басхүү Катя хичээлийн цагаар утсаа салгасан учир түүнийг дуудах боломж байсангүй. Ингээд арга буюу жижүүр багшийг гуйж гувшин байж, илүү түлхүүрийг нь аваад өрөөний үүдийг нээв. Сансармаа ой тоонд багтамгүй тэрхүү байдлыг хараад цочирдсондоо байраар нэг орилж хашгичин: - Туслаарай, авраарай гэж дуулиан тарьж орхисон нь энэ. Энэхүү явдлаас үүдэж бүх оюутнууд дор дороо болгоомжлох болж, сав л хийвэл гэрчээр дуудагдах, сургуулиас хөөгдөх, магадгүй түүнээс ч аюултай нөхцөл үүсч болохоор байлаа. Сансармаа өнөөдрийг хүртэл ямар гээчийн аюултай “гал” асааж орхисноо бүхий л зүрх сэтгэлээрээ ухааран гэмшиж Энэрэлд үргэлж туслах болов. Чингээд сургуулиас чамгүй хол зайд орших Өвөр Монголын олон улсын эмнэлэг рүү Катятай ээлжлэн өдөр бүр хоол унд зөөхөөр барахгүй Энэрэлийг сургуулиас хасуулахгүй байх талаас нь чадах чинээгээрээ хөөцөлдсөн юм. Тэр ч байтугай Сонорт ч, Тэргэлд ч бүх үнэнийг хэлж орхив. Аажимдаа Энэрэлийн бие тэнхэрч, илааршаад ирэхүйд Сансармаа үнэн голоосоо гэмшсэн хүний хүлцэнгүй царайгаар шал ширтэн дорой дуугарч, Тэргэлтэй үгсэн нийлээд, түүний эсрэг хийж байсан бүхий л ичгүүр сонжуургүй үл бүтэх үйлдлээ учирлан өчсөн билээ. Ийм л үед нутаг нэгт оюутнууд нь ч гэсэн хэр чинээгээрээ хоол унд, эрүүл мэндэд тустай эм бэлдмэл зөөж, хүний газар зовлонд учраад буй нэгнээ сэтгэл зүрхээрээ дэмжиж туслах тэр их хайранд уяраад гэгээн баялаг амьдралд итгэл төрөхгүй байхын аргагүй. Зовохын цагт Өвөр монгол ахан дүүс минь халуун дулаан, өөриймсөг, дотно сэтгэлээ зориулж хичнээн хүнлэг сайхныг нь үгээр магтахад багадмаар. Тэр ч байтугай халуун сэтгэлээр нэгдэж Энэрэлийн эмчилгээнд зориулан хандивын тоглолт зохион байгуулаад оюутан хүний төлж давшгүй эмчилгээний зардлыг хүртэл цуглуулж өгснийг нь, олныхоо оломгүй хүчээр хөл дээрээ боссоноо бодохоор сайхан сэтгэлт тэдэнд талархахгүй байхын учиргүй. Аз жаргалаар цалгисан хөгжөөнт он жилүүдийн тэртээд хөөрөн догдлох цолгиун инээд цалгиасаар гараа алдлан өөдөөс гүйх хүүгийнх нь цовоо сэргэлэн нүд дурсамж дундах шилэн цонхны цаанаас тодорно. Анир чимээгүйг эвдэн байж “Ээж ээ” гээд дуу хадуулах Анирхүүгээ л бодон бодсоор, амьдрах итгэл нь гагцхүү Анирхүү учир Энэрэл бүсээ чанга бүслэн давж барамгүй хүнд бэрх өдрүүдийг туулж сургуулиа нэгэнтээ төгслөө. Төгсөгчид баяр хөөр дүүрэн, аз жаргалант инээмсэглэл цацруулан хос хосоороо дурсгалын зургаа татуулж ахуйд гагцхүү Энэрэл нууранд чуулсан шувууд дунд ганцаараа торойн бөхийх өнчин хун адил хүүгээ санан бэтгэрч, сэтгэл төвдөлгүй нулимсаа нууж сэмхэн арчина. Хөөрч баярлан шуугилдах олон найзууд нь бие биедээ баяр хүргэхэд Катя, Сансармаа хоёр цэцгийн баглаа тэврэн хамгаас түрүүлж ирээд хамтдаа гэрэл зургаа татуулсан билээ. Сансармаа монголдоо буцсан ч үргэлж Энэрэлд санаа тавьсан хэвээр. Харин Энэрэл сургуулиа төгсөөд монгол руугаа харьсангүй. Хэнээс ч илүү нандигнан хайрлаж явсан хайрт ханьдаа, хамгаас дотно итгэж явсан Тэргэл найздаа голдоо ортол гомдсон ялагдал бүхэн түүнийг улам ч хатуужуулан зоригжуулжээ. Чин сэтгэлт найз Катягийнхаа ачаар ажилд орж спорт, аялал жуулчлалын орчуулагч боллоо. Тэд хамтдаа Хятад, Орос улс, Өвөр Монголын бараг бүх л үзэсгэлэнт газруудаар аялав. Олон ч сайхан үйл явдлуудыг орчуулж, гадаад хэл гэдэг ус цас болсон билээ.
Цаг хугацааны дараа. Энэрэл дэлхий нийтийн эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн арга хэмжээний орчуулагчаар уригдаж, амжилттай ажиллаад Алтан медалийн эзэдтэй хамт нэр хүндтэйгээр эх орондоо газардлаа. Нисэх онгоцны буудал дээр өнгө өнгийн цэцгийн баглаа тэвэрч, эх орноороо бахархан омогшихын эрхэнд баярын нулимсаа барьж ядан буй олон элэг нэгтнүүд нь тэднийг угтаж тосно. Микрофоноо дээш өргөөд нэг нэгэнтэйгээ уралдах адил өрсөн тэмүүлэх сурвалжлагчид, зургийн аппарат, камер барин урд хойно сандран гүйлдэх хэвлэлийнхэн, хамгаалагчид гээд л сүр дуулиан болсон баярт хүлээн авалт дунд Энэрэл орж явчихав. Тэр одоо нэгэнтээ монголын бахархал болсон нэр хүндтэй орчуулагч билээ. Үймсэн олон дундаас хайртай гэхэд дэндүү хайртай, амьдралынх нь цорын ганц утга учир болсон Анирхүү аль болох ээждээ харагдахын тулд зурсан зургаа дээр гэгч нь өргөсөөр байлаа. Сонор дэнхийсэн том хүүгээ мөрөн дээр суулгажээ. Олимпийн аваргууд, түүнчлэн гайхалтай чадварлаг орчуулагч бүсгүйг эх орондоо буух сургаар Сансармаа, Тэргэл нар ч цэцгийн баглаа барьсаар Чингис хаан олон улсын нисэх буудлыг зорин ирсэн байв. Улс орон даяараа баяр хөөрөөр бялхсан ийм их аз жаргалант учрал дунд улиран одсон бараан бүхнийг уучлал өршөөлийн тунгалаг сэвүүн салхи нэгэнтээ хийсгэн ариусгасаар. Анирхүүгийн бяцхан зүрхээ өмрүүлэн байж, элгээ эмтэртэл шаналан мөрөөдөж урласан тэр л зураг ийнхүү бодит биеллээ олоод цугларсан түмний дундаас гэрэл цацрах шиг гарч ирсэн ээжийнх нь харцанд тодоос тод тусав. Өчнөөн бэрхийг туулан байж сая нэг учирсан аав, ээж, хүү гурав багтаж ядсан догдлолын нулимсаа барьж ядан уулзахуйд Анирхүүгийн зурган дээрээс ургасан том алтан наран тэдний дээрээс дулаан илчээр ивээгээд шижиртэн цацарч байлаа.
Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн Э.Үржинханд “Хэзээ ч оройтохгүй” туужийн номноос 2015 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-241.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3886
khuv5-038.JPG Хэмжээс: 600x800 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4497
mongolia2007year-154.JPG Хэмжээс: 600x450 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4377
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: