Гурван хоногийн өмнө хоёр боохойд морио бариулсны хүчинд амь гарч, ийн нүдгүй харанхуй шөнөөр хөлийнхөө өлмийгөөр нүд хийн тэмтчин яваа хэрэг. Эх хүний зовлон нажид дуусаагүй болохоор тэр адгууснууд түүнийг мөшгөж ирээгүй биз ээ. Хэрэвзээ тэр явахгүй бол, хээрийн амьтны зоог болбол хоёр газар зөрсөн үрсээ харж чадахгүй гэсэн үг. Үхэх байтугай сөхрөхийн эрх ч түүнд үгүй. Хүүгээ төрсөн эцгийнд нь хүргэж, зүс таних төдий эхнэрт нь "Хүүг минь намайг иртэл нүднээсээ бүү салгаарай" гэж захиж захиж үлдээсэн юм санж. Өөрийг нь даган бархирсаар үлдсэн хүүгээ бодохын төдийд амсхиймээр болоод, хурган дотортой бээлийгээрээ цас хутган амандаа хийлээ. Хөлөө зөөн алхах тусам хүч барагдаад, ойрхон санагдах замын хажуугаар үргэлжлэх овгор шороог налаад уначихмаар. Ямар нэг машин таарвал гараа өргөөд суумаар.... Гэнэт нүднийх нь буланд ногоон гэрэл сүүмэлзэх шиг. Цочин эргэж үзвээс нэг жижигхэн ногоон гэрэл түүнийг дагаж байх нь тэр. Эргэн тойрны цас хүртэл сарчигнан сэрчгэнэх шиг болов. Хөлөрч норсон нуруу нь хүйт оргих шиг болж Дулам зам байх зүгт хүч орон зүтгэв. Өнөөх гэрэл уяатай мэт алсхан дагасаар. Бээлийн дотор байх асаагуураа гаргаж эргэж тусгавал алга болж, унтраахаар эргэн гэрэлтэнэ. Оршуулгын газрын албин гэрэл бол хөх дөл сүүмэлздэг сэн. Энэ чинь юун ногоон гэрэл билээ гэж санахаас улам жихүүцэж, зам руу л яарав. Их замаас тэр холдоогүй сэн. Тавиад алхам газарт л яваад байсан. Зам хааччихав гэж өөртөө үглэн амьсгаагаа даран зогстол гэнэтхэн төөрсөн мэт санагдаад явчихыг яана вэ. Хаашаа явж байна вэ би, хаашаа....? Өнөөх гэрэл ард нь сүүмэлзэж аснаа урд нь ч гараад ирэв. Тэр уяатай мэт дохилзох гэрлийг харж байснаа Дулам түүнийг даган алхаж гарав. Юун дээр гишгэж буйгаа, хаашаа явж буйгаа ч ухаарсангүй. Цасан дунд бүдчин алхах түүнд хэвгий хонхорт өнхөрч унах, салтаа дүүрэн хунгар юуны хамаа. Шуумаазтай зүйлээ л гээчихгүй бол яамай. Яагаад ч юм тэр гэрэл л түүнийг соронзон мэт татаад, хаа ч хүрсэн дагаад үзэхээс өөр бодол эс төрүүлнэ. Тас харанхуйд шидийн ногоон гэрэл дагаад хаа хүрэхийг хэн мэднэ. Дулам үхэж л болохгүй, сүнс сүүдэр болоод ч гэсэн үр хүүхдэдээ очиж өмөөрч хамгаалах ёстой. Үхэж л болохгүй..... Гэнэтхэн салхи савир алга болж пүнхийгээд явчихав. Нөмөр газар барьсан өвөлжөө юу даа гэж санатал нохойн дуу гарч, төдхөн цасан дээгүүр харайсаар нэгэн нохой гарч ирснээ өнөөх ногоон гэрлийг хөөн, архираад явчихав. Дулам цор ганцхан итгэл найдвар болсон асаагуураа хунгарт унахдаа гээсэн бололтой. Хөрзөнгийн утаа үнэртэнэ. Ойртон үзвэл багавтар өвөлжөө, хоёр гэр, хонь мал налайжээ. Тэр салдархийлэн алхаж, дөхөж очоод "Хүн байна уу, төөрсөн хүн байнаа" гэж бархирвал хоёр гэрээс чимээ алга. Дулам жижиг гэрийн өмнө очоод "Нохой хорио" гэвэл "Ор ор" гэх эмэгтэй хүний дуу гарав. Хөрзөн түлсэн гэрт сөхөрч унамаар дулаахан агаад лаа барьсан эмгэн дээлээ ханцуйлж зогслоо. Дулам зуухны хүхээг өнгөрч чадалгүй суун тусаад - Сайн байна уу, төөрөөд хөлдөж үхэх гэж явна гэвэл тэр эмгэн түүнийг түшиж суулгаад -Сайн, дээшээ суу, галд хөлч гэснээ данхтай цайны үлдэгдлийг зуухан дээрээ тавьж бүлээтгээд, аягалж өглөө. Тэр халуун гэрт ороод улам даарч, шүд нь дагжин аяганд харшихад өнөөх эмгэн "Осгочихсон байна шүү дээ, эвий эвий" гэсээр өөр лүү нь хүрч ирэхийг л мэдэв. Тэгээд л хүв хүйтэн нойронд суугаагаар дарагдав..... ЭНЭХҮҮ ХЭСЭГТ ГАРЧ БУЙ ДУЛАМ ЭЭЖИЙН ДҮР НЬ БОДИТ ХҮНИЙ ДҮРЭЭС СЭДЭВЛЭСЭН БӨГӨӨД УЛААНБААТАР, ЗАВХАН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХООРОНД ДАНДАА АЛХАЖ ЯВДАГ Б.БАДАМ ГЭДЭГ АЧИТ ЭЭЖИЙН ТҮҮХЭЭС АВСАН БОЛНО. "ХҮҮГЭЭ САНААД, ОХИНОО САНААД ТЭСЭХЭЭ БОЛИХООРОО Л ГАРААД АЛХЧИХДАГ БАЙСАН" ГЭХ ЭНЭ БУУРАЛ ОДОО СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НАЯ ХОЛ НАСЛАН, ЭНХ ТУНХ АМЬДАРЧ БАЙНА. ТЭР ЗАВХАН, ХӨВСГӨЛ, УЛААНБААТАРЫН ХОЛ ЗАМЫГ ДӨРВӨӨС ТАВАН УДАА ЯВГААР ТУУЛСАН ГЭДЭГ. ЭХИЙН ХАЙР ГЭДЭГ ИЙМ АУГАА БИЛЭЭ. ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ. Шуурайн Солонгоогийн Гималай туужийн хэсгээс.....
Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номын сэтгэгдэл
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-010.JPG Хэмжээс: 600x450 141k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4690
YolHad_39.JPG Хэмжээс: 700x525 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3995
mongolia2007year-116.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4478
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: