BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цэрэнжамц : ЭХИЙН ЗӨН \өгүүллэг\
Оруулсан admin Огноо: 2025-01-06 09:51:05 (6741 уншсан)

Хүнд өвчинд шаналж, уруул нь омголтон хатаж,хамаг бие нь дагжин чичирч,байж ядан амьсгаадах ижийгээ, ясан хэдрэг болтлоо турж эцсэн жаал хүү гархилж ширгэсэн өлмөн зэлмэн нүдээр харж, ээжээ идэх юм өгөөч дээ, би өлсөөд байна ээжээ хэмээн халтартаж сайртсан жижиг гараа сарвайхуйд,халуундаа дэмийрэх шахам байсан залуухан эхийн гунигтайхан нүдэнд нулимс цийлэгнэж,цээжнийхээ гүнээс санаа алдлаа.- Би чинь гараасаа хөтлөх ганц үртэй хүн шүү дээ , нүд минь хөдөлж байгаа цагт би орноосоо босож хүүдээ идэх юм олж өгөх ёстой . Хүүгээ хооллоод зогсохгүй би орхиж үхэх ёсгүй.Хүүгээ л сайн хүн бараадуулах юмсан хэмээн орноосоо хүчлэн босож, учир мэдэхгүй бяцхан үрийнхээ гараас хөтлөн ядуу оромжноосоо гарч, өөрийн эрхгүй гуйвах хөлөө арай ядан зөөн хэд алхсанаа, хүүгээ гараас нь хөтлөвөл халуун минь хүүд халдварлана хэмээн бодонгуут ханцуйнаас нь хөтлөн сажлав.Зүүнтэйгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа.Ойролцоох хотыг харийн цэргүүд эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тарж,тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүх зар хэдэн өдрийн өмнөөс тараасан боловч,өвчинд шаналж зүдэрсэн эх төрлөх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явах ч тэнхэл байсангүй. Харийн цэргүүд замдаа тааралдсан хот, тосгодыг эзлэн дээрэмдэн тонож,хүн зоныг хүйс тэмтэрч байна гэх чимэггүй үгс ам дамжин тархсан хэдий ч яагаад ч юм эхийн сэтгэлд айдас хүйдэс ердөө ч хурсангүй.

Тосгон эзгүйрч ээ. Улс орны амин сүнс нь эх орон, газар нутаг, ард иргэд нь байдаг билээ. Тосгоны захирагч бүх хүнээ дүрвэхийг уриалан дагуулж,амь зулбан одсонд эхийн сэтгэл харамсан шимширч байлаа. 
Ирж яваа тэр улсын дайчин баатарууд нь мориндоо алт мөнгөн тоногтой эмээл тохож, цэрэг эрс нь мөнгөн чимэглэлт хуяг дуулагтай, энэ ертөнцөд хамгийн том газар нутагтай баян улс гэнэ лээ гэж хүмүүсийн ярихыг эх сайн тогтоож авч ээ. Тийм орны эзэн хаад, цэрэг дайчдын аль нь ч мунхаг тэнэг , цуст ярагчид байх ёсгүй Ядарсан эх хүү хоёрт ямар ч байсан өршөөлтэй хандана гэж эхийн совин ер бусын бат итгэлтэйгээр сэтгэл нь гэрэлтэж байлаа.Эх хүүгээ хөтлөн явсаар, дэлгээстэй орхисон том дааман хаалгаар оров.Энэ харшид тосгоны нэгэн баян худалдаачин амьдардаг байжээ.Хаалга цонхоо дэлгэн орхиод санд мэнд амиа хоохойлон зугтсан тэдгээр хүмүүст, эх нутгаа гэх өчүүхэн сэтгэл үлдээгүйн ул мөр тодхон харгадана. 
Гэр орноо орхин одсон зугтагсдын энэ байшинд, урьд өмнө эх хүү хоёр хөл тавих нь бүү хэл,ойртож ч үзээгүй билээ. Сүрдэм гоёмсог хашлага бүхий боржин довжоо өөд эх хүүгээ хөтөлсөөр арай ядан гарч, мөнгөөр товойлгон сийлсэн сүрлэг хаалгыг түлхэн, зориглон орлоо.Тэд идээ будаагаа ширээн дээрээ дэлгэн, юу юугүй зочин гийчин хүлээж авах гэж байгаа юм шиг орхижээ. Ширээ дүүрэн тансаг амттанг хараад хүү шүлсээ залгин ухасхийв. 
Харь гүрний цэргүүдэд хорслоо тайлах гэхдээ хор шингээсэн байж магадгүй гэсэн бодол зурсхийхийн сацуу хүүгийнхээ ханцуйнаас татан зосоож  -болохгүйе! миний хүү! хүлээж бай,ээж нь эхлээд амсая,хэрвээ ээж нь хордвол миний хүү огт амсаж болохгүй шүү. Өлссөн хүү бушуухан идэхсэн гэхдээ 
 шүлсээ залгин ээжийгээ дагуулан ширтсээр.Ээж нь одоохон гээд тамирдаж туйлдсан гараараа амттаныг авч хүүдээ өгье гэсэн болгоноос амслаа. Ширээн дээрх хүнс ердөө ч муудаагүйд баярлан тайвширсан эх хүүгээ цадтал нь хооллов.Мөн амттан бүхнээс жижиг уутанд хийж бүсэнд нь бөх гэгч уяж өгөв.
Гэнэт морьдын туурай газар доргиулан сонсогдож,тоо томшгүй морьт цэрэг тосгоны зүг яаравчлан довтолгож айсуй харагдав. 
Намхан чийрэг морин дээр ширэн хуяг дуулга, нум саадаг агссан, хүдэр хүрэн баатрууд, тав таваар эгнэн, эх хүү хоёрын байгаа өргөн гудамж руу хатиран довтолгох ажээ. Тэр дайчин эрсийн туг хиур, тун сүрлэг харагдана.Эх баяны гэрээс олсон өөрөө явдаг оньсон тоглоомыг  хүүдээ өгөв. Урьд өмнө хэзээ ч үзээгүй сонин гоё тоглоомондоо сатаарсан хүү,хуй салхи шиг довтолгон айсуй цэргүүдийн өөдөөс баясан гүйж, гоё гоё илд бамбай, туг сүлдэт цэргүүдийг шохоорхон дөхсөөр...
Хөөрхий эхийн бие улам муудаж, хэдхэн хоромын нас үлдэж байгаагаа мэдэрч байсан хэдий ч,хүүгээ харийн цэргүүдээс харамлан араас нь очих нь бүү хэл мөлхөх ч  тэнхэл нь тасарчээ.Хий л хашааны завсараар хүүгээ нүд ч цавчилгүй ширтсээр байлаа.
Тэгтэл хүрэл хөшөө амилав уу гэлтэй хүдэр чийрэг баатар , тосгоны цорын ганц эр хүн болох, хүүгийн дэргэд ирэн омголон мориныхоо жолоог татан зогсос хийн ширтсэнээ, хүү рүү ташуураараа заав. Түүний хөтөч, мориноосоо шалмаг буун хуяг дуулгаа шажигнуулан , хүүрүү ойртон ирэхэд, хүү ер айж эмээлгүйгээр баатар эрийн өмнөөс дөхөн алхаснаа мөнөөх оньсон тоглоомоо сарвайх нь тэр.
Миний хүү харь гүрний баатар эрийн өмнөөс  огт эмээлгүй очихыг бодоход, ээлтэй тэнгэр нь ивээлдээ авсан байлгүй дээ хэмээн эх залбирлаа, Баяр харууслын бүлээн нулимс хацрыг нь даган бөмбөрөхүй, хөөрхий эхийн эцсийн амьсгалын өмнөх сүүлчийн тунгалаг нулимсны гэрэлт гялбаан дотор хүүгий нь эмээл дээрээ дүүрэн авч яваа баатар эрийн сүр жавхлант ханхар  дүр, холдон ойртон бүдгэрсээр тосгоны бөглүү гудамж тойрон далдарлаа.
Тэдгээр баатар эрсийн үг яриаг урьд өмнө огт сонсоогүй ч гэсэн,зөөлөн эергүү өнгөөр хэдэн үг хэлсэнийг нь  хөөрхий эх зөн совингоороо мэдэрсэн ажгуу. 
Тэр үг бол - ЭНЭ ХҮҮГ ӨҮЛЭН ЭЭЖИД ЯАРАВЧЛАН ХҮРГҮҮЛ ! гэсэн яруу монгол үг байсан юм..
Энэ баатар эрс яасан ч хүүг минь зовоохгүй хүн болгох хүмүүс байна гэж эхийн сэтгэл итгэлээр хөглөгдөж,-хүүгий минь бурхан тэнгэр ивээж харах болтугай хэмээн өөртөө дуулдах төдий шивнээд сүүлчийн амьсгалаа эх нутгийнхаа цэнгэг салхинд эхэр татан булаалгалаа. 
   Өүлэн эхийн хайр ивээлд өсөн торниж, өнө хожимын өдөр, дэлхийг түвшитгэх, зоримог дайчин Монгол цэргийн бүлд багтан, алдараа дуурсган хүлэг баатар болох хүүгээ,  зөн совингоороо мэдэрсэн мөнөөх эх ийнхүү сэтгэлийн тайтгарлыг үүрд хураажээ.
    Эзэн Чингисийн хүлэг баатруудын өртөөлөн буухиалах аян дайны их нүүдэл, Монгол морьдын туурайгаар боссон нар хурайлсан алтан тоос,их хааны дэг сайтай аравт, зуут, мянгат, түмт, овог аймгуудын эрхшээн хураах  сүр жавхлант туг далбаа, Онон, Балжийн бургасаар хийсэн зэвт сум тэнгэрт нисэлдэх дайны талбар, тэртээх зууны зүүдийг   доргион сэрээж, үнэний домог болон цуурайтаж байсан үе билээ л... 

Б.Цэрэнжамц 
  \МЗЭ - ийн болон Утга зохиолын төлөө хүндэт шагналт, зохиолч, сэтгүүлч\
 Улаанбаатар хот Алтантэвшийн хөндий 2005 он.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2025-01-06 09:51:05 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл