BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг 		 Өгүүллэг: Учрах ёстой хүн
Оруулсан Bataka Огноо: 2025-12-01 15:30:57 (4261 уншсан)

Цасан шуурга залуугийн нүүрийг эмнэг сургах мэт хорсож улайтал ташуурдана.Тэрээр өөдөөс нь юу ч хийж чадахгүй ажээ. Хунгарлан орсон цасны зузаан, олон давхар атлаа хүйтнийг хааж үл дийлэх дээл хувцас нь алхах байтугай зүгээр зогсоход нь хүртэл тээр болох мэт.

Эцэс нь үл харагдах дун цагаан талыг гүйж барая гэхнээ нэгэн нас үл хүрэлцэхээр санагдавч алхах мөлхөхийн хооронд яваа энэ залуу эхийхээ цээжинд тэврүүлэхээр тэмүүлэн буй нялх үр мэт харагдана.

Юуруу, юуны тулд гэдгээ үл мэдэхээс гадна баруун, зүүн, үхэл, амьдрал алинруугаа явж байгаа гэдгээ ч тэрээр мэдэхээ байжээ.Чухам сүнс нь салан одох хүртэл энэ биеээ туйлд нь хүртэл зовооё гэсэн шиг байдаг чадлаараа нэгэн зүйлрүү тэмүүлнэ.

Өвлийн амралтаар өвөө, эмээгийнд нь очиж амруулна гэдгийг сонсоод их л баярлаж байж билээ.Бүх юмийг нь тоо ёсоор бэлдэж өгөөд өнөө л хэлдэг захиасуудаа хэд хэд дахин давтаж ярисаар явуулсан ээжийгээ, олон биш ч ганц хоёр жин даах үг хэлээд хүргэж өгөөд буцсан аавыгаа, эзнээ хаачсаныг мэдэхгүй ч тоглохоор хүлээх нохойгоо, урт удаан лекцэн дунд дэрлэж унтдаг байсан ширээгээ хүртэл дахин ганц удаа харж ямар их аз жаргал дунд байснаа мэдэрмээр санагдана.

”Амьдралд жаргал, зовлон хамт ирдэг гэдэг ч амьдрана гэдэг өөрөө аз жаргал юм биш үү.Тэр дунд бага жаргал, их жаргал гэж байхаас зовлон гэж байхгүй бөгөөд бага жаргаж байгаагаа л бид зовлон гэж боддог бол яах вэ” хэмээн жаргалаасаа салахын өмнө ирээд тэр ийнхүү бодов.Чухам энэ үг үнэн байж болох.Зовлонг бид юугаар хэмжих вэ? Зовж байгаагаа яаж мэдэх вэ?

Бидний яриад хүсээд байдаг тэр аз жаргал гээч сайхан зүйл багасахад, аль эсвэл байхгүй болох үед бид нар тэрийг зовлон гэж боддог бол яах вэ? Гэвч тэр зовлон бусдын хувьд бас жаргал нь байж болно шүү дээ.Мөнгөгүй, байргүй гээд зовлон ярьж буй хүний дэргэд эрүүл энх, элэг бүтэн төрснийг нь жаргалтай юмаа гээд бодож суух өвчтэй нэгэн байж болно.Харин үхэл хагацлын өмнө ирсэн үед маргаашын нарыг харах хувьтай хэн бүхэн аз жаргалтай мэт санагдана.Тэрээр ийн бодсоор их талыг сөөм сөөмөөр хэмжин алхана.

Нүүр нүдгүй шавхуурдан исгэрэх шуурганы чимээ чихэнд нь нэгэнтээ дасал болжээ.Үе үе тэндээ үлдээд унтаж амар даа хэмээн шивнэх агаад урт удаанаар, хааяаадаа хэмнэлээ өөрчлөх ч нэг л янзаараа шуугих энэ дуу, бүүвэйлээд байх шиг санагдана.”Энд ингээд үхэх нь.Ээж, аав минь намайг олох болов уу.Олоод уйлах байх даа” хэмээн бодохтой зэрэгцэн дасал болсон их шуугианыг үл ялигхан нэгэн чимээ хага зүсэн орж ирлээ.Бурханы дуу ажээ.

”Нохой? Нохойн дуу юу? Буруу сонсоогүй бол айл ойрхон байх ёстой доо” хэмээн өөрөө өөртөө хэлэх үед бие нь хөнгөрч, сэтгэл нь хөөрөв.Саяхан л хүнийх мэт байсан хоёр хол нь гав дөнгөнөөсөө мултарч, сүргээдээ яарах авуул азарга мэт тарлан давхихад бэлэн болжээ.Тэрээр өөрөөсөө өөр зүйлгүй, цав цагаан цасан дундаас аз жаргалыг олов.Тэр аз жаргал нь бодит ч бай, бодит бус ч бай түүнд тэнхээгээ эцсийн удаа шавхахад хүч, дэм болж буй нь илт.

Бурхан гэж бодсон чимээг даган гүйхдээ гүйж, алхахдаа алхсаар нэгэн айлын чулуун хороог мөргөх шахам тулж зогсов.Гараа сунган хүрч үзвэл, гарын үзүүр ч харагдхааргүй цасан шуурганд сохор хүн шиг явсанаа ойлгов.Хорооны чулуу өдөржин шуурсан цаснаас илүү дотно агаад зөөлөн санагдах ажээ.Ийнхүү нохойн дууг даган бүдэчсээр алхах нь хөлд орж буй нялх хүүхэд мэт харагдана. Хорооны ханыг даган алхсаар айлын гэрт тулж ирээд сая нэг санаа амарлаа.

*********************************************************

Зулсаран галаа өрдсөөр гэрт хүйт оруулахгүйг хичээн өрхөө яндан хүртлээ бүтээжээ.Уурсан дүрэлзэх их галыг чүү ай тогтоон бариж буй гэлтэй улайссан төмөр зуухныхаа өмнө суун аав, ахыгаа хүлээнэ.Хааяа хааяа амандаа дуу аялах ч сонстхоор чанга биш ажээ.

Гэнэт хаалга хүчтэй татагдан онгойход Зулсаран цочин харвал танил царай биш агаад, аврал эрсэн аль эсвэл баярлаж санаа амарсан гэлтэй нүдийг нь харуут айдас нь гайхахаар солигдов.Гэнэтийн зочин ирсэнд бага зэрэг балмагдсан ч Монгол хүний найрсаг зангаар ”Та хойшоо орооч” хэмээн гараараа баруун хоймор өөд заан хэллээ.

Өндөр нуруутай, нүүрээ даавуугаар битүү ороосон ч нүдийг нь харахад л тайван дөлгөөн харагдах энэ хүн нэг ч үг дуугарсангүй.Чичирсэн гараа үрэн хойморт очин суухыг нь харахуйяа үнэхээр их даарсан бололтой. Зулсаран халуун цай аягалан зочинд аваачин өгвөл цаадах нь мөн л юм ярьсангүй өнөө чичирсэн гараараа цайг тосон аваад хэсэг барьж сууснаа, гар нь халсан болтой доош тавив.

Удалгүй амаараа ороосон даавууг буулгаж цайгаа эргүүлэн гартаа авав. Аягатай цайгаа оочлонгоо сая нэг нүдээ нээсэн нялх амьтан мэт ойр зуурийг сонжин харна.Том хүрэн нүд, эршүүд төрх нь тийм, ийм гээд өөлөхийн аргагүй өөрт нь зохижээ.Залуу хэсэг суусны эцэст бээрч, бадайрсан ам нь нээгдэж "Уучлаарай даарснаасаа болоод ам ч эвлэж өгсөнгүй. Сайн байна уу та?" хэмээн аядуухан мэндлэв.

Ганцаар гэрээ сахиж үлдсэн залуу бүсгүйн гэрт хаанаас, хэн нь үл мэдэгдэх нэгэн хүн орж ирээд юу ч ярилгүй суугаад байх нь Зулсаранд эвгүй санагдсан нь мэдээж.Тиймдээ ч тэрээр залууг нүд салгалгүй анхааралтай ажиглан сууна.Энэ л үед залуу уучлал гуйн мэнд мэдсэн билээ.

"Сайн та сайн байна уу?" гэж Зулсаран хариу мэндлээд үргэлжлүүлэн "Энэ сүрхий шуурганаар хаанаас хаа хүрч явнадаа. Та алдсан малаа хайж яваа бол би даан ч юм мэдэхгүй нь"

"Үгүй дээ. Өглөөхөн гэрээсээ гарсан ч цасанд мотоцикл маань сууж гаргах гэж зүтгүүлсээр сүүлдээ асахаа болиод, айл эрэн алхаж явахдаа танайхыг оллоо"

"Яанаа тийм үү. Одоо чинь үд дунд болж байна шүү дээ. Энэ шуурганд ямар азаар манайхыг олж ирээвээ"

"Харин тиймээ. Ингээд үхэх нь л гэж бодлоо шүү. Танай нохойны дуугаар л олж ирлээ"

"Манай нохой хүний амь аварчээ"

"Хэлээд юу гэхэв. Энэ хавиар чинь ойр хавь өөр айл огт таарсангүй. Шуурга үзэгдэх орчин хаагаад айл байсан ч харж чадхааргүй явлаа"

"Тэгэлгүй яахав дээ. Энэ хавьд чинь манайхаас өөр айл байхгүй юм чинь"

Залуу энэ үед бурхан ямар азаар түүнийг зөв зүгрүү нь чиглүүлж өгсөнийг талархан бодов.

"Таныг хэн гэдэг вэ? Бас хаанаас явааг тань асуусан та хариулаагүй"

"Өө уучлаарай. Намайг Хүдэр гэдэг. Сумын урдханаас малд явсан өвөөгөө тосох гэж гараад одоо ингээд танайд сууж байна даа"

"Яанаа өвөө нь гайгүй байгаа даа"

"Санаа зовж л байна. Гэхдээ намайг бодвол газар, орноо мэдэх хүн байна гайгүй байх аа.Харин таныг хэн гэдэг вэ?"

"Зулсаран"

"Яасан сайхан нэр вэ"

"Баярллаа"

"Гэрийнхэн нь хайчаав"

"Аав ах хоёр маань шуурганд мал уруудчихна гээд сахиж байгаа.Ээж эзгүй хотод .Оронд нь би амралтаараа гал тогооны ажилд туслахаар ирсэн юм."

"Оюутан уу?"

"Тийм ээ"

"Би ч бас.Чам шиг өвлийнхөө амралтаар өвөө, эмээ дээрээ нэмэр болох санаатай ирсэн чинь нэрмээс болж байх шиг байна.Одоо ч манай хоёр санаа нь совоод хэцүүдэж байгаа байх аа"

"Аав, ах хоёр маань ирэхээрээ таныг хүргээд өгөх байх аа"

"Чи нээрээ түрүүнээс хойш л намайг та гэлээ"

"Таны насыг мэдэхгүй юм чинь та л гэнэ шүү дээ" гээд 3улсаран үл ялиг инээмсэглэв.Хүдэр орж ирснээсээ хойш бүдэгхэн гэрэлтэй гэрийн зүүн буланд суугаа залуу бүсгүйн царайг тогтон харж чадаагүй байгаа билээ.Өдөржин шуурга сөрөн, цаснаас өөр зүйл хараагүй нүд нь бүдэг гэрэлд дасалгүй, цай аягалан өгөх үед ч царай нь харагдаагүй ажээ.

"Би одоо 22 той.Төгсөх курсын оюутан."

"Тэгвэл та л юм байна шүү дээ"

"Өөрийгөө залуухан л гэж бодож явлаа.Чи ингэхэд хэдтэй вэ?"

"Би удахгүй 21 хүрнэ.Одоо гуравдугаар курс" ингэж хэлээд Зулсаран гал нэмэхээр зуухруу ойртон суув.Энэ үед Хүдэрийн нүдний хор ч бүрэн гарч байсан тул бүсгүйн царайг анх удаа тодоос тод харав.

Бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй ажээ.Үе тэнгийн олон охидтой харц тулгарч явсан ч ийм үзэсгэлэнтэй бүсгүйг харсан нь анх удаагийнх байв. Заримд нь сэтгэл алдарч, зарим нь байдаг л нэг санагдах, аль нь байсан түүнээс илүү гоё сайхантай учирахад дурсамж болон хоцорно.Гэвч Хүдэрт энэ бүсгүй тийм биш санагдах бөгөөд түүнээс царайлаг бүсгүй нэг биш байж болох ч үзэсгэлэн гоотой нь энэ дүйцэх нэгэн тэр өөрөө л мэт.

Ингэж бодохоор үзэсгэлэн гэдэг дан ганц царайгаар хэмжигдэхгүй ажээ. Бүх зүйл нь энгийн мэт харагдах авч тогосны өд мэт өөрт нь зохьсон энэ бүсгүй өрдөж буй галын элч шигээ дотно агаад дулаан мэдрэмж төрүүлнэ. Хүдэрт ээж нь л зөвхөн ингэж санагддаг билээ.

"Та дулаацаж байна уу?"

"Чи гэхэд болно оо.Хоёулаа бараг л чацуу юм байна"

"Чи дулаацаж байна уу?"

"Тийм ээ. Дулаацаад сайхан боллоо. Чамд баярллаа"

"Надад юунд нь баярлах вэ дээ. Манай нохойнд л баяралдаа та"

"Чи дахиад л та гээд хэлчихлээ"

"Харин тэглээ. Чи нээрээ өлсөж байна уу? Би одоохон хоол хийе"

"Зүгээр ээ. Тэгэж төвөг учруулаад яахав"

"Үгүйдээ би угаасаа хоолоо хийх гэж байсан юм. Аав ах 2 маань ч ирэх болж байгаа"

"Аан тийм үү. Тэгвэл ч өлсөж л байна"

"Нэрэлхүү зан хүнд хэрэггүй гэж аав байнга хэлдэг"

"Манай аав ч бас хэлдэг. Би л захиасыг нь биелүүлдэггүй юм"

"Хэхэ би ч ялгаагүй ээ" ингэж хэлээд тэд хоёул инээв.

Зуухнаас төөнөх галын элч, түүнийг өрдөн суугаа бүсгүйн инээд хоёр даарсан залуугийн бие, сэтгэлийг зэрэг дулаацуулна. Тэд хоол бэлдэхээс эхлүүлэн тогоондоо орон чанагдах хүртэл оюутны амьдрал, бие биенийхээ тухай элдвийг ярилцан хөөрөлдөв.

Өглөөнөөс хойш хоолойгоор нь шүлснээс өөр зүйл даваагүй учир Хүдэр үнэхээр их өлсчээ. Гал дээр буцлах хоолны үнэр ходоодыг нь гижигдэнэ. Зулсаран зочноо нэрэлхэлгүй их идэг гэснийх үү, аав ах 2 нь ч гэсэн өлсөж ирнэ гэж бодсоных уу аравын тогоогоор дүүрэн шахуу хоол хйив.

 

Удсан ч үгүй хоол болж хоолныхоо дээжийг аав, ахдаа аягалан авж дараагаар нь зочинд том шаазан аягаар дүүргэн хийж өглөө.Зулсаран Хүдэрт хандан "Дахиад

идээрэй! Аравуулаа идсэн ч хүрэхээр их хоол байгаа шүү" гэж хэлээд өөрийн

жижиг шаазан аягандаа арай дүүргэлгүй хийж аваад тогоогоо хаав. Хүдэр хоолоо халбагадан хоёр үлээгээд үмхлээ. Түүнээс хойш дахин үлээсэнчгүй Зулсаранг аяганыхаа талд хүрэхтэй зэрэгцэн дуусгав.

Элдэв хачир амтлагчгүй, мах гурил, давснаас өөр орцгүй атлаа энэ гурилтай шөл ямар ч зоогийн газрын үнэтэй хоолноос илүү амттай санагданa.

 

Зулсаран Хүдэрийн нэрэлхүүг мэдэх тул дахиж идэх үү гэж асуусангүй аягаа хэмээн гараараа дохив. Өөрт нь хоол аягалан суугаа энэ бүсгүй Хүдэрт яг л эхнэр нь болсон юм шиг тустай дотно санагдах агаад энэ хүнрүү явуулах гэж цас, шуурга түүнийг элдэн хөөсөн мэт.

"Ёстой сайхан амттай хоол болжээ"

"Өлссөн хүнд өвс хүртэл амттай санагддаг шүү дээ"

"Яалаа гэж. Ээжийн маань хоол шиг л амттай болж"

"Хэхэ Баярллаа" гээд инээхдээ бүсгүйн сэтгэл догдлов. Юунд ингэж догдлон байгаагаа тэр өөрөө ч ойлгосонгүй. Гагцхүү хаа нэгтэйгээс гэнэт гарч ирээд өөрт нь хань болж суугаа энэ залуу сайн хүн шиг санагдана.

Тэс өөр орчинд өсөж торнин, идэр залуу насан дээрээ санаанд оромгүй байдлаар уулзан танилцсан хоёр, хэсэгхэн хугацаанд хамт байгаа атлаа соронз мэт бие биендээ татагдана. Иинхүү тэд ярилцан байтал нохой хуцах чимээнээр мотоциклын дуу бүдэг бадаг сонсогдож гадаа хүн ирэв. Уурсан шавхуурдаж байсан шуурга ч ядарвуу гэлтэй дуугаа хураажээ.

Хаалга нээгдэн том, жижиг биетэй хоёр хүн орж ирэхэд байгаа байдлаас нь айлын эзэд гэдгийг Хүдэр төвөггүй танилаа. Таниагүй байсан ч Зулсарангийн "За манай хоёр давгүй юу?" хэмээн мэндлэж байгаагаас шууд таних байсан биз.

Тэд хоёул хойморлуу орон цан, хүүрэг болсон дээл хувцасаа тайлахдаа сая нэг зочноо анзаарч "За сайн байна уу" хэмээн мэндлэв.

"Сайн та сайн байнa уу?"

"Сайн хө. За үзэгдэж харагдаагүй хүү байх чинь, хаанаас хаа хүрч явнадаа"

"Сумын урдаас хүн тосох гэж гарсан юм. Цасанд унаагүй болоод төөрч явахдаа танайхыг олж амь аврагдлаа"

"Ээ халаг. Ийм шуурганд хүн, малгүй л уруудахаар байна. Тосох ёстой байсан хүн нь чухам гайгүй байдаг байгаа даа"

"Өвөөгөө тосох гэж гарсан юм. Намайг бодвол газраа мэдэх хүн байна малаа туугаад харьсан байх аа. Надад л харин санаа нь зовж байгаа байх"

"Чи чинь газар мэдэхгүй хэр нь ийм шуурганаар хүн тосох гэж гарсан хэрэг үү?"

"Харин тийм ээ. Амралтаараа ирээд эндэхийнхээ нутаг оронтойгоо сайн танилцаж амжаагүй явлаа"

"Күэ мөн сүрхий хүн ээ. Энд чинь ижил төстэй уул, даваа ихтэй. Төвийн та нар байтугай нутгийн бид нар ч нэг төөрвөл замаа олоход амаргүй газар"

"Тийм байналээ.Ямар азаар танайхыг олж ирэвээ л гэж бодож суулаа. Танай мал шуурганд дажгүй байна уу?"

"Урдхан айлын хороонд аваачаад хашчихлаа. Шуурга намдтал тэндээ байж байг. Хүү хамт байсан тулдаа л хашлаа бусдаар ч ганцаараа бол бүтэхгүй эд байна аа"

Хүдэр хоёулахнаа үлдсэн өвөө, эмээдээ санаа нь зовнино.

Энэ үед "Аав та Хүдэрийг гэрт нь хүргээд өгчихөөч" хэмээн Зулсаран ярианд орж ирлээ. Өөрийх нь нэрийг хэдий нь дотно найз нөхдийн адил ингэж хэлэхийг сонсоод Хүдэрийн цээжинд нэг зүйл булгилаад ирэх шиг болов.

"Ах нь хүргэж өгнөө. Одоохондоо шуурга бүрэн намдаагүй байна. Оройхон тийш л намдах шинжтэй. Тэгвэл хоёулаа мордоё доо. Намдахгүй бол харин маргаашыг хүлээх л болох нь дээ. Яарч харих нь чухал биш, эрүүл саруул харих нь л чухал шүү дээ"

"Тэгъе ээ ах аа баярллаа танд"

Яриа хэсэг зогсох үед "Дүү маань ингэхэд хоол унд хийж өгөв үү?" хэмээн хамт орж ирсэн хоёрын нөгөө нь асуусан нь айлын том хүү бололтой.

"Өгсөөн. Үнэхээр сайхан хоол хийдэг юм байна. Энэ аягаар хоёр идлээ" гээд урдах аягаа заав.

"Манай энэ хөдөөний амьдралаас хол өссөн. Зочноо хоосон суулгаад байж мэдэхээр л хүн дээ" гээд дүүрүүгээ харвал "Амттай байна гэсэн" гээд Зулсаран ч ахруугаа харав. Ах, дүүс гурван насны зөрүүтэй ч тэрсхэн өссөн агаад найз, нөхөд мэт байхаас нь харахад бие, биедээ дотно ажээ. "Ингэхэд яриандаа болоод нэрийг тань асуусангүй" гээд Хүдэр эргэн ярианд оров.

Aйлын эзэн "Ахыг нь Баянмөнх. Энэ манай том хүү Мөнхсар. Манай багыг ч oдoo таньдаг болоо байлгүй дээ" гээд инээв. Энэ гэрийнхэн бүгд аавыгаа дуурайжээ. Сүүлд ирсэн хоёр хоол, ундаа уух зуур өнөөдөр тохиолдсон сонин хачин болоод Хүдэрийн өвөө, эмээгийнх нь талаар хөөрөлдөв. Гэрийн эзэн өвөө, эмээг нь таних агаад олондоо хүндлэгдсэн буянтай хүмүүс хэмээн ам сайтай байх нь Хүдэрт тэднээрээ улам илүү бахархах сэтгэл төрүүлнэ. Аавыг нь харин зүс мэдэх ч багадаа төврүү орсон учир сайн танихгүй байлаа. Ийнхүү ярилцах зуур Хүдэр Зулсаран хоёрын харц үе үе мөргөлдөх ч тэр даруйдаа өөр зүйлрүү харан булзайруулна.

Нэг мэдэхэд шуурга намжиж цагаан тал үдийн бүрийгээр солигджээ. Эндээ хоноод явмаар байв ч өвөө, эмээ нь өөрийг нь хайгаад ямар хэцүү байгаа бол гэж бoдoх тусам сэтгэл нь өвдөнө. Гэрийн эзэн ч юмны учир мэдэх хүн тул Хүдэрт хандан "Ах нь хоноод яв гэмээр байна. Даан ч хоёр хөгшин ачдаа санаа нь зовоод хэцүү байгаа байх. Холгүй газар юм чинь шөнө болохоос өмнө хүргээд өгъе дөө" хэмээгээд шүүдэртэн тогтсон духныхаа хөлсийг арчив.

Ингээд зузаан дээл хувцасаа давхарлан өмсөөд тэд хоёул замдаа гарахад бэлдэв.

Хоёр айлын зай иxдээ л 20 гаран км авч шөнийн цагаар энэ замыг сундлаатай хоёр хүн мотоциклоор туулна гэдэг амаргүй. Дээр дээрээсээ хунгарлан орсон цасан дунд дугуй шарваад тэнцвэр олоход бэрх ажээ. Тэд хоёул бэлэн болоод гарах болоход Хүдэрийн амаа хаасан даавуу тун нимгэхэн тул Зулсаран түүнд ороолтоо зүүлгэн өгөв.

"Баярллаа. Мотоциклоо авах үедээ танайхаар дайраад буцаагаад өгъе"

"Амжхаар бол тэгээрэй. Амжихгүй бол яахавдээ. За сайн яваарай" гээд тэрээр инээмсэглэв. Хүдэр хариу сайн сууж байгаарай гэж инээмсэглээд Мөнхсард мөн баярласнаа илэрхийлэн гэрээс гаран явлаа. Зулсарангийн ороолтноос хачин сайхан үнэр үнэртэх бөгөөд, хэзээ нэгэн цагт түүний уруул ч гэсэн энд хүрч байсан байх даа гэж бодохоос ороолтыг нь эргүүлж өгмөөргүй санагдана.

Тэд хунгарлан орсон цасыг үерийн ус мэт туучин явсаар сумын төвд ирэхэд саяхан гаргасан мөр нь цасанд хучигдан бүдгэрсээр байх аж. Хүдэр суман дээрээс гэрээ мэдэх тул замчлан явсаар шөнө дундын алдад, эд хүйт тачигнах үеэр гэртээ ирлээ. Санах, хагацахын зовлонд унаад юу ч хийж чадахгүй байгаадаа өөрсдийгөө зүхэн суусан хоёр хөгшин ач нь эсэн мэнд эргэн ирсэнд хөл хөөр болон баярлав. Үрийх нь үрийг үхлээс аварсан тэр айлын эзэнд чин сэтгэлээсээ талархана. Батмөнх-д ч тэдний ингэж баярлахыг харах сайхан байлаа.

Эмээ нь хүүдээ "Битгий яв. Өвөө нь энэ нутагт насаараа амьдарсан хүн замаа олоод хүрээд ирнэ" гэж зөндөө хэлсэн ч ач хүү нь зөрүүдлэн явжээ. Ийн өвгөн малаа туун буцаж ирэхэд ач хүү нь өөрийг нь тосохоор гараад эргэж ирээгүй байгааг мэдсэн бөгөөд тэр үеэр шуурга эд ширүүсч үзэгдэх орчинг бүрэн хаажээ. Өвгөн морио унан мотоциклын мөрийг даган хайхыг оролдсон ч мөр удалгүй цасанд дарагдан арилж өөрөө ч эргэн гэрээ олохоо болиод нар жаргахын алдад буцан иржээ. Сумруу хэл дуулгахыг оролдсон ч сүлжээнд орж чадалгүй, хүүгээ сумын төврүү эсэн мэнд орсон байгаасай гэж залбирахаас өөр зүйл тэдэнд үлдээгүй нь тэдний санааг тунчиг ихээр зовоожээ.

Өвгөн ийнхүү зочинтойгоо буу халангаа хоноод явахыг санал болголоо. Батмөнх оройтвол өглөө ирнэ гэдгээ хоёр хүүхэддээ захиад явсан тул эндээ хоноод явахаар болж эмгэн халуун гал дээр адууны мах тавин, өвгөн авдраа уудлан Хүдэрийн аавын хотоос авчирж өгсөн үнэтэй архийг зочиноо дайлахаар гаргалаа. Гэрийн тооноор халуун уур савсаж, гал дээр буцлах махны үнэр хамар цоргионо. Элдэвийг ярин суух хөгшин, залуу хоёр сархаддаа халамцан нүүр нь улаа бутарчээ.

Хүдэр гэртээ ирээд санаа нь амарсан ч өөр нэг зүйлд сэтгэл нь хоргодоод байгааг анзаарлаа. Зулсарантай дахин ярилцмаар, яг энэ мөчид юу хийж байгааг нь мэдмээр санагдана. Ороолтыг нь хүргэж өгөх далимдаа холбоо барих дугаарыг нь авч хотод очсон хойноо ч найзууд болоод холбоотой байя хэмээн шийдэв. Ийн гэрээс дуулдах хүмүүсын дуу бага багаар намжин, шөнийн харанхуйд хүжийн цог мэт байсан гэрэл сая нэг унтарлаа.

Үүр хаяарахад эмгэн хамгийн эхэнд босоод гал түлэн, цай чанах үеэр өвгөн дараагаар нь Батмөнх ч орноосоо өндийв. Эрт боссон гурав цай ундаа ууж дуусаад Батмөнх Хүдэрийг мотоцикл дээр нь хүргэж өгөөд цааш явах уу? хэмээн өвгөнөөс асуухад хүнд өдрийн дараа үхсэн мэт унтаж байгаа ач хүүгээ өрөвдөн "За чи эртхэн ажлаа боддоо. Тэр мотоциклыг бол хэзээ ч авч болно. Аягүй бол асаж өгөхгүй чиний цагийг уяхын нэмэр. Дараа нь бид суман дээрээс хүн дуудаад засуулахдаа аваад иръе" хэмээв.

Бөтмөнх ч мал бэлчихээс өмнө харих байсан тул "За би тэгвэл ингээд хөдөлье дөө. Сайхан хоол, цайгаар дайлсанд гялайлаа" гээд гэрийн зүг давхив.

Нар тооно голлон ирэх үеэр Хүдэр нүдээ нээвэл эмээ нь баруун орон дээрээ зүү, утас хатган суух ажээ. Ач хүүгээ сэрснийг хараад "Миний муу хүү сайн унтаж амарч чадав уу" гэхэд Хүдэр "Тэглээ. Өвөө, Батмөнх ах хоёр хаачаав" гээд орноосоо өндийн хувцасаа өмслөө. Өөрийг нь хүргэж өгсөн хүнийг гаргаж өгж чадаагүйдээ тиймхэн санагдсан ч тэрүүхэн зууртаа л тэгж бодогдоод өнгөрөв.

Гадаа гарвал баллуурдсан мэт тэнгэрт нэг ч үүл байхгүй байх бөгөөд нарны илч зулайг нь төөнөнө. Өчигдрийн хүйтэн салхи хаа нэгтээрүү хийсэн одохдоо цасаа л үлдээн явжээ. Хүдэрт өмнөх өдрийн адал явдал нь зүүд мэт санагдах ч Зулсарангийн дүр байдал тодоос тод байлаа.

**************************************************

Мөнхсар хашаанд хонуулсан малаа гаргахаар эртлэн босжээ. Дүү нь өнөөдөр хотруу буцах тул ганц өдөр унтаж амраг гээд сэрээсэнгүй. Аав нь мотоциклоо унаж яваад ирээгүй байгаа учир саахалтын газар алхахаар болж зам эд дундаа орох үеэр аавтайгаа таарав. Тэд хоёул малаа гарган бэлчээгээд харих үед, Зулсаран хэдийн босоод цай чанан сууна.

Үд дунд болоход Зулсаранг авах ёстой унаа ирж охин, аав ах хоёртоо үнсүүлээд хотыг зорьлоо. Уг нь хичээл ортол дахиад нэг долоо хоног дутуу байсан ч тохилог унаа гарж ирсэнд түүнийг явуулахаар болжээ.

Зулсаранд өчигдөр унтахаас нь өмнө ч, өглөө сэрэхэд нь ч нэг хүн байнга бодогдсон бөгөөд өнөөдөр гэрээсээ яван явтлаа тэр хүнээ ирэх болов уу гэж багагүй горьджээ. Гэвч тэр ирээгүй тул сэтгэл гонсгор байх агаад ард нь торойн үлдэх гэрээ харсаар гунигтайгаар буцна.

Хүдэр энэ өдөр унаагаа авахаар явах гэсэн ч мотоциклыг нь засалцах ёстой байсан хүн гэнэтийн ажилтай болсноор нэг өдрөөр хойшлуулжээ. Дараа өдөр нь үдийн алдад унаан дээрээ очоод удтал ноцолдсоны эцэст нэг юм асаагаад Мөнхбатыхаад явав. Гэрийн хүмүүс эзгүй байх ба том хүү нь уяан дээрээ ирж байгаа үзэгдэнэ. Хүдэр тосон очиж мэнд мэдээд тэд хоёул гэрээд орлоо.

"За унаагаа засаад авчихав уу?"

"Тэглээ. Суман дээрээс хүн дагуулж очоод янзлууллаа. Би бол юундаа байгааг нь ч мэдхээргүй юм байна"

"За болж дээ"

"Танайхан ингэхэд хайчаав?"

"Аав айлруу мордсон ирэх болоогүй байх аа"

"Дүү нь хаачаав"

"Зулсаран хичээл нь дөхөөд өчигдөр хот явчихсан шүү дээ"

ингэж хэлэхийг сонсоод Хүдэр өөрийгөө оройтсоноо мэдлээ. Хоёр хүү ойр зуур хэдэн үг солилцоод нэг нь хониодоо, нөгөө нь гэрээдээ буцлаа. Буцах замдаа Хүдэр ихээхэн гуниглах аж. Өвөртөө авч явсан ороолтоо гэрт нь орхилгүй өөртөө үлдээжээ. Чухам энэ ороолт л түүнтэй дахин уулзуулна гэж итгэж байсан биз. Нэрэлхүү, ичимхий зангаасаа болоод ахаас нь дүүгийх нь дугаарыг асууж чадаагүйдээ харамсах ч ганц өдөр уулзсан залуу нь төрсөн ганц дүүг нь хоргоовол ахад нь лав таалагдахгүй байсан гэж бодохнээ зөв зүйл хийсэн мэт санагдана .

Үүнээс хойш өдөр хоног завтай, завгүй өнгөрсөөр Хүдэрийн буцах цаг болжээ. Бие биендээ хань болон үлдэх өвөө, эмээ хоёрыгоо хараад уйлмаар санагдавч нулимсаа залгисаар зуны амралтаараа ч мөн ирнэ гэдгээ амлаад төрсөн гэрийн зүг буцахаар хөдөллөө.

Оюутан, сурагчдын хичээл, ном эхэлж хүмүүсийн хөл, хөдөлгөөнийг дагаад хотын түгжрэл ч мөн ихэсчээ. Ажил, сургуульруугаа явах хүмүүсийн алхаа хурдан бас удаан. Тэднийг анзаарвал ихэд яарж түүнээсээ болоод уурлан бухимдсан аль эсвэл тайван амгалан, аз жаргалтай гээд янз янзын дүр төрхнүүд харагдах нь хүн бүрын амьдрал өөр, өөрийн замаар хөврөн буйг илтгэнэ. Энэ дунд Хүдэр ч мөн байх бөгөөд элдэвийг бодлогширсоор гэрийн зүг алхана.

Тэрээр хичээл орсноос хойш Зулсаранг их хайсан болов ч төдийлөн амжилт олж чадаагүй байгаа билээ. Фэйсбүүк дээр овог, нэрийг нь янз бүрээр хийн хайж үзсэн ч байгаагүйн дээр таньдаг, мэддэг гуравдугаар курсын найзуудаасаа асуусан ч мэдэхгүй л гэдэг хариу ирсээр. Оюутны амьдралын хэцүү бэрх, гоё сайхан гээд ихийг ярьсан ч сургуулийх нь нэр хаягийг асуугааүй, өөрт нь ч тийм зүйл хэлээгүй тул хаанаас яаж олж уулзахаа үнэхээр мэдэхээ больжээ.

Үүнээс хойш жил хагасын хугацаа өнгөрч Хүдэр сургуулиа төгсөөд оюутны амьдралаас ажилтаны амьдрал руу хөл тавин орлоо. Анхандаа асар том үүрэг хариуцлага толгой дээр нь ирж байгаа мэт санагдан сэтгэл зовниж байсан ч арваад сар ажиллаад тэрхүү бодол нь замхран одов. Ажил нь одоо л нэг утга учиртай мэт санагдаад, санаа нийлсэн хамт олонтой ч болжээ.

Тэрээр мэргэжлээрээ буюу нэгэн томоохон компанид санхүүч хийх болсон бөгөөд оюутан байхдаа сайн хичээж сурсны үр шим гарч ажлаа хурдан сураад цалингаа ч нэмүүлээд амжжээ. Ажил, амьдрал нь бүтэмжтэй дээр царай зүс, бие хаа сайтай тул түүнийг гэх охид бүсгүйчүүд нэлээдгүй ч сэтгэлийг нь булаах хэн нэгэн гарч ирээгүй л байлаа.

******************************************

Монгол улсад урьдын л адил зун цаг ирж, урьдын л адил амьдрал өрнөнө. Оюутан сурагчид гэр гэрээдээ, ажилчид маань харин гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалганд явна. Хөдөөгүүр ногооны өнгө сэргэж үнэр нь хамар цоргионо. Сааль сүүны цаг эхлэж айл болгоны гадуур холбоотой мал, гүүн зэл харагдах бөгөөд орсон айл бүр айраг, цагаан идээгээр дайлна. Нүдэнд торох зүйлгүй цэлмэг тэнгэрт үе үе үүл хөвөлзөн бороо ороход үхсэн цэцэг ногоо эргэн амь орж, үнэр үзэмж нь хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлнэ. Өвлийн турш бараан байсан хот, эргэн өнгөө олоход түүнийг дагаад хүмүүсийн сэтгэлд гэгээ орно. Улс, аймгийн наадмууд эхлэж хүй долоон хутаг, хот хоёр машины цуваагаар холбогдоно. Байгаль дэлхий сорвио эдгээх мэт бүдгэрэн байсан замууд эргэж тодрон гол горхи мэт харагдана. Хөдөөгийн ноход зогсолтгүй холхих машин, мотоциклоос уйдан хуцахаа ч больж гэрийн сүүдэр бараадан хэвтэнэ. Хүн, мал, байгаль эх бүгд баярлан цэнгэнэ. Бид ийм л гурван сарыг жил бүр хүлээж, жил бүр туулдаг билээ. Энэ жил ч мөн урьдын адил өнгөрлөө.

Зун дуусахад харин бүгд эргээд өөр өөрсдийн хуучин амьдралдаа орох ч зарим нэгийг нь шинэ зүйлс хүлээнэ. Зулсаранг ч мөн адил шинэ ажил, шинэ хамт олон хүлээж байлаа. Тэрээр зургаан сард их сургуулиа төгсөөд есөн сараас нь чухамдаа маргаашнаас шинэ ажилдаа орохоор догдлон байх бөгөөд саяхан л хүүхэд байсан мэт санагдан чадах, чадахгүйдээ эргэлзэнэ. Гэсэн ч тэр маргаашнаас эхлэх завгүй амьдралдаа хариуцлагатай, зарчимч байх аа өөртөө санууллаа.

Оффисд ажилд орох учраас албаны хувцас авах болоод даруухан мөртлөө дэгжин байя гэж шийдэн бариу боловч битүү урт юубка, түүнтэйгээ хосолсон хэдэн ээлжний цамц болон костюм авчээ. Завгүй болно гэж бодсон тул долоон хоногийн хоол хүнсээ ойр зуурын юмтайгаа базаагаад сая нэг гэртээ орж ирэв. Ингээд хэрэндээ хангалттай сайн бэлдсэн гэж үзээд усанд орж, маргааш хэрэг болох зүйлсээ бэлдээд бөх гэгч нь нойрсов.

Нар манддаг зүгээсээ мандаж, үүр хаяардаг цагаараа хаяарлаа. Гэвч энэ өдөр нэг л содон байх учир нь бүх зүйл шинэ бөгөөд цэвэр цэмцгэр харагдана.Есөн сарын нэгэн болжээ. Энэ өдөр Хүдэр эрт боссон ч гэрээсээ харин оройтон гарлаа. Түүнтэй адил яарсан хүмүүсээр хот дүүрч, түгжрэл дунд сигналдах дуу зогсолтгүй хангинана. Хүдэр нэгэнт хоцрохоо мэдсэн тул дахин яархаа ч больж дуугаа чангалан тамхиа асаагаад тайван урагшлав. Ингээд ажил дээрээ ирэх ёстой цагаасаа 50 аад минут хоцорч ирэв.

Оффисынхоо давхарт гарч ирэхэд ахлах нь мөн одоо л ажилдаа ирж байх бөгөөд Хүдэрийг хараад инээд алдан

"Гадуур ч түгжрээ сүрхий байна шүү"

"Харин тиймээ. Алхаж яваа хүмүүс хүртэл түгжрэхээр байна"

"Танайх чинь ингэхэд хаана билээ?"

"Нисэхэд шүү дээ"

"Тэгвэл ч аргагүй ээ. Өвөл бол бүр найгүй биз" гэх мэтчилэн ойр зуурыг ярьсаар хамтдаа орцгоов.

Ажлыхан нь урд урдах юмаа хийн түүнийг анзаарах ч сөхөөгүй байх бөгөөд Хүдэр ч чимээгүйхэн суудалдаа очиж суулаа. Үнэхээр л түүнийг ажлын найз Энх Оргилоос өөр хүн анзаарсангүй. Энэ хоёр саяхан танилцсан ч нилээн дотно найзууд бөгөөд сонирхол, зан ааш ойролцоо учир яриа ч тэр, санаа ч тэр сайн нийлдэг ажээ. Энх Оргил Хүдэрийг хараад

"Чи чинь хоцордгүй хүн юу болов?"

"Гадуур түгжрээ аймар байна шүү дээ"

"Тийм л дээ. За тэр яахав цаана чинь манайд шинэ ажилтан ирсэн" гэхтэй зэрэгцэн Хүдэр өнгийн харвал

Зулсаран нүүрэндээ мишээл тодруулан түүнийг ширтэн сууна…


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Өгүүллэг | Шинэчилсэн огноо: 2025-12-01 15:30:57 )
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл